Найзаас найзад
Бурханы Охид хөвгүүд
“Бид бүгд нэг эцэгтэй юм биш үү?” (Maлахи 2:10)
Би сайн эцэг эхээс мэндэлсэн билээ. Эцэг эх маань Сүмд идэвхтэй байгаагүй ч гэсэн Сүмд заадаг зөв шударга үнэ цэнэтэй зүйлсийг баримтлан амьдардаг байсан. Найзууд маань Хүүхдийн хэсэгт явдаг байсан тул би ч бас тэдэнтэй хамт явдаг байлаа. Тэнд очих нь надад их таалагддаг байсан тул би таслахгүйг хичээдэг байлаа.
Хүүхдийн Хэсэг сүм дэх миний гэр бүл болсон юм. Долоо хоног бүр би найзуудтайгаа ариун ёслолын цуглаанд очиж оролцдог байв. Би ариун ёслолын цуглааны жинхэнэ утга учрыг сайн ойлгодоггүй байсан ч үүнд оролцох болгондоо ямар нэгэн онцгой зүйлийг мэдэрдэг байв. Өмнө нь үгийг нь ч мэддэггүй байсан тэр гэрээг би мэдэрч байжээ гэдгийг сүүлд нь ойлгосон юм.
12 нас хүрмэгц, Аароны санваарын чуулга миний сүм дэх гэр бүл болсон юм. Санваарын зэргийг хүндэтгэн хайрлах, бишрэх мэдрэмжийг би олж авсан. Би диконы чуулгын ерөнхийлөгчийн хувьд, диконы чуулгын цуглаануудыг удирддаг байсан бөгөөд шинэ дикон томилогдоход, түүнийг урьж бяцхан үг хэлдэг байлаа.Одоо санахад, “Энэ бол Бурханы санваар. Та үүнийг хүндэтгэж явах үүрэгтэй.” гэж хэлж байснаа би санадаг.
Дунд сургуулиа би дүүргээд, бэлтгэл цэргийн албанд оров. Командын офицер маань надад АНУ-ын Армийн цол авах боломжийг өгсөн билээ. Тэр маш энэрэнгүй бас их эрх мэдэлтэй нөлөөтэй хүн байв. Хүмүүс түүнийг няцааж чаддаггүй байсан. Би түүнээс гэр рүүгээ очиж, энэ талаар бодож үзэж болох эсэхийг асуусан юм.
Тэр шөнө би залбирсан бөгөөд, Сургаал ба Гэрээний 20:73 “Есүс Христийн итгэмжилснээр, би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна” гэсэн залбирлын үгс оюун санаанд минь орж ирж билээ.
Дараагийн өглөө нь би командын офицер руу очиж, энэ тушаалыг би авахаар шийдсэнээ хэлээд, гэсэн ч Тэнгэрлэг Эцэг, Түүний хүү Есүс Христийн өөр нэгэн тушаалыг би авах болсноо хэлсэн. Би сүмдээ номлолын ажилд үйлчлэх болсноо тайлбарлаж өгсөн юм.
Тэрхүү залбирлын маань хариулт маш гайхалтай байсан бөгөөд, би чухал шийдвэр гаргах бүртээ энэ мэдрэмжийг дахин дахин мэдэрдэг билээ. Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ хоёр үргэлж намайг хайрладаг, мэддэг байсан юм шиг санагддаг. Намайг бүр анх Хүүхдийн хэсэгт орж ирэхэд мэдрэгдсэн тэр Сүнснээс л миний өөрчлөлт эхэлсэн. Энэ нь Аароны санваартны чуулгад ч, мөн номлолын талбарт ч ийм байсан билээ. Одоог хүртэл энэ нь үргэлжилсээр байгаа.
Бид бүгд Тэнгэрлэг Эцэгийн охид хөвгүүд. Тэр хэзээ ч үүнийг мартдаггүй, харин бид заримдаа мартдаг. Тийм болохоор Тэр бидэнд сануулахын тулд итгэлийн зарчмыг өгсөн. Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд маань туслахын тулд Тэнгэрлэг Эцэг бидэнд туршлагын бэлгийг өгсөн. Би өөрийн амьдралаа эргэн харахад, итгэлийг маань өсгөхөд тусалсан тэдгээр туршлагуудад би их талархалтай байдаг юм.
Тэнгэрлэг Эцэгээс чамд өгөх тэр туршлагуудыг чи талархан хүлээн ав. Түүний чамд заахыг хүссэн зүйлээс чи суралц. Тэнгэрлэг Эцэг маань бидний хүн бүрд Түүнд болон Түүний Хүүд итгэх итгэлийг хөгжүүлэх туршлагуудыг өгдөг билээ.
Хэрвээ чамд гунигтай туршлагууд байдаг бол, чи өөрийгөө Тэнгэр дэх Эцэгийн хүү буюу охин гэдгээ, Тэр чамайг хайрладаг гэдгийг сана. Энэ нь чамд хэзээ ч хөдөлшгүй бат бөх зангуу болох болно. Үүрд мөнхөд! Энэ нь авралын төлөвлөгөөн дээр суурилагдсан, мөнхийн зүйл юм. Чи ямар ч бэрхшээл саад байсан үл хайхран, өөрийн үзэл санаандаа үүнийг бат тогтоох хэрэгтэй.