Бошиглогчийн дуу хоолойг сонсогтун
Сайн мэдээний бэлэг
2003 оны ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.
Бямба гараг бол дэлхий даяар зах ажилладаг өдөр билээ. Гана, Эквадор, Филиппиний арлуудад хүмүүс өөрсдийн хийсэн бүтээгдэхүүн, гар урлалын зүйлсээ хот руу авчирч зардаг. Тэд замд тааралдсан хүмүүстэй уулзан ярилцдаг бөгөөд тэдгээр хүмүүсийн дунд хожмын үеийн гэгээнтнүүд ч байдаг. Тэдний хооронд болдог яриа нь энэ дэлхийн хаана ч таны сонсож болох үгс байдаг ч Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд нэг ялгаа байдаг юм. Үүнийг тэдний нүднээс, мөн ярианаас нь олж харж болно. Тэд ярилцаж буй хүнээ маш анхааралтай сонсож, хүндэтгэлтэй ханддаг.
Хэрэв энэхүү яриа нь цөөн хэдэн минутаас илүү үргэлжилбэл тэдний дунд нилээд гүн сонирхолтой яриа өрнөж болох юм. Тэд итгэдэг зүйлсээсээ ирдэг аз жаргалын тухай бас гуниг зовлон авчирдаг зүйлс нь юу болох тухай ярилцаж ч магад. Зарим үед Хожмын Үеийн Гэгээнтэнд, “Та яагаад ийм амар тайван байдаг вэ?” гэсэн асуулт ирж болно. Хариулт нь энгийн намуухан бөгөөд Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр залуу хөвгүүн Иосеф Смитэд үзэгдсэн тухай мөн цаашлаад Мормоны Номонд дүрсэлсэн, амилсан Аврагчийн маань хайрын тохинууллын тухай ч байж магадгүй.
“Би үүнийг яаж хийх вэ? Би итгэдэг зүйлсээ бусадтай хэрхэн илүү сайн хуваалцаж чаддаг болох вэ?” гэж та асууж болно.
Би Аврагчийн итгэлтэй, үр бүтээлтэй гэрч нарын талаар залбиралтайгаар хянамгай судалж үзсэн. Тэд юу хийдэг талаар тодорхой нэг загвар байхгүй юм. Зарим хүмүүс хэн нэгэнд өгөх Мормоны Номыг үргэлж авч явдаг. Өөр нэг хүмүүс нь номлогч нараар хичээл заалгах хэн нэгнийг олж, цаг тохироход нь тусалдаг. Тэдгээр хүмүүс юу хийхээ мэдэхийн тулд харин тогтмол залбирдаг ажээ.
Юу хийх ёстойгоо мэдэж, түүнийгээ хийх л юм бол бид тэдгээр хүмүүстэй ядаж, хоёр арга замаар адил болж болох юм. Нэгдүгээрт, тэд өөрсдийгөө Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрт хүүхдүүд гэдгээ мэдэрдэг болохоор Түүнд байнга залбирдаг. Хоёрдугаарт, сайн мэдээний тухай хялбархан ойлгогдохоор ярьдаг хүмүүс бол, Есүс Христийн талархалтай шавь нар юм. Сайн мэдээ өөрсдөд нь ямар үнэ цэнэтэйг тэд үнэлж мэддэг. Өөрсдийнх нь хүлээн авсан бэлэг нь үүнийг хүлээн авахад бусдыг дур сонирхолтой болгодог. Тэд Аврагчийн хайрыг мэдэрсэн байдаг.
Амьдралынхаа ямар нэгэн зүйлийг илүү сайн болгох хүсэлтэй хүмүүстэй уулзуулж өгөх боломжийн төлөө залбир. Тэдэнд хэрхэн тусалж болох талаар мэдэхийн тулд залбир. Таны залбирлууд хариулагдах болно. Та Их Эзэний бэлтгэсэн хүмүүстэй учрах болно.Тэнгэрлэг Эцэг танд хайртай, танд итгэж найддаг бөгөөд Түүний хүслийг та биелүүлснээ мэдэж, Түүнтэй хичнээн ойр байгаагаа мэдрэх болно.