Бид юунд итгэдэг вэ?
Сонгох эрх нь мөнхийн зарчим юм
Тэнгэрлэг Эцэг маань бидэнд сонгох эрх чөлөөг өгсөн. Бидний хувьд сонгох чадвар нь авралын төлөвлөгөөний нэн чухал хэсэг мөн.
Мөнх бус амьдралын өмнөх Тэнгэрийн Зөвлөгөөн дээр Тэнгэрлэг Эцэг сонгох эрхийг багтаасан төлөвлөгөөгөө танилцуулсан. Люсифер бослого гаргаж, “хүмүүний сонгох эрхийг устгахыг эрэлхийлсэн” (Moсe 4:3). Үүний үр дүнд тэр өөрийн дагалдагчдынхаа хамт доош хаягдав. Үлдсэн нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг сонгосон тул дэлхийд ирж маханбиеийг хүлээн авах боломжтой болсон. Энэхүү төлөвлөгөөнд бидний нүглүүдийн төлөө цагаатгалыг хийх Аврагч, Есүс Христийг мөн өгсөн юм. Наманчлалаар дамжуулан бид уучлагдах болно. Бид баярлалдан уухайлдав (Иов 38:7-г үз)!
Мөнхийн аз жаргал авах эсвэл мөнхийн зовлонд унах нь мөнх бус байдал дахь бидний сонголтын тусгал мөн. Судрууд бидэнд “бүх адислал тулгуурлагдсан хууль тэнгэрт … , эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон” (C ба Г 130:20) ба энэ “хууль нь шийтгэлийг оноодог” (Aлмa 42:22) гэдгийг заадаг. Түүнчлэн бид үйлдлийнхээ явцыг сонгохдоо мөн үйлдлүүдийнхээ үр дагаврыг сонгодог (Галат 6:7-г үз). Үр дагавар нь түргэн зуурт харагдахгүй байж болох ч хэзээ нэгэн цагт гарч ирэх нь гарцаагүй. Бурханы зарлигуудыг сахихаар сонгох нь амар амгалан, мөнхийн амьдрал уруу биднийг хөтөлнө. Сатаны уруу таталтуудыг хүлээн авах нь биднийг нүгэл ба зүрх сэтгэлийн зовлон уруу хөтлөх болно.1
Хуучин Гэрээний бошиглогч Иошуа, “хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөө сонго, … Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ” хэмээн бидэнд том үлгэр дууриал үзүүлсэн (Иошуа 24:15).
-
Бидний мөнх бус амьдрал нь сонгох эрх чөлөөгөө хэрхэн ашиглахаа харуулах сорилтын үе юм (Aбрахам 3:25-г үз).
-
“Бүх зүйлд сөрөг тал” гэж байх ёстой бөгөөд түүнээс бид сайн ба муугийн ялгааг таньж чадна. Энэ нь бидэнд сонгох боломжийг олгодог. (2 Нифай 2:11–16; C ба Г 29:39-г үз.)
-
Тэнгэрлэг Эцэг маань хүн бүрд Христийн Гэрлийг өгсөн. Түүгээр бид сайныг муугаас ялгаж чадна (Moронай 7:12–17).
-
Бид сайн муу аль нь ч байсан үйлдлийнхээ явцыг сонгохдоо мөн үйлдлүүдийнхээ уршиг үр дагаврыг нь хамт сонгодог (Дэд хууль 11:26–28; 30:15–20; Галат 6:7; Илчлэлт 22:12).
-
Учир нь “[өөрсдийнхөө] төлөө үйлдэх нь [бидэнд] зөвшөөрөгдсөн,” бид өөрсдийн үйлдлийн төлөөх хариуцлагаа хүлээнэ (Хиламан 14:30–31-г үз).
-
Бид Бурханы зарлигуудыг сахихыг сонгох үед бидний сонголтууд нэмэгдэж, илүү эрх чөлөөтэй болдог (2 Нифай 2:27; C ба Г 58:26–28; 93:20-г үз).
-
Бид Бурханы зарлигуудад дуулгаваргүй байхыг сонговол бидний сонголтууд багасаж, бид ёсон бусын боолчлолд ордог (2 Нифай 2:29; Иохан 8:34-г үз).
-
Тэнгэрлэг Эцэг маань “та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг” (1 Коринт 10:13).
-
Бид өөрсдийгөө даруусган, уруу таталтыг тэвчихийн тул “үргэлж залбирах” хэрэгтэй (Aлмa 13:28-г үз).