Цаг нь болжээ
Өнөөдөр Украйнд Хожмын Үеийн Гэгээнтэн залуу байх нь Сүмийг удирдаж, үйлчилнэ гэсэн үг юм.
Хүн болгон хөрвөгдсөн газарт Сүмийн гишүүн байна гээд төсөөлөөд үз дээ. Номлогч нар энд ирээд хэдхэн жил болж байна. Чи 17 нас хүрэхэд, Лаурелын ерөнхийлөгч болохын оронд Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчөөр дуудагдана.
Оксана Ферсановагийн хувьд, энэ бол Сүм ямар байх ёстой яг тэр хэлбэр нь юм. Украйны Хмельницкийд амьдардаг Оксана 2006 онд номлолын ажил энэ хотод эхлэх үед баптисм хүртсэн анхны хүмүүсийн нэг юм. Баптисм хүртээд удалгүй Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчөөр дуудагджээ.
Сайн мэдээ хөгжиж эхэлж байгаа газарт үнэнийг хуваалцах чин хүсэлтэй, үйлчлэхэд бэлэн байдаг Сүм даяарх олон Хожмын Үеийн Гэгээнтэн өсвөр насны хүүхдүүдийн нэг жишээ бол Оксана юм.
Сайн мэдээг хүсэн хүлээсэн нь
Оксана Есүс Христийн тухай гэрчлэлтэй байжээ. Гэвч түүний найзууд түүнд Мормоны Номыг өгөх хүртэл тэрээр Түүний сэргээсэн сайн мэдээний гэрчлэлийг олж чадаагүй байсан юм.
“Нифайчуудад хандан ярьж буй Есүс Христийн тухай уншиж байх үед, хүчтэй мэдрэмж надад төрсөн ба Тэр надад хайртай гэдийг би мэдсэн. Би залбирч, Тэр бол Аврагч мөн Мормоны Ном үнэн гэсэн гэрчлэлийг хүлээн авсан юм.
“Иосеф Смит Мормоны Номыг орчуулсан, түүнчлэн Мормоны Ном үнэн гэдгийг, тэр бол үнэхээр Бурханы бошиглогч, Есүс Христийн сайн мэдээг сэргээсэн гэдийг би мэдэж чадсан” хэмээн Оксана хэлэв.
Тэр үед номлогч нар байгаагүй учир түүний найзууд сайн мэдээний талаар зааж өгдөг байжээ. Номлогч нар ирэхийн төлөө залбиран, 4 жилийн турш сайн мэдээний талаар сурч, хамгийн сайнаараа сургаалын зарчмаар амьдарч байсан юм.
Эцэст нь, 2006 оны 3 сард номлогч нар ирлээ. Оксана, найз Саша Курбатов хоёр Хмельницкий дэх анхны баптисм хүртсэн хүмүүс байлаа.
Өөр хотод сүмд нэгдсэн Сашагийн эгч нар нь түүнд Мормоны Ном өгөх үед Саша ердөө 10 настай байжээ.
“Иосеф Смит анхны үзэгдлийг үзэх үедээ яг л Саша шиг 14 настай байсан талаар эгч нар нь түүнд хэлжээ. Тэр ердөө 14 настайдаа агуу адислагдсан шиг би ч гэсэн адислагдана гэдгийг мэдэж байсан” хэмээн Саша хэлэв.
Тэгээд тэр Мормоны Номоо уншиж эхлэв. 2 Нифайн Исаягийн бүлэг хүртэл уншаад больжээ. Жилийн дараа Саша дахин Мормоны Номыг уншихдаа үнэн эсэхийг мэдэхийн тулд биш, түүх гэдэг утгаар нь уншжээ.
Тэр Мормоны Номыг 3 дахь удаагаа уншихдаа түүх гэдгээс илүүтэй тэмдэглэгдсэн Бурханы ажлын талаар анхааралтайгаар уншив.
“Уншиж байхдаа Мормоны Ном үнэн юм байна гэж бодсон ч надад бат бөх гэрчлэл байгаагүй. Би номлогч нартай ярилцахыг хүсч байлаа.”
Хэдэн жилийн дараа номлогч нар ирснээр, түүний бүх асуултанд хариулж, баптисм болон гишүүний баталгаанд түүнийг бэлтгэхэд нь тусалсан юм.
“Намайг баптисмын ус руу орох үед миний бүх эргэлзээ алга болж, Иосеф Смит бол бошиглогч, сайн мэдээ үнэн гэдгийг мэдсэн. Миний үлдсэн амьдрал өөр байна гэдийг би мэдэж байсан ч надад ямар ч айдас байгаагүй юм”.
Өнөөдөр түүний амьдрал өөрчлөгдсөн. Гэрийн багшийн хувьд Саша хэрхэн Их Эзэний хаант улсад үйлчлэх хийгээд санваарын хүчээ хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцаж байна.
Баптисм хүртснээс хойш жилийн дотор Саша ээж, өвөө хоёртоо баптисм хүртээжээ. Түүний гэр бүл бүгдээрээ Сүмд нэгдсэн бөгөөд, Саша бусдад сайн мэдээг түгээхдээ баяртай байдаг.
“Би номлолынхоо хуудсыг бөглөж байгаа. Бурханд бусдыг аваачихын тулд би дуудагдсан газраа сайн мэдээг номлож чадна. Түүний ажил урагшлах ёстой” гэж Саша хэлэв.
Түүний удирдамжийг дагасан нь
Черниговд номлогч нарын заадаг англи хэлний хичээлд суусан нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ рүү түүнийг хөтөлнө гэж Миша Сухоносов хэзээ ч төсөөлж байгаагүй юм. Гэвч хичээлд суугаад хэдэн сар болсны дараа тэр сайн мэдээ рүү хөтлөгдсөн юм.
Номлогч нар түүнд англи хэл заах үед тэр сүнсийг мэдэрдэг байж, эцэст нь тэдэнтэй хамт Сүмийн цуглаанд оролцох саналыг тэр хүлээн авсан ажээ. Сүм дээр яг үүнтэй адил сүнсийг мэдэрсэн нь түүнийг бүр гайхшруулжээ.
Эцэст нь, ахлагч нарын нэг Мишаг зөв гэж бодсон зүйлсээ хийж, баптисм хүртэхийг урив.
Гэр бүлийнхээ уламжлалыг сөрнө гэдэг их зориг шаардана гэдгийг Миша мэдэж байв. Украйнд олон хүмүүс бүх амьдралынхаа турш үндэсний шашнаа шүтэж амьдардаг. Түүний гэр бүл ч мөн тийм байлаа.
Ээж нь баптисм хийлгэхээ хүлээзнэхийг түүнээс хүсэхэд нь 16 нас хүртлээ хүлээхийг тэр зөвшөөрчээ. Аажимдаа, тэр долоо хоног бүр Сүмд ирж салбарын хөгжимчнөөр үйлчилж эхлэв.
“Би ирэхгүй бол хөгжим тоглох хүн байдаггүй байсан нь ням гараг бүр сүм дээр ирэхэд минь надад тусалсан” гэж Миша хэлжээ.
Эцэст нь хүлээлт дуусч 2006 оны 6-р сард Десна голд Миша баптисм хүртэв. Тэр үед гэр бүл нь түүний жишээг ямар хурдан дагах талаар тэр бодож амжаагүй байлаа.
Ээж Ольга нь хүүгийнхээ шинэ шүтлэгийн талаар илүү ихийг мэдэхийн тулд сүмд ирж эхлэв. Тэр байнга шахуу ирдэг болсон ба салбарын ерөнхийлөгч түүнээс ариун ёслолын цуглаан дээр орган хөгжим тоглохыг хүсч, хүү Миша нь дууг удирддаг болжээ.
Хүүгийнхээ болон гишүүдийн гэрчлэлийг 6 сарын турш сонссоны эцэст Ольга өөрийн гэрчлэлийг хүлээн авч, 2006 оны 9 сард Миша ээждээ баптисм хүртээжээ.
Долоо хоног бүр Ольга эгч хөгжмөө тоглодог. 17 хүрсэн Миша хүү салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд бас салбарын номлогчоор тус тус үйлчлэн, ариун ёслол дээр дуугаа удирдаад завгүй байна.
“Сүм надад хэрэгтэйг би мэднэ. Үйлчлэх эдгээр боломж байгаад би баярлаж байна. Би бусдад туслахад Сүм надад туслах болно” гэж Миша хэлэв.
Итгэлийг олсон нь
Украйны баруун хэсэг Львов-д Юрий Воёнарович болон түүний гэр бүл Юрийг 10 настай байхаас л үнэнийг хайсаар иржээ. Цөөнгүй жилд олон ч сүм очиж үзжээ. Удалгүй түүний авга ах тэднийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэг салбарт урьж, Юрийгийн эцэг эх удалгүй баптисм хүртэн, гишүүнээр батлагджээ.
“Би өөрийн биеэр үнэнийг хайсаар байсан учир, баптисм шууд хүртэхийг урьдал болгоогүй” гэж Юрий хэлэв.
Гэвч сүм үнэн гэдийг мэдсэн эцэг эх хоёр нь бууж өгөлгүй, түүнийг англи хэлний хичээлд, залуучуудын үйл ажиллагаа түүнчлэн ням гарагийн цуглаанд урив. Эцэст нь номлогч нар түүнийг англи хэлний хичээлд урьсан ажээ.
“Би тэдэнд үгүй гэж хэлж чадаагүй” гэж Юрий хэлэв. Тэгээд тэр очжээ. Дараа нь Сүмд очсон аж. Эцэст нь тэр баптисм хүртсэн юм.
“Тэр өдрөөс хойш өнөөдөр надад байгаа миний гэрчлэл болон зан төлвийг минь өөрчилж, шинэчилсэн олон туршлагыг би олж чадсан” гэж тэр хэлэв.
“Буруу сонголтоосоо болж шаналж байгаа хүмүүсийг би хардаг. Заримдаа уруу таталт, дарамт шахалтаас болж энэ нь хэцүү байдаг ч, бид нар бууж өгөх ёсгүй гэдгийг би ойлгодог. Дуулгавартай байснаар ирэх адислалыг бид дараа нь харах болно.”
17 настай Юрий Львов-д салбарын бичиг хэргийн ажилтан, салбарын номлогчоор үйлчилж байна.
“Би Сүмд, миний төлөө хийсэн бүх зүйлд нь талархаж явдаг. Би энэ Сүмд хайртай. Хүн болгон төмөр бариулаас хэзээ ч тавилгүй зуурч байхыг би уриалж байна.”