Сүүлчийн үг
Ариун ёслол ба Христтэй илүү адилхан болох нь
2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс.
Их Эзэний зоог буюу ариун ёслолын бэлгэдлийн талаар тунгаан бодох сайхан. Талх, ус нь Амийн талх, Амьд ус болох Түүний мах хийгээд цусыг төлөөлдөг (Иохан 4:10-ыг үзнэ үү) бөгөөд биднийг гэтэлгэхийн тулд төлсөн төлөөсийг нь тод томруун сануулдаг. Талхыг хуваахад бид Аврагчийн шархалж бэртсэн бие махбодын өвчин зовиурыг санадаг. Усыг ууж байхдаа бид Гетсеманид болон загалмай дээр урсгасан цус мөн уг цусны ариусгагч хүчийн талаар боддог (Мосе 6:60-ыг үзнэ үү).
Түүний махыг идэж, цусыг уух гэдэг зүйрлэл нь илүү гүн утга учиртай бөгөөд энэ нь Христийн онцлог шинж, зан чанарыг өөрийн болгоно … гэсэн утгатай юм. Ариун ёслолын талх, уснаас долоо хоног бүр хүртэж байхдаа Түүний зан чанар, нүгэлгүй амьдралын загварыг өөрсдийн амьдрал, мөн чанарт бүрэн дүүрэн нэгтгэх талаар бодох нь бидэнд тустай. Есүс Өөрөө гэм нүгэлтэй байсан бол бусдын нүглийг цагаатгаж чадахгүй байх байсан. Шударга ёс Түүнийг хамаарах эрхгүй байсан тул Тэрээр шударга ёсны төлөөсийг бидний өмнөөс Өөрийн биеэр төлж, нигүүлслийг авчирсан билээ. …
Аврагчийн махнаас идэж, цуснаас ууна гэдэг нь Христийн зан чанарыг өөрийн болгож, уг зан чанартай таарахгүй аливаа зүйлсийг өөрсдийн амьдралаас зайлуулахыг хэлнэ. Энэ нь наманчлалын илүү өргөн ойлголт бөгөөд өмнөх нүглээсээ татгалзаад зогсохгүй “сэтгэл зүрх, хүсэл эрмэлзлэлээ Бурханд хандуулан” урагш явахыг хэлдэг (Bible Dictionary, “Repentance”-ийг үзнэ үү). Бурхан бидэнд дутагдал, сул талуудыг маань харуулахын зэрэгцээ сул талаа хүчирхэгжүүлэхэд тусална (Ифер 12:27-г үзнэ үү). Хэрэв бид чин сэтгэлээсээ “Надад өөр юу дутагдаж байна вэ?” (Матай 19:20) гэж асуувал Тэр биднийг өөрсдөө олж мэд гээд орхидоггүй бөгөөд биднийг хайрлаж, бидний аз жаргалын төлөө хариултыг нь өгдөг. Тэр бас бидэнд итгэл найдвар өгдөг.