Зуух маань итгэлээр халж байв
Луис Мансиус
АНУ-ын Техас муж
Нөхөр бид хоёр бага насны таван хүүхэдтэйгээ Нэгдсэн Улсын зүүн эрэгт, тосон зуухаар халаадаг байшинд амьдардаг байсан юм. Тосны түвшинг шалгахын тулд бид хэмждэг савааг тосны саванд нь хийдэг байлаа. Тосны түвшин багассан бол бид дулааны тосны компанитай холбогдож дүүргүүлдэг байв.
Ер бусын хүйтэн 1-р сард бид санхүүгийн асуудалтай тулгарчихаад байв. Би орлогоо нэмэхээр хоолны газар хагас цагаар оройгоор ажиллаж байсан ч амьдралаа арай ядан залгуулдаг байлаа. Эцэст нь бүр аравны нэгийн өргөлөө өгөх үү эсвэл байшингийнхаа дулааны төлбөрийг хийх үү гэдгийн аль нэгийг сонгох хэрэгтэй болов. Тосныхоо түвшинг хэмжихэд тос 2 инч буюу 5 см хүрч байлаа. Энэ нь ганц хоёрхон өдөрт л хүрэхээр байв. Гэсэн ч бид Их Эзэнд итгэж, аравны нэгээ төлөхөөр шийдлээ.
Дараагийн өдөр Марк тосоо дахиад хэмжив. 2 инч хэвээр л байлаа. Марк дараагийн өдөр дахин хэмжихэд 2 инч л байв. Зуух ажиллаж байсан ч тосны хэмжээ буурсангүй. Дараагийн хоёр өдөр ч гэсэн тосны хэмжээ 2 инч хэвээр байв. Оройдоо дулаан өгч эхлэхийг сонсоод би уйлж байснаа санадаг. Зуух маань тосоор биш, харин итгэлээр халж байлаа.
Бошиглогч Елиаг хооллож, “саван дахь гурил ч, мөн домбон доторх тос ч дууссангүй” (1 Хаан 17:16) гэдгийг олж мэдсэн бэлэвсэн эмэгтэйтэй адил сэтгэгдэл надад төрж байв. Цалин буух өдөр болоход Марк тосоо дахин нэг удаа хэмжсэн юм. Энэ удаа харин 1 инч буюу 2,5 см байв. Энэ удаад тосны түвшин багассан байсан ч бид саваа тосоор дүүргэх мөнгөтэй болсон байлаа.
Манай гэр бүл Малахи 3:10-т байх “Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна” гэсэн Их Эзэний өгсөн амлалтыг шалгасан юм.
Аравны нэгийн өргөлөө өргөснөөр ирэх адислалд эргэлзэж буй ямар ч хүнийг би “Намайг одоо үүгээр шалга” гэсэн Их Эзэний урилгыг хүлээн авахад урамшуулах гэсэн юм. Аравны нэгийг төлөх нь тэнгэрийн үүд хаалгыг нээдэг бөгөөд бид Их Эзэний хууль, зарлигуудыг дуулгавартай дагаж, итгэлтэй байснаар олон талаар адислагддаг.
Тосоор халдаг зуух маань тосоор биш, итгэлээр халж байсныг гэр бүлийнхэн маань хэзээ ч мартахгүй.