Бишопуудын Агуулахын Хөтөлбөр 75 Жилийн Дараа Олон Улсын Түвшинд гарав
16 настай хөвгүүн Глен Л.Рудд 800–900 фунт (360–400 кг) тахианы махыг Солт Лейк хотын төв дэх Анхдагчуудын Гадасны Бишопуудын агуулахад аавынхаа өмнөөс хүргэж өгчээ.
Танил барилгынх нь ачиж буулгах тавцан дээр хүнд ачааг хэрхэн өргөхийг тэр харж байлаа. Агуулах дотор юу болдог талаар сонсож байснаас өөрийн нүдээр хараагүй байжээ. Гадасныхаа олон гэр бүлийн нөхцөл байдлыг тэр мэддэг байв; Их Хямралын Үе байсан болохоор найз нарынх нь аавуудын олонх нь ажилгүй байжээ.
Гэвч тэр өдөр агуулах дотор юу болдгийг харж чадсан юм. “Бид ядуучууд, гачигдалтай хүмүүст тусалж байснаа би мэдэж байв” хэмээн Халамжийн Талбайг 25 жил ажиллуулж—анхны агуулахыг ийм болгосон, Далын гишүүн асан Ахлагч Рудд эргэн дурсаж хэллээ.
Түүнийг залуу байхад Их Хямралын оргил үед, гадасных нь эрэгтэйчүүдийн бараг 70 хувь нь ажилгүй мөн Сүм тусламж санал болгож байсныг тэрээр мэдэж байв. Агуулахын дэргэд нүүрс, тавилгын цех, хүнсний зүйл лаазлах үйлдвэр, оёдлын төв—тэрчлэн, шувуу өсгөх хувийн аж ахуйтай байсан нь аав шиг хүмүүсийн хандивласан маш их хүнс байдаг байжээ.
2007 оны наймдугаар сарын 19-нд Сүмийн анхных болох энэ агуулахын 75 жилийн ойг тэмдэглэжээ. Өнөөдөр Сүм Нэгдсэн Улс, Канадад 108 агуулах, мөн Латин Америкт Аргентин, Бразил, Чили, Колумб, Бүгд Найрамдах Доминикан Улс, Эквадор, Эл Сальвадор, Гватемал, Гондурас, Мексик, Парагвай, Перу, Уругвай, Венесуэлд зэрэг улсуудад 29 агуулах ажиллуулж байна.
Түүнээс гадна, Ажил Эрхлэлтэд Дэмжлэг Үзүүлэх Төв 285, Дезерет Индастрийн нөөц ашиглалтын дэлгүүр 44, гэрийн хүнс нөөцлөлтийн 100 төвийг Сүм дэлхий даяар ажиллуулж байна. 2006 онд Сүмийн гишүүд 623 153 өдрийг халамжийн байгууллагуудад ажиллаж, Халамжийн Үйлчлэлийн гаргасан мэдээллээр, олон улсын хэмжээгээр 239 410 хүн Хожмын үеийн Гэгээнтний ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх хүч чармайлтын тусламжтайгаар сургалтад хамрагдаж, ажилтай болжээ.
“Би энэ газрын хажуугаар хэдэн мянган удаа явж өнгөрсөн. Үүний төлөө талархах агуу мэдрэмж надад үргэлж байдаг. Энэ бол эхлэл байсан юм шүү дээ” гэж Ахлагч Рудд Сүмийн анхны агуулах болон үүний ач холбогдлын тухай өгүүлэв.”
Тэр үед гадасны ерөнхийлөгч байсан Харольд Б.Лий (1899–1973) (хожим нь Сүмийн арваннэг дэх Ерөнхийлөгч болсон), зөвлөхүүдийнхээ хамт Анхдагчуудын Гадсанд бишопуудтай уулзан, 1932 оны эхээр агуулах ажиллуулж эхэлжээ. “Нилээд сайн ярилцсаны дараа тэд ямар нэг зүйл хийх, гэхдээ үүнийг түргэн хийх нь чухал гэж шийдсэн юм. Тэд агуулах барьж, үүнийг хэрхэн дүүргэхийг суръя гэж шийдсэн юм” хэмээн Ахлагч Рудд ярив.
Пайерпонтын Цэцэрлэгт гудамжин дахь барилгыг гадасны удирдагчид үнэ төлбөргүйгээр ашиглахаар олж авсан бөгөөд сайн дурынхан уг барилга байгууламжийг бэлэн болгожээ. Анхдагчуудын Гадасны гишүүд барилгын албан ёсны нээлтийн өдөр мацаг барьж, хандиваа агуулахад авчирчээ.
“Сонирхолтой нь агуулах барьж дууссан тэр үед аль хэдийн агуулахыг дүүргэхүйц хангалттай их хоол хүнс мөн бусад зүйлс цугларсан байсан юм. Бас, урьд өмнө нь хэзээ ч байгаагүй тийм сүнслэг байдал—ах дүүсэг ёсны хайр ил тод харагдаж байлаа” гэж агуулахын тухай Ахлагч Рудд бичжээ.
Эхний үед аравны нэгийн албаны үүргийг гүйцэтгэж байсан агуулах нь өнөө үеийн ХҮГ агуулахуудтай адил зарчмаар ажиллаж байжээ. “Хүн бүхэн ажиллах хэрэгтэй байлаа. Өөрсдөө амьдралаа авч явахад нь хүмүүст туслах нь Сүмийн зорилго байв” хэмээн Ахлагч Рудд тайлбарлалаа.
1930-аад оны үед бараа материалын үнэ маш доогуур байсан тухай, олон фермерүүд туслалцаа авахаар хүн хөлсөлж чаддаггүй, ихэнх нь зөвхөн өөрсдийнхөө чадахаар л ургацаа хурааж аваад үлдсэнийг нь орхидог байсан талаар Ахлагч Рудд ярьжээ. Агуулахын ажилтнууд, түүний дотор Ерөнхийлөгч Лийгийн зөвлөх Поол К.Чайльд, агуулахын менежер, бишоп Жесс М.Друри нар Фред Ж.Хеат болон ажилгүй бусад эрчүүдийг фермерүүдтэй холбоо тогтоолгохоор томилон явуулж, ингээд олон хүмүүсийг Васач Франтын дагуух фермүүдэд түүнчлэн бүр Айдахо хүртэл ургац хураахаар явуулж, дараа нь ургацаа сайн дурынхантай хуваалцжээ.
Жимс болон бусад бүтээгдэхүүн дүүртэл ачсан ачааны машинууд агуулах уруу хүрч ирсээр байлаа. Ихэнх жимсийг лаазалдаг байлаа гэж Ахлагч Рудд хүүрнэв.
Нэг цэгт маш их сонгино (их хэмжээгээр хандивласан) лаазалсан хүнсний зүйлийг агуулахын дээд өрөөнд хураасан нь шалыг нь хонхойлгож байжээ. Цөмөрөхөөс нь сэргийлж доор нь тулгуурууд хийсэн гэдэг. Сонгиныг шаардлагатай бусад зүйлүүдээр сольж наймаалж байлаа. Агуулахаас тусламж үзүүлдэг байв. Хэнийг ч хоосон буцааж байгаагүй юм гэж тэр хэлэв.
Удалгүй Солт Лейк гадас Анхдагчуудын Гадастай нэгдэж болох уу хэмээн хүссэн аж, ингээд дөрвөн жилийн дараа тэд агуулахын барилгыг илүү том барилгад шилжүүлжээ. Муррей гадас, Либерти гадсанд бусад агуулахууд байгуулагдав. Түүнээс гадна, ажил эрхлэлтийн Албуудыг бүх зургаан гадсанд бий болж, улмаар Солт Лейкийн Хөндийд ажиллах болжээ.
“[Анхдагчдын Гадасны агуулах] бусад бүх агуулахуудын хувьд, түүний дотор Халамжийн Талбай хэмээн нэрлэгдсээр одоог хүрсэн газарт 1938, 1939 онуудад General Welfare Committee (Халамжийн Ерөнхий Хороо)-ын барьсан том агуулахын хувьд загвар болсон юм.”
2007 оны наймдугаар сарын 25-ны Church News-ээс хялбаршуулан авав.