Лиахона
Ахлагч Үлиссэс Соарэсын Монгол дахь айлчлал
2024 оны 9-р сар


Орон нутгийн хуудсууд

Ахлагч Үлиссэс Соарэсын Монгол дахь айлчлал

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс 2024 оны 5-р сарын 17, 18-ны өдрүүдэд Монгол улсад айлчиллаа. Эхний өдөр нь Монголын Сүмийн санваарын удирдагчдад болон бүх туслах байгууллагын удирдагчдад зориулсан уулзалт сургалт зохион байгуулагдсан бол бүтэн сайн өдөр болсон онцгой чуулганд 1000 орчим гишүүн оролцож, Аврагчийг төлөөлж хэлсэн түүний үгээс гайхалтай сүнслэг удирдамж, илчлэлт хүлээн авсан юм. Гишүүд Соарэс ахаас сурч мэдсэн зүйлээ ийнхүү хуваалцаж байна.

Эцэг эхчүүд хийх ёстой зүйлээ Бурхантай хамтран хийх

УББГ, Баянгол тойргийн гишүүн Х.Мөнхсүрэн эгч: “Би өсвөр насны хүүгийнхээ хүмүүжилд их санаа зовдог байв. Тиймээс Бурханд хандан үргэлж залбирдаг. Саяхан Соарэс ахыг Монголд ирэхэд түүнээс суралцах гайхалтай боломж олдож, би хариултаа олж авсан. Соарэс ах: “Хэрэв танай хүү семинарт явдаг, ням гарагт ариун ёслолоос хүртэж, хичээлдээ суудаг бол юунд ч битгий санаа зов. Бурхан үргэлж хүүхдийн чинь хажууд явж байгаа. Миний хүү ч бас өсвөр насандаа их сахилгагүй байсан. Эхнэр бид хоёр зөвхөн түүний төлөө залбирч, түүнийг семинарт явуулахын төлөө хичээдэг байсны үр дүнд тэр бүрэн цагийн номлолд үйлчилсэн төдийгүй ариун сүмд гэрлээд, одоо сайн аав болсон. Эцэг эхчүүд хийх ёстой зүйлээ Бурхантай хамтран хийх юм бол танай хүүхэд зөв зохистой санваартан, зөв зохистой гэгээнтэн эгч болж чадна” гэж хэлсэн нь намайг маш их тайвшруулж, урам зориг өгсөн. Миний хүү сүмдээ тогтмол явж, ням гарагт ариун ёслолоосоо хүртэж, семинартаа ч явдаг болохоор би хүүгээ сайн хүн болно гэдгийг Ариун Сүнсээр дамжуулан мэдэрсэн.”

Би түүний урилгыг дагасан

УБЗГ, Сүхбаатар тойргийн гишүүн А.Баярсайхан эгч: “Ахлагч Үлиссэс Соарэсыг ирэх үед зохион байгуулсан Сүмийн удирдагчдын уулзалтад оролцож байх үедээ би бошиглогчийн үгсийг судлах нь хэрхэн оюуныг маань тэлж, зөв ойлголттой болоход мөн Бурханы зарлигуудыг дагаж, гэрээний замдаа үлдэхэд тусалдаг талаар гүнзгий гэрчлэлтэй болсон. Тэгээд би ахлагч Соарэсын урилгын дагуу бошиглогч Рассэлл М.Нэлсоны захиасыг өдөр бүр судалж эхэлсэн. Бошиглогчийн захиасыг судлах нь надад аливаа зүйлийг үргэлж алсын хараатай хардаг болоход тусалсан. Мөн гэрчлэлээ хуваалцах, үг хэлэх, хичээл заах зэрэг боломж олдох бүрд би бошиглогчийн үгийг тогтмол хуваалцахыг хичээдэг болсон. Мөн ахлагч Соарэстэй уулзаад гар барьж байхдаа би Ариун Сүнсээр дамжуулан тэр бол Бурханаар дуудагдсан бошиглогч, илчлэгч, үзмэрч гэдгийг мөн Бурханы хүүхдүүдэд хэчнээн их хайртайг нь мэдэрсэн.”

Суралцах агуу боломж

УББГ-ны 2-р зөвлөх Ө.Мөнхжаргал ах: “Би Соарэс ахаас хэд хэдэн маш чухал зүйлийг сурч мэдлээ. Санваарын удирдагчдын амжилтыг зөвхөн гишүүдийн итгэлийн өсөлтөөр хэмждэг бөгөөд Аврагчийн адил нэг нэгээр нь тохинуулж, эргэн тойрондоо байгаа хүмүүсийнхээ итгэлийг өсгөхөд дуудлагаараа дамжуулан бүхнээ зориулах ёстой гэдгийг мэдэж авсан. Итгэл нь өсөхөд хүмүүс адислагдаж, хүчтэй болж, урагш алхан, дуудлагад өөрийн хүсэл эрмэлзлэлээр үйлчилж эхэлдэг ба дуудлага бол тэр хүнийг Бурхантай ойртуулах зорилготой гэдгийг мөн амьдралын зүйлсэд нь туслахаас илүү итгэлээ өсгөхөд нь гишүүддээ чадлаараа үйлчлэх ёстой гэдгийг би түүнээс сурлаа. Мөн би жинхэнэ наманчлал бол Аврагчид цэвэршүүлэх, эдгээх хүч бий гэсэн итгэлээс эхэлдэг ба бид зөвхөн өөрсдийнхөө төлөө наманчилдаг гэж ойлгодог байсан бол наманчлал нь Түүнд зориулан золиослол гаргахын нэгэн хэсэг юм байна. Аврагч маань бие махбодын үхлийг ялж, дахин төрсөн тул хүн нэг бүрийн зовлон зүдгүүрийг туршлагаараа мэддэг; Тэр сүнслэг үхлийг ялсан бөгөөд хэрэв бид сүнслэг үхэл гэж юу болох, сүнслэг үхлийг ялах нь бидэнд ямар нөлөөтэйг ойлгож чадвал бид ч бас сүнслэг үхлийг ялж чадна гэдгийг ойлголоо. Ариун ёслолын баяр баясгаланг мэдэрч чадаж байвал чи илүү сайн нэгэн байх гэж хичээх болно, тиймээс хамгийн сүүлд хэзээ ариун ёслолын баяр хөөрийг мэдэрснээ өөрөөсөө асууж үзэх хэрэгтэйг мөн би энэ дэлхий дээр хайраас илүү хүчтэй зүйл нэгээхэн ч үгүй тул хайр мэдэрсэн хүн л хариу үйлдэл үзүүлдэг, тиймээс эцэг эхчүүд гэртээ юуг илүү ярина, хүүхдүүдийнх нь хувьд тэр зүйл нь л илүү чухал болдгийг мэдэж авсан. Эцэст нь би Аврагчид төвлөрөхөөс илүүгээр Ариун Сүнсийг урьдаг зүйл гэж үгүй гэдгийг сурч мэдлээ.”