Түүний жигүүрийн сүүдэрт
Пол Б.Хач
Аризонын Фоеникст би нисэхийн үндсэн заавраа дуусгаад, ганцаараа хийсэн цөөн цагийн нислэгийн дараа муж улсыг хөндлөн туулсан анхны нислэгийг ганцаараа хийсэн билээ. Энэ нь Фоиниксаас Таксон руу, тэндээс буцаж Фоиникс руу хийсэн хоёр цагийн нислэг байлаа.
Газраас 3,000 метрийн өндөрт ганцаараа нисэж, үзэсгэлэнт үүлс, уулс, тал хөндийнүүд, цөлийг харахыг тэсэн ядан хүлээж, сэтгэл догдолж байсан болохоор туршлагагүй намайг хүлээж байж мэдэх аюул ослын талаар би бага бодож байлаа.
Би цаг агаарын байдлыг шалгаад, нислэгийн төлөвлөгөөгөө илтгэж, радио, луужин, нислэгийн үндсэн хэрэгслүүдээ цуглууллаа. Нислэгийн зааврын энэ үе шатанд нийтлэг байдагчлан, сүүлийн үеийн эдгээр хэрэгслүүдийг ашиглах сургалтад дутуу суусан байлаа. Гэвч орчныг харахгүйгээр нисэх боломжийг нисгэгчид олгодог эдгээр нарийн хэрэгслүүдийн нэг нь ч миний хуучин онгоцонд байсангүй.
Дан далавчтай, ганц мотортой жижигхэн шар онгоцоороо ганцаараа газраас тасран хөөрөх үед дотор бага зэрэг эвгүй байсан ч Фоиниксаас Таксон руу хийсэн нислэг амжилттай болов. Агаарын нислэг хийх шинэ ур чадвартаа би сэтгэл догдлон баясч байлаа.
Ердөө 190-хэн км нисэх болсонд баясан хөөрч, эрдсэн би Таксоноос үдээс хойш оройхон хөөрлөө. Гэвч агаарт дээш хөөрсөн хойно гэнэт өөдөөс сөрөх хүчтэй салхитай тулгарч, онгоцныхоо өндрийг хянахад хүнд болов. Шороон шуурга харанхуйлан нөмөрч, би юу ч харж чадахгүй болов. Би хяналт алдаж, сандарч тэвдэн баримжаагүй болон айж, Каталина ууланд ойрхон байгаагаа мэдэв.
Би тэвдэж сандран, ирээдүйн амьдралынхаа тухай л бодож байлаа. Би дараагийн сард Аризонын Месагийн Ариун сүмд гэрлэхээр сүй тавьсан байлаа. Би бүрэн цагийн номлолд үйлчилсэн. Би зарлигуудыг дуулгавартай дагахыг мөн Ариун Сүнсний өдөөлтүүдийг сонсохыг ямагт хичээдэг байлаа. Хэрэв бурханлиг удирдамж надад хэрэгтэй бол, тэр нь чухам одоо л байлаа. Бараг цөхөрдгийн даваан дээр би чимээгүй залбирлаа. “Радио, луужин, багаж тоног төхөөрөмжийн хяналтын самбартаа найд, нислэгийн өндрөө доошлуул” гэж Сүнс тэр даруйд надад шивнэх нь тэр.
Би түргэн гэгч нь 100 метр орчим доошиллоо. Харагдах орчин муу хэвээр байсан ч, дороо байгаа дардан зам, төмөр замыг би харлаа. Багаж тоног төхөөрөмжүүдээ ашиглаж, газар дээр юмсыг харж дагаснаар, айдас төрүүлж, зүрхэнд шар ус хуруулсан хоёр цагийн дараа би сая Фоиниксийн нисэх онгоцны буудалд газардсан билээ.
Ариун Сүнсний тэрхүү өдөөлтийн төлөө, бас: “Таны жигүүрийн сүүдэрт би хоргодно” (Дуулал 57:1) гэсэн Дуулал дахь амлалтын төлөө би үргэлж баярлан талархаж явах болно.