Амьдралын тань номлол яг одоо
Гурван зарчим биднийг агуу зоригтой, эрч хүч, итгэлтэйгээр ирээдүй уруу минь чиглүүлж чадна.
Би идэр залуу байхдаа ирээдүйнхээ талаар их бодож тунгаадаг байлаа. Номлол, гэрлэлт, боловсрол, ажил мэргэжил—гээд л энэ бүгд тодорхой бус байсан бөгөөд ихэнхэд нь надад хариулт байдаггүй байлаа. Яг юу гэдгийг нь л мэдэж чадах юм бол надад зориулсан Их Эзэний номлол юу ч байсан хамаагүй би түүнийг нь гүйцэлдүүлнэ гэж бодож байлаа.
Миний патриархын адислал амьдралын маань зорилгыг бүрэн тодорхойлсон байлаа. Гэвч зарим талаар би нарны системийн газрын зураг аваад хүнсний дэлгүүр олох гэж хичээж байгаатай л адилхан санагддаг байв. Би хаа нэгтээ буруу эргэлт хийсэн бол яанаа? Би Их Эзэний надад зориулсан номлолыг олж, гүйцэлдүүлж чадах болов уу?
Түүнээс хойш үл ойлгогдох ирээдүйн зүг агуу зоригтой, эрч хүч, итгэлтэйгээр алхахад минь тусалсан гурван зарчмыг би олж мэдсэн юм.
1. Богинохон хугацаанд
Эхний зарчим бол одоо цагийн үнэ цэнэтэй холбоотой.
Эртний гэгээнтнүүдийн олонх нь 1831 оноос эхлэн Огайогийн Көртландад долоон жил гаруй байсан. Тэд үл таних газар уруу Пенсильваний Нью Йорк дахь орон гэр, ажил төрөл, фермээ орхин, аз туршин явсан. Их Эзэн энэ газар түр зуурынх гэж тэдэнд хэлсэн:
“Мөн бибээр тэдэнд энэ нутгийг богинохон хугацаанд, Их Эзэн бибээр тэднийг өөр байдлаар хангаж, мөн эндээс явахыг тэдэнд зарлиглах хүртлээ ариулан адисалж байна.
“Мөн тэр цаг хийгээд өдөр нь тэдэнд өгөгдөөгүй болой, иймийн тул тэд энэ нутагт олон жил байх мэтээр үйлддэг, мөн энэ нь тэдний сайн сайхан байдал болж тэдэнд хувирах болно” (C ба Г 51:16–17).
Би эдгээр Их Эзэний зааврыг сонсож, түүнийг шууд ажил хэрэг болгож байгаа эртний гэгээнтнүүдийг дүрслэн бодох дуртай. Тэд ургац авах эсэхээ мэдэхгүй атлаа газрыг анжсаар хагалж, жимсийг нь хэзээ ч идэхгүй байж болох моддыг тарьж, эцэстээ орхин явах үзэсгэлэнтэй ариун сүмийг барьж байлаа. Дараагийн удаа хаашаа хэзээ явахаа мэдэхгүй ч завгүй, үр бүтээлтэй амьдралтай, мэдэгдэхгүй зүйлийн талаар их бодолгүй амьдрах тэднийг би дүрслэн харж байна. Тэдний ажил дэмий үрэгдэхгүй гэдэгт итгэж, “насан туршийнх” мэт үйлджээ.
1838 онд Огайог орхин явах үед гэгээнтнүүд Сүмийн ирээдүйн хөгжлийн бат суурийг тавихад тусалсан. Тэр үнэтэй, үр бүтээлтэй цаг үед юу тохиолдсон тухай авч үзэцгээе?:
-
Бошиглогч Иосеф Смит Бошиглогчдын сургуулийг үндэслэн байгуулж, Библийн орчуулгыг дуусгасан, олон чухал илчлэлтүүдийг хүлээн авсан.
-
Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга, Дал зохион байгуулагдсан.
-
Көртландын ариун сүм баригдаж, онцгойлон адислагдсан. Тэнд Иосеф Смит, Оливер Каудери нар Есүс Христийг харсан. Мосе, Елиа, Елиас нараас санваарын түлхүүрүүдийг хүлээн авсан.
-
Анхны номлогчид Англи уруу илгээгдсэн.
Залуу байхад минь асар их үнэтэй “богино хугацааг” Их Эзэн надад өгсөн. Залуу насанд биеийн болон оюуны эрч хүч оргил үедээ байдаг. Энэхүү эрч хүчнийхээ үр дүнг тодорхойлохдоо Их Эзэнд итгэн, “богинохон хугацаанд” үйлдэж болно. Тэгээд л тэдгээр жилүүд нь ер бусын үр бүтээлтэй, өсөлтийн, сурч мэдэхийн, үйлчлэлийн он жилүүд болсон байдаг.
2. Өдөр бүрийн номлол
Хоёр дахь ашигтай зарчим энгийн ойлголтоос ирдэг. Амьдралын минь номлол бүдэг бадаг, алс тэртээд намайг хүлээгээгүй. Энэ нь өдөр бүр, үргэлжилсэн хэвээр байсан.
Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77) тайлбарлахдаа: “Энэ Сүмд номлол хийхгүй эрэгтэй, эмэгтэй хүн гэж үгүй. Энэ номлол тэдний амьдралынх нь турш үргэлжлэх болно” гэсэн.1 Өөрөөр хэлбэл, миний амьдралын номлол аль эрт эхэлсэн байсан. Үүнийг таньж мэдэхийн тулд нэг их хайгаад байх шаардлага байсангүй.
Аль хэдийнээ амьдралын минь хэсэг байсан гурван чухал элементээс би үүнийг ойлгох нэг аргыг олсон юм. Энэ нь:
-
Хувь хүний онцгой бэлгүүд.
-
Хувь хүний онцгой сорилтууд.
-
Дэлхий дээр Их Эзэний намайг хийгээсэй гэж хүсдэг онцгой хэрэгцээнүүд байдаг.
Энгийнээр хэлэхэд, дээрх гурван элементүүд огтлолцож, бид үйлдэхээр сонгох үед бид номлолоо биелүүлж байгаа хэрэг юм. Энэ нь Хуучин гэрээний Иосефийн амьдралд хэрхэн биелэгддэгийг хар (Эхлэл 37–47-г үз).
Иосефт олон бэлэг байсан. Тэр Бурханы мэдлэгтэй гэр бүлд өсч торнисон ба тэр Абрахамын гэрээний залгамжлагч байсан. Тэр зүүдийг тайлах сүнслэг бэлэгтэй байв.
Тэр мөн олон сорилттой тулгарсан. Иосефийн зарим сорилтуудад хайрыг үзүүлсэн эцэг, атаач ах нар, ах нартайгаа харьцах харилцааны доголдол ч байгаа байх гэж би боддог. Бага байхдаа харийн нутагт боол болгон зарагдаж, ёс суртахуунгүй үйлдэл хийсэн хэмээн гүтгэгдэж, шоронд хаягддаг.
Гэвч Иосеф өөрийн ертөнцөд дэх онцгой хэрэгцээнүүдэд хариулахын тулд бэлгүүд болон сорилтуудыг ашиглан, үйлдэхийг хүсч байв. Шоронд байсныг нь оролцуулан хэд хэдэн тохиолдолд зүүд тайлах сүнслэг бэлгийг ашиглахаар сонгодог. Энэ сонголт нь эргүүлээд, Фараонд египетийн ард түмний хүнсний нөөцийг хангах ажил хийх боломжийг нээсэн. Тэр итгэлтэй, үүрэг даалгавартаа хичээнгүй байсан учраас Иосеф өлсгөлөнгөөс гэр бүлийнхнийгээ болон олон түмнийг аварч, амьдрал аврах номлолыг хийж чадсан.
Иосефийн бэлгүүд ба түүний сорилтууд нийлээд түүнийг нутагт нь өлсгөлөн болоход ер бусын байдлаар хариу үйлдлийг хийх нөхцөлд оруулсан. Иосеф хаана ч итгэлтэй, дуулгавартай байхыг сонгох найдвартай хүн байсан учраас тэр Их Эзэнд Египетийн ард түмэнд, өөрийн төрсөн гэр бүлдээ үйлчлэх ер бусын номлолыг номлож байсан юм.
Гэхдээ эдгээр гурван элемент зөвхөн судрын төлөөлөгчдийн амьдралд огтлолцоогүй. Тэд өдөр бүр бид бүгдийн амьдралд огтолцсоор байдаг.
Нэгэн залуу насанд хүрсэн эмэгтэй гутрал, сэтгэл хямралд орсон үеийнхээ хувийн туршлагаас бичих бэлэгтэй байжээ. Түүний өсвөр насны эмэгтэй дүү нь сургууль дээрээ хүндхэн байдалд орсноос болж, гуниглан байгааг тэр анзаарчээ. Сүнсний өдөөлтийг даган тэр дүүдээ маш сайхан үгсийг бичиж, хайр ба итгэл найдвараа илэрхийлсэн зурвасыг хоёр долоо хоногийн турш өдөр бүр бичжээ. Дүүдээ зориулсан энэхүү бяцхан сонголт нь энэ залуу эмэгтэйн номлол бөгөөд тэрээр номлолоо хийж байсан нь тэр юм.
Энэ сонголт нь Сүнсээр удирдагдан мөн өдөр бүр, долоо хоног бүр, жилээс жилд үйлдэгдэж байгаа бол нэгэн том хэв маягийг бүтээн бий болгодог ба энэ нь Их Эзэний бидэнд зориулсан номлол байсан болохыг бид сүүлд ухаарах болно.
3. Тэмцэлдэхээ больж намайг Бурхан гэдгийг мэд
Олон жилийн тэртээ 20-иод настай байхдаа амьдрал маань олон жилийн өмнө хүлээн авсан патриархын адислалд хэлсэнчлэн үйлдэгдэж байгааг би арайхийн ойлгосон юм. Энэ мэдрэмж нь мэдээжийн хэрэг би яг юу хийж байгаагаа, ирээдүй намайг хаашаа аваачихыг мэддэг байсанд биш юм. Ихэнх тохиолдолд би мэдээж тэгээгүй.
Миний амьдралд би замаасаа гараагүй байгаа гэж бодогдуулах мушгираа, эргэлт, урам хугаралт байсан. Харин би азаар санаа зовох шаардлагагүй болсон шүү. Их Эзэн хаана байгааг минь, хаашаа явахыг хүсч байгааг минь Тэр дандаа мэддэг байсан. Би Түүний зарлигуудыг дагахыг, Түүнд үйлчлэхийг мөн Сүнсийг сонсохыг хамаг чадлаараа хичээсээр ирсэн. Тухайн үед энэ яагаад болох ёстойг мэддэгүй байсан ч Түүний гар миний амьдралыг жолоодож байсан гэдгийг одоо л ялган таньж байна.
Залуу нас зоримог шийдвэрүүд, зарим төрөлхийн хоёрдмол байдал ба стрессээр дүүрэн байдаг. Харин бидний амьдралд—өдөр өдрөөр зорилгуудаа авчирдаг Их Эзэний чадварт найдаж сурсан үед л агуу итгэл найдвар бидэнд ирдэг. Тэгээд бид “тэмцэлдэхээ больж, [Намайг таньж] Бурхан гэдгийг мэдэх” (Дуулал 46:10) илүү сайн чадвартай болдог. Ингэснээр бид амар амгаланг мэдэрдэг.