Хүндийг өргөгчийн бат бөх зогсох удирдамж
Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.
Судрын ганц шүлэг хүндийг өргөх тэмцээнд ч гэсэн ихээхэн өөрчлөлтийг авчирч чадна.
Намайг ахлах сургуулийн 9-р ангид байхад дасгалжуулагч надаас хүндийг өргөх багт орохыг хүссэн юм.
“Ммм, үгүй дээ. Миний чадах зүйл биш” гэж би хариулав.
Тэгсэн ч тэр бууж өгсөнгүй. Бүр хэдэн долоо хоногийн турш ятгасан гээч.
Эцэст нь би үзээд алдахаар шийдэв. Түүний зөв байлаа. Хүндийг өргөх надад үнэхээр таалагдав. Би үүнтэй адил зүйлийг өмнө нь өөрийн биеэр огтхон ч хийж байгаагүй тул эхлээд үнэхээр эвгүй байсан. Гэхдээ би дасгал хийх дуртай болсон юм. Надад бас багийнхан маань төдийгүй, тэмцээнд оролцох нь таалагддаг байв. Би бүр амжилт гаргаж эхлэв!
Одоо харин хүндийг өргөх нь амьдралд маань том байр суурь эзлэх болсон юм. Би өдөр бүр хамгийн багадаа 2-3 цаг нуруун дээрээ штангтай суулт хийж, түлхэж, өргөх дасгал хийдэг. (Хэрэв та эдгээр нь юу болохыг мэдэхгүй байвал санаа бүү зов. Би ч гэсэн мэддэггүй байсан.)
Аливаа зүйлтэй адил хүндийг өргөх нь цаг хугацаа, тэвчээр шаарддаг бөгөөд хүнд хэцүү байх үе ч гардаг байв. Аз болоход гэр бүлийнхэн маань, бүр намайг бие хөндүүрлэлээ гэж (байнга) үглэдэг байхад ч үргэлж миний хажууд байж, урамшуулан дэмждэг. Аав минь намайг дасгалаасаа гэртээ ирэхэд дандаа мөстэй уут бэлдчихсэн, урамшуулах үгс хэлэн угтан авдаг бол харин ээж минь намайг тэмцээнд явуулахын тулд үргэлж золиослол хийдэг.
Хэдэн жилийн өмнө би тэмцээнд оролцохоор АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи рүү явсан юм. Би эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн хүндийг өргөгчидтэй тэмцээнд оролцох болсондоо баярлаж байсан ч гэр бүлээсээ хол байна гэдэгт санаа зовж байлаа. Надад амар байлгахын тулд ээж минь өдөр бүр судрын шүлэг, гүн утгатай захиас явуулж байхаар амлав.
Тэмцээн болохын өмнөх орой хэсэг хүүхдүүд үдэшлэг зохиосон юм. Би ч явах нь зүйтэй гэж бодоод, өрөөнийхөө хүүхэдтэй очиж үзэхээр шийдлээ. Гэвч миний дуртай үдэшлэг шиг биш байсныг би шууд л мэдсэн. Өсвөр насныхан согтууруулах ундаа ууж, тамхи татан, хараалын үгс хэлж, зохисгүй маягаар бүжиглэцгээж байв. Би тэнд байх ёсгүй гэдгээ мэдэж байсан ч өрөөний маань хүүхэд юу гэж хэлэх бол мөн өрсөлдөгчид маань юу гэж бодох бол гэж санаа зовж байлаа.
Гэнэт санаанд минь
“Ариун газруудад зогсогтун та нар” гэсэн шүлэг орж ирэв.
Энэ нь Сургаал ба Гэрээ 87:8 дахь миний дуртай шүлэг буюу тэр өглөө ээжийн минь илгээсэн шүлгүүдийн нэг байлаа. “Иймийн тул, ариун газруудад зогсогтун та нар, мөн Их Эзэний өдөр ирэх хүртэл бүү шилжин нүүлгэгд; учрыг болгоогтун, энэ нь гэнэт ирэх болой хэмээн Их Эзэн айлдсан билээ. Амен.”
Ээж яагаад тэр шүлгийг яг тэр өдөр надад илгээснийг би мэдэхгүй ч энэ нь амьдралынхаа туршид дуртай байсан шүлгүүдийн минь нэг байв. Би тэр шүлгийг 8 настай байхдаа цээжилсэн ба энэ нь надад зоригтой, дуулгавартай, итгэдэг зүйлийнхээ төлөө зогсохыг ахин дахин сануулдаг байсан юм.
“Ариун газруудад зогсогтун та нар.”
Би өрөөнийхөө хүүхдэд “Би явлаа” гэлээ. Өглөө ээжийнхээ надад илгээсэн судрын шүлгийн талаар түүнд тайлбарлав. “Энэ бол миний зогсох ёстой газар биш” гэж би хэллээ.
Өрөөний минь охин ч гэсэн тэнд байхыг хүсэхгүй байгаагаа надад хэлэв. Түүнд ч гэсэн тавгүй байсан ба ганцаараа гарч яван, бүтэхгүй амьтан гэж харагдахыг хүсэхгүй байсан гэдгээ хэлэв. Өөрт нь энэ талаар ярьсанд тэр надад баярлаад, бид гарч явсан.
Дараа өглөө нь биднийг гарсны дараахан үдэшлэгт үлдсэн хүүхдүүд баригдаж, согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэсэн тул тэмцээнд орох эрхээ хасуулсныг бид мэдлээ.
Ээжийн илгээсэн шүлэг санаанд орж ирээгүйсэн бол би ч гэсэн тэмцээнд орох эрхээ хасуулах байсан байв. Би нэгдүгээр байранд орсон бөгөөд тэмцээнд оролцох боломжтой байсандаа үнэхээр их баярласан. (Ээж минь надад мессеж илгээдэг байсанд би өдөр бүр талархдаг.)
Хүндийг өргөх тэмцээнд ялсан маань зарлиг, тушаалуудыг дагасны шууд адислал байсан нь ойлгомжтой. Гэхдээ Сургаал ба Гэрээ 87:8-д “Хүндийг өргөх тэмцээнд ялахын тулд ариун газруудад зогсогтун” мөн Иохан 14:15-д “Хэрэв та шууд адислагдахыг хүсвэл, Миний тушаалуудыг сахь” гээгүй. Их Эзэн бидэнд хайртай учраас биднийг адисалдаг. Мөн бид Их Эзэнд итгэж найдан, Түүнийг хайрладаг болохоор ариун байж, дуулгавартай байхыг хичээдэг билээ.