Гэрчлэлийн ургамал
Гэрчлэлтэй байх гэдэг нь үнэндээ юу гэсэн үг вэ?
Элиса Хүүхдийн хэсэг рүү очиж, найз Армандогийнхоо хажууд суулаа.
“Тавтай морилно уу!” гэж Руссо эгч хэлээд, “Дуугаар эхэлцгээе” гэлээ.
Элиса ангийнхантайгаа хамт “Итгэл бяцхан үр адил арчилбал ургана” хэмээн дуулав (Хүүхдийн дууны ном, 50).
Руссо эгч цаас, будгийн харандаа тараалаа. “Дуулсан дууныхаа талаар бод доо” гээд, “Итгэлийн үрээ таривал энэ нь гэрчлэл болон ургадаг. Гэрчлэл чинь ургамал байсан бол ямар төрлийн ургамал байх байсныг одоо зураарай” гэж хэлэв.
Элиса цэвэрхэн цаас руугаа ширтлээ. Бусад нь бүгд зурж эхлэв. Элиса Армандогийн зураг руу нүднийхээ булангаар харлаа. Түүний зурсан ургамал олон навчтай шулуун иштэй байв. Энэ нь байрных нь тагтан дээр ургаж байгаа базиликтай адилхан харагдав. Түүний гэрчлэл яг үүнтэй адилхан харагддаг байх! Тэр будгийн харандаагаа аваад, түүнийхтэй адилхнаар зурлаа.
“Судрынхаа Алма 32-р бүлгийг нээнэ үү” гэж Руссо эгч хэлэв.
Тэд зүрх сэтгэлдээ үр тарин, ургахыг нь мэдрэх тухай уншлаа. Элиса гэрчлэлийнхээ ургамлыг харав. Түүнд гэрчлэл байсан уу? Энэ нь үнэндээ юу гэсэн утгатай үг вэ? Тэр үүний талаар асуухыг хүссэн ч ичиж байв.
Хичээл дуусахад Руссо эгч Элиса руу дөхөж ирлээ.
“Анхаарал чинь төвлөрөхгүй байгаа харагдлаа. Бүх юм зүгээр үү?” гэж Руссо эгч асуув.
Элиса өөрийнхөө зураг руу доош харлаа. “Надад гэрчлэл байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Энэ нь юу гэсэн утгатайг ч би сайн мэдэхгүй байна” гэв.
Руссо эгч Элиса руу эелдэгхэн инээмсэглэлээ. “Зүгээр дээ. Итгэл гэж юу болохыг санаж байна уу?” гэхэд нь
Элиса толгой дохив. “Харагдахгүй байгаа зүйлдээ итгэхийг хэлдэг биз дээ?” гэхэд
“Яг зөв!” хэмээн Руссо эгч хэлээд, “Чи ямар ямар зүйлд итгэдэг вэ?” гэж асуулаа.
Энэ нь харин амархан асуулт байв. “Би Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэдэг. Тэд намайг хайрладаг гэдгийг би мэднэ” гэлээ.
Руссо эгч инээмсэглээд, “Чи сая гэрчлэлээ хуваалцлаа шүү дээ! Гэрчлэл гэдэг нь сайн мэдээний талаар мэддэг зүйлийг чинь хэлдэг юм” гэв.
Элиса энэ тухай бодож үзлээ. “Тийм бол би аль хэдийн гэрчлэлтэй юм байна, тийм үү?” гэж хэлэхэд нь
“Тийм!” гэв. Руссо эгч судраа дээш өргөн барив. “Өнөөдөр бидний уншсан зүйлийг санаж байна уу? Сүмд ирэх гэх мэт зүйлийг хийснээр чи үрээ торддог. Тэгвэл гэрчлэл чинь илүү хүчтэй болж өсөн нэмэгдэнэ” гэлээ.
Элисад ойлгосон мэт санагдлаа. “Тийм болохоор бид гэрчлэлээ ургамал болгон зурсан юм байна шүү дээ?”
“Яг тийм. Ургамал бага багаар ургадаг учраас” гэж Руссо эгч хэлээд, “Гэрчлэл ч гэсэн тэдгээртэй яг адилхан. Тэд ихэвчлэн шууд ургачихдаггүй. Харин бага багаар ургадаг” гэв.
Элисад өөрийнх нь зурсан ургамал сайхан санагдлаа. Тэр гэртээ очоод, “Миний гэрчлэлийн ургамал” гэж зургийнхаа хажууд бичив. Тэр зургаа орныхоо дэргэд өлгөлөө. Гэрчлэл нь аль хэдийн өсөж эхэлснийг тэр мэдэж байв. Мөн тэрээр бүр илүү өсгөхийн тулд Есүсийг үргэлжлүүлэн дуулгавартай дагахыг хүсэж байлаа!