Залуучуудад зориулав
Амьдралын хэрэгцээ шаардлагыг тэнцвэржүүлэх 8 зөвлөгөө
1987 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс.
Амьдралын хэрэгцээ шаардлагыг хэрхэн тэнцвэржүүлэх тал дээр санаа зовж буй хүмүүст үнэ цэнтэй байж болох хэдэн зөвлөгөөг би өгөх гэсэн юм.
-
Нэгдүгээрт, амьдралаа бодож, нэн чухал зүйлсээ тодорхойл. Цаг зав тогтмол гарган хаашаа явж байгаагаа мөн тийшээ очихын тулд юу хийх хэрэгтэй болохоо байнга тунгаан бод. Бидний үлгэр дуурайл болох Есүс олонтоо “Эзгүй зэлүүд газар уруу явж, залбирдаг” байсан (Лук 5:16). Бид Аврагчтай адил сүнслэг байдлын хувьд өөрсдийгөө сэргээхийн тулд үүнийг үе үе хийж байх хэрэгтэй. Өдөр бүр хийж гүйцэтгэх ажлаа бичиж тэмдэглэ. Өдөр тутмын хуваариа гаргахдаа Их Эзэнтэй байгуулсан ариун гэрээгээ юуны түрүүнд сана.
-
Хоёрдугаарт, хүрэх боломжтой богино хугацааны зорилго тавь. Сайн тэнцвэртэй зорилгуудыг тавь. Тэдгээр нь хэт олон эсвэл хэт цөөхөн мөн хэт өндөр эсвэл хэт доогуур байж болохгүй. Хүрэх боломжтой зорилгоо бичиж тэмдэглэн, хамгийн чухлаас нь эхэлж ажилла. Зорилго тавихдаа бурханлаг удирдамжийг хүсэн залбир.
-
Гуравдугаарт, төсвөө ухаалгаар тооцоолсноор өөрийн бодит хэрэгцээг хянаж, амьдралын олон хүсэлтэй харьцуулан нарийвчлан тооцоол. Хэт олон хүн мөн гэр бүлүүд дэндүү их өр зээлэнд орж байна. Мөнгө зээлдүүлэх гэсэн олон таатай саналуудаас болгоомжил. Зээлдэх нь эргүүлэн төлөхөөс хавьгүй амархан. Санхүүгийн хувьд хөл дээрээ зогсоход туслах богино зам гэж үгүй. Санхүүгээ хяналтдаа бүрэн оруулахгүйгээр амьдралаа тэнцвэртэй болгох боломжгүй.
Аравны нэгийн өргөлөө бүрэн төлдөг байхад анхаар.
-
Дөрөвдүгээрт, эхнэр, нөхөр, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөдтэйгөө ойр дотно бай. Тэд танд амьдралаа тэнцвэртэй байлгахад тань тусална. Нээлттэй, шударга харилцаагаар дамжуулан гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө харилцаагаа бэхжүүл.
Үгээ хайраар, эелдэг зөөлөн, сайтар бодож хэлснээр сайн гэрлэлт, гэр бүлийн сайхан харилцаагаа хадгалан авч үлдэх боломжтой. Зэрвэсхэн харах, нүдээ ирмэх, толгой дохих, бие биендээ хүрэх зэрэг нь үгээс хавьгүй их зүйлийг хэлдэг гэдгийг сана. Хошин шогийн мэдрэмжтэй байх, анхааралтай сонсох зэрэг нь сайн харилцаа холбооны амин чухал хэсэг юм.
-
Тавдугаарт, судраас суралц. Эдгээр нь Их Эзэний Сүнстэй холбогдоход туслах эх сурвалжуудаас хамгийн сайныг нь бидэнд боломжтой болгодог. Есүс бол Христ хэмээх баттай мэдлэгээ олж авсан арга замын маань нэг бол судраас суралцсан явдал юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн гишүүдээс Мормоны Номоос өдөр бүр залбиран байж суралцахыг хүссэн.
-
Зургаадугаарт, бид өдөр тутмын хуваарьтаа унтаж, дасгал хийж, амрах хангалттай цагийг оруулсан байх ёстой. Ингэснээр бид эрүүл бөгөөд тэнцвэртэй амьдрах боломжтой. Гаднах төрх байдалдаа анхаарах нь нэр хүнд, өөрийгөө хүндлэх байдлыг нэмэгдүүлдэг.
-
Долоодугаарт, долоо хоног бүр гэр бүлийн үдшээ хий. Гэр бүлүүдийг мөнх амьдрал өөд хөтөлдөг “хаант улсын сургаалыг бие биендээ заах” энэхүү онцгой боломжийг бид алдах ёсгүй (C ба Г 88:77).
Сатан бидний гэрчлэлийг устгахыг үргэлж эрэлхийлдэг ч, биднийг сайн мэдээнээс суралцаж, зарлигуудыг дагах үед түүнд бидний чадавхаас илүү уруу татаж, үймүүлэх хүч байхгүй.
-
Миний хамгийн сүүлд өгөх зөвлөгөө бол байнга залбирч бай. Та өдөр бүр тогтмол, чин сэтгэлээсээ залбирснаар гаргах зөв шийдвэрээ мэдэх болно. Сүнстэй холбоотой байснаар би амьдралынхаа бүх зүйлийг хавьгүй амархан тэнцвэржүүлж чаддагаа хардаг.
Үүн дээр өөр зөвлөгөөнүүдийг нэмж болно гэдгийг би мэднэ. Гэвч бид хэдхэн зорилго дээр анхаарлаа төвлөрүүлэх юм бол амьдралын олон шаардлага хэрэгцээг илүү үр дүнтэй зохицуулах чадвартай байх болно гэдэгт би итгэдэг. Аливаа зүйл амьдралд хэт их давамгайлах нь тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг гэдгийг бүү март. Үүний адилаар чухалчилж үздэг зүйлс хэт бага байх нь мөн л тэнцвэрийг алдагдуулдаг. “Бүх … зүйл мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд хийгддэг” (Moзая 4:27) хэмээн хаан Бенжамин зөвлөсөн.
Зүг чиг, зорилгоо тодорхойлохгүй байх нь цаг хугацаа, эрч хүчээ дэмий зүйлд зарцуулан, амьдралынхаа тэнцвэрийг алдагдуулахад хүргэдэг. Бидний гол зорилго бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг” эрэлхийлэх явдал байх ёстой (Мосе 1:39). Энэ нь бидний зорилго тул бид бодол санаа, мэдрэмж, эрч хүчийг маань хумсалдаг ч уг зорилгод хүрэхэд тус болдоггүй зүйлсээ өөрсдийн амьдралаас яагаад авч хаяж болохгүй гэж?
Зүгээр л өдөр бүр хийж чадах бүх зүйлээ хамгийн сайнаараа хий. Үндсэн чухал зүйлсийг хий. Нэг л мэдэхэд амьдрал тань Тэнгэрлэг Эцэг таныг хайрладаг гэдгийг батлах сүнслэг ойлголтоор дүүрэн байх болно. Аливаа хүн үүнийг мэддэг болох цагт амьдрал нь зорилго, утга учраар дүүрч мөн тэнцвэртэй байлгахад илүү хялбар болдог.