2010
Амьд үлдэгсэд эсэн мэнд үлдэгсэдэд тусалж байна
2010 оны Зургадугаар сар


Амьд үлдэгсэд эсэн мэнд үлдэгсэдэд тусалж байна

2009 оны есдүгээр сарын сүүлээр Филиппиний нийслэл Манил хот болон ойр орчмын газар нутгийг хамарсан Кецана хар салхины улмаас үүдсэн үеэрийн дараа ч гамшгийн сүйрэл дууссангүй. Үүнээс есхөн өдрийн дараа Филиппиний хойд бүсийн нутгийг хамарсан Парма Хар салхи хөдөлж гамшгийн сүйрэл намжаагүй байхад, дахин шуурга дэгдэж Парма салхи хуурай газарт асар их хэмжээний хохирол учруулав.

Гэсэн хэдий ч Филиппиний Гэгээнтнүүд, өөрсдөө өмнөх шуургануудад өртөж ядарч яваа нэгэн хүртэл Пармагийн гурав дахь сүйрлийн гамшиг өнгөрөхийг хүлээлгүй тусламж хэрэгтэй нэгэндээ тусалж байна.

Хадгалсан бүхнээ хандивлав

Есдүгээр сарын сүүлчээр Халуун орны Кецана шуурганд Манил хотын ойролцоо орших Паранак хот сүйрэв. Шуурганы учруулсан хамгийн хүндрэлтэй зүйл нь хоолойд тулсан үерийн ус байсан бөгөөд нэгэн тойргийн бишоп уг нутгаас гурван гэр бүлийг нүүлгэн шилжүүлсэн ажээ. Дараагийн өдөр нь ариун ёслолын цуглаан цуцлагдсан ч, тойргийн олон гишүүн цуглааныхаа байранд унтлагын хувцас, богино өмд, хантаазтайгаа ирж тусламж хэрэгтэй хүмүүст хоол хүнс, хувцас хунар авчран, шуурганы хор уршгийн эсрэг тэмцэж байлаа. Хоёр цагийн турш тойргийн бүх гэр бүлээр айлчлан, тусламж үзүүлэв.

Ердөө хоёрхон өдрийн дараа үерт автсан тосгоны хүмүүст туслахаар Паранак хотын сүмийн гишүүд цуглааныхаа байранд 26 цүнх хувцасыг цуглуулав.

Бишоп Франко Эдвинкула, “Манай тойргийн олон гэр бүлийн хувьд энэ нь хамгийн дурсамжтай гэр бүлийн үдшүүдийн нэг байлаа” хэмээн ярив.

Нэгэн эгч бишоп уруу утасдаж хэзээ хандиваа өгч болохыг асуув. Бишоп Эдвикула, “Би их гайхсан шүү. Бүр юу хэлэхээ ч мэдэхгүй байлаа” гэв. “Гэвч би энэ эгчийн тусалъя гэсэн сайхан сэтгэлийн хүслийг нь унтраах ёсгүйг л ойлгосон”.

Дахин, дахин тусалсан нь

Кецана шуурга Манил хотыг дайрах үед Филиппиний Аламинос дүүргийн ерөнхийлөгч Бага Порферио Балют дүүргийнхээ гишүүдийг өмнөд хэсэгт амьдардаг хөршүүддээ туслахыг уриалав. Аламинос дүүргийн гишүүд 4 сарын өмнө буюу 2009 оны 5-р сард Хар салхинд нэрвэгдэж, хөл дээрээ босох гэж зүдэрч байгаа хүмүүс. Энэхүү хар салхи Филиппиний баруун хэсгийн хотуудад урьд нь учруулж байгаагүй их хохирол учруулжээ. Гишүүдийн олонх нь загасчилж, фермийн аж ахуй эрхлэн амь зуулгаа залгуулдаг байв. Гэтэл тэдний олонхийн амь зуулга үерийн гамшгаар тасалдахад хүрсэн ажээ.

Орон гэртэй болох гэж үйлээ үзэж яваа гишүүдээсээ тусламж хүсэх хэцүү байсан ч ерөнхийлөгч Балют хөршдөө туслахыг тэднээс хүсэв.

Үд дунд гэхэд гишүүд цуглааны байрандаа нийт 21 цүнх хувцас, нэг цүнх хүнс, 1500 песо авчирсан гэнэ.

Долоо хоногийн дараа Парма шуурга нутгийн хойд хэсгийг сүйрүүлэхэд Аламинос дүүрэг дахин хувцас хунар, хоол хүнс, мөнгө цуглуулж тусалжээ. Зарим нэг нь бүр тусламжийн барааг түгээхэд цаг гарган сайн дураараа ажилласан гэнэ.

Бишоп Балют, “Би зүгээр л туслахыг хүссэн” гэв. “Бид ийм их зүйл олж авна гэж огт бодоогүй шүү. Бидний итгэл, бусдыг хайрлах хайр өсч, гэрчлэл улам бэхжиж Аврагчийн хайр, Цагаатгалын тухай ойлголт маань улам гүнзгий болсон.”

Амь биеэ үл хайрлан өөдрөг үзэлтэй байсан нь

Ахлагч Кендалл Айрис эхнэрийнхээ хамт Боловсролын Тасралтгүй Санд үйлчилж байгаа бөгөөд тусламжийн барааг түгээх ажлыг хариуцан зохион байгуулахаар дуудагдсан ажээ. Тэрээр Филиппиний Гэгээнтнүүдийн эв нэгдэл, туслах хүч чармайлтыг ийн дүрсэлжээ.

“Өөрийн гэсэн бүхнээ алдаж, адилхан хэцүү байдалд орсон мөртлөө бие биедээ туслахын тулд өдий их зүйлийг гаргаж, сайн дураараа тусалж байгаа эдгээр хүмүүсийг харахад үнэхээр гайхамшигтай байна” гэж Ахлагч Айрис ярив. “‘Амиа алдсан нь түүнийгээ олох болно’ гэсэн зарчмыг би урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ ойлгосон юм”. Миний хувьд дээрх үг зөвхөн шашны сургаал биш, амьдралын үнэн бодит байдал болсон юм. Өөрсдийнхөө хэрэгцээг хойш тавиад гамшгийн хор уршгийг арилгахад оролцох хүсэл давамгайлж байлаа. Тусламжинд хэмжээлшгүй их бараа, материал ирж, зүйрлэшгүй их ажил өрнөж байгааг хараад илчлэлтийн үр дүн л ийм байдаг болов уу гэж бодогдож билээ.

Филиппин дэх Бүсийн Далын Ахлагч Бенсон Мисалуча, “Филиппинчүүд маш их сэтгэлийн тэнхээтэй хүмүүс” гэж хэлэв. Хүн нөхцөл байдалд өөдрөг үзлээр эсвэл гутрангуй үзлээр хандаж болно л доо. Гэвч нөхцөл байдал бүр муугаар барахгүй ямар ч найдваргүй мэт санагдаж байсан ч хүн өөдрөг үзэлтэй хэвээрээ үлдэх хэрэгтэй.

Филиппиний Пангасинанд болсон хар салхины уршгаар олон тээврийн хэрэгсэл онхолдож, зарим нь талдаа хүртэл шаварт шигдсэн байв. Сүмийн гишүүд өөрсдөө нэрвэгдсэн ч тусламж хэрэгтэй хүмүүсд гараа сунган хайр энэрлээ харуулсан аж.

Гэрэл зургийг Нэйт Лейшмен