Орон нутгийн хуудсууд
“Би Христийн шавь билээ” ӨҮББТЧуулган – 2024
“Би Христийн шавь билээ” уриан доор явагдсан Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулган (ӨҮБББТЧуулган) 2024 оны 6-р сарын 17–22-ны өдрүүдэд Олон улсын Найрамдал зусланд зохион байгуулагдлаа. Энэ жилийн чуулганы удирдагч гэр бүлийн хосоор Лхагвадоржийн Түвшинжаргал ах, Батгэрэлийн Ганчөдөр эгч нар дуудагдаж; 570 гаруй өсвөр үеийнхэн, тэднийг удирдах 100 орчим зохицуулагч, зөвлөхүүдийг хариуцан ажиллав. Нэр хүндтэй боловч туйлын хариуцлагатай энэ ажлыг амжилттай гүйцэтгээд ирсэн удирдагч хосын гэрчлэлийг хүргэж байна.
Б.Ганчөдөр эгч: “Энэ дуудлагыг анх хүлээж авахад надад Монголын бүх өсвөр үеийнхний өмнө хариуцлага хүлээх энэ чухал дуудлагад Бурхан яагаад намайг дуудав? гэж хамгийн түрүүнд бодогдсон. Би үүнд бэлэн биш, маш их эргэлзэж байсан ч нөхөр бид хоёр залбираад, дуудлагыг хүлээн авсан. Чуулганы үеэр олон гэнэтийн зүйл тохиолдож, асуудлуудаа газар дээр нь шийдээд явж байсан ч үнэндээ би оюун санаагаараа маш их ядарч, сүнслэг захиасаа өгч чадаагүй мэт санагдах үе ч тохиолдож байсан. Тэр үед би Бурханд хандан залбирсан бөгөөд Бурханы “Үлдсэн хугацаанд хэрэгтэй сүнслэг хүчийг Би чамд илгээнэ. Чи чадах бүхнээ хийсэн, тиймээс үлдсэнийг нь Би өөрөө хийх болно. Миний охин тайван бай” хэмээн хэлэхийг мэдэрсэн. Бурхан намайг хүчирхэгжүүлэх гэж энэ дуудлагыг өгсөн гэдгийг би мэднэ. Энэ чуулган хэдийгээр өсвөр үеийнхэнд зориулагдсан ч үйлчлэхээр дуудагдсан хүмүүсээ ч бас хүчирхэгжүүлдэг юм билээ. Багадаа олж авсан Бурхан бол гайхамшгийн Бурхан гэсэн гэрчлэлээ би энэ чуулганаар дахин олж авсандаа баяртай байна” гэж хуваалцлаа.
Л.Түвшинжаргал ах: “Энэ чуулганаар дамжуулаад олон хүүхэд, залуучуудын гэрчлэл хүчирхэгжиж, тэд өөр хоорондоо сайн мэдээн дээр тулгуурласан нөхөрлөлийг үүсгэж чадсан гэж би бодож байна. Чуулганаар суулгасан тэр итгэлийн үр ирээдүйд олон гайхалтай үр жимс авчрах нь тодорхой. ӨҮБББТЧуулганд үйлчилж, Бурханы ажлыг урагшлуулах зэмсэг болсондоо маш их талархаж байна” гэж хуваалцав.
Газар газраас ирсэн, олон өнгөлөг, царайлаг, эрч хүчтэй, баяр баяслаар дүүрэн өсвөр үеийнхний төлөөлөл “нэг зүрх, нэг оюунтай,” Христийн шавь болсон тухайгаа ийнхүү хуваалцаж байна.
Баянгол тойргийн гишүүн И.Эгшиглэн: “Өсвөр үеийнхний чуулганд яваад би Ариун Сүнс гэж үнэхээр байдаг төдийгүй бидэнтэй хамт байж, биднийг ойлгож, зөв зүйл рүү чиглүүлдэг гэдгийг мэдэж авч мөн мэдэрсэн. Мөн энэ чуулганд явснаар би номлолд заавал үйлчилнэ гэсэн шийдвэрээ гаргасан.”
Хан-Уул тойргийн гишүүн М.Чингүүн: “Энэ жилийн чуулганаар би сүнслэг байдлаараа маш их өсөж, Бурхантай илүү ойртож чадсан гэж бодож байна. Мөн би өдөр бүр судраа уншихыг хүсдэг болсон.”
Хан-Уул тойргийн гишүүн Ө.Мөнхжин: “Бүлгийн оройн цугларалт надад маш их таалагдсан. Би энэ цугларалтаар эвтэй байх, бие биенээ хэрхэн хайрлах талаар маш их зүйл сурсан. Түвшинжаргал ах бидэнд бусдыг гадуурхахгүй байх, өөрөө ч бас яаж гадуурхагдахгүй байх, олны дунд биеэ зөв авч явах, ичих хэрэггүй зэрэг олон зүйл заасан нь маш их тустай санагдсан. Би бас энэ чуулганаас амьдралын зорилготой байхын чухлыг мэдэж авсандаа их баяртай байна.”
Баянзүрх тойргийн гишүүн Т.Мишээл: “Би өсвөр үеийнхний чуулганд яваад өөрийгөө сүнслэг байдлаараа их өссөн гэж бодож байна. Энд байхдаа би номлолд явах шийдвэрээ баттай гаргасан. Бурхантай үргэлж хамт байхыг хичээх хэрэгтэйг мөн Бурханы зам хамгийн зөв зам гэдгийг мэдэж авч, сүнслэг багш нар болон зөв хүүхдүүдийн дунд байх ямар сайхан байдгийг мэдэрсэн.”
Баянзүрх тойргийн гишүүн Т.Эмүжин: “ӨҮБББТЧуулганд яваад би олон найзтай болсондоо их баяртай байгаа. Мөн байнга судраас уншиж, залбирах хэрэгтэйг ойлгосон, ялангуяа хоол идэхээсээ өмнө залбирч сурсан.”
Өнөр тойргийн гишүүн Э.Тэмүгэ: “Би чуулганд яваад олон сайхан найзтай болсноос гадна итгэл, сүнслэг байдлаараа их өссөн, Христтэй илүү ойр байхыг хичээдэг болсон. Хамгийн гол сурсан зүйл маань гэвэл зөв зүйл гэж мэдэж байгаа ч гэсэн үйлдэл хийхгүй л бол гэм нүгэл гэдгийг мэдэж авсан.”
Сэлэнгэ салбарын гишүүн Б.Гантуяа: “Чуулганы бүх зүйл надад таалагдсан. Сорилт бэрхшээл тохиолдож байсан ч тэдгээрийг давж чадсандаа баяртай байгаа. Бас олон сайхан найз нөхөдтэй болж, залбирлын хариугаа хүлээн авч, залбирах нь чухал талаар гэрчлэлтэй болсон.”
Сэлэнгэ салбарын гишүүн М.Энэрэл: “Би энэ чуулганд хоёр удаа оролцсон. Өмнө нь найзуудтай болоод л ирж байсан бол энэ удаагийн чуулганаар би судраас өдөр бүр судлах, залбирах, наманчлах, бусдыг уучлах нь ямар чухал гэдгийг сурсан. Чуулганы өдрүүдэд би залбираад, залбирлын хариугаа их хурдан авч байсан болохоор залбирлын талаар гэрчлэлтэй болсон. Хамгийн чухал нь би номлолд гарах шийдвэрээ баттай гаргасан.”
Хэнтий бүлгийн гишүүн Г.Мөнгөнцэцэг: “Хоол нь маш их таалагдсан бас тэнд байгаа хүүхдүүд болон багш нар нь их эелдэг, найрсаг зантай байсан нь онцгой сайхан санагдсан.”
Хэнтий бүлгийн гишүүн Б.Халиунаа: “Удирдагч хосын өглөөний ярилцлага хамгийн их таалагдсан. Найзуудын гэрчлэлээс би их зүйл сурч мэдсэн. Мөн зөв шударга явах нь чухал гэдгийг ойлгосон.”
Хэнтий бүлгийн гишүүн Г.Ариунбилэг: “ Чуулганд яваад би маш олон зөв хүүхдүүдтэй найз нөхөд болцгоосон. Мөн итгэлийн талаар би их зүйл сурсан.”
Чойбалсан салбарын гишүүн Номин: “Би энэ чуулганд 2 дахь жилдээ оролцлоо. Хамгийн их таалагдсан зүйл нь хүүхдүүдээсээ илүү удирдагч хос багш, зөвлөхүүд, арын албанд ажиллаж байгаа хүмүүсээр маш их бахархсан, яаж тэр их тэвчээр гардаг байна аа гэж бодож, тэднээс маш их зүйл сурсан. Бидний төлөө ийм их зүйл хийсэнд нь маш их баярлалаа гэмээр байна.”
Чойбалсан салбарын гишүүн Үүрийнтуяа: “Бороо, цас ороод хүйтэн байсан ч багаараа залбирсны хүчинд дажгүй өнгөрсөн. Зуны эхэн сард цас орно гэдэг гайхамшиг. Манай баг бол гэрэл түгээгчид. Бидний уриа бол бидэнд гэрэл хэрэгтэй, бид дэлхийд хэрэгтэй.”
Чойбалсан салбарын гишүүн А.Улсбаяр: “Би цас ороход нь эхэндээ Бурханд гомдоллосон. Гэвч бидний итгэл их учраас, Бурханы арми энд олуулаа цугласан учраас Сатан уурлаад зуны 6 сард хүртэл цас оруулж байна гэж өөр өнцгөөс бодоод тайвширсан. Би үүнээс 1 Нифай 3:7-д хэлсэн шиг Бурхан давж чадах сорилтуудыг өгдөг гэдгийг сурсан.”
Сайншанд бүлгийн гишүүн О.Отгонбилэг: “Би энэ чуулганд Сүмдээ илүү идэвхтэй болохын тулд явсан. Чуулганд яваад би Ариун Сүнсийг маш их мэдэрсэн. Найрал дуу дуулахад надад маш гоё тэврүүлж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Мөн би Мормоны Номыг яаж унших аргаа мэдэхгүй байсан бол зөвлөхүүдээсээ яаж унших аргыг сурсан.”
Чуулганы зорилго биелэгдэж, Монголын Сүмийн ирээдүй болсон өсвөр үеийнхэн илүү нэгдмэл, илүү хүчтэй, илүү итгэлтэй, илүү хайр дүүрэн, илүү зорилготой болж өөрчлөгджээ.
“… Чи бол гэрэлтэх эрдэнэ
Чиний үнэ цэн бол эрхэм
Чи үнэт бүтээл
Чиний гэрэл бидэнд түгнэ…”
“… Би бурханлаг тэнгэрлэг байхаар бүтээгдсэн…”
“… Би Христийн шавь билээ...” хэмээн тэд итгэл төгс дуулцгаана.