Санал зөвлөмж
Хамгийн чухал шийдвэр
2005 оны арванхоёрдугаар сард Сүмийн гишүүн зарим төрөл садангууд маань Колумбид эхнэр бид хоёр дээр айлчилж ирэв. Тэд гэр лүүгээ буцахаас өмнө авга ах маань надад хоёр гайхамшигтай бэлэг өгсөн нь– гурамсан судар, Лиахона сэтгүүлийн хэдэн хуучин дугаар байлаа.
2004 оны арваннэгдүгээр сарын дугаарыг би уншиж эхлэв. Энэ дугаарт аравдугаар сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгс байлаа. Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн хэлсэн “Сүмийн нөхцөл,” Ахлагч Жеффри Р.Холландын хэлсэн “Бошиглогчид, үзмэрчид, илчлэгчид” гэсэн үгсийг би уншлаа. Энэ хоёр агуу хүний гэрчлэлүүд Мормоны Ном болон Библийг уншиж эхлэхэд намайг хөтөлсөн юм.
Үр дүн нь гэвэл надад өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй гайхамшигтай зүйл байлаа. Эхнэр бид хоёр өмнө хэзээ ч гаргаж байгаагүй хамгийн чухал шийдвэр гаргаж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болж баптисм хүртсэн билээ.
Эдгар Хенри Мукоз Поррас, Колумб
Үндэс суурийг нь бэлтгэж байна
Лиахона сэтгүүлийн төлөө чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг би хүсч байна. Сүнслэгээр нөлөөлөгдсөн дугаар бүрийг анхааралтай уншсанаар миний гэрчлэл асар их өсч бэхэжсэн билээ. Эдгээр өгүүллүүдийн үнэнийг Ариун Сүнс надад олон удаа баталж, намайг талархлаар дүүргэсэн юм.
Эдгээр сүнслэг туршлагуудын үр дүнд, сэтгүүл дэх захиасуудыг бусад хүмүүстэй хуваалцах хүсэл надад төрж байна. Нэг үеэлдээ би сэтгүүлийн захиалгаар бэлэг явууллаа. Тэрээр сэтгүүлд дуртай болсноо бас үүнийг үргэлж уншдагаа надад ярьсан. Гэрээнүүд хийж, эдгээрийг сахихын ач холбогдлыг мэдэхэд энэ сэтгүүл түүнд тусална гэдэгт би итгэдэг.
Би бас Лиахонагийн хувиудыг өөр оронд байдаг нэг найз болон багшдаа явуулдаг. Сэтгүүл түүнд таалагддаг, мөн үүнийг байнга хүлээн авахыг хүсдэгээ тэр надад ярьсан. Энэ бол нэгэн өдөр тэр эмэгтэй сэргээгдсэн сайн мэдээг сонсож, хүлээн авах үндэс суурийг нь би бэлтгэж байгаа хэрэг юм.
Пенилоп Б.Вүүдворд, Техас, АНУ
Итгэлтэй байдлын Сүнс
Лиахонагийн чуулганы дугаарыг авахаараа би хуудас бүр дээрх зургуудыг хардаг. Би хүмүүсийн нүүр царай, бас чуулганы өөр өөр хэсгүүдийг харах дуртай. Чуулганы үеэр бүх дэлхий даяар оршдог сүнсийг мэдрэхэд эдгээр нь надад тусалдаг. Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдүүд хичнээн сайхан юм бэ! Сэтгүүлийн дугаар бүр нь нүүрэнд минь инээмсэглэл авчирдаг. Та бүгдийн үл үзэгдэх хүчин чармайлтуудын төлөө баярлалаа, Лиахонагийн ажилчид та бүгдэд баярлалаа.
Жанг Елай, Солонгос
Шударга Элиас
Лиахона бидэнд маш их таалагддагийг би та бүгдэд мэдэгдэхийг хүсдэг байлаа. Миний хүү Элиас (тэр үед хоёр настай байсан) 2007 оны гуравдугаар сарын дугаар дахь “Үнэнч шударга Морган” түүхэнд дуртай байлаа. Үүнийг би түүнд олонтаа уншиж өгдөг байв. Тэр ч байтугай хүү маань энэ түүхийг үг бүрчлэн ярьж чаддаг байлаа. Ийм богинохон түүхүүдийг үргэлж нийтэлж байвал би баяртай байх болно.
Би өөрөө Лиахонаг эхнээс нь эцсийг нь дуустал уншдаг, мэдээ, өгүүллүүд, санаанууд надад таалагддаг. Сүнсний тэжээл хүлээн авах боломжийн төлөө та бүгдэд баярлалаа.
Соня Гурген, Герман