Би хэрхэн мэдсэн бэ?
Чи мэднэ шүү дээ
Сүм үнэн гэдэгт би итгэдэг ч энэ гэрчлэлийг би хэзээ олж авсан юм бол?
Нэг өдөр сургууль дээр яагаад ч юм ангийнхаа нэг хүүхэдтэй шашны сэдвээр би ярилцаж эхэлсэн байв. Ангийн маань хүүхэд миний итгэдэг зүйлийн талаар бага зэрэг сөрөг зүйл ярьж, маргалдаж эхэллээ.
Тэр нүүр уруу эгцлэн хараад, “Аав ээж чинь чамайг энэ Сүмд өсгөсөн болохоор л чи итгэдэг биз дээ. Үгүй байсан бол чи итгэхгүй л байсан шүү дээ” гэж хэлэв.
Түүнд юу гэж хэлснээ санахгүй байна. Гэхдээ би яагаад тэр надад ингэж хэлсэн юм бол гээд түүний хэлсэн зүйлийг бодсоор л байлаа. Би Сүмд өсч торнисон, тийм ээ үнэхээр би Сүмийн сургаал эсвэл заадаг зүйлсийн талаар хэзээ ч асуудалтай байгаагүй. Хар багаасаа л би Сүм үнэн гэдгийг мэдэж, мэдэрч байсан. Бүр намайг баптисм хүртэхээс өмнө манай гэр бүл хамтдаа Мормоны Ном уншдаг байсан, үүнийг үнэн гэдгийг би мэднэ. Би зүгээр л итгэдэг биш; би үүнийг мэддэг үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Гэхдээ би яг хэзээ энэ гэрчлэлийг олж авснаа тодорхой санахгүй байна. Хэсэг хугацаанд энэ нь намайг шаналгалаа. Залбирахад минь хариулт нь тэр дороо надад ирэх яг тийм тодорхой зүйлийг л би хүсч байлаа. Тийм зүйл хэзээ ч болсонгүй.
Харин гэрчлэл маань батлагдсан тэр л мөчийг би онцлон хэлмээр байна. Би ахлах ангид орсныхоо дараахан Сүмийн түүхэн газруудаар явах аялалд бусад залуустай хамт явлаа. Биднийг Ариун Төгөлд ирэхэд манай аяллын хөтөч биднийг энд болсон зүйл үнэн: Бурхан Эцэг болон Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдэж, Сэргээлт хүлээн авсан гэдэг хувийн баталгааг эрэхийлэхийг урьлаа. Би төгөлд нам гүм газрыг олж, Анхны үзэгдлийн тухай уншиж, эргэцүүлэн бодлоо. Тэгээд би өвдөг сөхрөн сууж, залбирав. Би Анхны үзэгдэл болсон, Иосеф Смит бошиглогч гэдгийг мэддэг байсан. Гэхдээ л би асуулаа. Залбирч дууссан ч юу ч болсонгүй. Гайхамшигтай мэдрэмж, үзэгдэл, тэнгэрийн элч аль нь байсангүй. Юу ч алга.
Би нэгэн чулуун дээр суугаад, патриархынхаа адислалыг гарган уншиж эхэллээ. Адислал дээр маань сайн мэдээний Сэргээлтийн талаар хөнджээ. Тэгээд толгойд минь: “Чи аль хэдийн мэднэ шүү дээ.” Чи мэднэ шүү дээ” гэх үгс давтагдаж байв.
Ангийн маань найз миний итгэлд тээнэгэлзэхэд би Сүм үнэн гэдгийг хэрхэн мэддэг болсноо тайлбарлаж чадахгүй байсан тэр мөч уруу эргэн очиж болдог ч болоосой. Тэгвэл би түүнд эцэг эх маань өөрсдийн мэддэг үнэнийг надад заасан ч хариултыг би өөрөө олсон гэж хэлэх байлаа. Тийм ээ, би тэгсэн өөрөө олсон.
Би Сүм үнэн гэдгийг мэдэхийн тулд Ариун Төгөл уруу явах хэрэггүй. Сүм үнэн гэдгийг мэдэхийн тулд ямар нэгэн гайхамшигтай зүйл надад хэрэггүй. “Чи мэднэ шүү дээ” гэдгийг л надад сануулах хэрэгтэй байж.