2019
Гэхдээ би өлсөөд байна!
2019 оны 1-р сар


Гэхдээ би өлсөөд байна!

Исадора Маркиз Гарсиа

Бразилын Сан Пауло

missionaries and money on the ground

Зургийг Аллэн Гарнс

Нэг бороотой өдөр Колумбид номлолд байхад хамтрагч бид хоёрт гэртээ очих хүртэл ганцхан цаг үлдсэн байв. Бид өдөржин алхсан тул ядарч, өлссөн байв. Бид заах ямар ч хүн олсонгүй.

Бид мөн мөнгөө авч гараагүй, бас хүнсний дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулаагүй байв. Гэрт очиход бидэнд идэх ямар ч хоол унд байхгүй гэдгийг бид мэдэж байлаа. Би тэдгээр сөрөг бодлоо хойш тавиад, ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж байлаа.

“Би юу олсныг хараач!” гэж хамтрагч маань гэнэт уулга алдлаа.

Тэр газраас мөнгө олсон байв. Надтай адил бодол түүнд төрснийг би царайнаас нь харж байлаа. Би идэх юм худалдан авч болох байв!

Гэхдээ хэдэн мөч өнгөрсний дараа хамтрагч маань “Энэ мөнгө биднийх биш” гэлээ.

“Гэхдээ би өлсөөд байна!” гэж би бодсон.

“Хэнийх ч байсан, ийм оройн цагаар бид түүнийг олохгүй” гэж би түүнд хэлэв.

Тэр хамтдаа залбирахыг санал болголоо. Ингэх нь зөв болохыг би мэдэж байсан ч дотроо солиорол гэж бодож байв. Бид бүтэн өдөржин шаргуу хөдөлмөрлөсөн. Бид өлсөж байв. Мөнгө олсон нь үйлчлэлийн маань адислал байсан ч юм бил үү.

Гэтэл ээж минь санаанд орж ирэв. Бага байхад ээж минь эгч бид нарт ямар ч үед үнэнч шударга байхыг заадаг байсан юм. Тэр бидэнд үлгэр жишээ болсон бөгөөд биднийг үнэнч шударга байх зүрх зоригтой байгаасай хэмээн залбирдаг байлаа. Хэрэв тэр энд байсан бол зөв шийдвэр гаргаагүйд минь дурамжхан байх байсан гэдгийг би мэдэж байв.

Тиймээс бид залбирлаа. Бид Тэнгэрлэг Эцэгээс эзнийг нь олж өгч туслаач хэмээн гуйв. Хэдэн минутын дараа нэгэн залуу ирж, юм хайж байгаа бололтой харагдав. Түүний нүдэнд нулимс цийлгэнэж, сэтгэлээр унасан бололтой харагдлаа. Би хамтрагчтайгаа хамт түүн рүү дөхөж очоод, түүний хайж байсан зүйлийг өгсөн юм.

Бид түүнд мөнгийг нь эргүүлэн өгч, тэр ч бидэнд ахин дахин талархлаа. Тэр энэ мөнгөөр коллежийн төлбөрөө төлөх гэж байснаа хэлэв. Энэ мөнгөгүйгээр тэр бүртгэлээсээ хасагдах байлаа. Нүд маань нулимсаар дүүрч, өмнө нь мөнгийг үрэхийг хүсэж байсан тул би наманчлав. Бид холбоо барих мэдээллийг нь авсан ба түүнээс гадна таван хүнд заах боломж тохиосон. Тэр орой би хамтрагчдаа сайн үлгэр жишээ үзүүлсэнд нь талархаж билээ.

Биднийг зөв шударга байвал Сүнс адисалдаг гэдгийг би мэднэ. Тэр орой бидэнд идэх ямар ч хоол байгаагүй ч би орондоо өлсгөлөн орсноо огтхон ч санадаггүй. Мөнгө олсон нь эцсийн эцэст адислал байсан юм.