2019
Хэрэв та нар Намайг хайрладаг бол
2019 оны 1-р сар


Хэрэв та нар Намайг хайрладаг бол

Young Women General Presidency

Өсвөр үеийнхний 2019 оны уриа үйлдэл хийхэд дуудсан бөгөөд бидний Аврагчийн Өөрийн биеэр өгсөн урилга юм. Та нар бүгдээрээ үүнийг хүлээн авсан уу? Та нар Түүнд хайртай юу? Та нар Түүний гаргасан замаар явахыг хүсэж байна уу?

Аврагч Есүс Христ маань бидний өөрсдөө хийх боломжгүй байсан зүйлийг бидний өмнөөс хийсэн. Харин Тэр үүний хариуд биднээс юу хийхийг хүсдэг вэ? Тэрээр биднээс ‘түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд’ (Моронай 4:3-ыг үзнэ үү) зарлигуудыг нь дагахыг хүсдэг.

Зарлигууд нь хайрын бэлэг юм. Аврагч “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” хэмээн энгийнээр хэлсэн. Гэхдээ яагаад? Яагаад гэвэл, Тэр ТА НАРТ хайртай! Тэр та нарыг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тэр та нарын амьдрал баяр баясгалан, эцэс төгсгөлгүй боломж бололцоогоор дүүрэн байгаасай гэж хүсдэг. Тэр та нарыг аюулгүй, дэлхийн ёс бус зүйлээс хамгаалагдсан байгаасай гэж хүсдэг. Тэр та нарыг “хүлээн авах хангалттай зай байхгүй болтол” (3 Нифай 24:10) тийм агуу ихээр адислахыг хүсдэг. Тэр та нарыг Түүнд эргэн ирж, Тэнгэрлэг Эцэгийн бүх амласан адислалаас хүртээсэй гэж хүсдэг.

Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг хэчнээн их хайрладгийг үргэлж санаж яваарай. Тэрээр та нарыг төгс хайрладаг. Та нар Түүний зарлиг, тушаалуудыг сахиснаар хайраа харуулж чадна. Та нарын зөв шударга үйлдэл өөрсдөд тань болон эргэн тойрныхонд тань асар их адислалыг авчрах болно.

Бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний хэлснээр: “Та нар Их Эзэний өсвөр үеийнхний армид байх нь бидэнд хэрэгтэй байна. Энэ арми та нараар дутагдаж байна!” Тэр та нарыг Залуучуудын бат бөх байдлын төлөө гарын авлага дахь жишгийн дагуу амьдарч, ”Есүс Христийн жинхэнэ шавийн адил харагдан, сонсогдож, үйлдэж, хувцаслах” замаар “босож зогсон [мөн] дэлхийнхнээс өөр байхад” урьсан (“Израйлийн найдвар” [өсвөр үеийнхний дэлхий даяарх шууд нэвтрүүлэг, 2018 оны 6-р сарын 3], 8, HopeOfIsrael.lds.org).

Та нар Их Эзэнийг болон Түүний бошиглогчдыг дагахыг эрэлхийлэх үед Ариун Сүнсний хүч та нарыг Бурханы хайраар дүүргэж, Бурханы охид, хөвгүүд хэмээх бурханлаг мөн чанарын тань талаар гэрчлэх болно. Зөв шударга амьдрахыг хичээх үед тэдгээр адислал өсөн нэмэгдэнэ. Их Эзэн болон бошиглогчид та нарт итгэж найддаг. Тэд та нарт хайртай. Та нарыг дуулгавартай байж, зарлиг, тушаалуудыг сахивал асар их итгэл үнэмшил, өөртөө итгэлтэй байдал, амар амгалан ирнэ гэдгийг бид амлаж байна.