2019
Айдсаа орхин, Бурханы үгэн дээр найрлах болсон нь
2019 оны 1-р сар


Айдсаа орхин, Бурханы үгэн дээр найрлах болсон нь

Мэтт Максвэлл

АНУ, Юта

study desk

Зургийг Грэг Ньюболд

Би бүхий л амьдралынхаа туршид Сүмд идэвхтэй байлаа. Би бүрэн цагийн номлолд үйлчлэн, ариун сүмд гэрлэж, дөрвөн гайхалтай сайхан охиныг өсгөхөд тусалсан. Гэхдээ он жилүүд өнгөрөх явцад зарим найз маань Сүмийн гишүүн байхаа больсныг би ажиглав. Зарим гэр бүлийн гишүүд маань олон нийтийн хэрэгслээр Сүмийн удирдагчдад эргэлзэж байгаагаа илэрхийлж, шүүмжлэх болжээ. Би ч гэсэн амьдралдаа анх удаа Сүмийн талаар эргэлзэж эхэллээ. Эргэлзээ маань ирээдүйгээсээ айхад хүргэв. Заримдаа ямар ч итгэл найдваргүй байдалд орсон мэт санагддаг байлаа.

Энэ хүнд хэцүү үед би өөрийгөө хүчлэн, гадасны чуулганд очив. Гадасны ерөнхийлөгч маань “Хэрэв бид өмнөө байх хүнд хэцүү цаг мөчийг даван гаръя гэж бодож байвал Бурханы үгээс хайхрамжгүй хүртдэг байхаа больж, үүн дээр нэн даруй найрладаг болох хэрэгтэй. Бид судраас тогтмол, анхаарлаа төвлөрүүлэн суралцах үйл явцыг амьдралынхаа нэн чухал хэсэг болгох хэрэгтэй. Ийнхүү хийж чадах юм бол бид айх хэрэггүй гэдгийг амлаж байна” гэсэн юм.

“Айх” гэдэг үг миний анхаарлыг татаж билээ. Би сайн мэдээг хайхрамжгүй судалдаг болсноо ухаарав. Үүний үр дүнд айдас амьдралыг маань эзэмдсэн байлаа. Би гадасны ерөнхийлөгчийнхөө зөвлөгөөг туршиж үзэхээр шийдсэн юм.

Би гэртээ хариад, сайн мэдээг судлах орон зай гаргав. Өрөөнийхөө мухарт би тухтайхан сандалтай жижигхэн ширээ байрлууллаа. Би Аврагчийн хэдэн зургийг хананд байрлуулж; судар, харандаа, тэмдэглэлийн дэвтэр цуглууллаа. Би сургалтаа залбирч эхлүүлэв.

Нэг, хоёр долоо хоног өнгөрсний дараа би өдөр бүр судалдаг дадал хэвшилтэй болсон. Би эхлээд Ерөнхий чуулганы үгээс сонсож, дараа нь сайн мэдээний тодорхой сэдвийг судалдаг байв. Тэгээд дараа нь Мормоны Номын хэдэн бүлгийг уншаад, Тэнгэрлэг Эцэгтээ чин сэтгэлээсээ залбирснаар өндөрлөдөг байсан.

Янз бүрийн зүйлс анхаарлыг маань сарниулдаг байсан ч би зургаан сарын турш бараг өдөр алгасалгүй сайн мэдээг судалсан юм. Би сайн мэдээний төрөл бүрийн сэдвээр илүү гүн гүнзгий ойлголттой болж, тогтмол, чин сэтгэлээсээ залбирснаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ өөрийн харилцааг бэхжүүлж чадсан билээ.

Би гэрчлэлдээ дахин тулгуурлаж чаддаг болж эхлэв. Сэргээгдсэн сайн мэдээний талаар хүлээн авсан шинэ гэрчийнхээ ачаар эргэлзээ маань замхран алга болсон. Би Бурханд илүү их найдах болсон тул санаа зовох маань багасаж байгааг анзаарсан. Айдас, мухардмал байдал намайг орхихыг би мэдэрч, цагийг дэмий өнгөрүүлдэг үйл ажиллагаануудыг сонирхохоо больж, бусдад илүү их өгөөмөр, эелдэг ханддаг болсноо анзаарав.

Гадасны ерөнхийлөгчийнхөө зөвлөгөөг анхаарч сонссоноор Бурхан намайг өөрчилж чадсан юм. Намайг Түүний үгэн дээр найрлахад Тэрээр Өөрийн биеэр намайг эдгээж, сэргээсэн.