2019
Сэтгэл санааны эрүүл мэндээ эргүүлэн олж авах 14 арга
2019 оны 1-р сар


Зөвхөн дижитал хэлбэрээр

Сэтгэл санааны эрүүл мэндээ эргүүлэн олж авах 14 арга

Зохиогч нь АНУ-ын Айдахо мужид амьдардаг.

Та сэтгэл санаагаар эцэж туйлдсанаа мэдэрч байвал 100 хувь дахин сэргэх найдвартай хэд хэдэн арга бий.

Амьдралд сэтгэл санаагаар унах үе тохиох боловч бид сэтгэл санааны хувьд бие даах чадвартай байвал сэтгэл санааны хэрэгцээндээ нийцүүлэн, өдөр тутмын сайн мууг даван туулах боломжтой байх болно. Энэ нь бидэнд хэзээ ч тусламж хэрэггүй гэсэн үг биш юм. Харин сэтгэл санааны хувьд бие даах чадвартай байна гэдэг нь бид хэзээ сэтгэл санааны дарамтаа өөрсдөө зохицуулж, хэзээ тусламж, дэмжлэг авахаар бусдад хандахаа мэддэг байхыг хэлнэ.

Бид хэрхэн мэдэрч мөн сэтгэл санаандаа эрүүл арга замаар хэрхэн хариу үзүүлэхийг сурснаар илүү сайн бэлтгэгдэж, Бурханы хаант улсад үйлчлэхэд илүү боломжтой болох юм. Дараах санаануудын зарим нь сэтгэл санааны хувьд илүү бие даах чадвартай болоход тань тусалж болно.*

  1. Үндсэн зарчмуудыг дага. Үүнд: залбирах, судар судлах, сүмдээ явах болон үйлчлэл хийх зэрэг нь орно. Талархал дээр төвлөр.

  2. Бие махбоддоо сайн анхаар. Сайн хооллож, хангалттай унтаж, дасгал хөдөлгөөн сайн хийж байгаа эсэхтээ анхаар. Бие махбодын маань эрүүл мэнд бидний сэтгэл санааны эрүүл мэндэд нөлөөлдөг.

  3. Тэмдэглэл хөтөл. Сэтгэл санааны хувьд бие даах чадвартай байхын нэг хэсэг нь сэтгэл санаагаа мэддэг байх явдал юм. Тэмдэглэл хөтлөх нь мэдрэмжүүдээ ойлгох сайн арга зам байдаг.

  4. Өөрийнхөө мэдрэмжийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ чин сэтгэлээсээ хуваалц. Мэдрэмжээ өөр хэн нэгэнтэй хуваалцах нь сэтгэл санааны эрүүл мэндээ тэнцвэртэй байлгахад тань тусалж чадах эрүүл арга юм.

  5. Засах гэж хичээхийн оронд тусламж хүсэн залбир. “Тэнгэрлэг Эцэг минь, сэтгэл санаагаа тогтвортой байлгахад туслаач” зэрэг хэллэгийг “Тэнгэрлэг Эцэг минь, сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд юу сурч, юу хийх ёстойгоо мэдэхэд туслаач” гэх мэтчилэн солих талаар бодож үз.

  6. Амьдралынхаа тэнцвэртэй байдлыг дүгнэж цэгнэ. Гэр бүлдээ болон өөртөө мөн үйлчлэл, ажил, амралтдаа зориулж буй цаг зав, эрч хүчээ дүгнэ. Эдгээрийн аль нэгд нь цаг зав, эрч хүчээ бусад зүйлд зарцуулахаас илүү зарцуулж байвал та нойр, эрч хүч, анхаарлаа алдаж эхэлдэг. Энэ нь дахин тохируулах товчлуурыг дарж, тэнцвэрийг сэргээх цаг нь болсон гэсэн үг юм.

  7. Бүү хойш тавь! Аливаа зүйлсийг хойшлуулах нь сэтгэл гутрал руу хөтөлж болно. Том ажлуудаа жижиг хэсгүүдэд хуваа. Эхлээд өөртөө “Яг одоо миний хийх зүйл бол ____” эсвэл “Би үүнийг хэдхэн минутын дотор л хийнэ, тэгээд хүсвэл жаахан амарч болно” гэж сануул.

  8. Амжилтыг төсөөлөн хар. Санаа зовох нь оюун санааны хувьд уналтад орж байгаагийн нэг хэлбэр байж болох юм. Юу нь буруу болох бол эсвэл хэрвээ “тэгвэл яах бол” гэж санаа зовохын оронд оюун санаандаа эерэг үр дүнгүүдийг бодож, тэдгээрт хүрэх төлөвлөгөөнүүд гарга. Хэрэв таны найдсанаар болохгүй бол алдаанаасаа суралцаж, урагшилж байгаагаар төсөөл.

  9. Зөв хийдэг зүйлүүддээ төвлөрч, өөрийгөө бусадтай харьцуулахаас зайлсхий. Өөрсдөдөө хэт өндөр шаардлага тавьж, хүлээдэг хүмүүс сул талууд болон алдаан дээрээ дэндүү их төвлөрөх хандлагатай байдаг. Тэгснээр тэд сайжруулахын оронд итгэл найдвараа алдаж болно. Эрхэмлэдэг зүйлс, авьяас, туршлага болон ур чадварынхаа жагсаалтыг гарга. Та эдгээр давуу талаа энэ долоо хоногт хэрхэн үр бүтээлтэй ашиглаж чадах талаараа төлөвлөгөө гаргаарай.

  10. Та хянаж чадахгүй зүйлээ зүгээр л орхи. Өнгөрсөн явдал, бусдын сонголт, цаг агаар, хийж чадахгүй зүйл, бусад хүний зан чанарууд нь таны хянаж чадахгүй зүйлүүд юм. Та өөрийн зан авир, аливаа харилцаан дахь оролцоо, одоогийн сонголт, хандлага гэх мэт хийж чадах зүйлүүд дээрээ анхаарал хандуул.

  11. Зарим байнга давтагддаг, уйтгартай зүйлсийн бодит байдалтай эвлэр. Амьдралын бүх зүйл гүн утга учиртай, сэтгэл хөдөлгөм байдаггүй. Уйтгар гунигтай байдлыг даван туулахын тулд жүжиг тавих болон түгшүүртэй байдал, сөргөлдөөн үүсгэхээс зайлсхий. Оронд нь эргэн тойронд тань буй сайн сайхан зүйлд талархан, баярлаж, сайжруулах мөн үйлчлэх арга замуудыг эрэлхийл.

  12. Уур хилэнг битгий өдөө. Хүмүүс бусдын (1) сүрдүүлсэн, (2) шударга бус эсвэл (3) хүндэтгэлгүй байдлыг хараад ихэвчлэн уурлах төлөвтэй байдаг. Үүний оронд тэдний зан авирт илүү энэрэнгүй хандах талаар бодож үзээрэй. Жишээ нь: Тэд ядарсан, ямар ч мэдээлэлгүй, итгэлгүй байсан эсвэл өөрсдийгөө тусалж байна гэж бодсон байж болох юм. Уурыг өдөөхгүй байхыг сонго.

  13. Өөрийгөө болон бусдыг буруутгах эсвэл шившиг болгох гэж оролдох хандлагаас зайлсхий. Үүний оронд асуудал нь юу болохыг тогтоож, хэний буруу гэдгээс үл хамааран, үүнийг засаж залруулахад тусалж чадах эсэхийг нь асуу.

  14. Сөрөг зүйлсийг биш, харин Сүнсийг сонс. Хэрэв танд басамжилж, тохуурхан, уурлаж, шүүмжилсэн мөн гомдоллосон бодлууд байвал тэдгээр нь Их Эзэнээс биш гэдгийг санаарай. Тэдгээрийг бүү бод. Сүнсийг эргүүлэн урихын тулд Сүмийн дуулал дуулж, судрын хэсгээс цээжээр уншиж эсвэл залбирал хэл.

  • “Resources for Managing Emotional Demands,” Adjusting to Missionary Life (2013), 29–34; “Becoming Emotionally Self-Reliant,” Self-Reliance Blog, Feb. 21, 2017, srs.lds.org-ээс эш татав.