2019
Миний тушаалуудыг сахь
2019 оны 1-р сар


Миний тушаалуудыг сахь

Young Men General Presidency

Танд хэзээ нэгэн цагт “Би залбирлуудад маань хариулж, намайг адислаасай гэж хүсэж байгаагаа Тэнгэрлэг Эцэгт хэрхэн харуулж болох вэ?” гэсэн бодол төрж байсан уу? Аврагч Есүс Христ “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” (Иохан 14:15) хэмээн хэлэхдээ үндсэн зарчмыг өгсөн.

Өөрөөр хэлбэл, бид Тэнгэрлэг Эцэгийн зарлиг, тушаалуудыг сахиснаар Түүнийг хайрладаг гэдгээ харуулдаг.

Заримдаа хариулт нь бидний хүссэн цагт, хүссэн арга замаар ирдэггүй тул бид бууж өгөх эсвэл дуулгаваргүй байх уруу таталтад орж магадгүй. Гэхдээ биднийг тэвчээртэй байж, сонсох юм бол Их Эзэн Өөрийн цагт, Өөрийн арга замаар хариулах болно. Тэр зөв шударга залбиралд үргэлж хариулдаг. Тэр дуулгавартай байдлыг үргэлж адисалдаг (Мозая 2:21–24-ийг үзнэ үү).

Дэлхийнхэн хайранд үүрэг хариуцлага хамаарагддаггүй гэж заадаг. Гэвч үнэндээ үүний эсрэг байдаг нь үнэн юм. Бурханыг гэх бидний хайр Түүний зарлиг, тушаалуудыг дагах хүсэл, хичээл зүтгэлээс маань харагддаг.

Аврагч “Үнэн та нарыг чөлөөлнө” (Иохан 8:32) хэмээн заасан. Цаашилбал, бошиглогч Алма “ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” (Алма 41:10) гэж тунхагласан. Мөн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн “Энэ дэлхийн сууринаас өмнө дээр нь бүх адислал тулгуурлагдсан хууль тэнгэрт эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон болой—Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу” (Сургаал ба Гэрээ 130:20–21) хэмээн заасан.

Дуулгавартай байснаар аз жаргал, адислал, удирдамжуудыг хүлээн авдаг. Тэнгэрлэг Эцэг таныг хайрладаг болохоор аз жаргалтай, эрх чөлөөтэй байгаасай гэж хүсдэг бөгөөд тийм ч учраас зарлиг тушаалуудыг өгдөг. Бид энэ дэлхийгээс олох боломжгүй тийм амар амгаланг олохын тулд Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд өөрсдийгөө нийцүүлэх нь аз жаргалд хүрэх цорын ганц арга зам юм гэдэгт суралцах хэрэгтэй.

Тэнгэрлэг Эцэг таныг мөнхийн аз жаргалыг олоосой хэмээн хүсдэг. Түүний бошиглогчид таныг хэмжээлшгүй их баяр баясгаланг олоосой хэмээн хүсдэг. Бид таныг Аврагчийг дагаснаар олж авсан тэрхүү амар амгаланг олоосой хэмээн хүсдэг. Түүний үзүүлсэн замаар явагтун (“Lord, I Would Follow Thee,” Hymns, no. 220-ийг үзнэ үү). Дуулгавартай байхыг сонго. Өөрийн хүслээр дуулгавартай байх нь жинхэнэ эрх чөлөө, аз жаргал руу таныг хөтөлнө.