2019
Есүсийн хайртай шавь Иохан
2019 оны 1-р сар


Есүсийн хайртай шавь Иохан

Хайрт шавь Иохантай холбоотой Шинэ Гэрээний бичвэрүүд түүнийг бидний багш мөн шавь байхын загвар гэдгээр нь танилцуулдаг.

John at the Last Supper

Сүүлчийн зоог, Карл Блохын зургийн хэсэг.

Иохан нь Есүс Христийн унаган арван хоёр төлөөлөгчийн дундаас Петрээс гадна олонд хамгийн их танигдсан төлөөлөгч юм. Тэр өөрийн ах Иаковтой болон Петртэй цуг Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын хамгийн чухал цаг мөчид хамт байсан бөгөөд түүнийг ихэвчлэн Шинэ Гэрээний 5 өөр номтой холбодог.1 Түүнийг Их Эзэнтэй ойр дотно байсан талаар Иохан 13:23-т “Түүний шавь нарын нэг болох Есүсийн хайрласан хүн Есүсийн цээжийг налаад сууж байлаа” хэмээн өгүүлсэн байдаг. Хэдэн зууны туршид Христэд итгэгчдийн уран зурагт энэ дүр зургийг буюу Иоханыг Аврагчийн мутрыг налж буй залуугаар дүрслэн үзүүлсээр ирсэн. Энэ нь хайрт Иохан гэх өвөрмөц нэрийнх нь гарал үүсэл боловч түүний гэрч болон номлол шавь байхтай холбоотой бидний дагавал зохих талуудыг илчилдэг.

Зебедеен хүү Иохан

Иоханы нэр еврей хэлээр Yohаnan буюу “Бурхан нигүүлсэнгүй байсаар ирсэн” гэсэн утгатай. Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын талаар гол төлөв нэг өнцгөөс илэрхийлэн бичсэн эхний гурван сайн мэдээнд түүний талаар бидний мэдэх ихэнх мэдээлэл багтдаг. Тэд бүгд Иохан нь өөрийн гэсэн завьтай, өөртөө болон хүүхдүүддээ ажлаа хийхэд нь туслах хөлсний ажилтнуудыг хөлслөх чадалтай Галилын баян чинээлэг загасчин Зебедеен хүү байсантай санал нэгддэг. Иохан ах Иаковтайгаа хамт ах дүү Петр, Андрей хоёртой хамтрагчид байсан ба Есүс тэднийг бүрэн цагаар Өөрийг нь дагахад дуудахад дөрвүүлээ загасчлах ажлаа орхиж явсан юм.2

Jesus calling fishermen

Christ Calling the Apostles James and John, Edward Armitage (1817–96) / Sheffield Galleries and Museums Trust, UK / © Museums Sheffield / The Bridgeman Art Library International

Сайн мэдээнүүдэд Зебедее дахин дурдагдаагүй ч Иаков, Иохан хоёрын ээж Есүсийг дагагч болж, хөвгүүдийнхээ өмнөөс хүсэлт тавьж, цовдлуулагдахад нь байсан талаар өгүүлдэг.3 Иаков, Иохан хоёрын эхийг ихэвчлэн Саломе хэмээн нэрлэдэг байсан бөгөөд тэр Есүсийн эх Мариагийн эгч ч байсан байж болох ба хэрэв тийм бол Есүс баптисм хүртээгч Иоханы үеэл болох юм.4

Иохан анх дуудагдсаныхаа дараахан Их Эзэний эхэн үеийн олон гайхамшиг, сургаалын гэрч болсон билээ.5 Иохан эдгээр гайхамшгийг харж, Уулан дээрх номлол гэх мэт яриаг нь сонсож байсан тул Есүс түүнийг арван хоёр төлөөлөгчийнхөө нэгээр дуудахад бэлдсэн нь гарцаагүй.6 Эдгээр онцгой гэрчийн дундаас Петр, Иаков, Иохан нар ойр дотнын шавь нарынх нь хүрээг бүрдүүлж байсан ба тэд Есүсийн дэлхий дээрх тохинууллын эхэн үед болж өнгөрсөн дараах чухал үйл явдлуудын үеэр хамт байсан. Тухайлбал:

  • Иайрын охиныг үхлээс босгох үед үхлийг ялах Их Эзэний хүчийг өөрсдийн нүдээр харсан.7

  • Хувиралтын уулан дээр Есүс Өөрийн алдар сууг илчилж, Эцэгийн дуу хоолой Есүс бол Түүний таалал оршдог Хүү гэдгийг гэрчлэхийг тэд сонссон.8

  • Чидун ууланд хожмын өдрүүдийн тухай эцсийн бошиглолоо өгөхөд байсан.9

  • Гетсеманийн цэцэрлэгт Аврагч Өөрийн Цагаатгалын агуу үйл хэргийг хийж эхлэхэд ойрхон байсан.10

Есүс Христ Симонд “хад чулуу” гэсэн утгатай Кеф буюу Петр гэсэн нэр өгсний адил Иаков, Иохан хоёрыг “аянгын хөвгүүд” буюу Бонергес хэмээн нэрлэсэн.11 Есүсийг эсэргүүцсэн самаричуудын тосгон дээр тэнгэрээс гал буулгах (Лук 9:51–56-г үзнэ үү) эсэх талаар тэд Түүнээс асуусан учраас тэднийг түргэн ууртай, зөрүүд байсан гэдгийг энэ нэр хэлж байж болох юм. Гэсэн ч Петрийн нэр өмнө нь үнэн байсан ч, түргэн зантай байсныг нь биш, харин Есүсийн Амилалтын дараах гуйвшгүй байдал, хүч чадлыг нь тусган харуулж байсны адил уг нэрийг тэдэнд хүчтэй гэрчүүд болно гэдгийг нь бодолцон өгсөн байж болох юм.12

Үйлс номд Иоханыг Петрийн хүчтэй, байнгын хамтрагч гэж харуулсан байдаг. Петрийг ариун сүмд доголон хүнийг эдгээхэд Иохан түүнтэй хамт байж, тэд хамтдаа Иерусалим дахь иудейн удирдагчдад зоригтойгоор номлож байсан юм. Филипийн зааж, баптисм хүртээсэн самаричуудад Ариун Сүнсний бэлэг өгөхийн тулд хоёр төлөөлөгч хамтдаа Самари руу аялжээ.13

Гэсэн хэдий ч Иохантай холбоотой бичвэрүүдээс түүнийг өөрийн эзэн, найз Есүс Христийн бурханлаг байдлын хүчтэй гэрч гэдгээр нь харж болно. Шинэ Гэрээний эдгээр номд Иоханыг бидний багш мөн шавь байхын загвар гэдгээр нь танилцуулсан байдаг.

Хайрт шавь

Сонирхолтой нь, уламжлал ёсоор түүнийх хэмээн үздэг Сайн мэдээний номуудад Иохан огтхон ч дурдагддаггүй. Иоханы номын сүүлийн бүлэгт Зебедеен хоёр хүүг ганцхан удаа дурдсан байдаг. Энэ сүүлийн бүлэгт өгүүлснээр тэд Галилын тэнгист амилсан Их Эзэнтэй уулзсан долоон шавийн хоёр нь байжээ. Тэнд ч гэсэн тэднийг нэрээр нь дурдаагүй. Харин уламжлалт ёсоор, Сэргээгдсэн судар дахь эшлэлүүдийн бататгаснаар14 Иохан бол Сүүлчийн зоогт болон цовдлуулагдахад нь мөн хоосон булшин дээр, түүнчлэн хамгийн сүүлд Есүсийг Галилын тэнгист харагдах үед байсан, нэр нь дурдагдаагүй тэрхүү “Есүсийн хайртай шавь” мөн болохыг тодорхойлдог.15

Тэр мөн Андрейтэй хамт Баптисм хүртээгч Иоханы дагалдагчид байсан бөгөөд Есүс бол Бурханы хурга хэмээн гэрчлэхийг сонссон “нөгөө шавь” нь байсан байж болох (Иохан 1:35–40-ийг үзнэ үү) төдийгүй Есүсийг баривчлагдсаны дараа Петртэй хамт явж, дээд пристийн шүүхийн танхимд ороход нь Петрт тусалсан шавь байх магадлал өндөр юм (Иохан 8:15–16-г үзнэ үү).

Иоханы номд хайрт шавийг Их Эзэний ойр дотнын, найз нь байсан хэмээн өгүүлдэг. Сайн мэдээний энэ номд Марта, Лазар, Мариа нартай хамт Иоханыг Есүс хайрладаг байсныг тодорхой дүрсэлдэг (Иохан 11:3, 5-ыг үзнэ үү). Сүүлчийн зоогийн ширээнд суусан байрлал нь нэр төрөөс гадна ойр дотно байсныг нь харуулдаг.

Аврагчийн найз байхын зэрэгцээ тэр Есүсийн номлолын үеэр болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуудын, тухайлбал загалмайн хөлд зогсож Их Эзэн нүглийн золиослол болгон амиа өгснийг харж, Амилалтын дараа булш руу хоосон байгааг нь шалгахаар гүйн очиж, амилсан Аврагчийг харсан хүчирхэг гэрч байсныг нь бусад шүлэг илчилдэг.

Иоханы номд энэ бүхэн хайрт шавийнх нь харсан зүйл дээр үндэслэгдсэн бөгөөд түүний гэрчлэл үнэн гэдгийг хоёр ч удаа онцолсон байдаг.16 Энэ нь Иосеф Смит Сайн мэдээний энэ номыг “Иоханы гэрчлэл”17 хэмээн дахин нэрлэсний шалтгаан юм.

Хайрт шавь гэдэг нь хэн болох талаар эрдэмтэд мэтгэлцдэг ч, хэрэв тэр төлөөлөгч Иохан байсан юм бол Сайн мэдээний номын анхны бичээч биш юм гэхэд ядаж эх сурвалж нь байх байсан.18 Тэгвэл яагаад тэнд түүний нэрийг дурдаагүй, төлөөлөгч Иохан гэж нэг ч удаа шууд тодорхойлоогүй юм бэ? Энэ асуултын хариулт нь тэр зарим талаараа өөрийн туршлагыг бүхий л цаг үеийн итгэгч, шавь нарт зориулан бичсэнд оршиж байж болох юм. Нэргүй байснаар тэр өөрт тохиолдсон үйл явдлаа бидэнд өөрсөд дээрээ тусган хүлээн авах боломжийг олгон, хэрхэн Их Эзэнийг хайрлаж мөн Түүгээр хайрлуулахыг сурч, дараа нь өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болж, уг гэрчлэлээ бусадтай хуваалцахад дууддаг.

Захидлууд: 1, 2 болон 3 Иохан

Иоханы номын адил Иоханы гэх гурван захидлын алин дээр нь ч түүний нэрийг шууд дурдсан байдаггүй. Гэсэн хэдий ч захидал гэхээс илүү сургаалын шастир болох 1 Иохан нь Сайн мэдээний номуудтай загвар, сэдвийн хувьд, тухайлбал Сүүлчийн зоогийн түүх дээр Аврагчийн заасан хайр, дуулгавартай байдлын ач холбогдол гэсэн үндсэн санаануудтай нягт холбоотой.

Сайн мэдээний номуудын дараа бичигдсэн 1 Иохан нь “Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн Амийн Үгийн тухай,” Их Эзэн Есүс Христийн тухай зохиогчийн гэрчлэлийн тунхаглалаар эхэлдэг (1 Иохан 1:1; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Зохиогч Иоханы номын нээлтийн үгийг дахин дурдахын зэрэгцээ бие махбодоор хийгдсэн Бурханы Үг болон Есүс Христийн тухай өөрийн хүчтэй, хувийн, бодит гэрчийг онцлон тэмдэглэсэн.

Есүс Сүмийг орхисон гэсэн буруу зүйлд итгэдэг бүлгээс болж номын анхны уншигчид болох эхэн үеийн Христэд итгэгчид хоорондоо хагаралджээ.19 1 Иоханд зохиогч нь гэрч байхын зэрэгцээ буруу номлолыг залруулж, Христийн эсрэг, худал хуурмаг сүнснүүдийн итгэлийг үгүйсгэх гэсэн оролдлогыг зогсоохоор дуудагдсан эрх мэдэлтэн байсан юм (1 Иохан 2:18–27; 4:1–6-г үзнэ үү). Түүний номлол итгэлтэй хэвээр үлдсэн хүмүүст Бурхан, Христ хоёрын тухай мөн итгэлтэй, зөв шударга үлдэхийн ач холбогдлын талаар утга учир бүхий үнэнүүдийг хуваалцах замаар тэднийг урамшуулан дэмжихэд чиглэж байв.

2 Иохан болон 3 Иоханд тэр өөрийгөө зүгээр л “ахлагч” гэж дуудан, хайр, дуулгавартай байдал, худал хуурмаг багш нарын талаар болон Сүмийн зохих ёсны эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн аюулын талаар үргэлжлүүлэн онцолсон.20

Энэ гурван ном гурвуулаа илчлэгдсэн Есүс Христэд үргэлж үнэнч байхын ач холбогдлын талаар заадаг.

Илчлэгч

Түүнийх гэж үздэг 5 номоос зөвхөн Илчлэлт дээр Иохан зохиогч нь гэдгийг эхний шүлгүүдэд нэрийг нь ашиглан дурдсан байна (Илчлэлт 1:1, 4, 9-ийг үзнэ үү). Зохиогч нь өөрийгөө Бурханы үйлчлэгч гэхээс гадна өөрийн байр суурь, дуудлагын талаар өөр ямар ч мэдээлэл өгөөгүй ч эхэн үеийн Христийн шашны удирдагчид тэр бол Иохан, Зебедеен хүү байсан гэдэгт итгэдэг байжээ.

Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ төлөөлөгч Иоханд илчлэлт хүлээн авч, үзсэн үзэгдлээ буулган бичих онцгой зөвшөөрөл өгөгдсөн байсныг нь баталдаг.21 Нарийн төвөгтэй, бэлгэ тэмдгээр дүүрэн Илчлэлт ном нь бүхий л цаг үед хавчлага, зовлон зүдгүүр амссан Христэд итгэгчдийг тайтгаруулж, урам дэм өгөхийн зэрэгцээ түүхийн туршид Есүс Христийн гүйцэтгэсэн үүргийг илчлэх зорилготой юм.

Хэдийгээр яг хэзээ Иохан Илчлэлт номыг бичсэн тухай хоёр өөр огноог буюу хаан Нирогийн хаанчлалын үеэр, МЭ 60 он болон хаан Домитианы үеэр, МЭ 90 оныг санал болгодог ч хоёулаа Петрийг алсны дараа байсан буюу энэ нь түүнийг амьд үлдсэн хамгийн ахмад төлөөлөгч болгох юм.

Гэвч түүний дуудлага зөвхөн номд бичиглэгдсэн байгаа үзэгдлийг харж, тэмдэглэх явдал байгаагүй. Нэг үзэгдэлд нь нэгэн тэнгэр элч Илчлэгч Иоханд жижигхэн номыг эсвэл хуйлмал бичгийг аваад ид хэмээн хэлдэг. Энэ нь эхлээд аманд амттай байснаа дараа нь ходоодыг нь хорсгосныг Иосеф Смит бүх зүйлийг сэргээх ажлынх нь нэгэн хэсэг болох Израилийг цуглуулах зорилгыг төлөөлсөн хэмээн орчуулсан билээ (Илчлэлт 10:9–11; Сургаал ба Гэрээ 77:14-ийг үзнэ үү). Иохан хувиргагдсаныхаа дараа тохинууллаа үргэлжлүүлсэн тул энэ үйл хэрэг боломжтой болсон юм. Эртний болон орчин үеийн тайлбарлагчид Сайн мэдээний төгсгөлд Иоханы хувь заяаны тухай Петрт Есүсийн хэлсэн мэдэгдлийн утга агуулгын талаар санал хуваагддаг ч (Иохан 21:20–23-ыг үзнэ үү), Иохан үхлийг үзэлгүй үйл хэргээ Аврагчийг ирэх хүртэл үргэлжлүүлэн хийнэ гэдгийг баталсан илчлэлтийг Иосеф Смит хүлээн авсан (Сургаал ба Гэрээ 7:1–6-г үзнэ үү). Өөрөөр хэлбэл, тэрээр цаг үеийн төгсгөлийн талаар гэрчилсэн төдийгүй өөрийнх нь зорилгод тэдгээр бошиглолыг гүйцэлдүүлэх мөн илчлэгдсэн зүйлс нь гүйцэлдэхийг гэрчлэх явдал ордог юм.

Хэдийгээр бидний зорилго түүнийхтэй адил агуу биш ч гэлээ Иоханы үлгэр жишээ Есүс Христийг гэх бидний хайр өөрсдийн дуудлага болон амьдралын сорилт бэрхшээлийг хэчнээн гашуун байсан ч хүлээн авахыг бидэнд заадаг.

John and Peter at the tomb

Есүсийн номлолын үеэр болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуудын гэрчийн хувьд Иохан загалмайн хөлд зогсож, Их Эзэний үхэхийг харж мөн Амилалтын дараа булш руу хоосон байгааг нь шалгахаар гүйж очин, амилсан Аврагчийг харсан билээ.

Иохан, Петр хоёр булшны дэргэд, Робэрт Тэодор Баррэтт

Өөрсдөө хайрт шавь нар болох нь

Иохан Есүсийн анхны Арван хоёр төлөөлөгчийн удирдах гишүүн байсан бөгөөд Аврагчтай ойр дотно харилцаатай мөн Түүний гэрч, Сүмийн удирдагч, илчлэгчийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Хэдий ийм байсан ч тэр өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн Сайн мэдээний номд өөрийгөө хайрт шавь хэмээн дурдсан нь өөрсдийгөө шавь болох загвар болгох боломжийг бидэнд олгож байгаа юм. Есүс Христийн дагалдагчдын хувьд бид бүгдээрээ Түүний хайранд өлгийдөгдөх болно гэдгийг бид түүнээс мэдэж авдаг. Бид Сүүлчийн зоогийн үеэрх ёслолтой адил ёслолуудаар дамжуулан энэхүү хайраас бүрэн дүүрэн хүртдэг. Бид ч гэсэн загалмайн хөлд бэлгэдэл болон зогсож, бидний өмнөөс Есүс амиа өгснийг гэрчилж, Их Эзэн амьд гэдэгт өөрсдөө суралцахаар бүрэн итгэлтэй байх боломжтой. Иохантай адил, хайрт шавь нь болох бидний дуудлага бол уг гэрчээ бусадтай хуваалцан, үнэнийг гэрчилж, Их Эзэнийг эргэн ирэх хүртэл ямар ч дуудлагыг хийж гүйцэтгэх явдал юм.

Эшлэлүүд

  1. Сонирхолтой нь, зөвхөн Илчлэлт номд зохиогч нь Иохан гэдгийг шууд бичсэн байдаг байна (Илчлэлт 1:1, 4-ийг үзнэ үү). Иохан гэх мэт Сайн мэдээний аль ч номонд зохиогчийг нь илчилдэггүй. Эхэн үеийн Христэд итгэгчдийн уламжлал ёсоор Иоханы сайн мэдээн дэх хайрт шавийг түүнтэй адилхан нэртэй төлөөлөгч мөн гэж үздэг аж. Нотолгооны талаар авч хэлэлцэх, эрдэмтдийн хэлэлцүүлэг хөтлөн явуулах, хэн болох тухай энэхүү тодорхойлолтын талаарх Сэргээлтийн ойлголтыг авах бол 17-р тэмдэглэлийг үзнэ үү. 1 Иоханд мөн л зохиогч нь хэн болохыг огтхон ч тодорхойлоогүй ч загвар, сэдвийн хувьд Иоханы сайн мэдээтэй нягт холбогдсон байдаг. 2 болон 3 Иохан дээр зөвхөн “ахлагч” хэмээн дурдсан байдаг ч эхэн үеийн Христэд итгэгчид уламжлал ёсоор тэдгээрийг Иохантой болон 1 Иоханы зохиогчтой холбосон байдаг.

  2. Марк 1:19–20; Матай 4:21–22; Лук 5:10–11-ийг үзнэ үү. Ихэнх эрдэмтэд Маркийн номыг МЭ 60-аад оны дунд үед эхлээд бичиж, харин Матай, Лукийг МЭ 70-аад онд эсвэл МЭ 80-аад оны эхээр бичсэн гэдэгтэй санал нэгддэг. Тиймээс эхлээд Марк номын эшлэлүүдийг унших нь хэрхэн Матай, Лук хоёрыг эхний түүхэн дээр нэмсэн буюу тохируулсан гэдгийг олж харах боломжийг бидэнд олгодог.

  3. Марк 10:35–37-д Иаков, Иохан хоёрыг Есүсийн хаант улсад Түүний баруун болон зүүн гар талд суулгахыг хүссэн гэж цэдэглэсэн бол Матай 20:20–21-д энэхүү хүсэлтийг ээж нь тавьсныг нэмж тодруулсан байдаг. Цовдлуулалтын үеэр мөн дараа нь хоосон булшны дэргэд түүний байсныг Марк 15:40; 16:1–8; мөн Матай 27:55–56; Лук 23:49, 55; 24:1–10 болон Иохан 19:25-аас үзнэ үү.

  4. Энэ бүхэн Салометэй холбоотой байж болохыг мөн Зебедеен гэр бүлийн болон загасчлах бизнесийн талаар R. Alan Culpepper, John, the Son of Zebedee: The Life of a Legend (2000), 7–23-аас үзнэ үү.

  5. Марк 1:21–31, 40–45; 2:1–12; 3:1–6 мөн Матай 8:1–4; 9:1–8; 12:9–14; Лук 4:33–39; 5:12–15, 17–26; 6:6–11-ийг үзнэ үү.

  6. Уулан дээрх номлолын талаар Матай 5–7-г үзнэ үү. Иохан болон анхны бусад төлөөлөгчийн талаар Марк 3:13–19; Матай 10:2–4; Лук 6:13–16-аас үзнэ үү.

  7. Марк 5:37; Матай 9:23–26; Лук 8:51-ийг үзнэ үү. Гэхдээ Матайн номд Петр, Иаков, Иоханыг нэрлэдэггүй.

  8. Maрк 9:2–10; Матай 17:1–8; Лук 9:28–36-г үзнэ үү.

  9. Марк 13:3–37-г үзнэ үү.

  10. Марк 14:32–34; Матай 26:36–38-ыг үзнэ үү.

  11. Maрк 3:17-г үзнэ үү. Бонергес гэдэг нь “аянгын хөвгүүд” гэсэн утгатай bene regesh буюу r’m гэсэн арамайк үгний грек хэлээр махчилан орчуулсан орчуулга юм.

  12. Culpepper, John, the Son of Zebedee, 38–40, 50-ийг үзнэ үү.

  13. Үйлс 3:1–11; 4:1–21; 8:14–17-г үзнэ үү.

  14. Сургаал ба Гэрээ 7; 77; 88:141-ийг үзнэ үү.

  15. Иохан 13:23; 19:26, 34–35; 20:2–10; 21:1–14, 20–25 мөн Culpepper, John, the Son of Zebedee, 57–69-ийг үзнэ үү.

  16. Иохан 19:35; 21:24–25; Иохан 20:30–31-ийг үзнэ үү.

  17. Joseph Smith’s New Translation of the Bible: Original Manuscripts, edited by Scott H. Faulring, Kent P. Jackson, and Robert J. Matthews (2004), 234-ийг үзнэ үү.

  18. Хайрт шавь гэж хэн болох талаарх эрдэмтдийн хэлэлцүүлгийг, John, the Son of Zebedee, 72–85, and Raymond E. Brown, An Introduction to the Gospel of John, edited by Francis J. Moloney (2003), 189–199-өөс үзнэ үү. Төлөөлөгч Иохан Иоханы сайн мэдээний эх сурвалж эсвэл зохиогч байсан талаар Richard Neitzel Holzapfel, Eric D. Huntsman and Thomas A. Wayment, Jesus Christ and the World of the New Testament (2006), 126–27, and my own recent treatment in “The Gospel of John” in New Testament History, Culture, and Society (2018), ed. Lincoln Blumell-ээс үзнэ үү.

  19. Raymond E. Brown, The Epistles of John (The Anchor Bible, vol. 30 [1982]), 49–55, 71-ийг үзнэ үү.

  20. Culpepper, John, the Son of Zebedee, 90–95, and Holzapfel, Huntsman, and Wayment, Jesus Christ and the World of the New Testament, 274–277-г үзнэ үү.

  21. Holzapfel, Huntsman, and Wayment, Jesus Christ and the World of the New Testament, 281–82, and especially 1 Nephi 14:18–27; Ether 4:16; and Doctrine and Covenants 7:1–3; 77-г үзнэ үү.