2008
Хөвгүүний жижиг зоос
2008 оны долдугаар сарын


Хөвгүүний жижиг зоос

Номлолын хамтрагч бид хоёр нэг эмэгтэй гэртээ орж байхыг хараад бид эндээс эхлэхээр шийдэв. Аргентины Буэнос Айресын дагуул хотууд үдийн амралтын үеэр хаагддаг учраас энэ эмэгтэй үдийн хоолоо бэлтгэхээр гэртээ ирсэнд бид баттай итгэж байлаа. Намайг үүнийг мэдэхээс өмнө хамтрагч маань сайн мэдээний нэг зарчмыг түүнд зааж байсан бөгөөд үүний үнэнийг би гэрчилж билээ. Бидний захиас Нардад таалагдаж, дараагийн долоо хоногт эргэж ирээрэй гэж тэр биднийг урьсан юм.

Биднийг Нардагийн гэрт ирэхэд, таван хүүхэд нь ширээн тойрч суугаад биднийг хүлээж байв. Эцэг эх хоёул ажилгүй, тэд дөнгөн данган амь зуулгаа залгуулдгийг нь мэдээд бид тэднийг ихэд өрөвдөж билээ. Тэдний ядмагхан гэр нь бэлэн усгүй хооронд нь холбон зайтай хадсан анзан ханатай ажээ. Тэдний халаалтын цорын ганц эх үүсгүүр нь ганц худагтай жижигхэн зуух байв.

Энэ гэр бүлийн ахуй амьдрал ядуу ч гэсэн Бурханы тухай улам ихийг мэдэх хүслээрээ тэд баян байлаа. Нарда Библид дуртай, үүнээс судалдаг байв, мөн хүүхдүүдээ өөр шигээ байхыг хүсдэг байлаа. Ялангуяа, арванхоёр настай Кристиан номлогчийн хичээлүүдийг сонирхон сонсдог байв. Бид нэг Мормоны Номыг энэ гэр бүлд орхисны дараа тэр охин эхний хэдэн номыг ихэд сонирхон уншжээ. Нардагийн нөхөр ч бас сонирхсон боловч тэр ичимхий хүн байж, иймээс унтлагын өрөөнөөс сонссон аж.

Тэдний санхүүгийн байдлын улмаас, мацгийн өргөл, аравны нэгийн тухай тэдэнд заах тухайд бид эргэлзэж байв. Илүү итгэл шаардах зарчмуудыг тэдэнд танилцуулахаас өмнө Есүс Христийн тухай, Сэргээлтийн тухай бат бөх гэрчлэлийг тэдэнд бий болгохыг бид хүсч байлаа. Гэвч том хүүхдүүд нь Мормоны Номыг уншиж, Сүмд явж эхэлсэн учир, бид хариулах хэрэгтэй асуултуудыг тэд тавьдаг байв.

“Эгч ээ, Сүм дээр бас Мормоны Номонд, хүн бүр л мацгийн тухай ярих юм. Мацаг гэдэг чинь юу юм бэ?” гэж Кристиан асуулаа. Бид мацгийн ач холбогдлын тухай зааж, гэрчлээд энэ гэр бүл эл зарлигийг хүлээн авахын төлөө залбирав.

“Уржигдар манай ээж чихэр аваарай гэж надад жаахан мөнгө өгсөн юм. Дэлгүүр рүү явж байгаад мацгийн тухай таны заасан хичээлийг санаад, мацаг барихыг хүслээ. Гэвч надад ердөө 20-хон центав л байлаа. Ямар ч байсан би мацаг барьж, энэ 20 центавыг мацгийн өргөл болгохоор шийдсэн” гэж Кристиан дараа нь гэрчлэлээ бидэнтэй хуваалцаж билээ.

Ийм бага мөнгө хандивлахыг Нарда Кристианд хориглосон ч, тэр нэгэнт шийдсэн байжээ. Тэр Бурханы бүх зарлигуудаар амьдарч, чадах л зүйлээ өгөхийг хүсч байлаа. Хэдхэн долоо хоногийн дараа тэр хоёр дүүгийнхээ хамт баптисм хүртэв. Эцэг эх хоёр нь дараа жил нь Сүмд нэгдсэн билээ.

Би мацгийн өргөл өгч чадахгүй нь үү дээ гэж бодох бүрдээ, Кристианыг, түүний итгэл бишрэлийг санаж, өргөл болгоход хангалттайгаас илүү их зүйл надад ямагт байдгийг ухаарч мэддэг. Түүний өргөл бэлэвсэн эмэгтэйн жижиг зэс зоосыг надад санагдуулдаг (Марк 12:42–44-ийг үз). Түүний өргөл өчүүхэн бага ч гэсэн, Кристиан Бурханыг үнэхээр хайрладаг учраас, дуулгавартай байхыг хүсдэг учраас үүнийг өгсөн юм.