Лиахона
Зүрх Сэтгэл Баясгаж, Сэтгэл Санаа Өргөсөн Тоглолт
2024 оны 9-р сар


Орон нутгийн хуудсууд

Зүрх Сэтгэл Баясгаж, Сэтгэл Санаа Өргөсөн Тоглолт

БЯИС-ийн Боловсрол, соёлын өдрүүдийн арга хэмжээний хүрээнд 2024 оны 5-р сарын 7-нд АНУ-д төдийгүй дэлхийн олон оронд мянга мянган шүтэн бишрэгчтэй, АНУ-ын Юта мужийн Прово дахь БЯИС-ийн дэргэдэх VOCAL POINT, NOTEWORTHY акапелла хамтлагуудын тоглолт Монгол улсад болж өнгөрөв. Хэдийгээр уг хамтлагууд тус тусдаа тоглолтоо хийдэг ч энэ удаад хамтарсан байдлаар тоглож, хайртай хамтлагуудаа нэгэн тайзнаас харах гайхалтай боломжийг фенүүддээ олголоо. БЯИС нь ЕХХҮГС-ийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дэлхийн 102 орны 34000 гаруй оюутантай, чанартай сургалтын хөтөлбөрөөс гадна оюутнуудын ёс суртахуун, зан чанар, нийгэмд хандсан сайн дурын үйлчлэл зэргээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, АНУ-ын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Vocal Point, Noteworthy хамтлагууд урлагийн маш олон төрлөөр дуулдаг ба “A cappella” буюу ямар ч хөгжмийн зэмсгийн оролцоогүйгээр зөвхөн дуучдын олон өнгө, хэмжээтэй хоолойгоор дуулагддаг төрлөөр уран бүтээлээ туурвидаг онцлогтой. Vocal Point-ийн хувьд 1.9 сая гаруй сонсогч фентэйгээс гадна алдарт #EmmyAwards хөгжмийн ертөнцийн шилдэг шагналтай, YouTube дээр 125 сая үзэлттэй мөн 30 гаруй клип гаргасан хамтлаг юм. Харин Noteworthy нь “Олон Улсын Коллежийн Аварга” шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хоёрхон эмэгтэй акапелла хамтлагийн нэг бөгөөд тэдний “Amazing Grace (My Chains Are Gone)” дуу цахим ертөнцөд 77 сая гаруй хандалт авчээ. Энэ үдэш Amazing Grace, Billie Jean, Uptown Girl, Don’t Stop Believin’ зэрэг өчнөөн олон хит дуу өвөрмөц найруулгатайгаар тайзан дээрээс цуурайтаж, битбоксыг чадварлагаар үзүүлсэн бүсгүй, залуу хоёрын үзүүлбэр үзэгчдийг доргиосон төдийгүй тоглолтын төгсгөлд “Улаанбаатарын үдэш” дууг дуулснаар үзэгчдийг бүр их догдлуулав.

Уг тоглолтыг Сүмийн гишүүд, сонирхогчид төдийгүй Монголын урлаг соёл, төр засаг, шашин, шинжлэх ухаан, бизнес, уул уурхайн салбарынхан гээд олон нэр хүндтэй хүн ирж үзэв. Тэдний нэг шог зураач С.Цогтбаяр олон нийтийн сүлжээнд ийн хуваалцжээ. “Мэргэжлийн чадвар гүйцэтгэл бол үнэнхүү төгс юм аа. Зүгээр л их сургуулийн оюутнууд гэж бодохоор гайхмаар. Өөрсдийн хийж бүтээж оролцож буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, хамаг нөөц боломжоо дайчлан хөдөлмөрлөж зүтгэж чаддаг энэ зөв дадал нь үнэхээр гайхалтай. Тэр хичээл чармайлтын дараа олж авсан амжилт ололт нь хувь хүнийхээ хөгжил чадавхад өөдрөг сайнаар нөлөөлж, цаашдын хандлага төлөвшилд нь том нэмэр хандив болдог нь иргэншсэн нийгмийн хөгжлийн нэг гол нууц болов уу. Эдгээр залуус дуучин болж урлаг уран сайхны зам хөөнө гэж сонгоогүй ч гэсэн урлагт, тэр дундаа хөгжим дуунд мэргэжлийн шахуу бэлтгэгдсэн энэ ур чадвар нь цаашдын амьдралд нь төдийгүй насан туршийнх нь гоо зүйн боловсрол мэдлэгт маш өндөр чадвар болоод үлддэгт учир нь байна. Хөгжим аялгууны увидас хэмнэлээр бусдын сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ, баяр баясал өгч буйдаа талархаж, түүнээсээ жинхнээсээ таашаал авч, жаргалтай байж чадаж байгаа нь гайхалтай. ... Сэтгэл минь өөдрөг байж, одоо хүртэл уруулын минь инээмсэглэлийн ором арилаагүй байгаа нь өчигдөр оройхон сонссон тэр л сүнслэг дотортой дуунуудын эрчим инерци биз ээ хэмээн бодож сууна.” Уг хамтлагуудыг урьж авчирсан ЕХХҮГС-ийн ажлын албаны захирал Г.Түвшинжаргал: “Тоглолтын дараа хамтлагуудын захирал залуутай уулзаж, сэтгэгдлийг нь асуухад, Монголын үзэгчдийг үнэхээр “FANTASTIC” (Гайхмаар) гээд, солонгосчууд алга ташиж дэмжихдээ сайн байсан ч монголчууд бүх талаараа хөгжөөн дэмжихээс гадна гар утасныхаа гэрлийг ийм олуулаа асааж, нийтээрээ дэмждэг үзэгчдийг анх удаа харж байна гэж хэлсэн. Уран бүтээлч залуус маань ч бас ямар ч хөгжимгүй хэрнээ яаж яруу тунгалаг эгшиглэн дуулж болдгийн гайхамшгийг мэдрүүллээ. Хүрэлцэн ирсэн урлаг соёлынхон маань магтах үгээ олж ядан байлаа. Ямар чадварлаг хамтлаг авчирснаа тэгж хэлэхэд нь л нэг ойлгох шиг боллоо” гэж хуваалцав.

Энэ оройн тоглолт үнэхээр дуу хөгжим бол хэл соёл ялгахгүйгээр хэнд ч ойлгогдож үйлчилдэг хайрын хэл; аз жаргал, тайтгарлын шавхагдашгүй эх сурвалж юм гэдгийг мэдрүүлсэн тоглолт болж өнгөрлөө.