2008
Бошиглогчдын дуу хоолойг анхаарах нь
2008 оны долдугаар сарын


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Бошиглогчдын дуу хоолойг анхаарах нь

Энэ бол Есүс Христийн сайн мэдээний ертөнц дахиныг хамарсан захиасыг хэл, арьсны өнгө, үндэс угсаа харгалзахгүйгээр бүх хүмүүст тунхагладаг, дэлхийн улс үндэстнүүдийг хамарсан гишүүнчлэлтэй, үнэхээр ертөнц дахины Сүм мөн. Бид бүгд бол амьд хийгээд хайраар дүүрэн Бурханы сүнсэн хүүхдүүд билээ. Түүн рүү эргэж очих аяндаа амжилттай байхыг Тэнгэрлэг Эцэг маань биднээс хүсэн хүлээдэг билээ.

Түүний мөнхийн үнэнүүдийг зааж, сайн мэдээгээр амьдрахад биднийг удирдах бошиглогчдыг Тэрээр бидэнд нинжин сэтгэлээрээ өгсөн юм. Их Эзэн түүнийг гэрт нь дуудах хүртэл биднийг олон жил удирдсан хайрт бошиглогч, Ерөнхийлөгч Гордон Б.Хинклитэй (1910–2008) бид энэ онд салах ёс гүйцэтгэлээ. Эдүгээ биднийг удирдуулахаар Их Эзэнээр дуудагдсан шинэ бошиглогч, Ерөнхийлөгч Томас С.Монсоны удирдлага дор бид урагш явах болно. Биднийг хайрладаг агуу хайраараа Эцэг маань энэ агуу ажлыг 1800-аад оны эхээр Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сэргээснээс хойш өнөө үеийг хүртэл биднийг удирдах бошиглогчдыг бидэнд өгсөөр ирсэн уламжлал тасраагүй билээ. Эхэн үеийн Гэгээнтнүүдийн тухай, тэдний золиослол, уй гашуу, урсгасан нулимсыг төдийгүй, бас тэдний эрэлхэг зориг, итгэл бишрэл, Их Эзэнд итгэдэг байсан итгэлийг нь, мөн өөрсдийнхөө үед Түүний бошиглогчийг дагадаг байсныг нь бид үргэлж санагалзан дурсаж, хайрласаар байх болно.

Арван есдүгээр зууны анхдагчуудын дотор миний өвөг дээдэс байгаагүй. Гэвч Сүмийн гишүүнчлэлийн анхны өдрүүдээс хойш, хээр талыг туулсан эхэн үеийн анхдагчуудтай ойр дотно хэлхээ холбоотойгоо би мэдэрдэг болсон. Тэд бол сүнслэг байдлын хувьд миний өвөг дээдэс юм. Сүмийн нас барсан гишүүн бүрийн хувьд үндэс угсаа, хэл, соёл, зан заншлаас хамаарахгүйгээр тэд ч бас миний өвөг дээдэс юм. Өрнөдөд тэд зөвхөн аюулгүй газрыг үндэслэн бий болгосон төдийгүй, дэлхийн бүх үндэстнүүдийн дунд Бурханы хаант улсыг байгуулах сүнслэг үндэс суурийг тавьсан билээ.

Бид бүгдээрээ анхдагчууд

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг эдүгээ дэлхий даяар чин сэтгэлээсээ хүлээн авч, үүгээр амьдарч байгаа үед бид бүгд өөрсдийн нөлөөний хүрээ, ахуй нөхцөлд анхдагчууд мөн. Дэлхийн II Дайны дараах Германд төөрөгдөл, үймээн самуунтай байсан үед манай гэр бүл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тухай анх мэдсэн билээ. Тэр үед Жорж Альберт Смит (1870–1951) Ерөнхийлөгч байлаа. Би жаахан хүүхэд байсан, ердөө долоохон жилийн дотор бид нар хоёр ч удаа бүх эд хөрөнгөө алдсан. Бид бол ирээдүй нь тодорхойгүй дүрвэгчид байв. Гэвч тэр долоон жилд бид худалдаж авч чадахаас илүү их зүйлтэй болсон бөгөөд толгой хоргодох бурханлиг газар буюу цөхрөл гутралаас хамгаалах газрыг олсон юм. Энэ бол Есүс Христийн сайн мэдээ, үнэн бөгөөд амьд бошиглогчоор удирдуулсан Түүний Сүм юм.

Хүүхэд ахуйн энэ зурвасхан цаг үед би балгас болтлоо бөмбөгдүүлсэн байшингууд дотор тоглож, дайны үргэлжийн уршигт үр дагавруудыг, бас аймшигт Дэлхийн II Дайн миний эх орон, олон улс үндэснүүдэд ямаршуухан гай гамшиг тарьсныг бие сэтгэлээрээ мэдэрдэг байлаа.

Есүс Христ бүх хүмүүсийг булшнаас гэтэлгэн хувь хүн бүрийг ажил үйлсийнх нь дагуу шагнан хүн төрөлхтний төлөө төгс Цагаатгал хийсэн тухай сайн мэдээ бол миний амьдралд найдвар, амар амгаланг авчирсан эдгээх хүч байлаа.

Амьдралд бидэнд ямар ч сорилтууд тохиолдлоо гэсэн, хэрэв бид зөвхөн Христэд итгэдэг байх төдийгүй, бас биднийг цэвэршүүлж, тайтгаруулах Түүний чадвар хийгээд хүчинд итгэвэл, бидний ачаа хөнгөн байх болно. Түүний амар амгаланг хүлээн авахын хэрээр бидний амьдрал дэгждэг билээ.

Намайг арван хэдэн настай байхад Ерөнхийлөгч Давид О.МкКей (1873–1970) бошиглогч байлаа. Тэр надад их дотно таньдаг хүн шиг минь санагддаг байв. Түүний хайр, нинжин сэтгэл, намба төрхийг би мэдэрдэг байлаа. Тэрээр өсвөр насны минь амьдралд итгэл, зоригийг өгсөн юм. Хэдийгээр би хэдэн мянган километрийн тэртээ хол Европт өссөн ч тэр надад итгэдгийг би мэдэрдэг байсан, иймээс би түүний урмыг хугалахыг хүсдэггүй байлаа.

Хүч чадлын өөр нэг эх сурвалж бол шоронд байхдаа Төлөөлөгч Паул өөрийн хамгийн итгэлтэй туслах, найз Тимотод хаяглан бичсэн захидал байв. Тэрээр бичсэн нь:

“Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч чадал, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.

“Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич” (2 Тимот 1:7–8).

Бидний Аврагчийн тухай эртний Төлөөлөгчдийн нэгнийх нь хэлсэн эдгээр үгс дайны дараа миний хувьд онцгой чухал байсан бөгөөд өнөөдөр ч чухал хэвээр байна. Гэсэн ч олон улсын хурцадмал байдал, эдийн засаг, улс төрийн тодорхойгүй байдал, түүнчлэн хувь хүмүүсийн сорилт бэрхшээлүүдийн үед амьдралдаа хяналт тавихаас хичнээн олон хүмүүс айдаг билээ?

Тогтвортой дуу хоолой

Бурхан бидэнд хандан тогтвортой дуу хоолойгоор ярьдаг. Бурхан бүх хүн төрөлхтний гэр бүлтэй адил тэгш харилцдаг. Бид том эсвэл жижиг тойрогт амьдарч цаг уур, хоол хүнс бидний хувьд өөр байж, соёлын өв уламжлал, хэл аялгуу бас арьсны маань өнгө ч өөр байж болно. Гэвч сэргээгдсэн сайн мэдээний бүх нийтийг хамарсан хүч хийгээд адислалууд нь соёл заншил, үндэс угсаа, улс төрийн систем, уламжлал, хэл, эдийн засгийн байдал, эсвэл боловсролоос хамаарахгүйгээр бүх нийтэд хүртээмжтэй юм.

Бидэнд өнөөдөр цамхаг дээрх харуулууд, бурханлиг, эдгээгч үнэний элчүүд болох төлөөлөгчид, үзмэрчид, илчлэгчид байсаар байна. Бурхан тэднээр дамжуулан бидэнтэй ярьдаг. Гишүүд бидний амьдарч байгаа өөр өөр ахуй нөхцөлийг тэд сайн мэддэг. Тэд энэ дэлхийд байгаа болохоос биш энэ дэлхийнх биш юм. Бурхан уруу очих замыг тэд заадаг, бас тэд энэ дэлхийн мэргэн ухаанаар биш, харин мөнхийн Эх Сурвалжаас бидний хүндрэл бэрхшээлд туслахыг санал болгодог.

Ердөө хэдхэн жилийн өмнө Тэргүүн Зөвлөлийн нэгэн захиас бичигт Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Бидний амьдарч байгаа энэ үед сэтгэл зүрхийг маань түгшээсэн олон асуудал гарч ирж байна. Орчин үеийн тансаг амьдралын дунд бид чиг баримжаа алдагдсан үедээ ухаалаг хийгээд тохирох замыг төлөвлөж, дагахын тулд Бурханаас эрэлхийлдэг. Тэнгэрлэг Эцэг хэмээн бидний нэрлэдэг Тэрбээр чин сэтгэлийн маань хүсэлтэд хариулахгүй үлдэнэ гэж үгүй.”1

Амьд бошиглогч, Ерөнхийлөгч Томас С.Монсон газар дэлхий дээр бидэнд байна. Бидний бэрхшээл сорилтууд, айдсыг тэр мэддэг. Сүнсээр нөлөөлөгдсөн хариултууд түүнд ирдэг. Айх хэрэггүй. Бидний зүрх сэтгэлд, гэр оронд маань ч амар амгалан бий. Бурханы зарлигуудыг дагаснаар, жинхэнэ наманчлал, цагаатгалын хүч, уучлалын гайхамшигт найдвар тавьснаар, бидний хүн бүр энэ дэлхийд сайнаар нөлөөлж чадна.

Бошиглогчид Их Эзэний нэрээр, бурханлиг тодорхой байдлаар бидэнд хандан ярьдаг. “Өөрөөр хэлбэл Их Эзэн оюун ухаанд гэрэл өгдөг, өөрөөр хэлбэл тэрээр хүмүүнд өөрсдийнх нь хэлний дагуу тэдэнд ойлгогдохоор ярьдаг” (2 Нифай 31:3) хэмээн Мормоны Ном нотолсон байдаг.

Сэргээгдсэн сайн мэдээний ёслолууд болон гэрээнүүдийн адислалыг бид хүртэхийн тулд Их Эзэний үгийг сонсох төдийгүй, үүний дагуу ажиллах нь бидний үүрэг хариуцлага мөн. “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг. Гэвч миний хэлснийг та нар үл хийхэд, та нарт амлалт байх нь үгүй” (С ба Г 82:10) гэж Тэрбээр хэлжээ.

Бид Сүмийн төгс сайн гишүүд байхын төлөө хичээн чармайж байгаа үед санаа сэтгэлээр унах, гомдох, цөхрөл гутралын ирмэг дээр ч ирэх цаг байж болно. “Гилеадад гавар бий” гэдгийг би та нарт баталж байна. Бүтээгчийн төлөвлөгөөнд гол байр эзэлдэг Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь тавилангийн зүйлүүдэд анхаарал төвлөрүүлэхэд бидэнд тусалдаг өнөө үеийн бошиглогчдыг анхааран сонсоцгооё. Их Эзэн биднийг мэддэг, Тэр бидэнд хайртай, биднийг амжилт олоосой гэж Тэр хүсдэг, бас Тэрбээр: “Мөн … бүх зүйл мэргэн ухаанд хийгээд эмх цэгцэнд хийгддэг байхыг мэдэгтүн; учир нь [эрэгтэйчүүд мөн эмэгтэйчүүд] [өөрсдөд нь буй] хүч чадлаас илүү хурдан гүйх шаардлагагүй… . [Гэвч] [тэд] хичээнгүй байх шаардлагатай” (Мозая 4:27) гэж хэлэн биднийг урамшуулан зоригжуулдаг.

Тэдний зөвлөгөөг дагах нь

Бид хүч чадлаасаа илүү гүйлгүйгээр Бурханы зарлигуудаар амьдрахад хичээнгүй байдаг бил үү? Эсвэл бид чадлынхаа хэрээр хичээнгүйлэн хөдөлмөрлөдөггүй юм уу? Цаг зав, авьяас чадвар, хөрөнгө чинээгээ бид ухаалгаар ашиглаж байна уу? Хамгийн чухал зүйлүүд дээр бид анхаарлаа төвлөрүүлдэг бил үү? Сүнсээр нөлөөлөгдсөн бошиглогчдын зөвлөгөөг бид дагаж байна уу?

Гэр бүлээ бэхжүүлэх нь бүх хүн төрөлхтөнд ашиг тустай байж чадах нэг жишээ мөн. Гэр бүлийн үдшийн зарчим 1915 онд бидэнд өгөгдсөн юм. Ерөнхийлөгч МкКей 1964 онд “Гэр орон дахь бүтэлгүйтлийг өөр ямар ч амжилт нөхөж чадахгүйг”2 эцэг эхчүүдэд дахин сануулсан билээ. 1995 онд өнөө үеийн бошиглогчид, нийгмийн үндсэн суурь нэгж болох гэр бүлийг бэхжүүлэхэд бүх дэлхийг уриалан дуудсан юм.3 “Гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, сайн мэдээг судалж заах, түүнчлэн гэр бүлийн эрүүл саруул үйл ажиллагаануудад эн тэргүүнд анхаарал тавихыг бид эцэг эхчүүд, хүүхдүүдэд зөвлөж байна. Зохистой, тохиромжтой бусад шаардлага буюу үйл ажиллагаанууд байж болох хэдий ч, зөвхөн эцэг эхчүүд, гэр бүлүүд л зохих ёсоор гүйцэтгэж чадах, бурханлигаар томилогдсон үүргүүдийг эдгээр нь орлох ёсгүй”4 хэмээн 1999 оны дөрөвдүгээр сард Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга мэдэгдсэн билээ.

Бошиглогчид, үзмэрчид, илчлэгчдийг бүхий л хичээл зүтгэлээр дагахад бие сэтгэлээ зориулан, шийдвэр төгс байдлаа даруу зан, итгэл бишрэлээр шинэчилцгээе. Хаант улсын бүх түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүсийг сонсож, тэднээс заавар авч, гэгээрцгээе. Бид тэднийг сонсож, дагасан үед, бидний зүрх сэтгэл өөрчлөгдөж, сайныг үйлдэх агуу хүсэл бидэнд бий болно (Алма 19:33-ыг үз). Ийнхүү дэлхийн бүх хэсэгт Сүмийг байгуулахад, Есүс Христийн сайн мэдээг Бурханы хүүхэд бүрт адислал болгоход, манай гэр бүлүүдийг нэгтгэн бэхжүүлэх сүнслэг үндэс суурийг бүрдүүлэхэд бид анхдагчууд байх болно.

ТЭМДЭГЛЭЛ

  1. “Sailing Safely the Seas of Life,” Liahona, Nov. 1999, 6–7.

  2. Quoted from J. E. McCulloch, Home: The Savior of Civilization (1924), 42; in Conference Report, Apr. 1964, 5.

  3. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үз, Лиахона, Oct. 2004 оны 10-р сар, 49.

  4. “Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг” Лиахона, 1999 оны 12-р сар, 1.