2008
Бурханы чиглүүлэгч мутар
2008 оны долдугаар сарын


Бурханы чиглүүлэгч мутар

Elder Wolfgang H. Paul

10 юмуу 20 жилийн дараа чиний амьдрал ямар байх бол? Ямар ажил эсвэл мэргэжилтэй байх бол? Сүмийн ямар дуудлагатай байх бол? Гэр бүл чинь ямар байх бол?

Та бүгдийг юу гэж хариулах гэж байгааг би тодорхой мэдэж байна. Би мэдэхгүй гэсэн хариулт. Гэвч үүнийг Бурхан мэдэж байгааг бид лавтай мэднэ. Хэрвээ чи түүний мутарт даатгах аваас тэр чиний мэдэхгүй замаар чамайг дагуулж, чамд гайхамшигт боломж болон туршлагуудыг өгөх болно.

“Бүх зүрхээрээ Эзэнд итгэ. Өөрийн ойлголтонд бүү түшиглэ.

“Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно.” (Сургаалт Үгс 3:5–6).

Үндэстнийг чиглүүлдэг Бурхан хүүхдүүдийнхээ нэг болох чамайг ч мөн адислаж, чамд анхаарал халамж хангалттай тавьдаг билээ. Бурханы чиглүүлэгч мутар хувь хүн түүнчлэн бүхэл үндэстэнг удирддаг гэдгийг би мэдэж авсан.

Үндэстнийг адисласан нь

Намайг насанд хүрч байх тэр үед Герман хуваагдсан юм. Миний амьдарч байсан баруун хэсэг эрх чөлөөтэй, ардчилсан байсан учраас дэгжин хөгжиж байв. Зүүн хэсэг Зөвлөлүүдийн Холбоо гэгчтэй стратегийн холбоотой байснаас коммунист системд захирагдаж байсан тэр үе. Баруун зүүн гэж хилээр тусгаарлан хана, өргөст төмөр, газарт дэлбэрэх бөмбөг байрлуулсан ба винтов буутай цэргүүд хил дээр зогсдог байсан. Тэрхүү хилийн цаана, эрх чөлөөгүй зүүн хэсэгт шашин шүтэх эрх чөлөө болон ариун сүмийн адислалуудыг маш ихээр хүссэн итгэлтэй Xожмын Үеийн Гэгээнтнүүд олон байлаа.

Нэг өдөр бошиглолууд гүйцэлдэхийн тулд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдана гэдгийг Сүмийн гишүүд мэдэж байсан юм. (Матай 24:14-г үзнэ үү). Гэвч, армиуд маш хүчирхэг, засгийн газарт ямар ч нинжин сэтгэл гэж байгаагүй учраас Зөвлөлтийн Холбооны ноёрхол доорх бусад улсууд болон Германы зүүн хэсэгт олон улсын зөрчилдөөн эсвэл бусад зүйлс ямар нэгэн муу үр дүн авчрах вий гэдгээс бид айж байсан юм.

Их Эзэн илүү сайн мэдэж байсан. Ерөнхийлөгч В.Кимбалл уг хил нээгдэхийн төлөө залбирахыг Сүмийн гишүүдэд уриалсан юм. Аажим, аажмаар илт гайхалтай зүйлс болж эхлэв. Зүүн Германы засгийн газар өөрийн нутаг дэвсгэр дээрээ ариун сүм барихыг зөвшөөрч, Германы Фрейбергийн ариун сүм 1985 онд онцгойлон адислагдсан юм. Дараа нь, 1988 онд Сүмийн удирдагчдын хүсэлтийн дагуу, Зүүн Германд номлогч нар орохыг мөн, Зүүн Германаас номлогч нар үйлчлэлд гарахыг засгийн газраас зөвшөөрчээ. 1989 оны 11-р сард Зүүн Герман Берлин ханыг нээж, үүнийг удалгүй нураасан юм. Засгийн газар унаж, Герман орон ардчилсан засгийн газартай нэгдсэн билээ.

Түүхчид эдгээр агуу үйл явдлуудын талаар олон шалтгаан бичсэн байдаг ч үүний ард Их Эзэн өөрийн зорилгуудыг гүйцэлдүүлэхээр эдгээр үндэстнүүдийн хувь заяаг удирдаж байсан гэдэгт би эргэлздэггүй.

Амьдралыг чиглүүлсэн нь

Хувь хүний чинь хувьд Бурхан чамайг маш ихээр анхаардаг бөгөөд чи түүнийг урих аваас Тэр чамайг болон бусдыг адислахаар чиний амьдралыг төвхнүүлж, чамайг удирддаг юм. Түүнийг нэгт тавьснаар, Тэр амлалтаа биелүүлж, миний амьдралыг өөрчилсөн учраас би үүнийг мэдэж байна. Тэр надад хэрэгтэй бусад олон зүйлсээр намайг адислах болно. Миний амьдралд энэ зүйл олон удаа тохиолдсон юм.

60000 хүнтэй хотоос Хожмын Үеийн Гэгээнтэн гэр бүл нь ганцхан манайх байсан. Бид сайн мэдээний дагуу амьдрахыг хичээдэг байсан. Би сүнсийг олон удаа мэдэрдэг байсан бөгөөд Сүмийн талаар хэзээ ч эргэлзэж байгаагүй. Харин цэргийн алба хааж байх үедээ, Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхийг маш ихээр хүссэн юм. Тэгээд би нам гүм, чимээ шуугиангүй газар очоод, яг Мормоны Номонд заасны дагуу гүйцэтгэлээ. (Моронай 10:4–5-г үз). Би Бурханаас асуусан. Харин би хэзээ ч мартаж чадахааргүй гайхалтай аз жаргал, амар тайван, тайтгарал, сүнсний дулаахан мэдрэмжийг гэрч болгон хүлээн авсан юм.

Цэргийн албаа хаасны дараа, би Баруун Германы засгийн газрын харъяа цэргийн удирдах газарт боловсрол эзэмшсэн бөгөөд энэ нь амаргүй байсан ч би санхүү, үл хөдлөх хөрөнгө, хуулийн асуудал гэх мэт олон зүйлийг чамлалтгүй сайн сурсан юм. Түүнчлэн дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байлаа. Манай ангийн хүүхдүүд ням гарагт завгүй сурч байхад би Сүмийн үүргээ биелүүлж гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөдөг байсан. Энэ нь хүнд байсан, гэвч Их Эзэний амлалтууд үнэн, чи үүнд итгэж болно. Би ангийн хүүхдүүдтэйгээ адил амжилттай сурсан юм.

Төгссөнөөсөө хойш, би 8 жилийн турш засгийн газарт хүчин зүтгэсэн. Надад хийх сайхан ажил болон үүний дараа тэтгэвэрт гарах үед их хэмжээний мөнгө өгөхөөр засгийн газар амласан байлаа. Амьдрал минь илүү амар болсон юм шиг надад санагдаж билээ. Удалгүй Сүмийн тэргүүлэх Бишопын Зөвлөл намайг Франкфурт руу нүүж, Европ бүсийн төлөөлөгчөөр ажиллах хүсэлтэй байгаа эсэхийг асуув. Би найдвартай ажлаасаа, ирээдүйн тэтгэврээсээ татгалзах хэрэгтэй боллоо. Эхнэр бид хоёр залбирч явах нь зүйтэй гэдгийг мэдэрсэн юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл, миний амьдрал өөр боловч адислагдсан замаар өрнөж байна.

Засгийн газарт сурсан зүйлс маань шинэ үүрэгт ажилд минь маш их тус болсон юм. Энэ ажлыг хүлээн авсан нь намайг номлолын ерөнхийлөгчөөр бэлтгэсэн юм. Хэрвээ би засгийн газарт ажиллаж байсан бол хэзээ ч энэ ажлыг хийж чадахгүй байсан билээ.

Их Эзэнд зөвшөөрөх аваас Тэр өөрийн зорилгуудын төлөө амьдралыг чинь өөрчилнө гэдгийг би та нартай талархалтайгаар хуваалцаж байна. Агуу адислалууд ирэх болно. Тэрээр мэргэжил болоод олон чухал зүйлүүдээр чамайг адислаад зогсохгүй Түүнд залбиралтайгаар хандах үед өдөр тутмын жижиг зүйлүүдэд хүртэл чамайг адислах болно. Амьдралд минь олон удаа эдгээр зүйлс тохиолдсон юм.

Өдөр бүр адислагдсан нь

Би салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа жил тутмын аравны нэгийн тайлан дээр ажиллаж байснаа санаж байна. Дулаахан өвлийн өдөр байсан ба эхнэр минь надтай хамт алхахаар намайг хүлээж байлаа. Засгийн газарт санхүү хариуцсан ажилтан байсан учраас энэ нь миний хувьд хэцүү даалгавар байсангүй. Гэвч намайг тайланг гаргах үед баланс таарч өгөхгүй байлаа. Би хичээсэн боловч чадсангүй. Миний урам хугарлаа. Тэгээд би Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйв.

Би сөгдөн залбираад боссоны дараа, юу ч өөрчлөгдөөгүй байгааг олж харав. Гэвч хандивын мөнгөн орлогын нэг хэсгийг шалгах хэрэгтэй гэсэн бодол төрсөн юм. Тэр үед мөнгөний баримтуудыг хамтад нь үдэж наасан байсан бөгөөд хоёр баримт наалдаад яг нэг баримт шиг харагдаж байсныг би олж харлаа. Ингээд асуудал шийдэгдлээ.

Чиний асуудал яг надад саяхан тохиолдсон зүйлс шиг энгийн байж болно. Би компьютертээ шинэ өндөр хурдын модем худалдан авсан юм. Зааврын дагуу бүгдийг угсарсан ч, ажиллахгүй байв. Би асуудал шийдвэрлэх зааврыг дагасан ч, үйлдвэрлэгч компанийн техникийн тусламжийн төв рүү залгасан ч болсонгүй. Авсан дэлгүүр дээрээ очиж шалгуултал тэд ямар нэгэн эвдрэл олсонгүй. Тэгээд би буцаагаад гэртээ авчрав. Харин энэ удаа би залбирахаа саналаа. Миний хийсэн ганц зүйл л залбирал байсан. Залбирснаар модем ажилласан ба одоог хүртэл ажилласаар байна.

Өнөөдөр, эдгээр үйл явдлын зарим нь бүхэл бүтэн үндэстэнд, зарим нь бүх л амьдралд нөлөөлсөн юм. Зарим нь том зүйлүүдийн дэргэд өчүүхэн ч энэ нь үнэн юм. Бошиглогчтой ярьж, үндэстнийг өөрчилдөг Бурхан өөрийн Сүнсээр чиний зүрхэнд хандан ярихыг хүсч байгаа. Тэр чиний амьдралыг удирдаж чамайг чиний бодож байснаас илүү агуу болгоно. Хэрэв чи түүнд итгэж, найдах аваас тэрээр чиний амьдралын өдөр тутмын сорилтуудад туслах болно.

Тэр чамайг мэддэг. Тэр чамд хайртай. Мөн Түүний амлалтууд үнэн.