2008
Чи надтай Хүүхдийн Хэсэгт очих уу?
2008 оны долдугаар сарын


Чи надтай Хүүхдийн Хэсэгт очих уу?

“Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг” (Aлма 37:6).

Гравдугаар ангид байхад манай ангийнхан бүгдээрээ Кристиг, сармагчинтай савлуурт тоглоомуудын хатан хаан гэдгийг хүлээн зөвшөөрдөг байж билээ. Хэн ч Кристи шиг тийм хурдан авирч, бас өндөрт савлуурдаж чаддаггүй байсан юм. Тэр ер нь бүх тоглоомонд адилхан сайн байсан. Гэхдээ хамгийн чухал зүйл нь Кристи миний найз байв. Нэг өдөр хичээлийн завсарлагааны үеэр тэр надаас, “Чи надтай Хүүхдийн Хэсэгт очихгүй юу?” гэж асуув.

Би өмнө нь Хүүхдийн Хэсгийн талаар юу ч сонсоогүй байв. “Энэ чинь юу юм бэ?” гэж би асуув.

Кристи тайлбарлахдаа, “Хүүхдийн Хэсэг бол манай сүм дээр байдаг хүүхдүүдэд зориулсан ямар нэгэн онцгой зүйл. Хэрэв очих юм бол, чи дуу дуулж, шинэ найзуудтай болно, шинэ юм сурна, бас чи Хүүхдийн Хэсгийн маш сайхан, гайхалтай багштай уулзах болно” гэлээ.

“Палмер багш шиг тийм сайн багш уу?” гэж би асуусан бөгөөд манай гуравдугаар ангийн багш шиг тийм сайн багш байдгийг би мэддэггүй байсан билээ.

Кристи инээж, “Тийм ээ, яг Палмер багш шиг сайн багш” гэв.

Хичээл тараад би гэр лүүгээ явах замын турш гүйсээр очиж, ээжээсээ Хүүхдийн хэсэгт очиж болох эсэх талаар асуув. Гэвч ээж маань надтай адил догдлон баярласангүй. “Би арай илүү мэдээлэл олж авахыг хүсч байна” гэлээ. “Кристи ямар сүмд явдаг вэ?”

Энэ нь надад амар асуулт биш байлаа. “Би санахгүй байнаа, урд нь ер сонсоогүй урт нэртэй юм билээ” гэв. Би буруу нэр хэлж ээжийгээ зовоохыг хүссэнгүй.

“Түр азнаарай. Би Кристи руу хурдхан залгаадахья!” Ээжийг үг хэлэхээс өмнө би утсыг авч залгав.

Утас хоёр удаа дуугарсны дараа Кристи авав. “Байна уу?”

“Кристи!” гэж би дуу алдав. “Танай сүмийн нэр чинь юу гэдэг билээ?” Би анхааралтайгаар сонсоод, “Ээж Кристигийн сүмийн нэр нь Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэдэг” гэлээ. Ээжийн маань эргэлзсэн царай өөрчлөгдөхгүй байгааг би хараад, надад тусламж хэрэгтэйг би мэдсэн. Би Кристид утсаар “Кристи, Танай ээж манай ээжид Хүүхдийн хэсгийн талаар тайлбарлаж өгч чадах болов уу?” гэж асуув.

Кристи миний цөхөрсөн дууг сонсоод ээжийгээ дуудаж, хэдэн минутын дараа тэр ирж ярив. Удалгүй ээжүүд маань эртний андууд шиг инээлдэн ярилцсан бөгөөд ээж маань Хүүхдийн хэсэгт очиж болно гэсэн билээ!

Намайг Хүүхдийн Хэсэг рүү орж ирэхэд, бүх зүйл яг Кристигийн хэлснээр байсан ба бүр түүнээс ч илүү санагдсан. Кристигийн хэлснээр Хүүхдийн Хэсгийн багш нь бүр үнэхээр, үнэхээр сайн багш байлаа. Яг Палмер багштай адилхан тийм сайн багш байв. Тэр бүр надад нэг жижигхэн ном өгч билээ.

Би гэртээ ирээд ээждээ номоо үзүүлж, Хүүхдийн Хэсгийн талаар бүгдийг ярьж өгөв. Би бүр “Сайн байна уу дуу”-г ээждээ болон жаахан хоёр дүүдээ дуулж өглөө. (Хүүхдийн Дууны Ном, 260) Ээж, хавтсан дээрээ Есүс Христийн зурагтай тэр жижигхэн номыг авч хэдэн хуудас уншсанаа чимээгүй болж бодлогошронгуй байдал царайд нь тодорч байж билээ. Тэгээд тэр намайг хэрэв хүсч байгаа бол Криститэй ням гараг бүр Хүүхдийн Хэсэгт явж байж болно гэлээ.

Би үнэхээр хүсч байсан, гэвч хэдхэн удаа явсан бөгөөд сургуулийн зуны амралтаараа бид гэр бүлээрээ өөр тийш явах шаардлагатай болсон. Бид машиндаа юмаа ачаад Калифорнигаас гарч Иллинойд байдаг эмээгийнхээ ферм рүү хөдөллөө.

Бидний аяллын хоёр дахь өдөр, Юта руу орж ирэх үед, бид хурдны замын дэргэдэх зарлалын самбарыг мөн түүн дээр Кристигийн сүмийн хаяг байхыг олж харсан юм. Тэдгээр нь хүмүүсийг Солт Лейкэд байдаг нэгэн зочид хүлээн авах төвд урьсан байв. Ээж маань тэнд очиж Сүмийн талаар илүү юм мэдэж авахыг хүсч байна гэлээ.

Биднийг зочид хүлээн авах төвийн хаалгаар орж ирэхэд нэрийн тэмдэг зүүсэн нэгэн найрсаг залуу угтан авав. Тэр бидэнд эргэн тойрныг үзүүлж, ээж маань маш олон асуултыг асууж байсан ба тэр хүн хариулах бүртээ гайхан баярлаж байх шиг санагдав. Аялал дуусах үед ээж маань нэр хаягаа зочдын дэвтэрт бичсэн ба дараагийн нүдэнд чагт тэмдэг зурж, хажууд нь “ТИЙМ” гэж бичсэн бөгөөд тэрээр Сүмийн талаар илүү их мэдээллийг авахыг хүсч байна гэж хэлсэн билээ.

Биднийг амралтаасаа буцаж гэртээ ирсний дараа, өөрсдийгөө ахлагч нар гэж танилцуулсан хоёр залуу манайд ирсэн юм. Тэр хоёр номлогч бөгөөд Солт Лейк хотын зочдын төвөөс мэдээллийг аван, ээж маань Сүмийн талаар илүү мэдэхийг хүссэний дагуу ирснээ хэлэв. Тэд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө болон Есүс Христийн сайн мэдээний тухай манайханд заахдаа маш баяртай байх болно гэсэн. Ингэж номлогч нар манай гэр бүлийнхэнд зааж эхэлсэн билээ.

Анхны үед бид сүм рүү хамтдаа явдаг байв. Би гэрийнхэндээ ариун ёслолын танхимд байх үедээ итгэлтэйгээр бие биенээ гараараа тэврэхийг зааж өгсөн. Энэ нь бишрэлээ харуулах нэг арга гэдгийг би Хүүхдийн Хэсгээс сурсан юм. Тэр өдөржингөө бид бие биенээ гараараа хүзүүгээр нь тэврэн суухыг хичээсэн боловч, маш олон хүмүүс бидэнтэй гар барьж сүмд тавтай морилохыг урьж байсан тул гараараа бие биеэ үргэлж тэврэн удаан суух боломжгүй байсан.

Хичээлийн төгсгөлд номлогч нар ээжээс, Есүс Христийн Сүмийн гишүүн болж баптисм хүртэхийг хүсч байгаа эсэхийг асуусан. Тэр энэ талаар залбирч үзэхийг хүсч байна гэсэн. Дараа өглөө нь ээж 6:00 цагт номлогч нарыг дуудаж бүхэл оройжингоо баптисмын талаар залбирсан тийм гэсэн хариулт авснаа хэлэв! Би болон миний дүү нар ч баптисм хийлгэхийг хүсч байлаа.

Би одоо хүртэл баптисмын усан сан руу алхан орж байснаа санадаг. Тэгэхэд би цагаан хувцас өмсөж, маш их баяр хөөрийг сэтгэл дотроо мэдрэн, инээж, хашгирмаар санагдаж байснаа санаж байна. Ээж рүүгээ хартал тэр баярласнаас уйлж байсан. Тэгээд би Кристи рүү харсан бөгөөд тэрээр надтай адил догдлон баяртай байгааг харав. Учир нь энэ бүх зүйл түүний асуусан “Чи Хүүхдийн Хэсэгт надтай явах уу?” гэсэн энгийн асуултаас л эхэлсэн билээ.

Хэвлэх