2019
Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө авахаас айхаа больсон минь
2019 оны 1-р сар


Зөвхөн дижитал хэлбэрээр

Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө авахаас айхаа больсон минь

Зохиогч нь АНУ-ын Виржини мужид амьдардаг.

Өөрт хэрэгтэй тусламжаа авах нь сул дорой байдлын эсвэл бүтэлгүйтлийн шинж биш байв.

“Чи сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөхтэй очиж ярилцах хэрэгтэй.”

Энэ зөвлөгөө намайг маш их гайхшируулсан юм. Би эргэж ирээд удаагүй байгаа номлогчийн хувьд нягтлан бодох бүртгэлийн нэр хүндтэй хөтөлбөрт хамрагдах, харилцаагаа хадгалж үлдэх, болзоонд явах зэрэгт стрессдэж байгаагаа дотнын найздаа хэлсэн юм. Би хэзээ ч эмчилгээний талаар бодож байгаагүй бөгөөд зөвлөхтэй ярилцах нь зөвхөн том асуудалтай эсвэл асуудлаа өөрсдөө шийдэхэд дэндүү сул дорой хүмүүсийн асуудал гэж боддог байв. Найз маань зөвлөхтэй ярилцсан туршлагуудынхаа талаар сайн зүйлс хэлж байсан учраас би энэ талаар бодож эхлэв.

Удалгүй би улам их санаа зовж эхэлсэн. Олон шөнө санаа зовж, нойргүй хоносны эцэст би цаг авахаар шийдэв. Хүмүүс намайг зөвлөхтэй уулзах гэж байгааг мэдвэл юу гэх бол эсвэл юу гэж бодох бол гэж бодохоос санаа зовж байсан ч яг тэр үед миний санаа зовнил ажиллах чадварт маань нөлөөлж байсан учраас би очсон юм.

Сэтгэл зовнилоо даван туулсан нь

Уулзалтын үеэр зөвлөх хариултуудаа өөрөө олж мэдэхэд тусалсан олон асуултыг тавьж байв. Зөвлөх миний асуудлуудад гайхалтай шийдлийг гаргаж өгөөгүй. Тэр минийхтэй адил асуудалтай олон хүнтэй ярилцдаг учраас намайг галзуу гэж бодоогүй. Энэ нь зарим талаараа эмч дээр очсонтой адил санагдаж байлаа. Тэр асуудлыг оношлохдоо туршлагатай мэргэжилтэн байсан бөгөөд надад сэтгэл зовнилоос сэргийлж, үүнд хэрхэн хандахыг заах чадвартай байв.

Зөвлөгч олон зүйл санал болгосны дээр намайг мэдрэмж, бодлуудаа тэмдэглэлдээ бичихийг зөвлөсөн нь сэтгэл зовнилоо даван туулахад маш их тусалсан. Би бас дасгал хийж, найзууд, гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлж, эрүүл хооллож (өөрөө хоол хийдэг, коллежид сурдаг залуугийн хувьд чадах чинээгээрээ эрүүл хооллож), судраас судалж, сүмд явж, залбирсаар байсан.

Зөвлөхтэйгөө хэдэн удаа уулзсаны дараа миний хувьд хоёр зүйл өөрчлөгдсөн байв. Үүнд: нэгдүгээрт, би санаа зовоосон зүйлс, өөрийнхөө болон бусад хүний талаар шинэ, илүү эрүүл саруул ойлголттой болсон байсан; хоёрдугаарт, ирээдүйд сэтгэл түгшээх нөхцөл байдалд ашиглаж болох ашиг тустай арга хэрэгслүүдтэй болсон байв. Би сэтгэл зовнилоосоо бүрэн ангижраагүй ч ийм асуудалтай дахин тулгарвал илүү сайнаар шийдэж чадахаар болсон байлаа. Тэр цагаас хойш би зөвлөх дээрээ дахин очоогүй ч хэрэв шаардлага гарвал тусламж авахаасаа санаа зовохгүй бөгөөд чимээгүй шаналах эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудалдаа мэргэжлийн тусламж авахаас ичих шаардлагагүйг ойлгосон юм.

Сөрөг хандлагыг зогсоох нь

Харамсалтай нь сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээг дагаад олон сөрөг хандлага үүсдэг ч энэ нь зарим хүн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнтэй уулзах нь бие махбодын өөр бусад өвчнийг эмчлэхтэй адил чухал гэдгийг ойлгоогүйгээс үүддэг байж болно. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд: “Хэрэв таны мухар олгой үрэвссэн бол Бурхан таныг санваарын адислал авч, боломжтой байгаа хамгийн сайн эмнэлгийн тусламж, үйлчилгээг аваасай гэж хүснэ. Сэтгэл санааны хямралуудын хувьд ч мөн адил хандаасай гэж Тэрээр хүсдэг. Тэнгэр дэх бидний Эцэг энэ гайхамшигт эрин үед бидэнд зориулан өгсөн гайхамшигт бэлгүүдээ бүгдийг нь ашиглаасай гэж биднээс хүсдэг юм”1 хэмээн хэлсэн.

Сэтгэцийн эрүүл мэндийн хэрэгцээ нь нэлээд нуугдмал асуудал юм. Эдгээр нь ханиад хүрэх эсвэл яс хугарсан талаар ярихтай адил амар зүйл биш юм. Гэвч эдгээр нь маш нийтлэг тохиолддог. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага сэтгэцийн эрүүл мэндийн хүнд асуудалтай олон хүн, тэр дундаа хөгжингүй улс орнуудад 35-50 хувь, хөгжиж буй улс орнуудад 76-85 хувь нь ямар нэг эмчилгээ хийлгэдэггүй гэж тооцоолсон байдаг.2

Өөрт хэрэгтэй тусламжаа авах нь сул дорой байдлын эсвэл бүтэлгүйтлийн шинж биш юм. Тэнгэрлэг Эцэг биднийг оюун санаа болон бие махбодын хувьд эрүүл байгаасай гэж хүсдэг бөгөөд бидэнд мөнх бус байдлын сэтгэцийн болон сэтгэл санааны сорилтуудыг даван туулахад туслахын тулд олон “гайхамшигт бэлгүүдийг” өгсөн.

Сэтгэцийн эрүүл мэнд

Дасгал хөдөлгөөн

Найзууд ба гэр бүл

Сайн мэдээний дагуу амьдрах

Хангалттай унтаж амрах

Сүмийн удирдагчид

Бусдад үйлчлэх

Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн

Эрүүл хооллолт

Бид энэ амьдралдаа сэтгэцийн эрүүл мэндийн бүх асуудлыг бүрэн дүүрэн даван туулах боломжгүй ба үргэлж амархан, бүх хүнд тохирсон нэг шийдэл гэж байдаггүй. Гэвч бид өөрсдөдөө туслахын тулд Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн арга хэрэгслүүдийг ашиглан хамгийн сайнаараа үйлдэх үед Аврагч бидэнд ачаа дарамтаа амархан даахад тусалж (Мозая 24:15-ыг үзнэ үү), гаргасан хичээл зүтгэлдээ хүч чадал болон итгэл найдвараар адислагдах болно.

Эшлэлүүд

  1. Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47.

  2. K. Demyttenaere and others, “Prevalence, Severity, and Unmet Need for Treatment of Mental Disorders in the World Health Organization World Mental Health Surveys,” The Journal of the American Medical Association, vol. 291, no. 21 [June 2004], 2581–2590.