2008
Халив барьсан самари хүн
2008 оны долдугаар сарын


Халив барьсан самари хүн

Хейди Бартл

Би Миа Мэйд (14-15 насны Залуу эмэгтэйчүүдийн) ангид хичээл заасны дараа юмаа цуглуулаад завгүй байтал миний нөхөр Гарри нэг настай хүүгээ тэвэрчихсэн өрөөний ар талд зогсож байв. Гурван настай хүү Зак маань дүүрэн хүнтэй танхим руу бидний хажуугаар шуртхийн өнгөрч, цуглааны байрны хаалга чиглэн, нэг хүний араас дагалаа. Нөхөр бид хоёр Закийг харж байгаа гэж бие биедээ найдсан учир түүнийг алга болсныг хэдэн минутын дараа анзаарав.

Түүнийг алга болсныг бид мэдмэгц, Зак танхимын нөгөө талаас гарч ирлээ. Гэвч нэг тоогүй юм болжээ. Түүний нүүр нь улайж, хацрыг нь даган нулимс урсаж байлаа, бас баруун гараа барьжээ. Манай бишоп биднийг чиглэн ихэд санаа нь зовсон байдалтай ирж яваа харагдав. Буруутайдаа гэмших мэдрэмж надад төрлөө. Хүү маань бэртчихсэн байдаг, гэтэл би түүнд тусалсангүй шүү дээ.

Зак гэнэт чанга уйлахыг бишоп сонсоод түүнд туслахаар яаран гарсан аж. Закд юу тохиолдсон нь тэр даруйд тодорхой болсон ч, үүнээс гарах аргыг олсонгүй. Түүний хуруунууд гадна талын хүнд хаалганд хавчуулагдсан байлаа. Хаалгыг нээх буюу хаахын аль аль нь байдлыг хүндрүүлж болох байв. Бас гарыг нь суга татаж авах юм бол маш хүчтэй өвдөхөөр байв.

Бишоп бас тойргийн нэг гэр бүлийн хос хаалганд хавчигдсан Закийн хуруунуудыг гаргахыг хичээн дэмий л сандралдаж байтал манай байранд цуглаанд оролцсон өөр тойргийн нэг ах юу болсныг харжээ. Тэр халааснаасаа халив гаргаж ирээд хаалга, хүрээ хоёрын хооронд хийв. Тэгээд халивыг хөшүүрэг болгон ашиглаж, зайг нь өргөн болгож, Закийн гарыг гаргаж авчээ.

Нөгөөх ах санаа нь амарч шүүрс алдаад, тэр өглөө ням гарагийн үйлчлэлд бэлтгэж байхдаа, ямар нэг хачин өдөөлт түүнийг Сүм рүү халив авч явах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн хэмээн тайлбарлав. Тэр мэдрэмж их хүчтэй бас тодорхой байсан учир тэрээр халив авч өмднийхөө халаасанд хийжээ.

Тэнгэрлэг сүнсний нөлөөнөөс үүдэлтэй эл үйлчлэл Бурханы хайрыг надад гүнзгийгээр мэдрүүлж, зүрх сэтгэлийг минь талархлаар дүүргэж билээ. Тэнгэрлэг Эцэг миний гурван настай хүүгийн маань дээрээс харж байсан аж, бас энэ сайн ахыг бидэн рүү илгээжээ.

Хэвлэх