Итгэлийн хоёр түвшин
2015 оны 3-р сарын 17-нд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “The Faith to Reap” үгээс авав.
Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл нь ургац хураах итгэлийг хэлдэг. Энэ бол өөрийн биш, харин Түүний хүчинд итгэх итгэл юм.
Лихайг гэр бүлийнхэнтэйгээ аглаг буйдад хэдхэн өдөр болсны дараа Их Эзэн түүнд Лебенээс гуулин ялтаснуудыг авахуулахаар хөвгүүдээ Иерусалим руу буцааж явуул хэмээн хэлсэн. Бид Лихайн хоёр дуулгаваргүй хүү Лемен, Лемүелийн талаар тэр болгон таатай ярьдаггүй ч тэд үнэндээ явахад бэлэн байсан юм. Тэдэнд үзээд алдах хангалттай итгэл байсан.
Лемен, дараа нь Лемүел ах дүү нартайгаа хамт Лебенээс ялтаснуудыг өгөхийг гуйсан юм. Ах дүү нар үүнийг хийх гэж оролдох явцдаа гэр бүлийнхээ эд баялгийг алдах байтугай, өөрсдийн амийг алдах шахдаг. Тэр үед Лемен, Лемүел хоёр итгэл алдарч, бууж өгөхөд бэлэн байсан. Харин Нифай аюултай, урам хугарам нөхцөл байдлыг даван гарч чадсан. Тэр:
“Их Эзэн амьдын адил, мөн бидний амьд нь илэрхийн адил, бид Их Эзэний зарлигласан зүйлийг гүйцэлдүүлэх хүртэл бид аглаг буйдад буй эцэг уруугаа очихоор явахгүй.
Иймийн тул, Их Эзэний зарлигийг дагахад итгэлийг хичээе” хэмээн хэлдэг (1 Нифай 3:15–16).
Дараа нь Нифай өөрийн агуу итгэлийг ашиглан Лебенээс ялтаснуудыг авч, ах нартайгаа хамт аглаг буйдад байх эцэг дээрээ эргэж очсон билээ.
Итгэлийн хоёр тодорхой түвшин байдаг бололтой. Эхний түвшин нь оролдож үзэх, хадуураараа хадах итгэл, харин хоёр дахь түвшин нь үйлдэх итгэл юм. Хадуураа хадахаас илүү дээр итгэл бол хураах итгэл билээ.
Лемен, Лемүел хоёрт оролдож үзэх, харин Нифайд үйлдэх итгэл байсан. Лемен, Лемүел хоёрт хадуураараа хадах хангалттай итгэл байсан бол Нифайд хураахад хангалттай итгэл байв.
Хадуураараа хадах, хураах гэсэн хоёр итгэлийн хоорондын нарийн ялгаа амьдралд тань асар их өөрчлөлтийг авчрах болно. Тэнгэрлэг Эцэгтэй хамт дахин амьдарч, дэлхий дээр үр дүнтэй, баяр хөөрөөр дүүрэн амьдрахын тулд бид хураах итгэлийг хөгжүүлэх ёстой.
Бид Их Эзэний гайхамшигтай амлалтыг, тухайлбал энэ амьдралдаа аз жаргал, баяр баясгаланг, харин ирэх амьдралдаа өргөмжлөл хүртэнэ гэсэн амлалтыг хүлээн авсан. Гэвч өдөр тутмын амьдралын асуудал, бэрхшээлүүд бидний итгэл найдварыг үгүйсгэдэг талтай. Бидэнд амлагдсан нутаг асар хол, боломжгүй мэт санагддаг тул бид эргэлзэж эхэлдэг.
“Бид тэр зорилгод хүрч, адислалуудыг хүлээж авах боломжгүй юм байна. Их Эзэн эдгээр амлалтыг өгөхдөө өөр хүний талаар бодож байсан байх” гэж бид боддог.
Тийм биш ээ, Тэрээр та бидний талаар бодож байсан. Бид зөвхөн адислалуудаасаа хүртэх хангалттай итгэлтэй буюу хэтийн амлалтыг одоо бодит зүйл болгон өөрчилж чадах хүчтэй итгэлтэй байх хэрэгтэй. Бидэнд хураах итгэл хэрэгтэй.
Энэ итгэл нь яг ямар итгэл вэ, бид үүнийг хэрхэн хөгжүүлж болох вэ?
Есүс Христэд итгэлтэй бай
Юуны түрүүнд хадуураараа хадах итгэлтэй харьцуулбал хураах итгэл нь өөртөө итгэх итгэл биш юм. Энэ нь өөрөө өөртөө итгэлтэй байх, эерэг хандлагатай байхтай адил биш. Тэр ч бүү хэл, сайн зүйл ч гэлээ энэ нь гэр бүл, найз нөхдөдөө итгэх итгэл биш юм. Хураах итгэл нь Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийг хэлдэг. Энэ бол өөрийн биш, харин Түүний хүчинд итгэх итгэл юм.
Намайг Аризонагийн Месагийн Марикопа гадасны ерөнхийлөгчөөр дуудагдах үед Далын ерөнхий эрх мэдэлтэн байсан ахлагч В.Мак Лоорэнс эхнэр бид хоёрыг гадасны ерөнхийлөгчийн албан өрөөнд урьж, уг дуудлагыг өгч билээ. Би дуулгавартай хүлээн авсан. Тэгээд дараа нь тэр биднийг дээд зөвлөлийн өрөөнд орж, өөрийн зөвлөхөөр санал болгох эрчүүдийн талаар залбирч бодож үзэхэд урьсан. Би тэр өрөөнд ороод, гадас зохион байгуулагдсанаас хойш тэнд үйлчилж байсан бүх ерөнхийлөгчийн зургуудыг харж, зүрх минь шимшрэв. Тэд Сүмийн болон орон нутгийнхаа гайхалтай сайн удирдагчид байв.
Би эхнэр рүүгээ хараад, “Кайтлин, би энэ дуудлагыг хийж чадна гэж бодохгүй байна. Би тэдний хэмжээнд хүрэхгүй шүү дээ” гэв.
Тэр минь “Надад хэлээд хэрэггүй дээ. Чи ахлагч Лоорэнстэй ярьсан нь дээр” гэлээ.
Намайг түүнд уг дуудлагыг хийж чадна гэдэгтээ итгэхгүй байна гэдгээ хэлэхэд ахлагч Лоорэнс “Тийм ээ, таны зөв ч байж болох юм” гэж хариулсан нь миний гайхширлыг төрүүлсэн бөгөөд дараа нь
“Андэрсэн ах аа, та хийж чадахгүй ч, Их Эзэн чадна. Түүнд Өөрийн ажлыг хийх хүч бий. Хэрэв та зохистой мөн шаргуу хөдөлмөрлөх юм бол Тэр хийх болно. Та үүнийг харна” гэж хэлсэн юм.
Тэр ч хийх ажлаа хийсэн.
Хадуураараа хадах итгэл бол оролдож үзэх итгэл юм. Энэ нь өөртөө итгэх итгэл бөгөөд асуудал хүндрэх үед замхран алга болдог. Тэгээд дараа нь бид эргэлзэж эхэлдэг. Харин хураах итгэл бол Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл юм. Энэ нь хэзээ ч алга болдоггүй.
Өөрийн хүслийг Бурханы хүсэлтэй нийцүүл
Хураах итгэлийг хөгжүүлэхийн тулд бид өөрсдийн хүсэл, зорилгыг Бурханы хүсэлтэй нийцүүлсэн байх ёстой. Бурхан бидний ургацтай санал нийлэхгүй бол бид хэзээ ч хураах итгэлээ хөгжүүлж чадахгүй. Түүний тусламжийг хүлээн авахын тулд бид өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлэх ёстой.
Хиламаны номд гардаг бошиглогч Нифай зөв шударга, итгэлтэй хүн байсан тул Их Эзэн түүнд “Би чамайг үүрд адислах болно; мөн би чамайг үгэнд мөн үйлэнд, итгэлд мөн ажилд ч хүчирхэг болгох болно; тийм ээ, бүр бүх зүйл чиний үгийн дагуу чамд хийгдэх болно” хэмээн хэлсэн. Ямар гайхалтай амлалт вэ! Дараа нь Их Эзэн “учир нь тааллын минь эсрэг зүйлийг чи эс гуйдаг билээ” хэмээн нэмж хэлсэн байдаг (Хиламан 10:5).
Түүнчлэн Моронай бидэнд “Мөн Христ хэлдэг: Хэрэв та нар надад итгэлтэй байх аваас та нар миний хувьд шаардлагатай болох аливаа зүйлийг хийх хүчтэй байх болно” (Moронай 7:33) гэж хэлсэн.
Өөрсдийн хүслийг Бурханыхтай нийцүүлэх нь хураах итгэлтэй болохын өмнө тавигддаг шаардлага юм.
Хөвгүүд маань бага байхдаа ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглодог байв. Тэр үед тэд тоглолт бүрийн өмнө залбирдаг байсан. Хажуунаас нь харж байхдаа би тэд юуны төлөө залбирч байгаа бол гэж боддог байв. Хэрэв тэд тоглолтод ялахын төлөө залбирсан бол хураах итгэл дутсаных байлаа. Энэ нь тэдний хожигдсон тоглолтын тооноос илт байв. Их Эзэн тоглолт бүрд хожих гэсэн тэдний хүслийг хуваалцахгүй байсан бололтой.
Өөрөөр хэлбэл, Бурхан зөвхөн бидэнд сайн гэж үзсэн зорилгодоо л хүрэхэд туслах болно. Яагаад гэвэл, Тэр биднийг хайрладаг бөгөөд бидэнд юу сайн болохыг биднээс илүү мэддэг. Бид үүнд нь талархдаггүй гэж үү? Бид Тэнгэрлэг Эцэгтээ Түүний хүсэлд өөрсдийн хүслийг нийцүүлэх зөв шударга хүслээр адислахыг хүсэн өдөр бүр залбирах ёстой. Бид Их Эзэн Гетсеманийн цэцэрлэгт залбирсны адил, бидний биш Бурханы хүсэл биелэгдэг гэж залбирч сурах ёстой (Лук 22:42). Зөвхөн тэгсэн цагт л бид хураах итгэлийг хөгжүүлэх боломжтой юм.
Явж ажилла
Хураах итгэлд тавигддаг гурав дахь шаардлага бол ажил юм. Төлөөлөгч Иаков үйлсгүй итгэл нь үхмэл гэдгийг тодорхой хэлсэн. Хадуураараа хадахад итгэл үнэмшил хэрэгтэй ч, хураах итгэл нь итгэл үнэмшлээс илүү зүйлийг шаарддаг. Чөтгөрүүд ч мөн үүнд итгэж, чичирдэг хэмээн Иаков бичсэн (Иаков 2:17, 19-ийг үзнэ үү).
Охин нь орныхоо хажууд өвдөг сөгдөн суугаад, ахынхаа барьж, хашаанд байрлуулсан шувууны торонд жижигхэн шувуудыг орохоос хамгаалаач гэж Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч байхыг олж харсан нэгэн эцгийн түүхийг би сонсож байсан. Тэр өдрийн орой аавынх нь санаа зовж эхлэв. Тэр тор нь сайн болсон гэдгийг мэдэж байлаа. Тэр хүүдээ уг торыг барихад тусалсан байв.
“Чамайг өглөө Тэнгэрлэг Эцэгээс жижигхэн шувуудыг ахынхаа хавхан торноос хамгаалаач гэж залбирч байхыг би сонссон. Гэхдээ заримдаа залбирсан ч гэсэн эмгэнэлтэй зүйлс тохиолддог” гэж тэр охиндоо хэллээ.
Тэр “Аав аа, тэр ямар ч шувуу барихгүй гэдгийг би мэдэж байна” хариулав.
“Охин минь, чиний итгэлийг би хүндэлж байна л даа. Хэрэв түүнд шувуу баригдах юм бол энэ нь итгэлд чинь муугаар нөлөөлөхгүй байх гэж би найдаж байна” гэж аав нь хэлэв.
“Аав аа, тэр барихгүй ээ. Түүнд баригдахгүй гэдгийг би мэднэ” гэж охин нь хариулжээ.
Харин аав нь түүнээс “Хаанаас чамд ийм их итгэл байдаг байна аа?” гэж асуухад,
Охин нь “Залбирч дууссаныхаа дараа би гадаа гараад, шувууны бүх торыг юу ч үгүй эвдэлсэн” гэж хариулжээ.
Тэнгэрлэг Эцэгээс адислал хүсэн залбирах нь зөв ч “амен” гэж хэлснийхээ дараа бид гарч, ажлаа хийх ёстой. Бид хөлөө ч хөдөлгөхийг хүсэхгүй атлаа Их Эзэн бидний алхмыг удирдан залахыг хүсэн хүлээж болохгүй. Бид мөн өөрсдийн хийж чадах, мөн хийвэл зохих зүйлээ Түүгээр хийлгэхийг хүсэх ёсгүй.
Бид өөрсдийн зөв шударга зорилгод хүрэхийн тулд ажиллаж, зарлиг тушаалуудыг сахихын тулд шаргуу хөдөлмөрлөх ёстой. Бурхан амлалтаа биелүүлдэг гэдэгт баттай итгэх бус, харин өөрсдийн амлалтыг баттай биелүүлэх үед бидний гэрээний мөн хураах итгэлийн бодит хүч жинхэнээсээ хэрэгжиж эхэлдэг. Тэрхүү агуу үнэн нь ирээдүйн амлалтуудыг өнөөгийн бодит байдал болгон хувиргадаг юм. Бид ажиллах ёстой.
Бүтэлгүйтэх, алдаа гаргах зэрэгт сэтгэлээр бүү уна, харин үргэлж хичээл зүтгэл гарган, тууштай бай. Хураах итгэл нь төгс байхыг шаарддаггүй ч шаргуу байхыг шаарддаг.
Би таныг хураах итгэлээ хөгжүүлэхэд урьж байна. Итгэлээ Аврагч Есүс Христэд болон Түүний Цагаатгалд бат бөх суурилуул. Өөрийн хүслийг Түүнийг хүсэлтэй нийцүүлэн, тааруулахад анхаар. Харин дараа нь бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа, шаргуу, шийдэмгий байж, ажиллахаар гар. Хураах итгэлд саад болох ямар ч бэрхшээл, асуудал, саад гэж байхгүй.