Аврагчтай адил 4 чухал талаараа өсөж хөгжих нь
Бид Есүс Христийн хэрхэн өсөж торнисон талаар сайн мэдэхгүй ч Лук 2:52-т томоохон санааг өгсөн байдаг.
“Тэгээд би … юу хийх ёстой гэнээ?”
Би сонссон. Үнэхээр сонссон. Зааварлагч миний бүсийг шалган, уяагаа яг хэрхэн суллахыг зааж өгснийхөө дараа миний нүд рүү эгц ширтэн, “Би чамайг УНАГААХГҮЙ!” гэж хэллээ.
Яг тэр шийдвэрлэх мөчид би чичирч, хөлрөн зогсож байлаа. Мөрөн дээгүүрээ харан, доошоо … бүр доошоо харахдаа эхний алхмыг хийж,
хавцлаас доош буух хэрэгтэй гэдгээ би мэдэж байв.
Магадгүй танд надтай тохиолдсон шиг аюулгүй буухад хангалттай сайн бэлтгэгдсэн гэдэгтээ итгэж найдан, хавцлаас доош буух хэрэг гарч байгаагүй байж болох юм. Гэхдээ сүнслэг байдлын хувьд та ийм нөхцөл байдалд орж байсан нь гарцаагүй. Та судраас бие даан суралцаж мөн багш нарыг үнэн сургаал, зарчмуудын талаар гэрчлэхийг сонсож байхдаа ийм байдалд орж байсан. Аврагчтай илүү адилхан болоход туслах арга замаар үйлдэхэд Сүнс таныг урьж байгааг та мэдэрдэг. Та тэр алхмаа хийж, Их Эзэний сайн мэдээнд хэр үнэнч гэдгээ Түүнд харуулах гэж байгаадаа баярлана.
Тэгээд дараа нь та “Би үүнийг хэрхэн хийж болох вэ?” гэж бодно.
Мөн хэдхэн мөчийн өмнө тодорхой, хийх боломжтой мэт санагдаж байсан зүйл тань замхран алга болно. Та сүнслэг байдлын хавцлын ирмэг дээр, хүлээн авсан үнэнийхээ дагуу үйлдэхэд хэрэгтэй зохих хэрэгсэл буюу бэлтгэл тань хангагдсан эсэхэд эргэлзэн зогсоно.
Есүс Христтэй адилхан болохын тулд та үүнийг хэрхэн хийх вэ?
Эхнээс нь эхэл
Аврагч мөнх бус амьдралаа та бидний адил бяцхан хүүхэд болон төрснөөр эхлүүлсэн. Цаг хугацаа өнгөрч, Есүс бидний адил өссөн (Сургаал ба Гэрээ 93:11–17-г үзнэ үү). Тэр алхаж, ярьж, инээж сурсан. Тэр бас ажиллаж, уншиж, бусадтай харилцаж сурсан.
Үнэндээ Их Эзэн хэрхэн “өссөн” талаар Лук 2:52-т “Есүсийн бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ” гэж цэдэглэсэн байдаг.
Хэрэв бид Аврагчтай адилхан болохыг хүсвэл Түүний үлгэр жишээг дагах ёстой.
Тиймээс энэ загварыг авч үзэн, Есүс Христтэй хэрхэн адилхан болох боломжтой болохыг харцгаая!
“Мэргэн ухаан нь өссөн”
Бурхан бидний оюун ухаанд дүн шинжилгээ хийх, боловсруулах, хэрэгжүүлэх гайхалтай чадавхыг өгсөн. Бодит мэдээлэл, тоо хэмжээ, ур чадвар, үйл явц гээд бидний цуглуулж болох мэдээлэлд хэмжээ хязгаар гэж үгүй!
Гэхдээ бид зөвхөн мэдээллээ биш, харин Аврагчтай адил мэргэн ухаанаа өсгөхийг эрэлхийлдэг. Мэргэн ухаан гэдэг нь мэдээллийг зөв ашиглан, сонголтуудаа ойлгож, сайн шийдвэр гаргах чадварыг хэлнэ.
“Мэдлэгийг зүй зохистой ашиглах нь мэргэн ухааныг бүрдүүлдэг” хэмээн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж (1862–1933) заасан.1 Тэр мөн Аврагчийг мэргэн ухаанаа хэрхэн олж авсан талаар “Тэрээр судалж суралцах замаар мэдлэг эзэмшиж, залбирч, тунгаан бодож, хүчин чармайлт гаргаснаар мэргэн ухаантай болсон юм”2 хэмээн тайлбарлажээ. Алма хүү Хиламандаа “Ай, санагтун, хүү минь, мөн насны залууд мэргэн ухаанд суралц, тийм ээ, насны залууд Бурханы зарлигуудыг дагаж сурагтун” хэмээн заасан (Aлма 37:35 тодруулгыг нэмсэн). Бодоод үз дээ. Итгэх, суралцах, дуулгавартай байх нь бидний мэдлэгтэй болж, мэргэн ухаанаа өсгөн нэмэгдүүлэх чадварыг сайжруулдаг.
“Биеэр өсөх”
Нифай том биетэй, хүчирхэг эр байв. Сударт бичигдсэнээр тэр “бие ханхар” байжээ (1 Нифай 2:16). Харин миний бие бол тийм том биш. Нифайн бие миний биеийг бодвол огт өөр ажил хийхэд зориулагдсан байв. Яагаад гэвэл, Их Эзэнд Нифайгаар хийлгэх өөр ажил байсан юм. Нифай усан онгоц барьж, гэр бүлийнхэндээ хоол хүнс олж, аглаг буйдаар аялахад нь тусалж байсан.
Бидний бие махбодод амьдрах, мөнх бус амьдралаас таашаал авахад хэрэгтэй бүх зүйл бий. Бурханы бурханлаг загварын дагуу төрсөн нялх хүүхдийн бие цаг хугацаа өнгөрснөөр өсөх боломжтой. Том болсноор бидэнд эрхтэн, гар хөл нэмэгддэггүй. Тэд биеийн маань нэгэн хэсэг болон аль хэдийн өгөгдсөн байдаг. Дахиад угсрах ч шаардлагагүй. Харин Бурханд болон эргэн тойрныхондоо үйлчлэхийн тулд бид биеийн эрүүл мэнддээ анхаарах ёстой.
Бидний бие махбод бол сүнсэнд маань зориулагдан төгс бүтээгдсэн ариун сүм буюу гэр юм (1 Коринт 3:16–17; 6:19–20-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Таны бие, байгалиас заяасан ямар ч бэлэгтэй байлаа гэсэн, Бурханы гайхамшигт бүтээл юм. Таны бие бол сүнсний тань ариун сүм юм”3 хэмээн заасан байдаг.
Бид мөнх бус оршихуйд байгаа тул бие махбод маань хүнд бэрхшээл, эмгэг согог, өвчин зовиур зэргийг мэдэрч болох ч Тэнгэрлэг Эцэг маань бидний биеийг амьдралд олгогдсон боломж бололцоог амжилттай хийж гүйцэтгэж болохуйц төгс бүтээсэн.
“Бурханы тааллыг олох”
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “мөнх оршихуйн хамгийн эхний агуу үнэн бол Бурхан биднийг бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаар хайрладаг явдал юм”4 хэмээн заасан.
Тэр танд хайртай. Таны хувьд бүтэлгүй өдөр болж байсан ч Тэрээр таныг бүх хүчтэй болон сул тал, асуулт болон итгэл найдвартай тань хамт хайрладаг. Тиймээс та хэрхэн “Бурханы таалалд өсөж” болох вэ? Та хариуд нь Түүнийг хайрладаг гэдгээ харуулах хэрэгтэй!
Есүс нэгэн удаа шавь нартаа хандан “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” (Иохан 14:15) хэмээн хэлсэн. Таны дуулгавартай байдал Бурханыг хайрлах хайрыг тань харуулдаг. Өдөр тутмын өчүүхэн жижиг үйл ажилд дуулгавартай байх нь таныг ирээдүйд Түүнээс ирэх урилгыг хүлээн авч, агуу зүйлсийг хийхэд бэлдэнэ.
“Олон түмний тааллыг олох”
Гайхаж байгаа биз дээ! Олон нийтийн хэрэгсэл дээр хамгийн олон дагагчтай байх нь “олон түмний тааллыг олсон” гэсэн үг биш юм.
Есүс бусдад нөлөөлөх өөр арга замыг мөн Өөртөө нөлөөлөх боломжийг хэнд олгох вэ гэдгийг үзүүлсэн. Тэр “сайныг үйлдэж явсан юм, … учир нь Бурхан түүнтэй хамт байв” (Үйлс 10:38).
Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг нэгэн удаа: “Олон жилийн өмнө миний амьдралд сайнаар нөлөөлсөн найзуудаа би одоо ч гэсэн мартдаггүй. Тэд минь халин одсон ч тэдний хайр, үлгэр дуурайл, итгэл гэрчлэл одоо ч гэсэн намайг өргөн дэмждэг”5 хэмээн хэлсэн.
Та амьдралд сайнаар нөлөөлдөг найз байснаар өөрийн нөлөөг өсгөн нэмэгдүүлэх боломжтой! Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд “Бусдад жинхэнэ анхаарал тавьж, инээмсэглэж мөн тэдний төлөө санаа тавьдаг гэдгээ мэдүүл. Бүх хүнтэй эелдэг, хүндэтгэлтэй харьцаж, эргэн тойрныхныгоо шүүж, шүүмжлэхээс зайлсхий … Ичимхий эсвэл ганцаардмал, онцгой анхаарал шаардлагатай эсвэл нийтэч бус хүмүүстэй нөхөрлөхийн тулд илүү санаачлагатай бай”6 хэмээн заадаг.
Чин сэтгэлээсээ биширч, хүндэлдэг буюу таалдаг хүмүүсийнхээ талаар бод. Тэд Есүс Христийг сануулах ямар зан чанаруудыг хөгжүүлсэн байна вэ? Найз нөхөд маань сайн байж болох ч бидний хамгийн сайн Найз бол Есүс Христ бөгөөд Түүний үлгэр жишээг бид дагах хүсэлтэй байх ёстой!
Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой
“Есүсийн бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ” (Лук 2:52). Та Аврагчийн өссөн загварыг дагахдаа, элементүүд хоорондоо төгс уялдаа холбоотой ажилладаг бөгөөд та Түүнтэй адилхан болох болно гэдгийг олж мэднэ. Таны оюун ухаан, бие махбод, сүнс таны сайн сайхны төлөө ажиллах бөгөөд та өөр олон хүний амьдралыг адислан, “[Бурханд] бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа түүнд үйлч[лэх]” болно! (Сургаал ба Гэрээ 4:2).