2010
Асуулт, хариултууд
2010 оны Зургадугаар сар


Асуулт, хариултууд

”Би урт удаан хугацаанд залбирч, судруудыг судаллаа. Гэвч би асуултандаа хариу авахгүй байх шиг санагдах юм. Яагаад Их Эзэн намайг гэрчлэлтэй болохоор адислахгүй байна вэ?

Зарим хүмүүс өөрсдийн гэрчлэлийг гайхамшигтайгаар бүр хачин сониноор олж авсан хэмээн дүрсэлдэг. Гэвч гэрчлэл ихэвчлэн алгуурхан, чимээгүйхэн ирдэг. Хэрэв та нар хүчтэй сүнслэг гэрчлэлийг хүлээн аваагүй бол битгий урам хугар. Та нар итгэхийг хүссэн үеэс л гэрчлэл олж авах эхний алхмаа хийсэн (Aлмa 32:27-г үз). Тэнгэрлэг Эцэг та нарт хайртай бөгөөд та нарыг гэрчлэлтэй—байхаар адислахыг хүсч байгаа. Гэхдээ Түүний цагт, Түүний замаар (С ба Г 88:68-г үз) л болно.

Хүн бүр нэгэн ижил замаар гэрчлэлийг хүлээн авдаггүй. Зарим нь “цээжин биеийг шатах мэт” (C ба Г 9:8-г үз) мэдрэмжийг мэдэрнэ. Бусад нь Ариун Сүнс оюунд нь, зүрх сэтгэлд нь үнэнийг хэлэхийг мэдэрнэ (С ба Г8:2-г үз). Та нарын гэрчлэл мөн Сүнсний жигд намуухан дуу хоолойгоор ирэх болно. Тэнгэрлэг Эцэгээсээ тэдгээр намуухан өдөөлтийг мэдрэхэд туслахыг хүс.

Хүчтэйгээр гэрчлэл олж авах арга бол бусадтай сайн мэдээ хуваалцах боломжийг ашиглах явдал юм. Та нарыг сайн мэдээний үнэнийг зааж байхад Сүнс та нарт гэрчлэлийг өгөх ба та нарын хэлсэн зүйлс үнэн гэдгийг бусдад гэрчилдэг.

Их Эзэний хариултыг тэвчээртэйгээр хүлээж, үргэлжлүүлэн итгэлтэй, чин сэтгэлээсээ залбир. Та нар зарлигуудыг сахиснаар гэрчлэлийн эх сурвалж болсон Ариун Сүнсний нөхөрлөлтэй байх зохистой болно.

Байнга залбир

Чамд ямар байгааг би ойлгож байна. Надад ч бас гэрчлэл маань алдрах хэцүүхэн цаг үеүд байсан. Тэрхүү хэцүү мөчийг даван гарч өнөөдөр—надад байгаа энэ хүчирхэг гэрчлэлийг олж авсан—арга зам маань байнгын залбирал болоод судруудаас судлах явдал байсан юм. Боломж гарах болгонд би судраас уншдаг байсан. Би өглөө, орой байнга залбирч, Сүнсийг мэдрэхийг хичээдэг. Хэдийгээр үр дүнгүй мэт санагдсан ч гэсэн. Харин нэг өдөр би сургуулиасаа ирээд, орныхоо өмнө өвдөг сөхрөн, залбирав. Хэр удаан залбирснаа санахгүй байна, гэвч би хариултаа хүлээн авсан. Зүгээр л байнга залбир. Судруудыг судал. Тэгвэл чи хайж байсан хариултаа авах болно.

15 настай Кристофер В, Невада муж, АНУ

Чин сэтгэлээсээ ханд

Тэнгэрлэг Эцэг та нарын зүрх сэтгэлийг бүр асуухаас чинь өмнө мэддэг; Тэр та нарыг өөрсдийн чин сэтгэлийн залбирлаар асуултаа Өөртөө авчраасай гээд хүлээж байдаг. Тэр залбиралд хариулдаг гэсэн хувийн гэрчлэл надад бий. Та нар хариултыг даруйхан хүлээн авч болно эсвэл хэсэг зуур хүлээсний дараа ч авч болно. Гэхдээ Тэр хариулна гэдгийг би чин сэтгэлээсээ мэдэж байна. Тэвч, Итгэ, Хүлээ

Шарон Ф, 20 настай, Лагос, Нигер

Ариун Сүнсийг сонс

Хувийн мэргэн ухааныг эрэлхийлэн зааварчилгааг хүсч залбир. Тэнгэрлэг Эцэг бидний бүх залбирлыг сонсож, хариулдаг. Хариултууд Ариун Сүнсий өдөөлтөөр дамжуулан ирдэг. Итгэлтэй, даруухнаар асуу. Зарлигуудыг сахь, ариун ёслолоос зохистойгоор хүрт, судруудын талаар тунгаан бодох цаг гарга, Бурханы тааллыг тэвчээртэйгээр эрэлхийл.

Ана Мае Р, 20 настай, Давао Ориентал, Филиппин

Бурханлаг Илчлэлт

Шинэ гишүүн байхдаа ариун сүмд очиж, өвөг дээдсийнхээ төлөөх зарим баптисм гүйцэтгэх боломжтой байлаа. Энэ ариун ёслолыг гүйцэтгэхээр усан дотор зогсож байхдаа би нас барагсдын төлөөх баптисм бурханлиг зүйл болохыг хүчтэй мэдэрсэн. Түүнээс хойш би нас барагсдын төлөөх баптисмын талаар баттай гэрчлэлтэй болсон. Миний ойлгож байгаагаар гэрчлэл гэдэг бол итгэлтэй хүнд өгөгдөх бурханлиг илчлэлт юм. Гэрчлэлийг олж авахын тулд бид залбирах, судруудаас судлах, Есүс Христийн сургаалуудад дуулгавартай байх хэрэгтэй. Гэрчлэл бүрийн үндэс нь зөв шударга амьдрал байдаг. Үгүй байсан бол өнөөгийн өдрүүдэд Их Эзэний ажлыг Сүнс гэрчилж чадахгүй.

Мариам Н, 19 настай, Аккра, Гана

Гэрчлэлээ хуваалц

Сүмийн удирдагчид баттай хариултыг хүлээн авч амжаагүй ч өөрсдийн мэддэг, мэдэхийг хүсч байгаа гэрчлэлийг хуваалцаж байхыг бидэнд заасан. Би олон удаа гэрчлэлтэй болохын төлөө залбирсан ч сайн мэдээ болон Сэргээлтийн талаарх гэрчлэлээ хуваалцах хүртэл гэрчлэл хүлээн аваагүй. Би баттай гэрчлэлийг олж аваагүй байгаа ч Ариун Сүнсний хүчирхэг, зөөлөн, тодорхой баталгааг хүлээн авсан. Хэрэв гэрчлэлээ хуваалцах юм бол бидний гэрчлэлийг Их Эзэн хүчирхэгжүүлдэг гэдгийг би мэднэ.

Аура О, 18 настай, Хуила, Колумб

Мацаг барьж залбир

Залбирал ба мацаг барилт нь гэрчлэл өсөх сүнслэг хөрсийг бэлтгэдэг. Энэ нь уруу таталт, саад бэрхшээл бүрийг сөрөн зогсоход туслах хүч болоод зангуу болж өгдөг. Гэрчлэл нь тууштай байдлаар дамжуулан олддог. Бидний хичээнгүй байдал үнэнийг мэдрэхэд тусална. Олон удаа бид Алмагийн адил мацаг барьсан (Aлмa 5:45–46-г үз). Эхлээд та нарын гэрчлэл жижигхэн юм шиг санагдана. Гэвч та нар үргэлжлүүлэн залбирч, судруудыг судлах юм бол итгэлийнхээ үр жимсийг үзэх болно.

Ахлагч Зубиета, 20 настай, Колумбын Кали Номлол

Хэзээ ч бүү бууж өг

Гэрчлэл олж авахад хугацаа хэрэгтэй. Хөдөлшгүй гэрчлэлийг олж авахын тулд та нар олон зүйлийг хийж чадна. Харин зөвхөн Тэнгэрлэг Эцэг залбирлуудад тань хариулах хүртэл бууж өгөлгүй залбирсаар л бай.

Вилбен Г, 18 настай, Бенгует, Филиппин

Тэвчээртэй бай

Заримдаа бидний залбирлын хариу тэр даруйдаа ирдэггүй. Хариултуудыг авахын тул хугацаа хэрэгтэй бөгөөд тухайн хүний зүрх сэтгэлийн хүсэлд нийцүүлэн хариулт нь ирэх болно. Гэгээнтэн хүнд байх ёстой зан чанарын нэг нь тэвчээр юм. Залбирахаа үргэлжлүүлэн, судруудаас судал, зарлигуудыг дага, бусдын гэрчлэлийг сонс. Мөн Ариун Сүнсний өдөөлтөнд анхаарлаа хандуул. Хариулт та нарыг тааварлаагүй байхад ирж магадгүй.

Чиома О, 15 настай, Абиа, Нигер

Нам гүм тайван бай

Тэнгэрлэг Эцэг бидэнд хариулахыг үргэлж хүсдэг ч заримдаа хайж байгаа хариултуудаа хүлээн авахад бидний дотроос ямар нэгэн зүйл саад болдог. Миний бодлоор гэрчлэл хүлээн авах хамгийн сайн арга бол сүнслэгээр ч, биеэрээ ч нам гүм тайван байх. Ингэснээр бид залбирах, судруудаас унших үедээ хариултыг хүлээн авахад бэлэн болсон байдаг.

Моника Н, 19 настай, Лима, Перу