Лиахона
Орон Нутагт Сүмийн Бүлгүүд Байгуулагдав
2024 оны 9-р сар


Орон нутгийн хуудсууд

Орон Нутагт Сүмийн Бүлгүүд Байгуулагдав

МОНГОЛЫН ГОВЬ НУТАГТ САЙН МЭДЭЭ ХҮРЛЭЭ

Дорноговь аймагт төрж өссөн, ЕХХҮГСүмийн ажлын албаны захирал Г.Түвшинжаргал эгч 1996 онд Улаанбаатар хотод оюутан байхдаа ЕХХҮГСүмд баптисм хүртэж, гишүүн болж байсан бөгөөд ДОРНОГОВЬ аймгийн САЙНШАНД хотын хүмүүст сайн мэдээг анх хүргэсэн хүн юм. Сайншанд хотод анхны номлогчид 1998 онд очиж байжээ. Тэр үед Далайхүүгийн Ерөөлтхүү, Балсанжавын Бурмаа нар Есүс Христийн сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртэн, анхны гишүүд болж байсан түүхтэй. Гэвч тус нутагт Сүм өргөжин тэлж чадаагүй учраас номлогчид Улаанбаатар хот руу татагдаж, түр салбар тун удалгүй хаагдав. Хэдий тийм ч Бурхан ажлаа үргэлжлүүлсээр, хожим нь Ерөөлтхүүгийн дүү Д.Онон Улаанбаатар хотод баптисм хүртжээ.

Улмаар ЕХХҮГСүмийн гишүүн бөгөөд сайн дурын англи хэлний багш нар болох Ландин Жонэс, Гивэн Уорнэр нар Сайншанд хотын Соёмбо цогцолборт байрлах Америкийн соёл мэдээллийн төвд 2023 оны 9-р сараас ярианы англи хэлний хичээл зааж эхлэв. Үүнтэй зэрэгцэн тэднээр дамжуулан Сайншандад сайн мэдээ түгж, залуус Сүмийг сонирхох болжээ. Ийнхүү Сайншанд хотод номлогчид дахин очсоны дараах анхны баптисм 2023 оны 12 сарын 9-ний өдөр болж; Б.Энх-амгалан, Х.Мөнгөнсүлд, О.Тогтуун нар баптисм хүртэв. Энэ 3 гишүүн нь Д.Ерөөлтхүү, Д.Онон нарын ах дүүс байсан нь 25 жилийн өмнө номлогчдын тарьсан сайн мэдээ бат бөх соёолсон байж гэлтэй. Ийнхүү номлогчдыг Сайншанд хотод дахин очсоноос хойших жил хүрэхгүй хугацаанд тэндхийн Сүмийн бүлэг гурван гэр бүл, 20 гаруй гишүүнтэй болж өргөжин тэлсэн ба одоо бүрэн цагийн 4 залуу, 2 ахмад номлогч үйлчилж байна. Саяхан болсон ӨҮБББТ чуулганд Сайншандын Сүмийн ирээдүй болсон өсвөр үеийн 5 хүүхэд оролцоод иржээ. Ахлагч А.Тэмүүлэн: “Яг одоо сүмд засварын ажил хийгдэж байна. Удахгүй өргөжиж салбар болохоор номлогчид, гишүүд гээд бүлгээрээ бид маш их хичээж байна” гэж хуваалцав. Монголын говь нутагт сайн мэдээ хүрч, Бурханы ажил гайхамшигтайгаар урагшилсаар байна.

ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН НУТАГТ САЙН МЭДЭЭ ХҮРЛЭЭ

Хэнтий аймагт төрж өссөн, ЕХХҮГС-ийн УББГ-ны Дээд зөвлөлийн гишүүн Агвааны Энхбаатар ах ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС хотод Сүмийн бүлэг байгуулагдахад голлон санаачилж, чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүний том эгч А.Мөнхсайхан анх сайн мэдээг сонсож, улмаар таван дүү нь гэр бүлээрээ Сүмд нэгдсэн бөгөөд А.Энхбаатар ах 2000 онд баптисм хүртэн, Сүмийн гишүүн болжээ. Тэрээр: “Хэнтий аймгийн Чингис хот УБ-аас Чойбалсан орох яг замд байдаг. Номлогчид Чойбалсан орох замдаа 30-аад жил энэ нутгаар зүгээр л дайрч өнгөрдөг байсан. Тиймээс төрсөн нутагтаа сайн мэдээг хүргэхсэн гэж бодож явсаар Бурханы ажлын шанг тавих цаг мөч бол яг одоо юм гэдгийг мэдэрсэн” гэж хуваалцсан юм. 2024 оны 4-р сарын 23-нд Чингис хотын Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд ярианы англи хэлний хичээл заах сайн дурын багш нар болох ахлагч Жак Вайтакэр, Калэб Күнзкэр нар Чингис хотод анх хөл тавьжээ. Тэд англи хэл заахын сацуу сайн мэдээг сонирхсон хүмүүст сургаалаа танилцуулж, Чингис хот дахь анхны ариун ёслолын цуглаан 2024 оны 4-р сарын 28-ны ням гарагт Энхбаатар ахын хамаатан садан, найз нөхөд зэрэг сонирхогчид, УБ хотоос ирсэн, Хэнтийн уугуул гишүүд гээд нийт 19 хүнтэй явагдав.

Мөн 6-р сарын 12-нд Хэнтий аймаг дахь Сүмийн бүлэгт Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөх Жон А.Маккюн тэргүүтэй төлөөлөгчид зочилж, онцгой галын дэргэдэх ярилцлага зохион байгуулсан нь Хэнтийн сонирхогчид, гишүүдэд Бурханы хайрыг мэдрүүлэх, үнэн Сүмийн сургаалыг түгээхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Хэдийгээр хоёр сар гаруйхан хугацаа өнгөрсөн ч Хэнтийн Сүмийн бүлгээс сургаалыг сонирхон хичээл заалгаж байгаа өсвөр насны есөн хүүхэд ӨҮБББТ чуулганд оролцсон нь Бурхан Өөрийн ажлыг гайхамшигтай удирдан чиглүүлсээр байгааг илтгэлээ.

2024 оны 7-р сарын 13-ны нар хур тэгширч, сэвшээ салхи сэвэлзсэн сайхан өдөр Хэрлэн голын хөвөөнд Хэнтий аймаг дахь Сүмийн бүлгийн анхны баптисм болж, Д.Баатар, түүний эхнэр Б.Батцэцэг, охин Б.Анар, хүү Б.Модун, өсвөр насны 3 эгч Б.Халиунаа, Г.Мөнгөнцэцэг, Г.Мөнхзул нарын долоон хүн баптисм хүртэж, энэ үйл ажиллагаанд нийт 50 орчим хүн оролцлоо. Монгол Улаанбаатар номлолын ерөнхийлөгч Н.Надмид ахын ерөөж хэлсэнчлэн “тун удахгүй Хэнтий нутагт ЕХХҮГС-ийн салбар, тойрог мөн ирээдүйд гадас байгуулагдах” нь дамжиггүй.

“Учрыг болгоогтун, талбай нь цагаан хадахад бэлэн байна; мөн харагтун, хадуураараа чадлаараа хадаж мөн нөөцлөх тэрээр мөхөх нь үгүй, харин өөрийн сүнсэнд авралыг авчрах бөлгөө” (С ба Г 4:4).