Ханан дээрх дүрс
“Бяцхан хүүхдүүд бүү эмээ, учир нь та нар минийх болой, мөн бибээр дэлхийг ялсан” (C ба Г 50:41).
“Ээж!” Дезирий чангаар хашгирлаа. “Би айгаад байна!”
Ээж Дезирийгийн унтлагын өрөөнд ирж гэрлийг нь асаав. Дезирий аймшигтай сүүдэр туссан булан уруу хяламхийнэ. Тэнд юу ч байсангүй.
“Би энэ буланд чоно харах шиг болсон” гэж Дезирий хэлэв.
Ээж Дезирийг тайвшруулахаар энгэртээ чанга тэвэрлээ. “Гэрлээ асаагаад харах юм бол тэнд үнэхээр юу ч байхгүй байгаа биз дээ” гэж ээж хэллээ.
Дезирий овоо тайвширч, ээж гэрлийг нь унтраагаад, орондоо эргэж орлоо. Дезирий нүдээ аниад, унтахыг хичээв. Дараа нь нэг нүдээ нээж, хана уруу харлаа. Сүүдэр тэнд байсаар л байв.
“Ээж!” гэж тэр дахин хашгирав.
Энэ удаа гэрэл асаахдаа ээж инээмсэглэсэнгүй. Тэр ядарсан харагдаж байлаа. “Дезирий, түрүүхэн чи зурагтаар юу үзсэнээ санаж байна уу?” гэж ээж асуулаа.
Дезирий толгой дохив. Тэр чононы тухай нэвтрүүлэг үзсэн.
Ээж Дезирийгийн орон дээр суув. “Бид юу үзнэ тэр нь—бидний бодол санаа, үйлдэл, тэр бүү хэл мэдрэмжинд нөлөөлдөг.”
“Гэхдээ би муу зүйл үзээгүй, миний үзсэн хөтөлбөр чононуудын тухай байсан” гэж Дезирий хэллээ.
“Бидний зурагтаар үзсэн зүйлс муу биш ч байсан бидний бодол санаанд нөлөөдөг. Миний бодлоор өнөө оройн үзсэн зүйлээсээ болоод одоо чи ингэж байна” гэж ээж тайлбарлав.
Дезирий ээжийнхээ хэлсэн зүйлийн талаар бодлоо. Тэр өмнө нь үзсэн зүйлээсээ болж ийм байдалд орж байсангүй.
Дезирий “Ёстой хачин” гэв. “Би юу үзэхээ сонгохдоо илүү анхааралтай байх хэрэгтэй юм байна” гэхэд
“Дезирий энэ чинь сайн санаа байна” гээд ээж инээмсэглэв.
“Харин өнөө оройны хувьд? Би айсаар л байна.”
“Надад нэг санаа байна” гэж ээж хэлэв. Тэр Дезирийн ширээн дээрээс Есүс Христийн жаазтай зургийг авч, модон жаазнаас нь гаргав. Дараа нь тэр Дезирийгийн аймшигтай сүүдэр хараад байгаа ханан дээр наалаа. “Дезирий, Тэр үргэлж чамайг хамгаалж байх болно. Айхаараа үүнийг санаарай.”
Ээж гэрэл унтраахад Дезирийгийн зүрх сэтгэл дулаан мэдрэмжээр дүүрэв. Тэр ээжийн хэлсэн үнэн гэдгийг мэдэж байлаа. Есүс үргэлж түүнийг харж хандаж, түүнд тусалж, айдсыг арилгаж байх болно.