Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф: Гэр бүлдээ хайртай, итгэл бишрэлтэй, урьдчилан томилогдсон нэгэн
Зүүн Герман1 дахь гэрээ орхин эрх чөлөөт амьдралыг эрэлхийлэн Өрнөд рүү 1952 онд гэр бүлтэйгээ зугтан гарсан 11 настай Диетер Угдорфын зүрх сэтгэл ямар их хэцүү байсныг та нар төсөөлж чадах уу? Улс төрийн шалтгааны улмаас Диетерийн аавын амьдрал маш хүнд хэцүү нөхцөлд ороод байжээ. Эхнэр хүүхдүүддээ учирч болох эрсдэлийг багасгахын тулд тэрээр ганцаараа зугтан гарахаар болжээ. Хардалт сэрдэлтээс болгоомжлохын тулд гэр бүлийн үлдсэн гишүүд хамтдаа явах боломжгүй байв. Тэд нэг нэгээрээ оргон гарахаар төлөвлөжээ.
Төлөвлөгөө ч хэрэгжүүлэв. Диетерийн хоёр ах Волфганг, Карл-Хейнз нар төрөлх хот Звикаугийнхаа хойд талын замаар явав. Эгч Кристел нь өөр хоёр охины хамт Зүүн Германаас Баруун Германаар дайран өнгөрдөг галт тэргэнд суужээ. Галт тэрэг Баруун Германаар дайран өнгөрөх үед охид галт тэрэгний үйлчлэгчээс хаалга онгойлгохыг гуйж, галт тэрэгнээс үсэрцгээжээ.
Хүүхдүүдийн хамгийн бага нь болох 11 настай Диетер, эхийнхээ хамт бас нэг өөр замыг сонгожээ. Тэд бага зэрэг хоол хүнс, Дэлхийн II дайны сүйрлээс үлдсэн гэр бүлийнхээ нандин гэрэл зургийг авч явжээ. Олон цагийн турш алхсаны дараа Угдорф эгчийн хөл сульдаж эхэлжээ. Диетер ачаагаа авч, ээждээ туслан, эрх чөлөөнд хүргэх эцсийн толгод өөд мацаж эхэлжээ. Тэд тэнд өл дарахын тулд түр амсхийх үедээ Оросын хамгаалагч нарыг харав. Хил хүрэхэд багахан зай үлдсэнийг тэд ухаарчээ. Эх хүү хоёр зорилгодоо хүрэхийн тулд хоол хүнсээ хурааж, үүргэвчээ үүрцгээн илүү өндөр толгодыг давав.
Диетер ээжийнхээ хамт, замын машинд дайгдаж бас явган алхсаар Франкфуртын дэргэдэх хотод ирэх аяллаа үргэлжлүүлжээ. Урт удаан үргэлжилсэн, аюул ослоор дүүрэн салалтын эцэст уг гэр бүл дахин нэгдсэн байна. Ах нар нь түрүүлж ирэн, дараа нь аав нь ирэв. Тэгээд Диетер ээжтэйгээ ирж, эгч нь хамгийн сүүлд ирэв. Гэр бүл дахин нэгдсэн нь баяр хөөрөөр дүүрэн мөч байлаа.
Өөрсдийн бүх эд хөрөнгөө ардаа үлдээсэн нь тэдний хувьд тийм ч чухал биш байв.
Долоон жилийн дараа Дэлхийн II Дайн дуусах дөхөөд байхад, харийн зэвсэгт хүчнийхэн ирж тэд орон гэрээ орхин дахин зугтах шаардлагатай болсон юм. Эдүгээ тэд дахин цагаачид болцгоов. Дахиад л тэд юу ч үгүй хоцорч эхнээс нь эхлэх хэрэгтэй болжээ. Гэхдээ тэд хамтдаа байлаа. Тэдэнд Бурханд итгэх итгэл нь, таван жилийн өмнө нэгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэл нь байлаа.
Франкфуртын ойролцоох тэдний нэг өрөө байр нь маш жижигхэн бас хулгана үүрлэсэн байлаа. Эргэн тойрон гүйж буй мэрэгчид залуу Диетерийн сонирхлыг татаж байлаа. Франкфуртын нийтийн унаа нилээд хямд байсан ч, тэд долоо хоног бүр гэр бүлээрээ сүм уруу явах боломжгүй байв. Тиймээс тэд ээлжлэн явцгааж байлаа.
Ерөнхийлөгч Угдорф гэр бүлийн талаар үнэхээр их санаа тавьдагт гайхаад байх зүйл үгүй. Гэр бүл нь Бурханаас томилогдсон гэдгийг тэрээр чин сэтгэлээсээ гэрчилдэг. Гэр бүл бол түүний хувьд хамгийн чухал үнэ цэнэтэй зүйл юм. Энэ хүчирхэг итгэл нь түүний гэр бүлд таригдаж мөн тэжээгдсэн. Тэнд тэрээр Бурханы Сүмийн санваарын удирдагч болох урьдчилсан томилолтдоо бэлтгэгдэж эхэлсэн юм.
Гэр бүлийн хүн
Диетер Фриедрих Угдорф 1940 оны арваннэгдүгээр сарын 6-нд Чехсловакийн Махрич-Острау хотод сайн эцэг эх Карл Алберт Хилдегард, Елсе Опелт Угдорф хоёрын хүү болон мэндэлжээ. 1944 онд гэр бүл нь Чехословакаас Германы Звикау уруу нүүсэн байна. 1949-1990 оны хооронд Звикау нь Зүүн Германы харъяанд байсан бөгөөд нүүрсний уурхайн төв байв. Дэлхийн II Дайны үед энэ нь стратегийн гол ач холбогдолтой газар байсан тул холбоотны бөмбөгдөгчдийн гол бай болж байв. Дөрвөн настай Диетерт аймшигтай байсан ч толгой дээгүүр нь өнгөрөх онгоцнуудын гэрэл түүнд сонин байжээ. Агаарын довтолгооноос хамгаалах байрны талаар ээж нь түүнд ярьж байсныг тэр санадаг. Европт дайн ид болж байсан тэр үед нөхрөө Германы армид татагдахад, ээж нь гэр бүлээ тэжээх гэж зүтгэж байжээ.
Дайны дараа Диетерийн эцэг Звикауд нүүрсний болон ураны уурхайнуудын хортой нөхцөлд ажиллаж байсан нь хорт хавдраар өвчлөхөд хүргэж тэрээр 62 настайдаа Германд нас баржээ. Аав нь эелдэг дөлгөөн, хайраар дүүрэн, хүч чадалтай, нинжин сэтгэлтэй хүн байсныг Ерөнхийлөгч Угдорф дурсан санадаг. Аав нь дикон, багш, прист, ахлагчийн үүрэг хариуцлагаа эрхэмлэн дээдэлдэг байжээ.
1991 онд өөд болсон ээж Хилдегард нь зөвхөн зоригтой нэгэн байсангүй, бас үнэн хөрвөгч, бие сэтгэлээ зориулсан шавь байж, Сүмийн олон дуудлагад үйлчилж байжээ.
Эцэг эх хоёр нь хүүхдүүдийнхээ хамт Швейцарийн Ариун сүмд лацдан холбуулсан аж. Тэр цагаас хойш хоёр ах нь Вольфганг Хейнз, Карл Хейнз нар нь нас баржээ. Германд номлолд үйлчилсэн эгч Кристел Угдорф Аш нь эдүгээ Нэгдсэн Улсын өмнөд хэсэгт орших Техаст амьдарч байна.
Ерөнхийлөгч Угдорф Сүмийн Мючелд явж байхдаа ирээдүйнхээ эхнэр Харриет Рейхтэй танилцсан аж. Харриетийг 13 настай байхад нь номлогч нар тэдний хаалгыг тогшиж, сайн мэдээг зааснаар ээж, эгч нарынхаа хамт баптисм хүртжээ. Ердөө наймхан сарын өмнө аав нь хавдраар нас барсан байлаа. Ээж, эгч хоёр нь ч бас талийгаач болов.
Рейхийн гэр бүлд зааж, баптисм хүртээсэн номлогчдын нэг Ахлагч Гари Женкинст гайхамшигтай шагнал ирсэн ажээ. Хэдэн арван жилийн дараа буюу 2008 оны хоёрдугаар сарын 16-нд ач охин Кристалыг нь нөхөр Стийвентэй нь Тэргүүн Зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф Солт Лейкийн Ариун Сүмд лацдан холбосон энэ өдөр түүний хувьд хичнээн баяртай өдөр байв аа.
Харриет Диетер хоёр1962 оны арванхоёрдугаар сарын 14-нд Швейцарийн Бернийн Ариун сүмд лацдан холбуулсан аж. Тэрээр Харриетыг “амьдралд гийсэн нарны гэрэл” хэмээн дууддаг ажээ. Эхнэрийнх нь дэмжлэг хүч чадлынх нь байнгын эх сурвалж юм. Тэр бас амьдралынх нь хайр юм. Харриет нөхрөө бусдыг хайрлах их хайр, өрөвч нинжин сэтгэлтэй хүн гэж ярьдаг. “Тэр бол өрөвч нинжин сэтгэлтэй, сайн удирдагч хүн. Энэ үгийг бид хамт ажилладаг байсан мэргэжлийн нөхдөөс нь ч, Сүмийн найз нараас нь ч сонсдог. Тэр бол намайг дэмжиж туслах арга замыг үргэлж хайж байдаг, гайхамшигтай нөхөр юм. Тэр бас их наргианч, оюун билэгтэй хүн. Түүний эхнэр болсноороо би үлэмж ихээр адислагдсан хүн.”
Тэд хоёр хүүхдийн эцэг эх юм. Охин Анте нь Давид А.Ийванстай гэрлэсэн аж. Анте Давид хоёр гурван хүүхэдтэй: 19 настай ихэр Даниел, Патрик болон 8 настай Эрик. Тэд Германы Дармстадад амьдарч байна.
Угдорфын хүү Гейдо Колумб дүүргийн Вашингтонд номлолд үйлчилсэн байна. Тэрээр Швейцарийн Базелаас ирсэн Каролин Вальднертай гэрлэжээ. Гейдо, Каролин нар эдүгээ Швейцарийн Цюрихийн ойролцоо амьдарч байна. Гейдо Швейцарийн Сейнт Галлен гадасны Вецикон тойргийн бишоп. Тэд долоон настай Жасмин; таван настай Робин, нэг настай Никлас Айван гэдэг гурван хүүхдийн эцэг эх юм.
Аавынх нь тухай бас түүний шинэ дуудлагын тухай асуухад Анте, “Бид гайхамшигтай эцэг эхтэй байхаар адислагдсан хүмүүс. Биднийг бага байхад аав маань завгүй байсан атлаа, яаж бидэнд зориулж үргэлж цаг гаргадаг байсныг би анзаардаггүй байжээ. Тэрээр биднийг хэзээ ч хоёрдугаарт тавьдаггүй байлаа. Шаардлагатай үед бид түүний зөвлөгөөг хүсдэг. Ямар ч асуулт байсан Опа (өвөө нь) хариуг нь мэднэ гэж хүүхдүүд маань боддог. Одоо тэр Тэргүүн Зөвлөлд орлоо, чадах бүхнээ хийх бүр ч илүү их хариуцлагаа бид мэдэрч байна” хэмээн хариуллаа.
Гейдогийн дурсамж ч мөн л үүнтэй нэлээд адилхан байна. Хэдэн жилийн өмнө тэр эгч, ээж, аавтайгаа хамт цанын хичээл заалгаж байсан аж. Цанаар гулгаж, цагийг хамт өнгөрүүлдэг гэр бүлийн энэ сайхан уламжлалыг тэр үед эхэлсэн юм. Аав нь нисгэгч мэргэжилтэй болохоор удаан хугацаагаар гэртээ байхгүй байх нь зайлшгүй тохиолдоно гэдгийг Гейдо ойлгодог байв. “Гэвч аавыг эргэж ирэхэд бид тоглож, яриа хөөрөө өрнүүлж, хамтдаа инээлддэг байлаа. Мөн ч сайхан цаг байлаа!” гэж Гейдо нэмж өгүүлэв.
Гейдо Анте хоёр гэр бүлээрээ цагийг хамтдаа өнгөрүүлэхийн ач холбогдлыг эцэг эхээсээ суралцжээ. Зугаалгаар явах нь хүмүүжлийн шинжтэй байна уу, эсвэл идэвхтэй амралт байна уу ялгаагүй, гэр бүлийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд тусалдаг байлаа. Алс холын зайнаас эцэг эх, эмээ өвөөгийн үүргийг хэрэгжүүлэхэд нь эдүгээ орчин үеийн технологи Угдорфынхны гэр бүлд тусалж байна. Электрон шуудан, телефон утас мөн интернэтээр дамжуулан киноны клип гэрэл зургууд дамжуулан харилцдаг юм.
Гэвч хамтдаа өнгөрүүдэг цаг нь тэдний хувьд үнэ цэнэтэй юм. Ялангуяа Гейдогийн хувьд 2008 оны дөрөвдүгээр сарын чуулганд оролцож, аав нь Чуулганы Төвд индэр дээр сууж байгааг харах нь бахархалтай байжээ.
Ерөнхийлөгч Угдорф гэр бүлдээ зөвлөгөө өгөхдөө тулгуур зарчмуудад ямагт анхаарал тавьдаг ажээ. “Залбирлаас, судар судлахаас, зарлигуудад дуулгавартай байснаас тэрчлэн эелдэг нааштай харилцаанаас ирдэг адислалуудын тухай аав заадаг. Эдгээр зарчмууд түүний хувьд “Колоб” хаана байдгийг мэдэх гэж сонирхохоос хавьгүй илүү чухал юм” хэмээн Гейдо тайлбарлалаа.
Ерөнхийлөгч мөн Угдорф эгч хоёр хуримынхаа 40 жилийн ойг тохиолдуулан ариун нандин ёслолуудыг хамтдаа гүйцэтгэхийн тулд Швейцарийн Бернийн Ариун сүмд хүүхдүүд болон тэдний эхнэр нөхрүүд ач зээ нарынхаа хамт цугласан ажээ. Энэ ариун сүм Харриет, Диетер нарын хувьд эрхэм нандин газар юм, учир эцэг эх нь, тэд өөрсдөө, бас хүүхдүүд нь бүгдээрээ энд лацдан холбуулжээ.
Итгэл бишрэлтэй хүн
Хосгүй өвөрмөц, гуйвшгүй итгэл бишрэлийн тухай ойлголтгүйгээр энэ агуу хүний амьдралыг судалж чадахгүй. Тэр бол Бурханд итгэх төгс итгэлтэй хүн, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлтэй, Сүмд итгэх итгэлтэй, бас шаардлага гарсан үед тэнгэрлиг тусламж түүнд ирэх болно гэдэгт итгэдэг хүн.
Эцэг эх нь эрх чөлөө, итгэл бишрэлийнхээ төлөө амь насаараа дэнчин тавьж явсан хүмүүс. Аав нь өөрийн санваараа дээдлэн хүндэлдэг хүн байлаа. Тэрээр залбирахыг, тэрчлэн Их Эзэнд итгэхийг ялангуяа тэд аюул эрсдэлтэйгээр Зүүн Германаас зугтах үеэр ээжээсээ сурсан ажээ.
Ерөнхийлөгч Угдорф ээжийгээ онцгой ухаалаг хүн байсан гэдэг. Ээж нь цээжээрээ тоо бодож чаддаг байсан бөгөөд үүнийг яаж боддогийг түүнд заадаг байсан гэж тэр ярьдаг. Тэдний гэр бүл хоёр удаа дайнаас дүрвэн, мөнгөгүй байхдаа ч тэд аравны нэгээ төлж байжээ. Энэ хуулийг дуулгавартай дагасан хүмүүс дээр Их Эзэн тэнгэрийн цонхыг нээж, адислалуудыг хальтал асгах болно гэдгийг тэд мэдэж байв.2
Баруун Германы Номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан, Ахлагч Теодор М.Бөөртөнийг (1907–1989) Ерөнхийлөгч Угдорфт хайрлан хүндэтгэдэг байжээ. Германы олон сайн Хожмын үеийн Гэгээнтнүүд эх орноо орхин явж байсан үед Германд үлдэж, энд Сүмийг байгуулах тухай Ахлагч Бөөртөний зөвлөгөөг Угдорфынхны гэр бүл анхааралдаа авсан юм. Диетер Ф.Угдорфыг Ахлагч Бөөртөн ахлагчийн албан тушаалд томилсон бөгөөд мартагдахын аргагүй дурсамж болон үлдсэн зааврыг өгснийг Диетер ширхэгчлэн биелүүлсэн ажээ. Сүмийг бэхжүүлэхийн тулд Европт үлдэх талаар Угдорфынхны гэр бүлд Ахлагч Бөөртөний өгсөн зөвлөгөөний ач холбогдлыг Харриет Угдорф эгч ойлгож байлаа. Энэ нь тэдний хувьд “тушаал” болсон ажээ. Хүүхдүүд нь ч эл зөвлөгөөг дуртайяа дагасан юм. Одоо харин, эцэг эх нь Нэгдсэн Улсад очсоныг хүүхдүүд нь тоглоом наргиа болгон шүүмжилдэг аж, учир нь тэд Европт үлдсэн шүү дээ.
Мэдээж хэрэг, Ахлагч Бөөртөн бол Ерөнхийлөгч Угдорфт асар их нөлөө үзүүлсэн цорын ганц хүн биш л дээ. Диетерийг диконуудын чуулгын ерөнхийлөгчөөр онцгойлон адисалсан салбарынхаа ерөнхийлөгчийг тэрээр дурсдаг ажээ. Салбарын ерөнхийлөгч чуулгын шинэ ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагуудыг түүнд бүх талаас нь нарийн зааварчилсан гэдэг, хамгийн доод шатны удирдагчийн үүргийг шалихгүй зүйл гэж үзээгүй энэ зааврын ач холбогдлыг Диетер мартдаггүй, учир нь түүнээс гадна диконы чуулгын ердөө ганцхан гишүүн байсан гэдэг.
Энэ гэр бүлийн итгэл ерөнхийлөгч Угдорфын эмэг эхийн итгэл бишрэлээр төлөвшин хөгжсөн юм. Дэлхийн II Дайн дууссаны дараа түүнийг хүнсний дараалалд зогсож байхад нь өөрийн гэсэн гэр бүлгүй нэгэн ахимаг настай ганц бие эгч түүнийг ариун ёслолын цуглаанд урьжээ. Эмээ нь бас түүний эцэг эх хоёр урилгыг хүлээн авсан байна. Тэд Сүмд ирж, Сүнсийг мэдэрч, бусад гишүүдийн эелдэг найрсаг харьцаа тэднийг өргөж, Сэргээлтийн дууллууд тэднийг сэнхрүүлсэн аж.3 1947 онд Диетерийн эцэг эх Звикауд баптисм хүртэв. Диетер бараг хоёр жилийн дараа найман настайдаа баптисм хүртжээ. Энэ гэр бүлийн Сүм дэх итгэлтэй байдал улам хүчтэй, бат бөх болсон юм.
Амжилтад хүрэх хувийнхаа чадварт итгэлтэй байдаг нь түүний итгэл бишрэлийн суурь болдог. Түүний ажил албаны гараа инженерийн боловсролоор эхэлж, дараа нь Германы Нисэх Хүчинд зургаан жил алба хашжээ. Улмаар Германы болон Нэгдсэн Улсын засгийн газруудын харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнд тэрээр Техасын Биг Спринг дэх нисгэгчийн бэлтгэлийн сургуульд орж, Герман, Америкийн Нисэх Хүчинд ажиллах зөвшөөрөл авчээ. Тэрээр ангидаа гарамгай оюутан нисгэгч байсныхаа төлөө, хүн бүхний авахыг эрмэлздэг ‘Командлагчийн Цом’ шагналыг хүртэв. Диетер Ф.Угдорф 1970 онд 29 настайдаа Люфтханза Агаарын Тээврийн ахмад цолыг хүртжээ. Улмаар тэрээр Люфтханзагийн ерөнхий нисгэгч, нисэхийн үйл ажиллагааны ахлах дэд ерөнхийлөгч болов.
2004 онд Арванхоёрын Чуулгад дуудагдахын өмнө Ахлагч Угдорф бид хоёр Европ руу Люфтханзагийн нислэгээр тохиолдлоор хамт аялсан юм. Нэг онгоцоор зорчиж явсаар Ерөнхий эрх мэдэлтнүүдийг зорчигчид таньж, мэндлэх нь ер бусын зүйл биш. Гэвч энэ удаад тэгж мэндчилэх нь огт өөр байв. Люфтханзагийн багийн бараг гишүүн бүр хуучин ерөнхий нисгэгчтэйгээ мэнд усаа мэдэлцэх гэж ихэд хүсэн тэмүүлж байлаа. Тэд түүнтэй гар барих гэж дараалан зогсож байв. Түүнд хүндэтгэл үзүүлэх гэсэн тэдний санаа надад нэн тодорхой байлаа. Тэд түүний агуу итгэл бишрэлийг бас тэдэнд тавьдаг байсан түүний анхаарал халамжийг ойлгодог нь харагдаж байлаа.
Их Эзэнд итгэх Ерөнхийлөгч Угдорфын итгэл нь Сүмд үйлчлэх дуудлагыг хүлээн авна гэсэн нотолгоо байлаа. 1985 онд тэрээр Германы Франкфурт гадасны ерөнхийлөгчөөр дуудагджээ. Дараа гадасны хилийн зааг өөрчлөгдөхөд тэрээр Германы Маннхейм гадасны ерөнхийлөгчөөр дуудагдав. Гэр нь Германд байсан, Люфтханзад мэргэжлийн ажлаа хийж байсан 1994 онд тэрээр Далын хоёрдугаар Чуулгад дуудагдсан юм. 1996 онд тэр Далын Нэгдүгээр Чуулгад үйлчлэх орон тооны Ерөнхий Эрх мэдэлтэн болов. Гурван жилийн дараа Ахлагч болон эгч Угдорф Ютад шилжин ирсэн бөгөөд тэр үед тэд үүнийгээ “хилийн чанад дахь томилолт” гэж үздэг байжээ.
2004 оны аравдугаар сард Ахлагч Угдорф арванхоёр төлөөлөгчийн нэгээр дуудагдахад, хэвлэл мэдээллийн зарим төлөөлөгчид түүнийг “Германы Төлөөлөгч” хэмээн нэрлэж байв. Тэгэхэд тэрээр өөр ямар нэг байдлаар биш харин хүмүүст Их Эзэнийг төлөөлөхөөр дуудагдсанаа зөвөөр залруулан хэлсэн билээ. Чухамдаа энэ бол түүний ариун дуудлага байв. Тэрбээр “бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст”4 Их Эзэн Есүс Христийн тухай зааж, гэрчлэх ёстой.
Ахлагч Давид А.Беднар, Ахлагч Угдорфтой адил Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад тэр үед дуудагдсан юм. Ерөнхийлөгч Угдорфыг Тэргүүн Зөвлөлд дуудагдсаны дараа, Ахлагч Беднар, “Ерөнхийлөгч Угдорфын хажууд сууж, түүнтэй хамт үйлчлэн, түүнээс суралцах нь амьдралд минь тохиосон агуу адислал юм. Түүний сургаалууд, түүний сэтгэл татам, нигүүлсэнгүй төрх байдал илүү хичээл зүтгэлтэйгээр ажиллах, өөрийгөө сайжруулахад надад сүнслэгээр нөлөөлдөг. Би Ерөнхийлөгч Угдорфыг хайрлаж, ариун үүрэг хариуцлагуудад нь түүнийг дэмждэг” гэж хэлжээ.
Урьдчилан томилогдсон хүн
Өдгөө түүнийх болсон агуу үүрэг хариуцлагуудад урьдчилан томилогдсоныг ойлгохгүйгээр энэ агуу хүний амьдралыг судалж чадахгүй. Эрт эдүгээгийн бошиглогчид энэ сургаалыг заадаг. Санваартны удирдагчид “Бурханы зөгнөх мэдлэгийн дагуу дэлхийн үүслээс дуудагдсан мөн бэлтгэгдсэнийг”5 Алма заажээ.
“Бурханы Сүмд удирдагчид байхаар эхлэлд сонгогдсон ёс суртахуунаар өв тэгш хийгээд агуу хүмүүсийн дунд удирдагчид (Ерөнхийлөгч Угдорф мэтийн) байсныг Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) илчилсэн юм.
“Бүр төрөхөөсөө өмнө бусад олны хамт, сүнсний дэлхийд анхныхаа хичээлүүдийг хүлээн авч, мөн Их Эзэний тогтоосон цагт хүмүүний бодгалиудын авралын төлөө түүний талбайд хөдөлмөрлөхийн тулд урагш гарч ирэхээр бэлтгэгдсэн байжээ.”6
Отгон хүү нь хэзээ нэгэн цагт Тэргүүн Зөвлөлд үйлчлэхээр дуудагдаж болно гэсэн бодол түүнд төрж байсан уу гэж Ерөнхийлөгч Угдорфын ээжээс асуух боломж байсан бол хичнээн сайхан байхсан бол? Тэр эх балчирхан хүүгээ халамжлан, эрх чөлөөг түүнд боломжтой болгож, амь насыг нь аварч байхдаа юу бодож явсан бол? Нэгэн удаа тэр хүүхдүүдтэйгээ хамт нийтийн танхимд лекцэнд сууж байв. Түүнд барилгаас хурдан гарч явмаар санагдаад байлаа. Тиймээс тэр түрдэг тэргэнд бяцхан Диетерийг суулгаж, хүүхдүүдээ аваад тэр даруйд гарч явсан гэдэг. Ердөө дараахан нь нөгөөх барилга дайны нэгэн ажиллагаагаар устгагдсан ажээ. Танхимд байсан хүмүүсийн олонх нь амь үрэгджээ. Угдорф эгч хүүхдүүдтэйгээ хамт аврагдсан ажээ.
Дэлхийн II Дайны дараа өссөн хүүхдийн хувьд бөмбөгдүүлсэн байшингууд дотор тоглож, ойролцоох ойгоос газарт булагдсан буу зэвсэг, сум, бусад галт хэрэгсэл олдог байснаа Ерөнхийлөгч Угдорф санадаг. Эдгээр жилүүдэд тэр хаа сайгүй илэрч байсан дайны хор уршгаар амьдарч, эх орон нь бусад улс орнуудад аймшигт гай зовлон учруулсныг ойлгожээ. Чухамдаа тэр өөрөө ч бас гэр бүл нь ч харгис бурангуй дарангуйллын золиос болсон байлаа.
Хожим нь нэг удаа тэр агаарын хөлөг жолоодож явтал хяналтын жолоо нь ажиллахгүй болж, түүнээс эсэн мэнд гарсан нэгэн явдал түүнд тохиолдсон юм. Хяналтын жолоог засахгүй бол, онгоц хөрвөж, сүйрэлд орж мэдэх байв. Хөдлөхгүй болсон жолоог ажиллагаатай болгох гэсэн олон оролдлого талаар болох нь тэр. Нислэгийн зааварлагч нь онгоцноосоо шүхрээр буух тушаалыг дахин дахин өгсөөр байв. Эцэст нь чадварлаг нисгэгч Диетер Ф.Угдорф эсэргүүцлийг даван туулж, ослын буултыг амжилттай хийжээ. Ийм ноцтой аюулaас эсэн мэнд гарах боломжийг Их Эзэний мутар түүнд олгосныг Ерөнхийлөгч Угдорф хүлээн зөвшөөрдөг ажээ.7
Чехословакийн нэгэн хөрвөгч гэр бүлийн хүүхэд болж төрөөд, аюул ослоор дүүрэн амьдралаас эсэн мэнд гарч, улмаар Тэргүүн Зөвлөлд үйлчлэхээр дуудагдсан нь энэ хүний хувьд санаанд оромгүй ховор сонин тохиолдол юм. Гэвч энэ онцгой содон хүнийг Их Эзэн дэлхий бий болохоос өмнө мэддэг, хайрладаг байжээ. Тийм ээ, тэр бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд удирдагч байх үүрэгтээ урьдчилан томилогдсон нэгэн билээ.
Эдүгээ тэрээр ариун дуудлагадаа Ерөнхийлөгч Томас С.Монсоны дэргэд үйлчилж байна. Ерөнхийлөгч Хенри Б.Айринг, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф нар бол Сүмийн Ерөнхийлөгчид зөвлөх хүсэлтэй, чадвартай Их Эзэний агуу үйлчлэгчид юм. Энэ гурван тэргүүлэх дээд санваартан бие биенээ нөхөн хосолж ажиллах болно. Сүмийн гишүүд тэдний сүнсээр нөлөөлөгдсөн удирдлагыг баяр талархалтайгаар дагах болно.