2019
Есүсийн эх Мариа
2019 оны 1-р сар


Есүсийн эх Мариа

Мариагийн түүх шавь байхын үнэ цэн, адислалуудын мөнхийн сануулга болдог юм.

Mary the Mother of Jesus

Мариа энэ бүх зүйлийг хадгалсан, Ховард Лион

Есүсийн эх Мариа сударт дурдагдсан хэдхэн эмэгтэйн нэг бөгөөд амьдрал, тохинууллынх нь талаар төрөхөөс нь олон зуун жилийн өмнөөс бошиглосон байдаг цорын ганц хүн юм (1 Нифай 11:15, 18; Мозая 3:8; Алма 7:10-ыг үзнэ үү).1 Шинэ Гэрээний Матай, Марк, Лук болон Иоханыг бичигчид зохих ёсоор Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлсэн тул Мариагийн амьдрал, тохинууллын талаар зөвхөн зэрвэс дурдсан байдаг. Гэвч эхэн үеийн Христийн сүмийнхэн Эцэгийн төлөвлөгөөнд Мариагийн гүйцэтгэдэг чухал үүргийг сануулахын тулд түүнд theotokos буюу “Бурханыг тээгч биеийг төрүүлэгч буюу Бурханы эх”2 гэсэн цолыг мөн өгсөн.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) “Их Эзэний бусад эмэгтэйчүүдээс илүү их адисалсан тэр эмэгтэйг бид хэт их магтана гэж байж болох уу? Ганцхан Христ мөн ганцхан Мариа байсан. Тэдний аль аль нь [мөнх бус оршихуйн өмнөх амьдралд] сүрлэг сайхан, агуу нэгэн байсан ба өөр өөрсдийн тохинуулалд урьдчилан томилогдсон байв. Эцэг Өөртэйгөө адил эрэгтэйн сүнсийг Аврагчаар сонгосны адил Хүүгийнхээ эхээр хамгийн агуу эмэгтэйн сүнсийг сонгосон гэж бид бодохоос өөр аргагүй. Бид Мариаг … зохих ёсоор хүндлэн дээдлэх ёстой”3 гэж хэлсэн.

Мариагийн тухай өгүүлсэн Лукийн түүх (Лук 1:26–56-г үзнэ үү) энэ гайхалтай эмэгтэйг зохих ёсоор үнэлэх үүд хаалгыг бидэнд нээж өгдөг. Габриел, Елизабет хоёртой харьцсан байдлаас нь бид Бурханаас хүлээн авсан өвөрмөц дуудлагаа мэдэж, ойлгохыг хичээж буй залуухан эмэгтэйг харж болно. Уг дуудлагын цар хүрээ залуухан нэгэнд хүнд санагдсан нь лавтай ч тэр өөрийн хүслийг Эцэгийн хүсэлтэй нэгтгэсэн юм. Бурхан Өөрийн хүүхэд нэг бүрийг мэддэг бөгөөд хаант улсыг нь барьж байгуулахад туслах энгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг гайхалтай арга замаар оролцуулахаар дууддаг гэдгийг түүний түүх бидэнд сануулдаг. Тэр Есүсийн анхны шавь болсон бөгөөд иймээс тэр Түүнийг дагахыг сонгодог бүх хүний дагавал зохих загвар юм.

Назар: Мариагийн гэр

Харамсалтай нь Шинэ Гэрээн дээр Мариагийн эцэг эхийн тухай болон түүний хэрхэн төрсөн талаар мөн Назар дахь амьдралынх нь талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Лук Назарыг polis, орчуулбал хот, хотхон гэж дүрсэлсэн ч энэ нь ач холбогдол бүхий газар биш байсан бололтой. Шинэ Гэрээний хүрээнээс гадна авч үзэх юм бол Назар хот МЭ хоёр дахь зууны төгсгөл хүртэл ямар ч бичвэрт дурдагдаагүй юм.

Назар нь Иерусалимаас 65 бээрт (105 км) байрлах үржил шимтэй Жэзрил хөндий рүү харсан Галилын доод хэсэг дэх толгодод байрладаг байсныг бид мэднэ. 1-р зууны Назар нь хот, хотхон гэхээс илүү ойролцоогоор 400–500 хүнтэй тосгон байсныг археологчид олж тогтоосон.4 Хэдхэн хүнийг эс тооцвол, Галилын ихэнх оршин суугч зөвхөн гэр бүлээ тэжээж, татвараа төлөхийн тулд мал маллаж, загас барьж, газар тариалангийн ажилд хөлсөөр ажилладаг байжээ. Тосгон хамгаалалтгүй байсан бөгөөд гудамж нь дардан замтай, том барилга байгууламжтай бас барилга нь гантиг, шигтгэмэл болон ханын зурагтай, гэр орондоо импортын бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан гэсэн ямар ч нотлох баримт байдаггүй.5 Ухаж гаргасан 1-р зууны хоёр байшин нь энгийн, нэг давхар, хоёр өрөө, сүрлэн дээвэр, жижигхэн хашаатай байсан байна.6 Оршуулгын зан үйл мөн шохойн чулуун савны үлдэгдлүүд оршин суугчид нь харийнхан бус еврейчүүд байсныг нотолдог.

Эдгээр нээлтийн алиныг нь ч Мариа болон түүний гэр бүлийнхэнтэй холбож чадахгүй ч Назар дахь түүний амьдрал ямархуу байсан тухай буюу тэр ариун сүм, язгууртан прист, эд баялаг бүхий шашны төв Иерусалимаас хол, алслагдсан тосгоны ядуу охин байсан талаар таамаглах боломж олгодог юм. Залуухан охин байхдаа тэр ээжтэйгээ болон тосгоныхоо бусад эмэгтэйтэй хамт даавуу нэхэх, хоол хийх, түлээ түүх, гэрийнхээ усны сав эсвэл тосгоныхоо худгаас ус зөөх, талбайд ажиллах гээд гэр бүлийнхэндээ амин зуулгаа залгуулахад нь өдөр бүр тусалдаг байсан байх.

Мариагийн дуудлага

Лук дээрх Мариагийн түүх өмнө нь ариун сүм дээр Захарид үзэгдсэн тэнгэр элч Габриелийн үзэгдсэнээр эхэлдэг (Лук 1:11, 19, 26-г үзнэ үү). Габриелийг үзэгдэх үед Мариа Иосефтой гэрлэхээр сүй тавьсан залуухан охин байв (Лук 1:27-г үзнэ үү). Тухайн үед Мариа хэдэн настай байсныг бид мэдэхгүй ч эрт дээр үед гэрлэлтийн гэрээг өсвөр наснаас өмнө хийж болдог байсан. Габриел үзэгдэж, Мариа “ивээгдэгч” болж, “Эзэн [түүнтэй] хамт” байж мөн “эмэгтэйчүүдийн дунд адислагдсан” нь байсан бөгөөд Иосеф Смитийн Орчуулгын Лук 1:28-д өгүүлснээр “сонгогдсон” нэгэн байсан (мөн Алма 7:10-ыг үзнэ үү) хэмээн хэлсэн нь Мариад янз бүрийн бодол, бүр айдсыг төрүүлсэн нь лавтай. Тухайн цаг мөчид түүнд ямар бодол төрж байсныг бид зөвхөн төсөөлж болох ч “Яагаад Бурхан намайг бусад ‘эмэгтэйчүүдийн дунд адислагдсан’ нэгэн гэж үзсэн юм бол?,” “Яагаад би ‘Бурханы өмнө ивээгдсэн’ болох мөн энэ нь юу гэсэн утгатай юм бол?,” “Яагаад Бурхан Габриелийг Назарын эсвэл Иерусалимын өөр залуу эмэгтэй рүү биш, над руу илгээсэн юм бол?” гэсэн асуултууд түүнд төрж байсан болов уу. Тийм ээ, тэр Давидын угсааных байсан ч (Лук 1:32; Ром 1:3-ыг үзнэ үү), энэ нь Ромын боолчлол доор тийм ч чухал байсангүй. Эцсийн эцэст Мариа жижигхэн тосгоны, ядуу гэр бүлээс гаралтай ердийн нэгэн залуухан эмэгтэй байв. Натанаел хожим нь “Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү?”(Иохан 1:46) хэмээн асуужээ.

Габриел Мариагийн оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэсэн байж болох ямар ч асуултад нь хариулаагүй юм. Харин оронд нь тэр түүнд хүүхэд, зүгээр ч биш нэгэн хүүхдийг тээнэ гэдгийг мөн түүний хүүхдийг “Хамгийн Дээдийн Хүү” хэмээн дуудах ба “өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно” гэдгийг хэлсэн (Лук 1:32–33-ыг үзнэ үү). Өөрөөр хэлбэл, хүү нь Бурханы Хүү, амлагдсан Мессиа байх болно гэдгийг Габриел Мариад хэлсэн байв. Мариа ийн хэлэхээс нь өмнө эргэлзэж, айж байсан бол үүний дараа түүнд ямар байсныг бид зөвхөн төсөөлж л болно.

Мариагийн түүхийн энэ хэсэг шавь байх талаар ямар зарчим зааж байгааг бодож үзэцгээе. Мариад зориулсан Бурханы төлөвлөгөөг тэр өөрөө хүсээгүй! Захари, Елизабет хоёр хүүхэдтэй болгож өгөх гайхамшгийг хүсэн залбирсан болохоор Габриел түүнд үзэгдсэн ч, тэр Мариад өөр нөхцөл байдалд, хүсэлтийнх нь хариуг өгөхөөр биш, харин түүнд зориулсан Бурханы хүслийг мэдэгдэхээр ирсэн. Гэрлэх гэж байсан Мариа ирээдүйд хүүхэдтэй болно хэмээн бодож байсан байх. Хэдийгээр 1-р зууны үеэр иудейчүүд Мессиаг ирэхийг хүсэн хүлээж байсан ч Назарын ядуу гаралтай залуухан Мариа өөрийгөө Мессиагийн эх болно гэж бодож байсан болов уу? Үгүй л болов уу. Учир нь шавь байх дуудлага ирэх нь биднээс хувийн амьдралын төлөвлөгөөгөө өөрчлөхийг шаарддаг.

Лук өөрийн тэмдэглэлд эхлээд Габриелд, дараа нь Елизабетын тунхаглал дээр анхаарлаа төвлөрүүлсэн байдаг. Гэхдээ энд бас Мариа өөрийн бодол, мэдрэмжийг илэрхийлсэн гурван тохиолдлыг бичсэн байна.

Mary seeing the angel Gabriel

Тэнгэр элч Габриел Мариад үзэгдэн, “бусад эмэгтэйчүүдийн дунд адислагдана” мөн Бурханы Хүүг тээнэ гэсэн гайхамшигт захиасыг өгсөн.

Мариагийн зар, Жозеф Брики

Сүнслэгээр өдөөгдсөн асуулт

Эхнийх нь “Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ?” хэмээн Габриелд тавьсан асуулт юм (Лук 1:34). Нөхцөл байдлыг авч үзэх юм бол түүнд ийнхүү асуух шалтгаан байсан. Энэ нь Захаригийн “Би үүнийг хэрхэн мэдэх билээ? [Елизабет хүү төрүүлнэ гэдгийг]” гэсэн асуултыг уншигчдад сануулдаг (18-р шүлэг). Харин Захаригийн асуулт өөрийнх нь Бурханд хандан өргөсөн залбирлынх нь хариулт болж ирсэн Габриелийн хариултад эргэлзэж байгааг нь илэрхийлж байхад Мариа Бурханы өөрт нь хэлсэн зүйлийг тодотгон лавлаж байсан юм. Бурханы урилга шавь нарыг шаардлагаа дээшлүүлж, тав тухтай байдлаасаа гарахыг шаардах үед асуух зүйл гарч ирэх нь гарцаагүй бөгөөд сүнслэгээр өдөөгдсөн асуултууд илчлэлт рүү хөтөлдөг.

Мариагийн асуултад өгсөн Габриелийн хариултыг гурван хэсэгт хувааж болно. Тухайлбал:

  1. Нэгд, тэр Мариад “Ариун Сүнс чам дээр ир[нэ]” гэж хэлсэн. Ариун Сүнс бол аль ч үеийн шавь нар дуудлагаа эрхэмлэн дээдлэхэд ашигладаг хүч юм. “Энэ ажлыг зөвхөн та нарынх ч биш, минийх ч биш гэдгийг санаарай. Энэ нь Их Эзэний ажил бөгөөд бид Их Эзэний ажлыг гүйцэтгэх үедээ Их Эзэний туслалцааг авах эрхтэй юм. Их Эзэн дуудсан нэгнээ тэнцэхээр болгодог”7 хэмээн ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) заасан. Тэгээд дараа нь Габриел “Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ.8 Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно” (35-р шүлэг) хэмээн Мариагийн нөхцөлд тохирох хариултыг өгдөг.

  2. Хоёрт, Габриел Мариад яг адилхан биш ч гэлээ гайхамшигтай байдлаар хүүхэд тээх Елизабетын тухай хэлдэг (36-р шүлгийг үзнэ үү). Елизабетын жирэмсэн болсон явдал Мариад өөрийг нь ганцаараа биш бөгөөд өөрт нь тохиолдсон зүйлийг ойлгох ядаж ганц хүн байгаа гэсэн ойлголтыг өгсөн юм.

  3. Гуравт, Габриел эргэлт буцалтгүйгээр “Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” хэмээн тунхагласан (37-р шүлэг). Елизабетыг жирэмслүүлснээр Бурхан боломжгүй зүйлийг боломжтой болгосон юм.9 Габриелийн тунхаглал бүх үеийн шавь нарт Бурханы урилгыг хүлээн авах юм бол гайхамшгууд тохиодгийг сануулдаг.

Шавийн бэлэн байдал

Миний бодлоор “Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай” (Лук 1:38) хэмээх уг түүхэн дэх Мариагийн хоёр дахь хариулт шавь хүний итгэл үнэмшил, үзлийг шингээсэн байдаг. “Шивэгчин” гэдэг нь Мариа Бурханы өөрт нь өгсөн дуудлагыг хүлээн авах сонголт хийснийг үзүүлж байгаа болно. Энэ нь Хүүгийнх нь Гетсеманид “Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг” (Лук 22:42) хэмээн хэлсэн үгийн Мариагийн хувилбар юм. Хэдийгээр Мариа өөрийн амьдралын энэ үед өөрөөс нь хүссэн бүхнийг ойлгох боломжгүй байсан гэдэг нь ойлгомжтой ч Симеон дараа нь түүнд “Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно” (Лук 2:35) хэмээн бошиглосончлон, итгэлтэйгээр урагш явах сонголтыг хийдэг.

“Тэнгэр элч түүнийг орхин одлоо” (Лук 1:38). Габриелийг явсны дараа Мариа ганцаараа үлдсэн. Шавийн хувьд тэнгэр элчийн дэргэд түүнийхтэй адил тунхаг хэлэх нь нэг хэрэг ч, харин тэнгэр элчийг явсны дараа тэр юу хийсэн бэ? Тэр энэ үйл явдлыг эцэг эхдээ бас Иосефт хэрхэн тайлбарладаг вэ? Тэд болон Назарын оршин суугчид түүнд итгэхгүй бол түүний хувьд энэ нь ямар нөлөө үзүүлэх байсан бэ? Назар дахь жижигхэн сууринд түүнд амьдрахад хэцүү болох байв.

Elisabeth greeting Mary

МАРИА, ЕЛИЗАБЕТ ХОЁР УУЛЗАЖ БАЙГАА НЬ, КАРЛ ХЭЙНРИХ БЛОХ

Тиймээс тэр асуултад нь өгсөн Габриелийн хариултын хоёр дахь хэсгийг санаж, Елизабетын гэр рүү явж очдог. Лукийн эхний хоёр түүх дахин сүлжилдэн холбогдсон байна. Мариа Елизабеттай мэндлэнгүүт “хэвлий дэх хүүхэд нь хөдлөв. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, чанга дуугаар хашхиран, эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтэй нь чи мөн. Хэвлий дэх үр чинь ерөөлтэй еэ!” (Лук 1:41–42) гэв. Сүнсээр өдөөгдсөн мэндчилгээ нь Мариаг бусад эмэгтэйчүүдийн дундаас адислагдсан нэгэн хэмээн Габриелийн хэлсэн тунхгийг бататгасан юм. Мариа одоо дуудлагынхаа талаар хоёр дахь гэрчийг хүлээн авсан ч энэ нь зөвхөн өөрийн хүслээр дуудлагаа хүлээн авсны дараа л ирсэн.

Мариа болон Елизабетын түүх орчин үеийн шавь нарын амьдралын хоёр чухал талыг сануулдаг. Энэ нь янз бүрийн насны, амьдралынхаа өөр өөр үе шатанд байх эмэгтэйчүүд хүнд хэцүү цаг үед бие биеэ дэмжиж, туслахаар хамтдаа цуглардаг гэсэн дэлхий даяарх Халамжийн нийгэмлэгийн сууринд байх агуу бэлгэдлийн үнэ цэнийг сануулдаг. Энэ нь мөн Бурхан Өөрийн дуудсан хүмүүсийг хүнд хэцүү цаг мөчид нь хаядаггүй бөгөөд Өөрийн дуудсан өөр хүнээр дамжуулан тэднийг тэврэн авдаг гэдгийг сануулдаг билээ.

Эх Мариагийн магтаал дуу

Эх Мариагийн магтаал дуу хэмээн нэрлэгддэг Мариагийн хамгийн сүүлд хэлсэн үгс нь Елизабетын тунхаглалд хариулахдаа илэрхийлсэн баяр баясгаланг нь харуулдаг. Тэр өөрийнх нь амьдралд тохиолдсон үйл явдлын талаар сэтгэгдлээ илэрхийлж, Бурханы төлөвлөгөөнд эзлэх байр суурийнхаа талаарх ойлголтыг эргэцүүлэн боддог. Юуны түрүүнд тэр өөрийн Аврагч гэдэгт баярлан, Бурханаа магтан дуулж, алдаршуулдаг (Лук 1:46–47-г үзнэ үү). Тэр өөрийн туршлагаас Бурхан үнэндээ түүн шиг “даруу” (48–50-р шүлгийг үзнэ үү) нэгнийг сонгосноос мөн Абрахамын гэрээг гүйцэлдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэхээр түүнийг сонгосон (54–55-р шүлгийг үзнэ үү) явдлаас Түүний нигүүлслийг олж харсан.

“Мариа Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа” (55-р шүлгийг үзнэ үү). Мариа одоо өөрийн бурханлаг дуудлагыг гүйцэлдүүлэхэд илүү бэлтгэгдсэн байв.

Mary holding baby Jesus

МАРИАГИЙН ЭНГЭРТ, СИМОН ДЮВИ

Бидэнд өгсөн Мариагийн үлгэр жишээ

Орчин үеийн шавь нар Мариагийн түүхээс соёлын хувьд болон 2000 жилийн туршид таслагдсан. Гэсэн хэдий ч түүний түүх шавь байхын үнэ цэнийн талаарх мөнхийн сануулга болдог. Бурхан өгсөн урилгадаа шавь нарыгаа хариулаасай гэж хүсдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд “Бурхан Өөрийн гэрээт хүүхдүүдээс үргэлж хүнд, хэцүү зүйлийг хийхийг хүсэж ирсэн”10 гэдгийг сануулсан. Мариа ч мөн бид ч гэсэн уг шаардлагаас чөлөөлөгдөөгүй. Бид өөрсдийн хүслийг Түүний хүсэлтэй нийцүүлэн үйлчилж байхад Түүний Сүнс дуудлагаа эрхэмлэн хүндлэхэд бидэнд тусална гэдэгт итгэн хүлээн авах үүрэгтэй. Мөн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон “бид хүнд хэцүү зүйлсийг хийж чадна,” “гэхдээ бид бас тэдгээрийг баяр баясгалантай хийж чадна”11 гэдгийг сануулсан.

Орчин үеийн шавь болох бидний Магтаал дуу ямар байх вэ? Бид Бурханд баясаж байгаагаа хэрхэн илэрхийлж болох вэ? Түүний бидний амьдрал дахь нигүүлслийн гайхамшгийг бид хэрхэн илэрхийлж болох вэ? Энэ цаг үед Абрахамын гэрээг гүйцэлдүүлэхийн тулд өөрсдийн үүргийг биелүүлэх арга замуудыг бид хэрхэн олж болох вэ? Мариагийн шавь байх талаарх гайхалтай түүхээс бид эдгээр арга замын заримаас нь суралцаж болох юм.

Эшлэлүүд

  1. Матай ч гэсэн Мариа бол Иммануел нэртэй хүүг төрүүлэх онгон бүсгүйн бошиглолын биелэл байсан гэдгийг ойлгож байсан (Исаиа 7:14-ийг үзнэ үү). “Онгон охины” тухай түүний эшлэлийг МЭӨ 2-р зуунд грек хэл дээрх Исаиа номын орчуулгаас авсан бөгөөд үүнийг эхэн үеийн Христэд итгэгчид ашигладаг байсан мөн хаан Жэймсийн Библийн хувилбар дээрх Исаиа 7:14-т ашигласан.

  2. Мормоны Номын 1830 оны хэвлэл дээрх 1 Нифай 11:18-д Мариаг мөн “Бурханы эх” хэмээн дүрсэлсэн байдаг.

  3. Bruce R. McConkie, Mortal Messiah, 4 vols. (1981), 1:326–27, footnote 4.

  4. James E. Strange, “Nazareth,” Anchor Bible Dictionary, 4:1050; Jonathan L. Reed, Archaeology and the Galilean Jesus: A Re-examination of the Evidence (2002), 131-ийг үзнэ үү.

  5. Reed, Archaeology and the Galilean Jesus, 131-ийг үзнэ үү.

  6. Ken Dark, “Has Jesus’ Nazareth House Been Found?” Biblical Archaeology Review, vol. 41, no. 2 (March/April 2015), 54–63; see also Ken Dark, “Early Roman-Period Nazareth and the Sisters of Nazareth Convent,” The Antiquities Journal, vol. 92 (2012), 37–64-ийг үзнэ үү.

  7. Thomas S. Monson, “Duty Calls,” Ensign, May 1996, 44.

  8. “Бүрхэнэ” гэж орчуулагддаг грек үг (episkiazō) нь Хуучин Гэрээний грек хэлэн дээрх орчуулгад табернеклыг барьж дууссаны дараа дээр нь буусан үүлийг дүрслэхдээ ашигласан үг юм. Энэ нь Их Эзэний алдар сууг дүрсэлдэг.

  9. Абрахам, Сара хоёрыг хөгшин насандаа хүүхэдтэй болно гэдгээ олж мэдэх үед Их Эзэн мөн энэ үгийг хэлсэн (Эхлэл 18:14; Ром 4:19–21-ийг үзнэ үү).

  10. Рассэлл М.Нэлсон, “Жинхэнэ мянган жилийнхэн мэт байх нь,” Лиахона, 2016 оны 10-р сар, 49.

  11. “Bonnie H. Cordon: Young Women General President,” Liahona, May 2018, 129.