Түүний алхаан дахь итгэл…ба Түүний зүрх сэтгэл дэх дуу хоолой
40 километр явган явах нь Бразилын гишүүн Пауло Твюардег Сүмд итгэлтэйгээр явахаас нь болиулаагүй юм.
“Бид тарьж байна, өдөр бүр тарьж байна,”1 эсвэл Хаа дуудсан ч би үйлчлэх болно2 гэсэн дууллын үгсийг сонсох буюу дуулахдаа би Пауло Твюардегийн тухай бодохгүй байж чаддаггүй.
Өмнөд Бразилд нэг халуун өдөр би Паулотай танилцсан юм. Сүмийн цуглаан дуусч, үүдний өрөөнд сууж байсан хэдхэн гишүүнийг эс тооцвол цуглааны байр бараг хоосон байв. Тэр үед Бразилын Куритиба Номлолын Ерөнхийлөгчөөр үйлчилж байсан миний нөхөр, Парано дахь Гуарапуава дүүргийн ерөнхийлөгч Эдсон Листоза Арахотай уулзаж байлаа.
Нөхрийн маань зөвлөхөөр үйлчилж байсан Жасон Сауза ах: “Полсен эгч ээ, үүдний өрөөнд сууж байгаа, гутал нь шавар болсон ахыг та ажиглав уу?” гэж надаас асуув.
Өмнөд Бразилд замыг улаан шороогоор барьсан байдаг учир гутал шавар болох нь ердийн зүйл байлаа.
“Хар үстэй, 20 нэлээд гарсан, туранхай хүнийг та хэлж байна уу?” гэж би асуулаа.
“Тийм ээ, түүний нэр Пауло Твюарде. Шавар, явж болохооргүй их биш л бол тэр бараг ням гараг бүр Сүмд явган явж ирдэг. Тэр 15-тайгаасаа хойш ингэж 14 жилийн турш явганаар Сүмд ирж байгаа юм.”
“Хэр зэрэг холоос явган явдаг юм бэ?” гэж би Сауза ахыг хэлэхийн завдалгүй асуув.
“Өө 40 километр” гэж тэр торолгүй хэлээд, “Сүмд цагтаа ирэхийн тулд тэр үүр шөнөөр 3:00 цагт гардаг. Ингээд найман цаг явж ирдэг” гэв.
“Яагаад тэр ингэдэг хэрэг вэ?” гэж би үл итгэсэн байдлаар асуув.
“Яагаад гэвэл Сүм үнэн гэдэгт тэр итгэдэг.”
Тийм тодорхой хариултад би бага зэрэг ичиж, “Тэр ч мэдээжийн хэрэг л дээ. Яагаад тэр тийм хол газраас явган явдаг юм бэ?” гэж асуусан юм л даа гэв.
74 настай, зүрхний өвчтэй ээж нь эмнэлгийн үйлчилгээ хүлээн авах боломжтой Гуарапуавад л амьдарч байгаа учраас Пауло гэр бүлийнхээ фермийг эрхлэн хөдөө амьдардгийг Сауза ах тайлбарлав. Ерөнхийлөгч Лустоза түүний зүрхний эмч ажээ.
“Паулo ганцаараа амьдарч, талбайгаа хагалан цөөн хэдэн малаа тэжээдэг. Тэнд цахилгаан, урсгал ус байдаггүй. Ферм нь хамгийн ойрын автобусны буудлаас найман км хол байдаг. Үүнээс бүр долоон дор юм гэвэл, бямба, ням гарагуудад автобус явдаггүй. Иймээс тэр Сүм рүү явган явж ирдэг” гэж Сауза ах ярив.
Пауло ерөнхийдөө дөрвөн долоо хоногийн гуравт нь Сүмд ирдэг гэж нөхөртэй маань хамт өрөөнд орж ирсэн Ерөнхийлөгч Лустоза хэллээ. “Зам, явж болохоор л байвал тэр цуглааныг тасалдаггүй. Даваа гарагт буцдаг автобусанд суухын тулд тэр ням гарагийн шөнө энд хонодог” гэж тэр ярилаа.
Хэрэв Пауло дөрвөн ням гарагийн гуравт нь Сүмд ирдэг гэж бодвол жил бүр зөвхөн Сүмд очихын тулд бараг 1,600 километр газрыг 300 гаруй цаг явган явдаг байх нь!
Пауло ферм дээрээ гэртээ байгаа үедээ сайн мэдээг хуваалцах аль нэг арга замыг олдог ажээ. “Би талбайгаа хагалж байхдаа анжис маань морины ард байгаа үед, хоолойнхоо дээд чадлаар дууллуудыг чангаар дуулахаар шийдсэн юм л даа. Надтай хамт талбай дээрээ байдаг хөршүүд маань, намайг дуулж байхыг сонсоод, ямар дуу дуулж байгаа юм бэ асуудаг. Ингэж л би тэдэнд сайн мэдээг заадаг юм даа” гэж тэр хэлээд инээмсэглэв.
Сүм рүү явган явдаг нь итгэлээ хэрэгжүүлэхийн тулд Паулогийн хийдэг цорын ганц байнгын аялал биш юм. Тэрээр Бразилын Сан Паулогийн Ариун сүмд орохын тулд жилд хоёр удаа 530 километр аялал хийдэг байжээ. Ариун сүмийн эдгээр аяллуудын нэгнийх нь үеэр түүнийг ариун сүмд ажилладаг байсан Рита Коссиа де Оливейратай танилцуулсан аж. Ерөнхийлөгч Лустозагийн гэргий Одете Лустоза ариун сүмд Ритатай урьдчилан уулзсан бөгөөд түүнд захиа бичихэд нь Паулог урамшуулан дэмжжээ.
Рита том хотод амьдарч дадсан бөгөөд ойрхон шүтээний байртай тойргийн гишүүн байхын адислалууд нь бас найз нөхөд нь түүнд таалагддаг байв. Гэвч урт удаан хугацаанд хөөцөлдөж, хүч чармайлт гаргасны үр дүнд Рита 2003 онд Сан Паулогийн Ариун сүмд Паулотай гэрлэж, ферм дээр нь түүнтэй амьдралаа холбосон ажээ.
Тэрээр фермийн амьдралд дасч, ариун сүмийн гэрлэлтийн адислалдаа баярлан талархаж явдаг аж. “Хамгийн хэцүү зүйл нь нөхөрт гарах байсан. Бусад зүйлд би дасан зохицож чадна” гэж Рита хэллээ.
Фермдээ анжсаар газар хагалахдаа Паулo хөршүүддээ зориулж дууллуудыг дуулах замаар сайн мэдээний үрийг тарихаар хичээсэн хэвээр байгаа бөгөөд Гуарапуава дахь Сүм рүү 40 км аялсан хэвээр байна. Харин одоо тэрээр Рита, бас хүүтэйгээ хамт, тэгэхдээ ням гарагийн өглөө эрт биш, баасан гарагийн орой сүүлчийн автобусаар явдаг болжээ. Долоо хоногийн амралтын өдрүүдийг Гэгээнтнүүдтэй хамт өнгөрүүлж, ням гарагийн цуглаануудад оролцсоны дараа тэд даваа гарагийн өглөөний автобусаар ферм рүүгээ буцдаг аж. Их Эзэн тэднийг яв гэсэн газар руу тэд явж байгаадаа баяртай байна.