2019
Сайн мэдээ: Мөнх амьдралын арга ухаан
2019 оны 1-р сар


Залуучуудад зориулав

Сайн мэдээ: Мөнх амьдралын арга ухаан

Лори Фуллэр нь Найз сэтгүүлийн редактороор ажилладаг. Тэр шинэ хамтлагуудыг олж, радиогоор мэдээ сонсон, дэлхийн олон орны хоол хийх дуртай. Заримдаа тэр нийтлэл бичдэг.

Зарлигуудыг дагах нь яагаад бидний амьдралыг хавьгүй амар хялбар болгодог юм бол гэсэн бодол танд төрж байсан уу?

life icons

Сарын өмнө би хэдэн найзтайгаа хамт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн зүйлээ ярилцан суусан юм. Нэг найз маань ээжийгээ архины донтолтоос гаргахад ямар хэцүү байгаагаа хуваалцсан. Тэр надаас дүү байсан бөгөөд тэр нь хамгийн хүнд ажил юм шиг сонсогдож байлаа.

Орой нь бид тамхи татахад ямар их мөнгө зарцуулдаг болох мөн бидний таньдаг хүн өдөрт л нэг хайрцгийг татаж дуусгадаг талаар ярьж эхлэв. (Тооцоолж үзээрэй, ямар их мөнгө гээч!) Тэр тамхинаас гарах гэж оролдож байгаа ч гарч чадахгүй байв. Харин хүү нь тамхинаас гарч байгаад нь баярлаж байгаа аж. Аав нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан тул хүү нь ямар ч хорт бодисноос илүү ихээр айдаг болсон байна.

Эцэст нь бидний яриа кофегоор өндөрлөлөө. Хүмүүс өглөө бүр (мөн өдөр, заримдаа бүр орой) кофег хэр их хэрэглэдэг мөн тэд одоо латтегаа өдөр бүр авч ууж чадахгүй байгаа тул түүнийгээ хэр их санагалзаж байгаагаа ярьцгаав.

Би гэр лүүгээ машинаа барин явах зуураа тэр бүх ярианы талаар бодонгоо “Мэргэн ухааны үг үнэндээ амьдралын хамгийн чухал арга ухаан” юм байна гэж бодов. (Хэрэв та “амьдралын арга ухаан” гэж юу болохыг мэдэхгүй бол энэ нь амьдралыг тань сайжруулж, илүү үр дүнтэй болгодог арга зам юм. Онлайнд хэн нэгний тайлбарласнаар бол амьдралын арга ухаан гэдгийг өмнө нь “сайн санаа” гэдэг байжээ.) Энэ нь Бурхан “Энэ бол мөнгөө хэмнэх, эрүүл байж, үр хүүхдээ хамгаалан, өөрийн болон бусдын донтолтоос үүдэлтэй сэтгэл санааны бодит хүнд ачаанаас салахад туслах арга зам” гэж хэлж байгаа мэт. Энэ нь яг л Бурхан бидэнд тулгарах бүх асуудлыг мэдэж байсан тул тэдгээрийн хагасаас нь салгах арга замыг өгсөн мэт. …

Бурханы аль ч зарлигийн хувьд бид тэдгээрийг дагах эсвэл үл ойшоох сонголтыг хийж чадна. Гэхдээ би Мэргэн ухааны үг нь биднийг олон сорилт бэрхшээлээс сэрэмжлүүлэн, хамгаалдаг Бурханаас өгсөн дүрэм журам юм байна гэж тунгаан бодох үедээ “Бурханы бүх зарлиг ийм арга замаар ажилладаг болов уу?” гэж бодсон. Биднийг хайрладаг, энэ амьдралыг болон саад бэрхшээлийг Өөрийн биеэр туулсан Тэнгэрлэг Эцэг дэлхийг аль болох зовлон бэрхшээл багатайгаар үзэн туулахад туслах удирдамж зааварчилгааг бидэнд өгсөн ч юм бил үү? Мөн Тэрээр биднийг хайрладаг мөн хамгаалахыг хүсдэг учраас тэдгээрийг өгсөн ч юм бил үү?

Байгаадаа сэтгэл хангалуун, аз жаргалтай, баяр талархлаар дүүрэн байхыг хүсэж байна уу? “Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна” (Гэтлэл 20:17).

Гэм буруутай мэдрэмж, эрх чөлөөгөө хасуулах, амьдралыг зэрэмдэглэдэг батлан даалтын төлбөр, шүүхийн хураамж зэргээс зайлсхийхийг хүсэж байна уу? Хүмүүсийн итгэл, хүндлэл, ажил төрлөө авч үлдэхийг хүсэж байна уу? “Чи бүү хулгайл” (Гэтлэл 20:15).

Бурхантай ойрхон байж, Түүний удирдамж, зааврыг хүлээн авч, ачаагаа хөнгөлүүлэхийг хүсэж байна уу? “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла” (Maтай 22:37).

Жагсаалтыг энэ маягаар үргэлжлүүлж болно. Зарлиг бүр биднийг сэтгэлийн шаналлаас хамгаалж, амьдралыг маань хөнгөвчилж, асуудлаас хол байлгаж, эсвэл зүгээр л амар амгаланг олоход тусалж болно. Харин энэ бүхнээс хувийнхаа зүгээс маш бага золиослол, зардал гаргаж байж хүртэх боломжтой. (Бас далд төлбөр байхгүй гээч!)

Би Бурханы зарлигуудыг жирийн нэгэн амьдралд тустай арга ухаан болгон жижгэрүүлэх гэсэнгүй. Тэдгээр нь үүнээс хавьгүй агуу гэдэг нь мэдээж. Үүний зэрэгцээ тэдгээр нь бас маш энгийн. Тэнгэрлэг Эцэг биднийг бүхнээс хамгаалж чадахгүй. Харин хайртай эцгийн хувьд Тэрээр биднийг сонголтынхоо үр дагаварт бэлдэж, тэдгээрээс хамгаалан, илүү сайн хүн болоход биднийг удирдан залахыг хүсдэг.

Мэдээж, зарлигуудыг дагасан ч муу зүйл тохиолдож болно. Тийм байхад дагах хэрэгтэй гэж үү?

Яагаад гэвэл, бид дуулгавартай байснаар өөрсдийгөө юунаас хамгаалуулж байгаагаа хэзээ ч мэдэхгүй байх болно. Энэ нь бас биднийг өөрсдийгөө шархлуулдаг амьдралаас зайлсхийхэд тусалдаг. Дуулгавартай байдал нь мөн бидэнд Бурхантай ойр үлдэхэд тусалдаг. Түүнчлэн энэ нь бидэнд бурууг сонгосон үедээ наманчлах боломжийг олгодог. Мөн бид Бурхан биднийг хэрхэн адисалж, хамгаалахаа мэднэ гэдэгт итгэдэг.

Жагсаалтыг энэ маягаар үргэлжлүүлж болно. Энэ жагсаалт нь зарлигуудыг дагахгүй байх шалтгааны жагсаалтаас хамаагүй урт юм.

Юу ч болж бай, Бурхан бидэнд хэр дуулгавартай байхаа сонгох сонголтыг өгсөн. Би Түүний надад бэлдсэн адислалуудаас хүртэхэд өөрийгөө хэрхэн нээхээ сонгож болно. Тиймээс яагаад зарлигуудыг дагах хэрэгтэй вэ? Яагаад гэвэл, би өөрийн амьдралыг Бурханы өгөх гэсэн тусламжийг хүлээн авахад хангалттай өргөн нээхийг хүсэж байна.