2008
Цунамид нэрвэгдсэн хүмүүст урт хугацааны тусламж үзүүлж байна
2008 оны долдугаар сарын


Цунамид нэрвэгдсэн хүмүүст урт хугацааны тусламж үзүүлж байна

Зүүн Өмнөд Азийн эрэг хавийг сүйтгэсэн 2004 оны Цунамигаас хойш Индонезийн иргэн Сукарди болон түүний гэр бүлийнхэнд эргэж хэвийн амьдралдаа орох болон итгэл найдвараа олоход нь урт удаан хугацаа шаардагджээ.

“Дэлхийн төгсгөл ирлээ л гэж бид бодсон үнэхээр итгэмээргүй байсан” хэмээн, 2004 оны 12-р сарын 26-ны өдөр усан доорх хүчтэй газар хөдлөлт Индонезийн эрэг орчмын нийт 11 улсын 225,000 гаруй хүний амь насыг авч одсон өдрийг Сукарди дурслаа. “Гэвч бид амьд, хамтдаа байна, мөн бид аз жаргалтай байна” гэв.

Бусад мянга мянган хүмүүсийн адилаар Сукарди гэр бүлийн гишүүд болон найз нөхөд, орон гэрээ, газраа алдсан төдийгүй бүр өөрөө ч амь насаа алдах шахсан аж. Цунамид шидэгдсэн тэр агшинд тэрээр наргил модноос зуурч үерийн усны түвшин доошилтол хүлээжээ.

Сукарди Цунамигаас амьд үлдэгсдэд туслах Сүмийн төслийн хүрээнд Сүмийн Хүмүүнлэгийн Үйлчлэлийн төвөөр дамжуулан Хожмын Үеийн Гэгээнтний энэрлийн тусламжаар барьсан байшиндаа амьд үлдсэн гэр бүлийн гишүүдийнхээ хамт амьдарч байна.

Урт хугацааны сэргээлтийн ажил

Эмгэнэлт явдлын дараах хэдэн сарын туршид Сүм хоол хүнс, эрүүл ахуйн материал, эм тариа, хувцас хунар зэрэг бараа материалыг илгээн тусламж үзүүлжээ. Гишүүдийнхээ сэтгэл харамгүй хандиваар Сүм урт хугацааны нөхөн сэргээх туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү ажлын хүрээнд загасчид болон мужаануудад загасчны 130 завь хийх ажлыг олгожээ. Ачааны том машинуудыг ашиглан сам хорхойн фермүүдийн эргэн тойрны даланг сэргээн босгох ажилд туслуулахаар эрчүүдийг хөлслөн ажиллуулсан аж. Бие даасан байдалдаа эргэн ороход нь дэмжих үүднээс оёдлын болон нэхмэлийн машин, гар ажиллагаатай трактор болон багаж хэрэгслийг хандивлажээ.

“Эхний бүтэн жил хүмүүсийг ажилдаа буцаж ороход нь тусалж, амьдралаа сэргээхэд нь анхаарал төвлөрүүлсэн” гэж Сүмийн Хүмүүнлэгийн Үйлчлэлийн захирал Бретт Басс хэлэв. “Тэгээд бид өөрсдийн нөөц боломжид тохируулан нэн шаардлагатай хэрэгцээг нь тодорхойлоод суурингийн сэргээн босголтод хүчээ дайчилж эхэлсэн.”

Сүмээс олон нийтийн төв, орон гэр, сургууль, эмнэлгүүд болон цэвэр усны систем гээд бүгд, хүмүүнлэгийн үйлсийн ачаар бий болсон зүйлсийг барьж байгуулав. Яг шаардлагатай үед нь дэлхий даяарх Сүмийн гишүүд эдгээр ажлуудыг хийхэд ихээхэн туслалцаа үзүүлсэн юм.

Индонезэд хийсэн Сүмийн томоохон ач холбогдол бүхий ажлууд 2007 оны арванхоёрдугаар сард дууслаа. Уг төслөөр 902 айлд орон сууц барьж, 3 соёл үйлчилгээний төв, 15 сургууль, 3 бүрэн тоноглогдсон эмнэлэг барьж, 1 эмнэлгийг сэргээн босгож, 24 тосгоны усны асуудлыг шийдсэн юм.

Гэр орон болон амьдралыг сэргээн босгосон нь

Абдул Самадын гэр бүлийнхэн шинэ байрандаа нүүж орохоос өмнө нийтийн байранд хоёр жил хагас амьдарчээ. Үерийн улмаас тэрээр эхнэр, хадам ээж хоёроо алдсан ч одоо гурван охин болон хүүгийнхээ хамт амьдарч, тэднийхээ амьдралыг төвхнүүлэх итгэл дүүрэн байгаа аж.

Барьж, хандивласан 902 сууцны нэг бүр нь 44 м2 хэмжээтэй. Байр хүлээн авсан хүмүүс бүгд л байшин нь маш сайн баригдсан тул тэд үүнийгээ өөрсдийн хүүхдүүд, ач зээ нартаа өвлүүлэн өгөх болно гэцгээж байлаа. Тэдэнд байшингийн өнгө болон шалны хавтан ихэд таалагдсан бөгөөд бат бөх, найдвартай сууцтай болсондоо талархаж байлаа.

“Цунами болоход хүмүүс хамгийн түрүүнд гэрээсээ гүйн гарсан ба тэр мөчөөс л үймэлдэж эхэлсэн юм. Тэгээд тэд орон сууцныхаа түлхүүрийг гардан авснаар Цунамигийн гамшгаас гарах бага ч гэсэн тайвшрал авсан” хэмээн Сүмтэй хамтран орон сууц барьж байгуулсан Цагаачдад Туслах Олон Улсын Байгууллагын ажилтан Жефф МкМурдо өгүүлэв.

Сургуулиуд барьж, итгэл найдварыг бий болгосон нь

Сүм нь Исламийн Тусламжийн Сан, Адвентист Дэвшил болон Тусламжийн Агентлаг зэрэг газруудтай хамтран 15 сургууль барьж, шинэ багш нарыг сурган сургалтын төлөвлөгөө болон боловсролыг дэмжих хөтөлбөрийг боловсруулж, нөхөн сэргээх ажлаа үргэлжлүүлсэн юм.

Тухайн бүс нутгийн олон багш цунамид өртөн амь насаа алдсанаас багш нар дутагдаж байна. Камаруззман бол Банда Акегийн сургуулиас амьд үлдсэн хоёр багшийн нэг. Сургуулийн байраа, багш нараа, хүүхдүүдээ алдаж шинэ сургуулиуд баригдах хүртэл боловсролын үйл ажиллагаагаа түр аргацаасан байдалтай явуулж байжээ.

Шинэхэн баригдсан сургуулийн захирал Камаруззаман хэлэхдээ: “40 оюутны олон нийтийн ажил явагддаг том танхимыг тэд ангийн зориулалтаар ашиглаж байв” гэв. “Одоо сурагчид сайхан сургуультай боллоо. Тэд одоо ирээдүйдээ илүү итгэлтэй боллоо” гэв.

Сургууль тус бүр нь ширээ, самбар, номын сан гэх мэт зүйлсээр тоноглогдсон нь хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмших орчин болж чадсан ажээ. Шинэ багш нартай болсноор шинээр сургалтын хөтөлбөр боловсруулж, тэднийг сургахад онцлон анхаарах болно.

Исламийн Тусламжийн Сангийн боловсролын зохицуулагч Херлиана энэхүү төсөлд гар бие оролцож байгаадаа их баяртай байна гэжээ. “Ямар ч сургууль байгаагүй бөгөөд бэлтгэгдсэн багш хэдхэн үлдсэн” хэмээн тэр хэлэв. “Тиймээс энэ үйл явдал нийгэмд томоохон хөрөнгө оруулалт болж байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд болон гэр бүлийн амьдралд бид хамтран томоохон өөрчлөлт хийлээ” гэв.

Цэвэр усны хангамж

Аке мужийн Бируены ойролцоох нэгэн жижиг тосгоны худгийн ус түгээгчээр баясгалантай, инээмсэглэсэн эмэгтэй Фаузиа ажиллаж байна. Түүний ажил бол тосгоныхоо шинэ худгаас ус авдаг хүмүүсээс мөнгийг нь хурааж бүртгэл хөтөлдөг юм байна.

Сүм нь Олон Улсын Тусламжийн Хөгжлийн байгууллагатай хамтран 24 тосгонд усны төсөл хэрэгжүүлж худгуудыг шинэчлэн барьж, усны савнуудыг суурилуулан, ариун цэврийг сайжруулан, ус түгээлтийн системийг боловсронгуй болгосон байна. Энэ ажлын үр дүнд 20,000 хүнийг цэвэр усаар хангаж чаджээ.

“Урьд нь цэвэр ус авна гэдэг хэцүү, урт хугацаа зарцуулдаг байлаа” гэж Фаузиа хэлээд одоо усаа яг гэрийнхээ гаднаас авах боломжтой болсондоо талархал илэрхийлэв. Тэрээр цааш нь “Одоо манай хүүхдүүд эрүүл байж, илүү сайхан амьдрах болно” гэв.

Халуун усны газар болон угаалгын газар тосгодод баригдаж, оршин суугчдад эдгээр газруудыг хэрхэн арчилж цэвэр цэмцгэр байлгах талаар сургалт явуулжээ.

Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулав

Бүх тосгодын оршин суугчдад хувийн эрүүл ахуйн талаар сургалт явуулсны зэрэгцээ бүрэн тоноглогдсон гурван эмнэлэг болон эмнэлгийн нэг жигүүрийг сэргээн барьсан нь эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад нэлээд даацтай ажил болж чадсан аж.

Бируен дүүргийн олон нийтийн удирдагч Сярман “Энэ үнэхээр шаардлагатай зүйл байсан. Би урьд нь эмнэлгийн тусламж авах гэж 15 километр явган явдаг байв. Манай хүмүүс одоо шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг гэрийнхээ ойролцоогоос авах боломжтой боллоо. Эмнэлгийн үйлчилгээ өмнө нь байснаасаа илүү сайн болсонд бид баяртай байна” гэлээ.

Сүмээс эмч нар, эмнэлгийн ажилчдад сургалт зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг өгчээ.

Их Эзэний арга замаар хийж байна

Билл Хамм, Линда Хамм хоёр АНУ-ын Аляскын Анкорежээс ирсэн. Тэд Индонез дэх цунамид нэрвэгдэгсдэд туслах ажлыг зохицуулахаар дуудагдсан хүмүүнлэгийн үйлчлэлийн номлогчид бөгөөд энэ ажил нь тэдний хувьд сорилт байлаа. “Сорилтууд болон асар их боломжууд биднийг улам сэргээж байлаа” хэмээн Хамм ах хэллээ.

Хамм ах эгч хоёрын 18 сарын номлол дууссаны дараа АНУ-ын Калифорнийн Таузанд Өүкс хотоос ирсэн гэр бүлийн хос номлогч Жим Грединг, Карен Грединг нарт мөн энэ боломж тохиосон бөгөөд тэд төслүүдийг амжилттай дуусах ажлыг зохицуулахаар дуудагдсан юм. Хийгдэж байгаа ажлыг биеэр үзэн шалгах даалгавар авсан эдгээр хүмүүс зөвхөн Сүмийг төдийгүй, хандив өргөсөн олон хүмүүсийг төлөөлөн ажилласан юм.

“Бид ажлын чанарыг шалгаж, тухайн төслүүдэд зориулагдсан мөнгө зөв зарцуулагдаж буй эсэхийг хянадаг байсан” гэж Грединг эгч хэлэв. Сүмийн төлөөлөгчид үйл явцын бүх үе шатыг ажиглаж оролцохоос гадна санхүүжилтийнхээ арга барилаар Сүм нь бусад байгууллагуудаас ялгаатай.

“Бидний санхүүжилтийн мөнгө бол ариун бөгөөд түүнийг үр ашиггүй зүйлд үрэх биш, зөв зарцуулахын тулд бид чадах бүхнээ хийж ажилласан” хэмээн цунамид нэрвэгдэгсдэд туслах ажиллагааны зохицуулагч Билл Рейнолдс хэлэв. “Олон байгууллага хөрөнгө мөнгө хандивласан атлаа юу болж байгааг зөвхөн, хааяа ирдэг тайлангаар л дамжуулан хянадаг. Бид өөрсдөө хяналт тавьж ажилладаг учраас бидний шаардлагад нийцсэн ажил хийхэд зориулж төсвийг бага багаар нь олгож байсан. Бидэнтэй хамтран ажилласан байгууллагууд, хэрэв бид ямар нэг зүйлийг ийм аргаар хийхийг хүсч байна гэхэд тэд бидний шаардлагад нийцүүлэн хийх хэрэгтэйгээ мэддэг байлаа.”

Итгэл найдварыг сэргээсэн нь

Сүм Индонезийн хүн ардад туслахдаа тэднийг нэг алхам урагшлуулж, гамшиг зовлонгоос нэг алхам ч гэсэн холдуулж, амьдралаа дахин босгоход нь нэг алхам ч гэсэн ойртоход нь анхаарлаа хандуулан ажилласан юм. Эдгээр ажлууд цунамид нэрвэгдэгсдэд тусламж үзүүлсэн байгууллага, хувь хүмүүсийн дунд багахан хувийг эзэлж байгаа ч, номлогчид өөрсдийн болон гишүүдийн хайрыг, тэр дундаа Христийн цэвэр хайрыг үзүүлэх боломжтой байсан юм.

Хамм эгч “Хэдийгээр бидэнд сургаал тунхаглахыг зөвшөөрөөгүй ч, бид Их Эзэний төлөөлөгч байж, эелдэг найрсаг, ялдамхан инээмсэглэн, өөрсдийнхөө ажлаар гэрчлэлээ хуваалцахыг хичээсэн, бидэнд заримдаа хаанаас хэрхэн санхүүждэгээ тайлбарлах боломж олдож бид манай бошиглогч 24 цаг мацаг барихыг уриалж хоол хүнсэндээ зарцуулах байсан мөнгөө онцгой санд хандивлахыг биднээс хүссэн гэдгийг хэлдэг байлаа. Ариун Сүнс үүнийг гэрчилснээр дэлхий даяар тэднийг хайрладаг хүмүүс байдгийг тэд ойлгосон гэж би бодож байна”хэмээн хэлэв.

Цунами болсныг илтгэх зүйлс өдгөөг хүртэл байсаар байдаг ч тэдний төлөө хийсэн ажил бүхэнд тэд талархлаа илэрхийлдэг.

“Энэ бол хэзээ ч мартагдахааргүй явдал байсан. Олон хүмүүс амиа алдаж, олон хүмүүс хайртай хүмүүсээ алдаж, газар шороо усаар дүүрч тэнгис болсон энэ газар ирсэн хэн бүхэн сүйрлийн ул мөрийг харахгүй өнгөрөхийн аргагүй” хэмээн Грединг эгч хэлээд, “Гэвч Христэд итгэгчдийн талаар таагүй ханддаг байсан хүмүүс зүрх сэтгэлээ өөрчилсөн. Зарим нь бидэн рүү гайхан хардаг бол, ихэнх нь ‘Баярлалаа, ноёнтоон’ гэж англиар мэддэг хэдхэн үгээрээ бидэнд талархлаа илэрхийлэхийг бид олонтаа сонсдог” байсан гэж үргэлжлүүлэв.

Хэвлэх