Есүс үнэхээр Америкт айлчилсан уу?
Есүс Христ амилалтынхаа дараа Америкт ирсэн тухай надад ярьсан нэг залуу эртэй би 1960 онд танилцсан юм. Энэ санаа байж боломгүй юм шиг надад санагдсанд, би илүү ихийг мэдэхийг хүсэв. Иймээс би номын сангуудаас эрж хайн төрөлх хот Эл Сальвадорын Сан Мигельд байдаг шашны янз бүрийн байгууллагуудаас асууж сураглав.
Би бараг гурван жил эрж сурагласан боловч юу ч олсонгүй. Христ Америкт ирсэн тухай сонссоноо шашны удирдагчдад намайг хэлэхэд, таныг хууран мэхэлжээ гэж тэд хэлдэг байлаа. Миний эрлээс ямар ч мэдээлэл олдоогүй учир, эцэстээ би тэд үнэнийг хэлжээ гэдэгт итгэсэн юм.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хоёр номлогч нэг өдөр манай гэрт ирж, гэр бүлд минь зориулсан чухал захиас тэдэнд байна гэв. Би тэр даруйд нөгөөх асуултаа санаж, “Есүс Христ Америкт ирснийг та нар мэдэх үү?” гэж тэднээс асуув.
Залуу эрчүүдийн нэг нь “Бид энэ тухай гэрчилдэг” гэв.
Тэрхэн агшинд би оюун ухаан, зүрх сэтгэлдээ агуу догдлолыг мэдэрч, “Үүнийг та нар яаж мэддэг юм бэ?” гэж асуулаа.
Тэрээр цүнхнээсээ нэг ном гаргаж ирээд, “Энэ ном, Мормоны Номоос Христ энд ирснийг бид мэддэг юм” гэв.
Эхний ярилцлагын үед номлогчдын надад заасан зүйл санааг минь зовоож, улмаар Эцэг Хүү хоёрын тухай Бошиглогч Иосеф Смитийн шастирт би эргэлзэж билээ. Гэвч Мормоны Ном миний сонирхлыг татсанаар номлогчид надад хичээлүүдээ үргэлжлүүлэн заасаар байлаа.
Нэг өдөр ахлагчид, “Танд бидний зааж байгаа үнэн эсэхийг мэдэхийн тулд та залбирав уу?” гэж надаас асуув.
Би залбирсан боловч хариу хүлээж авсангүй гэж тэдэнд хэллээ.
“Та үнэн хүсэлтэйгээр залбирах ёстой” гэж тэд хэлэв.
Би Мормоны Номыг хэдэн шөнийн турш уншсан байлаа. Мөн Есүс Христ Нифайчууд дээр очсон тухай уншиж, үүнд итгэсэн хэрнээ Иосеф Смитийн үзэгдлийг өдий хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Сэтгэл санаанд минь хүчтэй тэмцэл болж байв.
Нэг шөнө би ганцаараа өвдөг сөгдөн зүрх сэтгэлээ Бурханд нээв. Тэрээр үнэхээр Өөрийгөө Иосеф Смитэд харуулсан уу гэдгийг би мэдэх хэрэгтэй байна гэж Түүнд хэллээ. Хэрэв тэгсэн бол би Сүмд баптисм хүртэж, бүх амьдралынхаа туршид Түүнд үйлчлэх болно хэмээн би түүнд амласан юм.
Маргааш өглөө нь намайг эрт босоход Ариун Сүнсээр дамжин надад хариу ирсэн юм. Оюун ухаан минь цэлмэж, зүрх сэтгэл минь амар амгалангаар дүүрч билээ. Иосеф Смит үнэхээр Бурханы бошиглогч байсан, Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ мөн, Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч мөн гэдэгт би тэр үеэс хойш огтхон ч эргэлздэггүй болсон билээ.
Христ амилалтынхаа дараа Америкт ирснийг би мэднэ. Ариун Сүнсний хүчээр тод томруунаар надад заагдсан энэхүү гайхамшигт мэдлэгт бие сэтгэл минь баясдаг билээ.