Лиахона
Англи Хэлний Багш Нарын Чуулган
2024 оны 9-р сар


Орон нутгийн хуудсууд

Англи Хэлний Багш Нарын Чуулган

Дэлхийн 200 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг “Дезерет” ОУЭБ Монгол улсад үйл ажиллагаагаа явуулаад 30 гаруй жил болж байна. Тус байгууллага БЯИС-ийн боловсрол, соёлын өдрүүдийн арга хэмжээний хүрээнд 2024 оны 5–р сарын 4; 11-ний өдрүүдэд Англи хэлний багш нарын заах арга зүйг сайжруулах чуулганыг Монгол улсад 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулав. Чуулганд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн 350 гаруй багш оролцлоо. Энэ жилийн чуулган Улаанбаатар хотоос гадна Дархан хотод зохион байгуулагдсанаараа онцлогтой байв. Уг чуулганыг АНУ-ын Юта мужийн Прово дахь БЯИС-ийн Хэл шинжлэлийн тэнхимийн др.Норман Эванс, др.Бэн Макөрри, Андрэа Гонзалэз, Карина Жэксон нарын багш, доктор, профессорууд уригдан ирж явууллаа. Олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа хэл шинжлэлийн шилдэг арга барилаас суралцахаас гадна ярианы англи хэлээ сайжруулах, суралцагчийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хэрэгцээнд тулгуурлан хэрхэн үр дүнтэй, сонирхолтой аргаар заах зэрэг заах арга зүйн олон ур чадварыг дэлхийн нэр хүндтэй доктор профессорууд интерактив хэлбэрээр заасан нь үр өгөөжтэй болсон талаар оролцсон багш нар ийнхүү хуваалцаж байна.

Чуулганы оролцогч, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Төмөрхуяг: “Бид энэ чуулганд 5 дахь жилдээ хамт олноороо оролцож байна. БЯИС-ийн профессорууд англи хэлийг гадаад хүнд хэрхэн заах талаар хамгийн орчин үеийн аргуудаас заадаг тул бидэнд маш их давуу талтай сургалт болдог” гэж ярив.

Чуулганы оролцогч Ц.Сэлэнгэ: “Маш гүнзгий түвшинд дадлагажуулж сургасанд их талархаж байна. Бидний суралцагчдад үүсдэг асуудал, бэрхшээлүүдийг маш сайн мэдэрч зааж байгааг хараад үнэхээр гайхан биширсэн. Энэ сургалтаас би суралцагчдаа байнга дэмжиж, тэдэнтэй ойр дотно байж, бид өөрсдөө суралцагчдаасаа огтхон ч илүү биш гэдгээ байнга илэрхийлж байх ёстой гэдгийг сурсан” гэв.

Оролцогч Б.Энхномин: “Энэ чуулганаар бид хичээлийг хэрхэн хөгжилтэй байдлаар чөлөөтэй аргаар зааж болохыг сурсан. Зөвхөн онол тайлбарлах биш, бүгдийг бодитоор дадлага маягаар бидэнд үзүүлсэн. Бид өөрсдөө сурагч бас багш болж, бусдын оронд өөрсдийгөө тавьж сурсан. Ялангуяа багш төвтэй сургалтын арга барил бүхий манай орны нөхцөлд заах цоо шинэ арга барилыг буюу багш бол зөвхөн чиглүүлэгчид бөгөөд зөв чиглүүлснээр ямар ч хүний сурах хүслийг асар их өдөөж болдог гэдгийг ойлгуулсан маш үр дүнтэй сургалт боллоо” гэж хуваалцав.

Өмнөговь аймгийн оролцогч А.Баттуул: “ Би англи хэлний багшаар 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд энэ чуулганд 2 дахь удаагаа оролцож байна. Англи хэл заах шинэ арга барил, технологи, сурах бичиг зэргийг танилцуулсан нь их сонирхолтой байлаа. Түүнчлэн бусад багш нартай туршлага солилцох, асуудлыг хамтран шийдвэрлэх боломж олгосон нь бас их үнэ цэнтэй байсан. Англи хэлний багш нарын чуулган нь миний хувьд шинэ мэдлэг, туршлага олж авах, бусадтай харилцах боломжийг олгосон гайхалтай арга хэмжээ байлаа” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Хэвлэх