Ерөнхийлөгч Хенри Б.Айринг: Бурханаас дуудагдсан
Хенри Беннион Айринг Рикс Коллежийн (одоо Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль) ерөнхийлөгч болсноос хойш хэдхэн жилийн дараа өндөр цалинтай, их нэр хүндтэй ажлыг түүнд өмнөд Калифорнид санал болгожээ.
Ажлын тухай уг санал, үүний ашиг тусыг Хенри Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллд хэлэхэд, тэрээр: “Энэ чинь маш сайн боломж байна. Хэрэв та бидэнд хэрэгтэй боллоо гэхэд хаана байгааг чинь бид мэдэх нь байна шүү дээ” гэж түүнд хэлсэн гэдэг.
Авга ах, Ерөнхийлөгч Кимбалл нь Рикст үлдээч гэж түүнээс хүсэх байх гэж Хенри бодож байжээ. Үүний оронд Хенри, гэргий Катлийн хамт шийдвэрийнхээ талаар залбирч, мацаг барих хэрэгтэй нь тодорхой болж, тэд ч тийн үйлджээ. Долоо хоногийн дотор Сүнс Хенрид шивнэн тэрээр Риксийн Коллежид “дахиад багахан хугацаагаар” үлдэх нь түүний хувьд онцгой боломж байх болно гэв.
Тэр үед Сүмийн Боловсролын Системийн захирал байсан Жеффри Р.Холланд руу тэрээр утасдаж, ажлын саналыг хүлээн авахгүй гэдгээ хэлжээ. Тэр орой Ерөнхийлөгч Кимбалл Хенритэй утсаар ярив.
“Үлдэхээр шийдсэнийг тань ойлгож байна” гэж Ерөнхийлөгч Кимбалл хэлэв.
“Тийм ээ” хэмээн Хенри хариулжээ.
“Та золиослол хийлээ гэж бодож байна уу?” хэмээн Ерөнхийлөгч Кимбалл асуухад,
“Үгүй ээ” гэж Хенри хэлсэн аж.
“Тэр зөв өө!” хэмээн Ерөнхийлөгч Кимбалл түүнийг дэмжсэн гэдэг. Үүгээр Ерөнхийлөгч Кимбалл яриагаа төгсгөв.
Хенри Б.Айрингийг таньдаг хүмүүс түүнийг сүнсний өдөөлтийг дагах хүслээрээ дэлхийн чухал хэмээн үздэг зүйлийг хийхээс татгалзсанд гайхах юун хэмээжээ. Дуулгавартай байдалтай хосолсон итгэл, даруу байдал нь дэлхийн эд баялгаас илүү их үнэ цэнэтэй адислалуудаар Бурханы хүүхдүүдийг хангадгийг тэрээр мэддэг байлаа.
2008 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийг нас барсны дараа Ерөнхийлөгч Томас С.Монсон Ерөнхийлөгч Айрингийг Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөхөөр үйлчлэхийг хүссэн юм. Ерөнхийлөгч Жеймс И.Фаустыг таалал төгссөний дараа Ерөнхийлөгч Айринг түүний оронд Хоёрдугаар зөвлөхөөр дуудагдан дөрвөн сар үйлчлээд байсан юм.
Гэр бүл, найз нөхдийнхөө дунд “Хал” хэмээн нэрлэгддэг тэрээр 1933 оны тавдугаар сарын 31-нд Нью Жерсийн Принсетонд төржээ. Тэрээр сүнсний болон иргэний боловсролыг аль алиныг нь өндрөөр үнэлдэг Хенри Айринг, Майлдред Беннион Айринг нарын гэр бүлд гурван хүүгийн хоёр дахь нь болж төрсөн юм.
Аав нь Принсетоны Их сургуульд багшилдаг нэрд гарсан, авьяаслаг химич байлаа. Ээж нь Ютагийн Их Сургуулийн эмэгтэйчүүдийн биеийн тамрын боловсролын тэнхимийг тэргүүлдэг, туслах профессор байв, тэрээр ирээдүйн нөхөртэйгөө танилцах үеэр Висконсины Их сургуульд докторын зэрэг хамгаалахаар тэнхимээсээ чөлөө авчээ. Тэд Их Эзэнд мөн Түүний сайн мэдээнд итгэдэг итгэлээ хөвгүүддээ дамжуулан өгсөн юм.
Итгэлийн өв
Сүнсний өдөөлтүүд болон санваартны удирдагчдын удирдамжийг сонсож, дагадаг байсан өвөг дээдсийнхээ гэр бүлийнхээ итгэлийн өвийг Ерөнхийлөгч Айринг эхнээс нь даган мөрдсөн юм. 1853 онд 18-настайдаа Германыг орхин явсан түүний элэнц эцэг Хенри Айринг хойтон жил нь Миссурийн Сейнт Люис дахь Сүмтэй танилцуулжээ. Тэрээр Сүмийн талаар илчлэлт хүсч байсан нь нэгэн зүүдээр хариулагдсан аж. Энэ зүүдэнд түүнтэй нэлээд хожуу үеийг хүртэл танилцаж амжаагүй байсан Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Эраст Снөү, “баптисм хүрт” хэмээн түүнд тушаажээ. Дараа нь 1860 онд тэр одоогийн Оклахома болон Арканзаст номлолд үйлчилж байхдаа мөн ийм нэгэн зүүдэнд Ерөнхийлөгч Бригам Янгийг анх удаа харсан ажээ.1
Элэнц өвөө Айринг номлолынхоо дараа Юта руу аялж явахдаа Швейцарийн цагаач Мэри Боммелитэй танилцаж, анхдагч нарын бүлэгт нь нэгджээ. Түүнийг 24-тэй байхад гэр бүл нь Сүмд нэгдсэн Мэри сайн мэдээг хуваалцсаны төлөө Германы Берлинд шоронд хоригдож байв. Тэрээр баривчлагдсан оройгоо хэргийг нь таслан шүүхээр томилогдсон шүүгчид захидал бичжээ. Тэрээр “Дэлхийн хэмжээний нэг хүний тухай,” Сэргээлтийн болон сүнсний дэлхийн тухай шүүгчид өгүүлж, “их уй гашуугаас” өөрийгөө бас гэр бүлээ аврахын тулд наманчлахад нь түүнийг урамшуулан дэмжсэн ажээ. Сайхь шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож, Мэри шоронгоос суллагджээ.2 Солт Лейкийн Хөндийд хүрч ирснийхээ дараа удалгүй Хенри, Мэри хоёр гэрлэв.
Европоос өмнөд Юта, Аризонын зэлүүд цөл, хойд Мексикийн шинэ эзэмшил нутгууд руу хүрч ирсэн Ерөнхийлөгч Айрингийн өвөг дээдэс аглаг зэлүүд нутагт суурьшин, газар боловсруулж, сайн мэдээг дэлгэрүүлэн мөрдлөг хавчлагаас зугтаж, сургуулиуд байгуулан, хүүхдүүддээ боловсрол олгож байлаа.
Эхнэрийнх нь нөлөө
Дэлхийн II Дайн эхлэхэд, засгийн газар шатахууны хэрэглээг хязгаарласан нь ням гарагийн цуглаануудад оролцохоор Нью Брансвик салбар руу 17 бээр (27 км) машинаар явдаг байсан Айрингийн гэр бүлд бэрхшээл учруулав. Үүнээс болж, гэр бүл нь Нью Жерсийн Принсетон дахь гэртээ цуглаан хийж байх зөвшөөрөл хүлээн авчээ. Хүүхдийн Хэсгийн цуглаан гэрт нь болох учир амжилтад хүрэх зорилтыг биелүүлэхэд тийм ч хэцүү биш боллоо, тиймээс Хүүхдийн Хэсгийн цуглааныг энд хэзээ ч таслахгүй гэж Хал хошигнож байв.
Түүний гэр бүл болон зарим үед энд ирдэг байсан гадны хүмүүсээс бүрдсэн энэ жижигхэн салбарт болдог байсан ариун ёслолын цуглаанууд дээрх нэн сайхан сүнслэг байдлын тухай Ерөнхийлөгч Айринг олонтаа эргэцүүлэн боддог ажээ. Ариун ёслолын цуглаанд оролцогчид нь зөвхөн түүний гэрийнхэн байсан, эсвэл тэр өөрөө болон ах дүү хоёр нь салбарын бүх Аароны санваартныг бүрдүүлдэг байсан гэж боддоггүй байв. Харин ээж нь хөвгүүдээ арван нас хүрэхэд Хожмын Үеийн Гэгээнтэн олноор төвлөрсөн газарт гэр бүлээрээ амьдрахсан гэж ихэд хүсдэг болжээ.
1946 онд Принсетон дахь ажил, амжилт нь түүнд таалагджээ. Тэр хүндэт докторын цолыг олон удаа авч, химийн шинжлэх ухааны гол шагналуудыг хүртжээ. Дэлхий дахинд нэрд гарсан эрдэмтэдтэй хамтран эрдэм шинжилгээний ажилдаа шаргуу хичээл зүтгэл, өндөр амжилт гаргасан учир Нобелийн Шагналд нэрийг нь дэвшүүлсэн нь түүний хувьд онцгой хувь тохиол байлаа.
Энэ үед Ютагийн Их сургуулийн ерөнхийлөгч А.Рей Олпин, Хенри рүү утасдаж тус эрдмийн зэрэг горилох сургуулийн деканаар ажиллаж, судалгаа шинжилгээнийхээ ажлыг үргэлжлүүлэхэд түүнийг урив. Гэргий Майлдред нь ямар шийдвэр гаргахыг Хенрид үлдээсэн хэдий ч, хэдэн жилийн өмнө өөрт нь өгсөн нөхрийнхөө нэг амлалтыг түүнд сануулсан аж. Хөвгүүд нь өсөх үед Сүмийн удирдах удирдах газарын ойролцоо нүүж очно хэмээн Хенри амласан байжээ. Уг саналыг Хенри хүлээж авсангүйд Ютад өссөн Майлдред, гаргах шийдвэрийнхээ талаар залбирахыг түүнээс хүсч, лабораторидоо очоод уншаарай гэж нэг захидлыг түүнд өгсөн ажээ.
Сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн Майлдредын захидлыг уншсаны дараа, мөн залбирч, тунгаан бодсоны эцэст Хенри Ерөнхийлөгч Олпинд утасдаж, тус их сургуульд шинжлэх ухааны тэнхим байгуулж дууссаны дараа уг албан тушаалыг хүлээн авахад бэлэн байгаагаа хэлжээ. Принсетоныг орхисон нь золиослол юм шиг харагдаж байсан ч түүний хувьд бас гэр бүлийнх нь хувьд адислал болсон билээ. Эл адислал хэдэн жилийн дараа үүнтэй адил сонголт хийх үед аавынхаа үлгэр жишээг дагасан Халын чин хүслээс эхтэй байлаа.
Ирээдүйд бэлтгэх нь
“Ах маань өсвөр насны хөвгүүн байхдаа үе тэнгийн бусад хөвгүүдээс хичнээн их ялгаатай байсныг би мэддэг байлаа” гэж ахыгаа багш–зөвлөгч бас найз гэж нэрлэдэг байсан Харден Айринг хэлжээ. Хал ахлах сургуульд байхдаа судруудаас салдаггүй, тэдгээрийг шимтэн уншдаг, Мормоны Номыг бүр таван удаа уншжээ.
Хал өөрийгөө бусдаас дээгүүрт тавьдаггүй байсан ч сүнслэг байдлыг нь алдагдуулж болох үйл ажиллагаануудад оролцохоос татгалздаг байв. Тэрээр Солт Лейк хотын Ийст Ахлах сургуульд сагсан бөмбөг тоглох цаг гаргадаг байсан боловч, эн тэргүүнд хичээл сурлагадаа анхаардаг байлаа.
“Би өсвөр насны хөвгүүн байхдаа хүн бүрийн очдог зайрмагийн дэлгүүр рүү явдаг байлаа. Харин Хал оройн цагаар найз нөхдийнхөө цугладаг газрууд руу явдаггүй байв. Үүний оронд тэрээр уншиж, судалж байдаг сан” гэж Харден ярьжээ.
Ютагийн Их сургуулийн химийн профессор, түүний ах Тед дээд курсийн оюутан байхдаа Халтай хамт зарим нэгэн хичээлд хамт суудаг байсан аж. Хал ангийнхаа хэнээс ч илүүгээр бие даагаад суралцах чадвартай болохыг Тед ажиглажээ. “Хал анхаарлаа төвлөрүүлсэн үедээ ямар ч зүйлийг хийж чаддаг. Тэр бол үнэхээр хөгжилтэй сэргэлэн залуу, бүр онцгой сорилт тулгарсан үед ч гэсэн санаа сэтгэл нь өөдрөг байдаг. Хал аавыгаа илүү их дуурайсан хүн” гэж тэр хэлжээ.
Гэвч нас ахихын хэрээр аав болон өөрийнх нь хооронд том ялгаа байгааг Хал ажигласан аж.
Физикийг судалж, шинжлэх ухаанд хүчээ үзэхэд нь Хенри Айринг хөвгүүдээ урамшуулан дэмждэг байлаа. Хал Ютагийн Их сургуульд физикч мэргэжлээр суралцаж байсан боловч, нэг өдөр ааваасаа математикийн нэгэн цогц асуудалд туслахыг хүссэнийг харвал Хал сонирхдог зүйлийг нь сонирхдоггүй болох нь Хенрид тодорхой болсон ажээ.
“Доод давхарт байдаг байсан самбарын дэргэд аав маань зогсоод ‘Хал аа, бид долоо хоногийн өмнө яг үүнтэй адил асуудал дээр ажиллаж байсан шүү дээ. Тэгэхэд чи үүнийг ойлгож байснаасаа одоо дээрдсэн юм алга. Чи үүнийг давтаагүй юм аа даа?’” гэж хэлж билээ хэмээн Ерөнхийлөгч Айринг дурсжээ.
Давтаагүй хэмээн Хал хэлж физик бол түүний байнга бодож явдаг зүйл биш гэдгийг тэрээр аавдаа хүлээн зөвшөөрчээ. Аав нь хоромхон зуур дуугүй байснаа, эелдгээр “Чи “Шимтэн дурладаг ямар нэг зүйлийг чи олох ёстой. Ямар нэг зүйлийн тухай бодоогүй байгаа үедээ л чи үүний тухай боддог байх хэрэгтэй”3 гэж тайлбарласан гэдэг.
Гэсэн хэдий ч Хал 1955 онд Нэгдсэн Улсын Нисэх Хүчинд орохоосоо өмнө физикээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Солонгосын дайн дуусч, номлогчид дуудахыг хязгаарлаад байсан тойрог бүрээс тодорхой тооны залуу эрэгтэйчүүдийг бүрэн цагийн номлогчдоор дуудагддаг байв. Солт Лейк хот дахь Номлогчдыг Бэлтгэх Төв хэсэг хугацаагаар хаагдаж, номлогчид номлолын талбар руу явахгүй байв. Гэвч цэргийн алба хаах нь түүний хувьд номлол болно гэдгийг бишоп нь түүнд амласан нь адислал байлаа. Нью Мексикийн Албаквиеркийн ойролцоох Сандия Баазад ирснээс хойш хоёр долоо хоногийн дараа Хал Баруун Муж Улсуудын Номлолд дүүргийн номлогчоор дуудагдав. Энэ дуудлагыг тэрээр цэрэгт байсан хоёр жилийн хугацаанд орой болон долоо хоногийн амралтын өдрүүдэд гүйцэтгэсэн ажээ.
Хал цэргийн албаа дуусгаад, Харвардын Эрдмийн зэрэг хамгаалах Бизнесийн Сургуульд элсч, 1959 онд магистрын, 1963 онд докторын зэргийг аль алиныг нь бизнесийн удирдлагаар хамгаалжээ. Шинжлэх ухааны салбарт ажил алба эрхэлж амжилт олох оюуны чадавх түүнд байсан ч гэсэн, түүний хамгийн их сонирхдог зүйл бол бусдад зааж, тэднийг өргөж, бэхжүүлэх явдал мөн гэдгийг Хал олж мэдсэн ажээ.
Сүнсийг сонсох нь
Хал Харвардад сурч байхдаа 1961 оны зун Калифорнийн Пало Алтогийн Ж.Сирил Жонсон, ЛаПрил Линдси Жонсон нарын охин Катлийн Жонсонтой танилцав. Катлийн Бостон дахь зуны сургуульд явж байсан аж, Хал түүнийг анх удаа хараад л түүнд сэтгэл татагджээ. Халд Катлийний дэргэд байгаа үед чадах бүхнээ хийх хүсэл төрсөн гэдэг. Энэ мэдрэмж тэдний хамтын бүх амьдралын туршид үргэлжилсэн ажээ.
Тэд тэр зуны турш болзож уулздаг байсан бөгөөд Катлийн Калифорни руу буцсанаас хойш тэд утсаар ярьж, захидал бичсээр байв. 1962 оны долдугаар сард тэр хоёрыг Ютагийн Логаны Ариун сүмд Ахлагч Спенсер В.Кимбалл гэрлүүлжээ. Мөн тэр жил Хал Станфордын Эрдмийн зэрэг хамгаалах Бизнесийн сургуульд туслах профессор болов.
Есөн жилийн дараа Хал Станфордод байнгын ажил эрхлэхийн хамт Станфордын Нэгдүгээр тойргийн бишопоор үйлчилж байв. Хадмууд нь ойрхон амьдардаг байснаас “бидний амьдралд бүх зүйл урт удаан хугацаанд тогтвортой болсон юм” гэж тэр дурсдаг. Гэвч 1971 онд нэг удаа Катлийн шөнө дунд ер бусын хоёр асуулт тавьж түүнийг сэрээжээ. “Чи амьдралдаа зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?”
Үүнээс илүү яаж аз жаргалтай байх юм бэ гэж Хал гайхан бодоод, “Энэ чинь юу гэсэн үг вэ?” гэж асуув.
“Чи Нийл Максвеллд зориулан судалгаа хийж болохгүй юү?” гэж Катлийн асуужээ.
Нийл А.Максвелл Сүмийн Боловсролын Системийн захирлаар өмнөхөн нь томилогдоод байв. Хал ч, Катлийн ч түүнийг таньдаггүй байсан боловч бусдын амьдралыг өөрчлөхийн тулд нөхөр нь илүү их зүйл хийж болох юм шиг Катлийнд санагдсан ажээ.
Би Нийл Максвеллд зориулж судалгаа хийх гэв үү?” гэж Хал хариулав. Түүнээс гадна, “‘Судалгаа хийнэ’ гэдэг чинь сургууль төгссөн залуу оюутны л хийдэг ажил шүү дээ” гэж тэр боджээ.
Катлийн түр зуур дуугүй байснаа, “Чи энэ талаар залбирах уу?” гэв.
Хал энэ үед эхнэрийнхээ зөвлөгөөг анхаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг мэдэж байсан аж. Тэр орноосоо босч, өвдөг сөгдөн, залбирав. “Би хариу хүлээж авсангүй. Бас би хаашаа ч явахыг хүсээгүй учраас энэ тухай надад аймаар санагдлаа” гэж тэр хэлсэн аж.
Маргааш нь бишопын зөвлөлийн хурлын үеэр Халын сайн мэдэх нэгэн дуу хоолой оюун ухаанд нь орж ирэн эхнэрийнхээ өдөөлтөд хөнгөн хуумгай хандсанд нь түүнийг зэмлэжээ. “Ажил албанд чинь юу хамгийн чухал болохыг чи мэдэхгүй байна. Хэрэв чи хэзээ нэгэн цагт өөр ажлын санал хүлээж авах юм бол энэ тухай надтай ярилц” хэмээн түүнд хэлжээ.
Энэ явдалд сэтгэл нь үймэн сандарсан Хал тэр даруй гэртээ эргэж ирэв. “Бидэнд нэг асуудал гараад байна. Станфордод байхдаа хүлээн авсан ажлын хэд хэдэн саналыг зөвшөөрөөгүйгээс гаргасан алдаанаасаа тэр айсан байлаа. Эдгээр ажлын саналуудын алины нь ч талаар би огт залбирч байсангүй” гэж тэр Катлийнд хэлжээ. Тэрээр даруухнаар ирээдүйнхээ талаар залбирч эхлэв.
Катлийн шөнө дунд нөгөөх асуултыг асууснаас хойш долоо хоноогүй байтал захирал Максвелл утасдаж, Солт Лейк хотод болох хуралд Халыг урьжээ. Маргааш нь тэр нисч, тэгээд Максвелл тэр хоёр Халын эцэг эхийн гэрт уулзав. Захирал Максвеллын амнаас гарсан анхны үгс нь “Рикс Коллежийн Ерөнхийлөгчөөр ажиллаач гэж би танаас хүсэх гэсэн юм” гэсэн үгс байлаа.
Бүр эхнэрийнх нь өдөөлт, сүнсний зэмлэл ч гэсэн ийм санаандгүй гайхшралд түүнийг бэлтгээгүй байлаа. Энэ талаар тэр залбирах хэрэгтэй байна гэж захирал Максвеллд хэлэв. Тэрээр Рикс Коллежийн талаар бага мэддэг байв. Маргааш өглөө нь тэр Тэргүүн Зөвлөлтэй уулзав. Хэрэв тэр үүнийг хүсэх юм бол энэ ажил түүнийх байх болно гэж дараа нь захирал Максвелл түүнд хэлжээ.
Хал Калифорнид эргэж ирснийхээ дараа, шаргуу залбирахаа үргэлжлүүлсэн байна. Хариу ирсэн боловч, тэр үүнийг бараг л мэдсэнгүй өнгөрүүлчих шахаж. “Анхаарал татмааргүй тийм сулхан дуу хоолойг би сонссон. ‘Энэ бол миний сургууль’ гэж уг дуу хоолой хэлсэн билээ” хэмээн тэрээр эргэн дурсдаг ажээ. Тэрээр захирал Максвелл руу утасдаж, “би очлоо” гэжээ.
Станфорд дахь баталгаатай ажлаа Хал тэр даруйд орхин Айдахогийн Рексбургт амьдрахаар нарийхан чингэлэгт чиргүүлэн гэртэй иржээ. Тэрээр Рикс Коллежийн ерөнхийлөгчийн ажлыг албан ёсоор эхэлснээс хэдэн сарын дараа 1971 оны арванхоёрдугаар сарын 10-нд өөрийн гар бие оролцсон шинэ байшиндаа гэр бүлээ авчирсан аж.
“Би Рикс рүү явахдаа хоёр зүйлийн тухай мэдсэн байлаа. Нэг нь гэвэл Станфорд дахь өндөр албан тушаалынхаа талаар өөрийн бодож байсан шиг, би нэг их чухал хүн биш байжээ. Нөгөө нь гэвэл, гэргий маань надаас өмнө илчлэлт хүлээн авсныг би мэдэж байлаа. Эцэст нь тэнд миний аз гийснийг би мэдэж байв. Иймээс ‘Станфорд дахь ажил албаа би яаж орхиж чадав аа?’ гэж асуухын оронд, ‘Тэнгэрлэг Эцэг энэ талаар санаа тавьсан юм. Үүнийг хэзээ ч золиослол гэж бодож байгаагүй’ гэж би хэлдэг” хэмээн тэрээр ярив.
Ерөнхийлөгч Айрингийн Рексбургт өнгөрүүлсэн зургаан жил түүний гэр бүл болон коллежид адислал болсон юм. Нэгэн даруухан гэрийн багшийн ухаалаг зөвлөгөө эдгээр он жилүүдийг мартагдашгүй дурсгалтай болгосон ажээ. Тэр гэрийн багш, агуу итгэлтэй фермер, Ерөнхийлөгч Айрингийг албан тасалгаанаасаа гарч, коллежийн багш нар, ажилтан, оюутнуудтай уулзан тэдэнд урам дэм өгч, мэндэлж байхад нь хөхиүлэн дэмжжээ.
Хал энэ асуудлын талаар залбирч, зөвлөгөөг дагах хэрэгтэй гэдгийг мэдрэн сургуулийн оюутнууд, бие сэтгэл бүхнээ зориулсан ажилтнуудтай хамт өнгөрүүлэхэд илүү их цаг зарцуулж эхэлжээ. Өөр нэг багштай хамтран тэр шашны хичээл заадаг байв. Коллежийн сүнслэг байдал, эрдэм номын үндэс суурийг төлөвшүүлэхийн тулд нөр хичээнгүй ажиллах явцдаа Катлийн тэр хоёрын оюутны хотхоны хамт олон, Рексбургийн хүмүүсийг хайрлах хайр нь улам өсөн нэмэгджээ.
Гэр бүлийг нэгдүгээрт
Айрингийн гэр бүл Рексбургт байсан жилүүдэд бие биедээ улам ойр дотно болжээ. Хал Катлийн хоёр дөрвөн хүүтэй болсон нь: Бага Хенри, Стюарт, Маттью, Жон нар юм. Хожим нь тэд хоёр охиноор адислагдсан нь: Элизабет Катлийн, Мэри Катлийн хоёр юм. Хэдийгээр хөдөөгийн жижиг фермд байсан ч Хал Катлийн хоёр аливаад анхааралтай сэргэг байх ёстой байв. Тэдний анхаарч санаа тавьдаг зүйлүүдийн нэг нь хөвгүүдийнх нь үздэг телевизийн хөтөлбөрийн хэмжээ, чанар байв. Ууган хүү Бага Хенри нь Айрингийнхны гэр орон дахь уур амьсгалд чухал өөрчлөлт гаргасан нэг туршлагын тухай эргэн санадаг ажээ.
“Дүү бид хоёр бямба гарагийн шөнө дунд хүртэл зурагтын өмнө суудаг байлаа. Бидний үзэх ёсгүй болхи бүдүүлэг хошин хөтөлбөр зурагтаар гарч байв. Доод давхрын өрөөнд зөвхөн зурагт асаалттай байв. Ээж гэнэт ороод ирэв. Ээж цагаан унтлагын хувцастай, хайч барьсаар орж ирсэн юм. Ээж зурагтны ард очиж, ишнүүрийг гогцоо гаргаж эвхэв. Тэгээд тэр гогцоог хайчилж орхив. Оч гялсхийн үсэрч, зурагт ч унтрав, ээж ч өрөөнөөс гарсан юм. юм” хэмээн Бага Хенри дурсан ярьсан юм.
Бага Хенрид харамсалтай санагдсан ч, ор руугаа явжээ. Аливааг сэдэхдээ сүрхий дүү нь эвдэрсэн тоос сорогчийн ишнүүрийг авч зурагтаа залгасан аж. Хөвгүүд удалгүй доош бууж зурагтыхаа өмнө сууж хөтөлбөрийг бараг бүгдийг нь үзжээ.
“Гэвч ээж маань эцэстээ биднийг ялсан юм. Дараагийн даваа гарагт бид хоёрыг сургуулиасаа гэртээ ирэхэд, зурагтны зузаан шилэн дэлгэцэн дээр том гэгч цуурхай гарч, зурагт шалан дээр байж байх нь тэр. Ээж л ингэсэн дээ гэж бид хоёр тэр даруйд сэжиглэв. Тэгээд биднийг асуухад: ‘Би зурагтын доогуурх тоосыг арчиж байтал зурагт уначихсан’ гэж ээж ямар ч хувиралгүй хариулж билээ” хэмээн Хенри өгүүлэв.
Ерөнхийлөгч Айринг эхнэрийнхээ санааг дэмжин хүүхдүүд нь ээжийнхээ хүслийг хүндэтгэснээр Айрингийнхны гэр дэх зурагтын хэрэг тийнхүү төгссөн ажээ. “Ихэнх тохиолдолд ээж маань нам гүмхэн үлгэр жишээгээр дамжуулан удирддаг байв. Тэгэхдээ тэр бас сүнслэгээр нөлөөлөгддөг, айж эмээдэггүй байсан. Ээжийн маань эерэг нааштай хандлага харьцаа хүүхдүүд, ач зээ нарт нь агуу адислал болсон юм. Чухал үйл явдлууд, өдөр тутмын хэвшмэл зүйлүүд аль алинд нь ээж маань бидний амьдралын замналыг эгнэгт өөрчилсөн билээ” хэмээн Хенри өгүүлэв.
Ажиллах хүсэл эрмэлзлийг, түүнчлэн чадах бүхнээ хамгийн сайнаар хийх хүсэл эрмэлзлийг өөрт нь төрүүлдгийнх нь төлөө Ерөнхийлөгч Айринг гэргийгээ өндрөөр үнэлдэг хэвээр байв. Түүнчлэн эхнэр нь ийм байдлаар хүүхдүүдээ адисалсанд тэрээр баярлан талархаж явдаг ажээ. Үлгэр жишээнийх нь төлөө, гэр бүлдээ үзүүлдэг сүнслэг нөлөөнийх нь төлөө тэрээр эхнэрээ үргэлж магтан сайшаадаг. Сүнсэнд мэдрэмтгий байдгийнх нь төлөө, гэр орондоо сайн мэдээг үр ашигтайгаар зааж, сайн мэдээгээр амьдардгийнх нь төлөө эхнэр нь нөхрөө мөн адил магтан сайшааж, баяр талархлаа илэрхийлдэг ажээ.
“Халын зүрх сэтгэлд хэн нэгдүгээрт байдаг тухайд эргэлзэх хэрэггүй. Станфордод нөхөр маань нэн өрсөлдөөнтэй орчинд, чадварлаг хамтран ажиллагсадтай хамт ажилладаг байсан, гэвч гэр бүлээ үргэлж нэгдүгээр тавьдаг байлаа. Өдөр бүрийн эцэст, үдэш бид хамтдаа байх үеэр, ‘Хэн рүү бид утасдаагүй билээ?’ гэж тэр асуудаг сан. Тэгээд тэр Сүнсээр удирдагдан утас руу очиж, тэр орой холбоо барих хэрэгтэй гэр бүлийн гишүүдтэйгээ ярьдаг байлаа” хэмээн Катлийн хэллээ.
Гэртээ зурагтгүй болсноос энэ гэр бүлийн гишүүд бие биедээ зориулах, сонирхдог зүйлээ хийх, авьяас чадвараа хөгжүүлэх, спортын болон бусад үйл ажиллагаануудад гэр бүлээрээ оролцох илүү их цагтай болжээ. Он жилүүд өнгөрөх тусам Ерөнхийлөгч Айринг хоол хийх ур чадвараа дээшлүүлж (тэр талхаа өөрөө барьдаг аж), модон сийлбэр хийх авьяасаа илрүүлж, усан будгаар зураг зурж сурчээ. Заримдаа тэр дурсгал болгож талархлын зурвас, усан будгийн зургаа илгээдэг ажээ.
Өнөөдөр Айрингийн гэр уран зураг, сийлбэрүүд, өндөр ур чадвартай зөвлөгчдийн туслалцаатайгаар өөрийнх нь хийсэн тавилгуудаар дүүрэн байдаг. Энд олон зүйл ёс суртахууны сургамж болон сүнслэг сэтгэгдлүүдийг тусгасан ажээ. Түүнээс гадна одоо 25 ач зээ нар бүхий өнөр өтгөн гэр бүлдээ өдөр бүр И-мэйл явуулахад тэрээр цаг гаргадаг бөгөөд И-мэйлүүдээ “Бяцхан ялтсууд” хэмээн өхөөрдөн нэрлэжээ.
“Өдөр бүр түүний илгээдэг гэрэл зургууд болон хүүхдүүдийн оруулсан хувь нэмэр бүхий И-мэйлүүд, аавын гэр бүлийн тэмдэглэл нь орой бүр хоолны үеэр ширээ тойрон сууж, өчнөөн түүх ярилцаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөд бидэнд тусалж байна” гэж Бага Хенри ярьжээ.
Үйлчлэх хүсэл
Ерөнхийлөгч Айринг үүнийг тэр үед мэдэхгүй байсан ч, Рикс Коллежид энэ албан тушаалыг хүлээн авахдаа иргэний ажил эрхлэлтийг ардаа орхисон ажээ. Коллежийн ерөнхийлөгчийн ажил түүнчлэн бүс нутгийн төлөөлөгч болон Ням гарагийн сургуулийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр нэгэн зэрэг үйлчилсэн нь түүний авьяас чадвар, сүнсний бэлгүүдийг танин мэдсэн Сүмийн удирдагчидтай нягт холбоотойгоор ажиллахыг нь нэмэгдүүлжээ. Энэ ялдамд, түүний үйлчлэх хүслийг Их Эзэн мэдсэн байна.
Рикс Коллежид зургаан жил болсны дараа Сүмийн удирдагчид Ерөнхийлөгч Айрингд чухал дуудлагуудыг өгөхдөө өөрсдийг нь түүн рүү хөтөлсөн сүнсний нөлөөг эрэлхийлж байсан ажээ. Эдгээр дуудлагуудад бэлтгэгдэж байсан үед Сүнс түүнд заасны дагуу тэрээр ажиллаж, Бурханы тааллыг эрэлхийлэн хариултуудыг сонсож, өвөг дээдсийнхээ адил өдөөлтүүдийн дагуу ажиллаж, эдгээрийг баримталж байв. Түүн рүү утасдах үед тэрээр аль хэдийн бэлтгэгдсэн байлаа.
1977 онд СБС-ийн шинэ захирал Жеффри Р.Холланд, орлогч захирлаар үйлчлэхийг Ерөнхийлөгч Айрингаас хүсжээ. Гурван жилийн дараа захирал Холланд Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч болоход Хал түүний оронд СБС-ийн захирал болжээ. Тэрээр 1985 оны дөрөвдүгээр сард Тэргүүлэх Бишопын Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр дуудагдах хүртлээ энэ албан тушаалд үйлчилж байв. Уг дуудлагад тэрээр удирдлага, барилга байгууламжуудын төлөвлөлт, ариун сүмийн зураг төсөл болон барилгын ажил, түүнчлэн аж ахуйн бусад ажлуудад жинтэй хувь нэмэр оруулахын тулд өөрийн бүхий л чадварыг ашиглаж байлаа. 1992 оны есдүгээр сард түүнийг СБС-ийн захирлаар нэр дэвшүүлж, сарын дараа Далын Нэгдүгээр Чуулгад дууджээ.
1995 оны дөрөвдүгээр сарын нэгэнд Хенри Б.Айринг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад дэмжигдэн батлагдсан билээ. Тэр үеэс хойш тэрээр Их Эзэний Сүнсийг улам ихээр эрэлхийлж, дэлхий даяарх Сүмийн гишүүдийг чин сэтгэлийн номлол, хайрын тохинуулал, Аврагчийн тухай болон Түүний сайн мэдээний тухай хүчтэй гэрчлэлээр адисалсаар байгаа билээ.
Төгс тэнцсэн
Ерөнхийлөгч Айринг 2007 оны аравдугаар сарын ерөнхий чуулганы үеэр бид амьдралдаа Бурханы мутрыг эрж хайснаар ирдэг адислалуудын тухай гэрчилж, хувийнхаа туршлагаас хуваалцсан юм. Амьдралд нь тохиосон Тэнгэрлэг Эцэгийн үйл хэргүүдийн тухай өдрийн тэмдэглэл хөтөлснөөр, гэрчлэл нь өсөн нэмэгдэж, “бидний Тэнгэрлэг Эцэг сонсож, залбирлуудад хариулдаг нь түүнд хэзээ хэзээнээс илүү тодорхой”4 болжээ.
Эдгээр хариултуудыг сонсож, Бурхан бидний амьдралыг сонирхдогийг мэдэх түлхүүр нь сонсдог чихийг хөгжүүлэх явдал мөн гэж тэр хэлжээ. “Бид чимээгүй байж, сонсдог байх хэрэгтэй. Амьдралдаа би тодорхой мэдрэмж хүлээн авч чадахгүй байсан эсвэл Сүнсний дуу хоолойг сонсохгүй өнгөрүүлсэн нь хэтэрхий завгүй байснаас, хажууд хэтэрхий чимээ шуугиантай байснаас, мөн дэлхийн зүйлүүд дээр анхаарал төвлөрснөөс болдог.”
Ерөнхийлөгч Айринг бол итгэлийн арвангурав дахь тунхгийн үзэл баримтлалуудаар ямагт амьдарч ирсэн хүн. Ерөнхийлөгч Томас С.Монсон, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф нарын дэргэд тэрээр үйлчлэх болсон нь Сүмийн гишүүдийн хувьд азтай хувь тохиол юм. Авъяас чадвар, итгэлийн өв, амьдралд бэлтгэгдсэн байдал үйлчлэлд бие сэтгэл бүхнээ зориулсан хийгээд Бурханыг эрэлхийлэх болон Түүний хүсэл тааллыг хэрэгжүүлэх шийдвэр төгс чанар ховорхон тохиолдох байдлаар түүнд нэгдэн нийлсэн нь Тэргүүн Зөвлөлд үйлчлэх шаардлагад түүнийг төгс тэнцэхүйц болгосон юм.