Итгэлийн хөрөг
Фан Фон
Камбож, Пномпень
Фаны гэр шатахад тэр гурван ач зээгээ л аварч чадсан юм. Бусад бүх зүйл нь шатаж, үнс нурам болсон байв. Фан түймэр тавьсан хөршдөө уурлаж байв. Түүний уур гэр бүлийнхэнд нь төдийгүй хөршүүдэд нь тархахад Фан уучлах хэрэгтэй гэдгээ мэдлээ.
Гэрэл зурагчин Лэслий Нилссон
Би дэлбэрэх чимээг эхэлж сонсоод, эхнэрээсээ “Энэ юун чимээ вэ?” гэж асуусан юм.
Тэр надад “Магадгүй хөрш маань ямар нэгэн юм шатааж байгаа юм байлгүй дээ” гэж хэлсэн.
Дараа нь би хоёр дахь дэлбэрэлтийг сонсов. Хажуугийн айлын хүн надад “Хойд талын чинь айлын байшин шатаж байна!” гэж хэлсэн юм.
Бид усанд явсан ч түймрийг унтрааж чадсангүй. Харин ч түймэр манай гэр рүү тархав. Би гурван ач зээгээ авахаар гэр рүүгээ гүйлээ. Цонхоор утаа гарч байсан ч ач зээ нараас минь өөр юу ч бодогдохгүй байлаа. Тэд миний хамгийн чухал эрдэнэс байлаа. Би бусад бүх зүйлээ үлдээгээд гарсан.
Бидэнд гарч, байшингаа шатахыг харахаас өөр арга зам байсангүй. Манай байшин руу ирдэг зам хэт нарийхан байснаас болж гал унтраагчид амжиж ирж чадаагүй юм. Байшин маань хуучирсан байсан тул хурдан шатав. Би эхнэр, ач зээ нартайгаа шатахыг нь харж зогссон юм.
Байшин шатсаны дараа би итгэл найдвараа алдан, цөхрөнгөө барав. Би цаашид яахаа мэдэхгүй байлаа. Би амьдрах шинэ газар олохын тулд юу хийхээ мэдэхгүй байв. Түймэр гарсны дараах өдөр би Их Эзэнээс арга зам зааж өгч, шинэ байр олоход тусалж, адислахыг хүсэн, өвдөг сөгдөн залбирав Би Их Эзэнд хандан залбирахдаа уйлсан ч Түүнийг надад тусална гэдэгт итгэсэн.
Эхэндээ би түймэр тавьсан хөршдөө уурлаж, болсон зүйлийн хариуцлагыг үүрүүлэхийг хүсэж байв. Түймрийн уршгийг мэдэрсэн гэр бүлийнхэн болон хөршүүд маань бас уурлаж байсан бөгөөд түймэр тавьсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр засгийн газарт захидал илгээхийг хүсэж байлаа. Тэд надаас захидал дээр гарын үсэг зурахыг хүссэн ч би зөвшөөрсөнгүй.
Хөрш маань надтай адилхан ядуу хүн байсныг би мэдсэн. Тэр түймэр тавихыг хүсээгүй байлаа. Хэрэв түүнийг хариуцлагад татах юм бол тэр асуудалд орж, харин би үзэн ядсан хэвээр үлдэх байв. Тэгэхэд Их Эзэний хөршөө хайрла гэсэн үг санаанд орж ирсэн юм. Түүнийг уучлах хэрэгтэй гэсэн мэдрэмж надад төрсөн бөгөөд
уучлахаар шийдэх үед амар амгалан мэдрэгдсэн.
Түймрийн нөлөөнд автсан бүх хүнд би уучлахыг хүсэж байгаагаа хэллээ. Нэг гэр бүлээс бусад нь бүгд надтай адилхан зүйл хийхээр шийдсэн юм. Тэд түүнийг болсон зүйлд хариуцлагад татахгүй байхаар болов.
Хөрш маань өөрийг нь уучилсанд надад баярлаж байлаа. Манай гэр бүл үүнд нь бүр ч их баярлаж байв. Үүнийг харсан би ч гэсэн баяртай байлаа.
Гишүүд болон хөршүүд маань гэр бүлд маань чадахаараа тусалсан юм. Би маш их будаа авсан тул үүнийгээ бусадтай хуваалцав. Тэд надаас хүнд нөхцөлд байж яагаад хүмүүст өгч байгаа юм бэ гэж асууж байлаа. Би бусдад үйлчилснээр Их Эзэнд үйлчилдэг гэж тэдэнд хариулж байв. Тэрээр миний амьдралд олон гайхамшгийг өгсөн учраас би ч гэсэн Түүнд өгөхийг хүсдэг. Бид түймэрт шатсан байшингаасаа хамаагүй сайхан байшинтай болсон.