Лиахона
Аврагч хажууд маань ойрхон байдаг
2024 оны 9-р сар


Орон нутгийн хуудсууд

Аврагч хажууд маань ойрхон байдаг

Институт, семинарын зохицуулагч О.Одгэрэл ах:

“Би институт, семинарын зохицуулагчаар ажиллаад 18 жил болсон байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн төгсөлт маш онцлог байсан, учир нь өсвөр үеийнхэн маань семинарт явахын чухлыг ухамсарлаж, төгсөлтийн үйл ажиллагаандаа зохистой хувцсаа өмсөөд, сайн дураараа олуулаа ирж оролцож байгаа нь харагдсан. Институт, семинарын зохицуулагчаар ажиллахаасаа өмнө би судрыг зав гарахаараа уншдаг байсан бол энэ ажилд ороод, судар уншдаг ажилтай болж хувирсан төдийгүй сургаалыг заахын тулд зөвхөн судар уншаад л заачихдаггүй юм байна, өөрөө өөрчлөгдөж, биеэр мэдэрч байж заавал илүү үр дүнтэй юм гэдгийг ойлгосон. Тийм учраас миний сургаалд хөрвөсөн хөрвөлтийн бараг 90% нь институт, семинар төгссөн үеэс хойш тохиосон гэж би бодож байна. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг их хол оршдог гэж мөн өөрсдийгөө тусгаарлагдсан, орхигдсон хүмүүс мэт мэдэрч, ойлгодог байсан. Гэтэл Аврагч хажууд маань ойрхон байж, бидний үйлдэл бүрийг харж байдаг. Тэнгэрлэг Эцэгээс нуух зүйл гэж байхгүй. Тийм болохоор алхам бүрээ төлөвлөж, хянаж байхгүй л бол бид унах, гэм нүгэл үйлдэхэд маш ойрхон байдаг гэдгийг би гэрчилж байна.

Алма 37:35-д “…насны залууд мэргэн ухааныг сур” гэж заасан байдаг. Тэгэхээр бид бүр бага байхаасаа өөрсдийн юу хийж байгаа, юуны учир энд байгаа мөн хаашаа явах вэ гэдгээ ойлгочих юм бол бусдын муу нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалж чаддаг болно. Нийгэмд ихэнх тохиолдолд хүмүүс хүүхэд залуучуудыг насанд хүрсэн хойноо өөрсдөө учраа олно биз гэж ханддаг. Тэгэхээр бид тухайн хүнийг зөв дадал хэвшил, хүмүүжилтэй хүн болгохын тулд төрөхөөс нь эхлээд л заахгүй бол том болсон хойноо засарна гэж байдаггүй. Ядаж л өглөө эрт босож сурна гэдэг бол зорилготой байж, бусдаас урьтаж сурч чадаж байна гэсэн үг. Семинар дээр эзэмшиж байгаа шашны боловсрол ерөнхий боловсролын мэдлэг дээр нэмэгдээд, аливааг өөр өнцгөөс олж харах, илүү баялаг мэдлэг олж авах боломжийг олгодог. Үнэндээ залуус маань сошиал сүлжээн дотор амьдардаг хүмүүс болчхоод байна. Амьдралаа өөрчлөхийн тулд унших хэрэгтэй. Судар уншихаас гадна маш сайн уран зохиолыг уншиж, мэдлэгээ тэлснээр энэ дэлхий дээр амьдарч байгаагийнхаа утга учрыг ойлгох боломж бүрдэх юм. Шашны боловсролыг олж авснаар тэд өөрсдөө цаашдаа юуг сонгох вэ гэдгээ мэддэг болох учраас шинэ гишүүн бүрийг төдийгүй Сүмдээ идэвх султай байгаа хүн бүрийг институт, семинарт хамруулахыг зорьж байна” гэж хуваалцав.

Би Бурханы хайртай охин гэдгээ мэдэрсэн

Семинарын суралцагч, УББГ-ны Туул тойргийн гишүүн Б.Жаргалмаа:

“Би семинарт явахаасаа өмнө их бүрэг ичимхий, судрын үг өгүүлбэрийг ч бараг ойлгодоггүй байсан. Харин семинарт 4 жил сурсны эцэст би шашны боловсрол олж авахаас гадна маш олон зүйлийг сурсан. Хүнтэй чөлөөтэй харилцдаг, өөрийгөө маш сайн ойлгуулж чаддаг, амар амгаланг мэдэрдэг болсон төдийгүй олон найз нөхөдтэй болсон. Тиймээс өглөө эрт босоход надад тийм ч хүндрэлтэй байгаагүй. Семинарт явснаар би хувь хүнийхээ хувьд өсөж хөгжсөн бас Бурханы хайртай охин гэдгээ маш хүчтэй мэдэрч, ойлгож чадсан. Семинарын сүүлийн жил сорилтоор дүүрэн, тэсвэр тэвчээр үнэхээр шаардсан жил байлаа. Энэ үед би маш их ганцаардаж, хэн ч намайг хайрлаж, ойлгохгүй байгаа мэт санагдаж байсан ч семинар дээр үзсэн Иохан 3:16 дахь “… Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” гэсэн судрын шүлэг ямар ч хэцүү нөхцөлд надад урам зориг өгч, одоо миний хамгийн дуртай судруудын нэг болсон байна.

Семинарт суралцсан 4 жил маань үнэхээр гайхалтай нандин цаг хугацаа байсан” гэж хуваалцлаа.