2008
Аз жаргалтай гэр бүлийн жор
2008 оны долдугаар сарын


Аз жаргалтай гэр бүлийн жор

Хамтын нөхөрлөл, сайн мэдээ, гэр бүлийн инээд хөөр нь Шведийн энэ гэр бүлийн сэтгэл хангалуун хайрыг бий болгоход зориулсан орцууд юм.

Гал тогооны өрөөнөөс хэн нэгний дуулж байгаа инээдтэй гэмээр нарийн хоолойг сонсоод сэрэхдээ бага зэрэг гайхан, (1) “Гал тогоонд жаахан дүү минь жигнэмэг хайж байгаа” эсвэл (2) “Би өөр айлд байна” гэсэн хоёр зүйлийг бодох биз. Харин чи Шведийн Кавлинж дэх Рондалын гэр бүлийн нэг гишүүн байсан бол огт гайхах шаардлагагүй, бүр тэр долоо хоногийг хуруу даран хүлээнэ. Тэрхүү хоолойг бус гэр бүлийнхний “зочид буудлын өглөөний хоол” гэж нэрлэсэн тэр зүйлийг тэд хүлээдэг юм.

Гэр бүлийнхэн нь 14 настай Исабелле Рандал охиноос дуртай зүйлийг нь асуухад, “Би бямба гарагийн өглөөний хоолонд дуртай. Аав маш гоё амттай хоол хийж өгдөг” гэжээ. Рондалын бусад хүүхдүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч толгой дохицгоов.

Андреас: Би аавын дуулахыг сонсоод сэрдэг. Ах эгч нар нь аавынхаа дуулж байгааг дууриан бас даган дуулж аав, ээж Бринолф, Кристинатайгаа бүгдээрээ хамт хөгжилтэй байдаг. Рондалын гэр инээд хөөрөөр үргэлж дүүрэн байдаг. Бямба гарагийн өглөө болгон гэр бүлийн гишүүдийг орноос нь босгоход хүргэдэг энэ дуу, шинэхэн гахайн мах болон өндөгний үнэрийн талаар тэд үргэлжлүүлэн ярилцдаг. Сайхан хоол идэхээсээ илүү зүгээр л хамтдаа хөгжилтэй байхыг тэд илүүд үздэг.

Тэдний аз жаргалтай гэр бүлийн жорын өөр нэг орц бол гэр бүлийн үдэш юм. Гэвч гэр бүлийн үдэш нь сайхан жор байгаагүй юм. 18 настай Кристофер “Манай гэр бүлийн үдшийн хичээл урт байсныг би санаж байна” гэж хэлээд ээж рүүгээ ёжтой харан, инээмсэглэв.

Тэр үед бараг 5 настай байсан Андреас “Заримдаа би уйдаад унтчихдаг байсан. Унтаад сэрэхэд зууш бэлэн байдаг байсан” гэв.

Хүүхдүүд жаахан байхад Рондал эгч дандаа 1 цаг гаруй хичээлийг заадаг байсан ба хүүхдүүдэд 1 цагийн хичээлийг бүгдийг сонсоно гэдэг хэцүү байсан байх хэмээн Рондал ах тайлбарлав. Өнөөдөр Рондалынхан 8-23 насны 8 хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь бүрэн цагийн номлолд үйлчлээд одоо Нэгдсэн Улсын нэгэн коллежид сурч байгаа.

Рондал ах эгч хоёр гэр бүлийн үдэш хийх аргаа өөрчлөхөөр шийджээ. Бид гэр бүлээрээ цуглараад “За та нар юу хийхийг хүсч байна” гэж асуудаг болсон. Хүүхдүүд нь хоол, тоглоом, Сүмийн дуулал, хэрвээ хичээл богино бол бүр хичээлд ч дуртай болохыг мэдээд ээж аав хоёр нь тийм ч их гайхсангүй. Хэдий зөв орц байсан ч, зөв хэмжээтэй байгаагүйг Рондал ах сайн ойлгожээ. “Хөгжилтэй зүйлс дээр анхаарах хэрэгтэй гэдгийг бид мөн олж нээсэн” хэмээн тэрээр хэлжээ.

Даваа гарагийн үдшийг онцгой болгохын тулд Рондал эгч амттай оройн хоолыг бэлтгэхээр шийдсэн ажээ. Гэр бүлийн үдэштээ зориулан тэд олон сайхан тоглоом, дуу нэмэв. Мөн хичээлээ 10 минут хүртэл богиносгов. Энэхүү “зуурмаг” амжилттай болов. “Хүүхдүүд даваа гарагийн үдшийг тэсэн ядан хүлээдэг болсон. Хүн болгон дуртай болсон” хэмээн Кристина хэлэв.

Одоо хүүхдүүд өсч том болоод, хичээл нь илүү гүнзгий болж хугацаа нь ч уртсав. Росанна, 20 настай. “Бид одоо маш гоё хичээлүүдийг сурдаг болсон. Бид сайн мэдээ болон бусад зүйлсийг ярилцахдаа дуртай. Хүн болгон санал бодлоо хуваалцах нь илүү хөгжилтэй болгодог. Бид ярихыг хүссэн зүйлээ ярьдаг учраас илүү гоё байдаг болсон. Гэхдээ л хөгжим, тоглоом, зууш нь аз жаргалтай гэр бүлд зориулсан жорын орцууд хэвээр байгаа” гэжээ.

Жосефин 12 настай. “Миний дуртай зүйл бол зууш, тоглоом хоёр”

Кристофер: “Мэдээж зууш бас тоглоом”,

Росаннагийн хувьд дуу хөгжим хамгийн гоё нь гэжээ.

“Хичээл” гэж Исабелле даруухнаар шивнэн хэлэв. Ах эгч нар нь шууд түүнийг шоолон инээлдэцгээв. Харин Исабелле намбатайгаар “Тиймээ би хичээлд дуртай” гэж дахин хэлэв.

“Миний бодлоор гэр бүлийн үдэш тэр чигээрээ гоё. Хичээл, дуу, зууш, тоглоом бүгдээрээ гэр бүлийн үдшийг хөгжилтэй болгодог. Хэрвээ бид хичээлгүй эсвэл дуугүй, тоглоомгүйгээр гэр бүлийн үдшийг хийдэг бол энэ нь бүрэн төгс болж чадахгүй, аль нэг нь дутагдах байсан.”

“Гэр бүлийн үдэш болоход Бринолф бид 2 юу ч хийлгүй зөвхөн суугаад, хүүхдүүд удирдаж, хичээл бэлтгэж, зууш хийдэг. Тэд бүгдийг хийдэг. Энэ нь надад таалагддаг” гэж Рондал эгч хэлэв.

Аз жаргалтай гэр бүлийн жорын өөр нэг гол орц бол ням гараг болгон сүмийн дараа хийдэг гэр бүлийн зөвлөгөөн юм. Тэд дараагийн гэр бүлийн үдшийн үүрэг даалгаврыг хүн болгонд өгдөг ба ингэснээр бүгд хичээл, зууш, судар гэх мэт ажлыг солилцон авах боломжтой болдог. Түүнчлэн тэд гэрийн ажил болон гэр бүлийн гишүүд үүнд хэрхэн оролцох талаар ярилцдаг.

Ням гараг, даваа гараг хоёрт гэр бүлээрээ хамт байгаад зогсохгүй гэр бүлийн аялал зугаалгыг хийдэг нь бага хүүхдүүд болох 10 настай Самуел, 8 настай Жоннес нарт маш их таалагддаг гэжээ. Рондал ахад ч таалагддаг бөгөөд тэр “Бид бүгдээр нуур, далай, эсвэл голд очиж сэлэх дуртай” гэв. Түүнчлэн хүн бүр хөгжмийн зэмсэг тоглож хамтлаг болон дуулж хөгжимдөх дуртай.

Энэхүү гэр бүлийн нөхөрлөл, Рондалыхныг сайн найзууд төдийгүй сайхан гэр бүл болгосон юм. Тэд нэг нэгэндээ хайртай бас нэг нэгэндээ итгэж найддаг. Тэд бие биенээсээ хүч чадлыг авдаг. Магадгүй ийм учраас тэд олон цагийг хамтдаа өнгөрөөх дуртай байдаг болов уу.

Рондалын гэр бүл нэг нэгнээ дэмжихээс гадна түүнчлэн тойрог болон гадасаа бэхжүүлдэг. “Бид гадасны бүх үйл ажиллагаа, залуучуудад зориулсан чуулган, аялалуудад оролцдог. Бид хүүхдүүдээ гадас, тойрогт болж буй үйл ажиллагаануудад оролцохыг урамшуулан дэмждэг. Энд тойргууд тийм том биш учраас залуучуудыг хамт байлгах гадас дундын үйл ажиллагаанууд явагддаг” гэж Рондал ах хэлэв. Рондал ах эгч хоёр 2-уулаа семинарын багшаар үйлчилж байжээ. Мэдээж, тэд мөн сүмийн хичээлүүд болон чуулгануудад хамрагддаг.

Эдгээр нь энэ гэр бүлийг нэг нэгнээ ойлгож эв найрамдалтай байхад тусалсан нямбайлан бэлтгэсэн орцууд юм. Эцэг эхтэйгээ том жижиг бүх хүүхдүүд, хамт байх дуртай. Учир нь тэд нэг нэгэндээ хайртай юм. Далайд очиж сэлэхээс эхлээд гэр бүлийн үдэшдээ тоглодог ‘нүдээ боосон зааварлагч’ гээд л хамтдаа хийх олон зүйл тэдэнд байдаг (багана дахь түүхийг үзнэ үү). “Миний дуртай зүйлсийн нэг бол хөгжим. Бид хөгжмийн гэр бүл. Бид дуулах дуртай” гэж Рондал эгч хэлэв.

Тиймээ, Рондалыхан бүгд дуулах дуртай. Мөн дуу сонсох дуртай бөгөөд тэр тусмаа бямба гарагийн өглөө болгон гал тогооны өрөөнөөс сонсогддог инээдтэй, нарийхан өнгөөр дуулах дууг сонсох дуртай.