2010
Камбожийн Хожмын үеийн Гэгээнтнүүд: Шинэ чиглэлд нүүж байна
2010 оны Зургадугаар сар


Камбожийн Хожмын үеийн Гэгээнтнүүд: Шинэ чиглэлд хөдөлсөн нь

Өнгөрсөн үеийн хүнд хэцүү зовлон бэрхшээлийг үл харгалзан Камбожийн Хожмын үеийн Гэгээнтнүүд Есүс Христийн сайн мэдээ нь ирээдүйд итгэх итгэлийг тэдэнд өгдгийг олж мэджээ.

Хаврын дунд, ид борооны улирлаар Камбожийн Пном Пен дэх Тонле Сап гол Меконг гол уруу хэдэн сар урсан цутгаснаас гол чиглэлээ өөрчилж эсрэг зүгт урсах болжээ.

Энэ зүг чигийн өөрчлөлтөөс болж, голын эхэнд байдаг Тонле Сап нуур хэмжээнээсээ тав дахин ихсэж, тэнд нутагладаг шувууд болон нуурын загаснуудад маш их хүнс тэжээлийг урсган авчирчээ.

Чиглэлээ өөрчилсөн голын адил Камбож дахь гишүүд Есүс Христийн сайн мэдээ хэрхэн тэдний амьдралын чигийг өөрчлөхөд тусалсныг мэдэрсэн ажээ. Одоо тэдний зүрх сэтгэл сайн мэдээнээс ирэх аз жаргал, баяр баяслаар бялхаж байна. Энэ баяр баяслын өсөлт тэдний бодгалд сүнслэг тэжээлийг өгч байна.

Улс орон хэцүү зүдүү цагийг үзсэн ч, Есүс Христийн сайн мэдээ олон мянган камбож иргэнд өнгөрсөн цаг үеийн харанхуйн дундаас шинэ өдрийн гэрлийг харахад нь тусалжээ.

Чиглэлээ өөрчилсөн нь

1970 оны улс оронд нь үүссэн улс төрийн үймээн самууны үеэр олон ккамбож иргэн гэр орноосоо албадуулан хөөгдөж, гэр бүлийн гишүүдээ алджээ.

Камбожийн Пном Пенийн Номлол дахь Сием Реап салбарын ерөнхийлөгч Лой Бансеак 1975 онд гэр бүлийнхэн нь орон гэрээсээ хөөгдөх үед есөн настай байжээ. тэд олон сая хүний адил Камбожийн өргөн уудам талд биеийн хүнд хүчир ажил хийхээр туугджээ.

Тэр үед ерөнхийлөгч Лой Бансеак эцэг эхээ болон найман ах дүүсийнхээ тавыг нь алдсан байна.

Ерөнхийлөгч Лой Бансеакийг зовлон зүдгүүрийг үл харгалзан, уй гашуугаа мартахад туслах ямар нэгэн зүйл ямагт байдаг байлаа.

“Надад үргэлж найдвар байсан” гэж тэр хэлэв.

Хүүхэд насны зовлон бэрхшээлийг туулахад нь тусалсан түүний шийдмэг итгэл найдвар нь сүүлд Есүс Христийн сайн мэдээний үнэнийг мэдэхэд мөн л тусалжээ.

Камбожид буддын шашин нэлээд түгээмэл дэлгэрсэн учраас ерөнхийлөгч Лой Бансеак Есүс Христийн талаар ямар ч мэдлэггүй өсчээ. Түүний гэр бүлийнхэнтэй сайн мэдээ хуваалцахаар ирсэн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн номлогчдоос Аврагчийн тухай тэр суралцаж эхэлжээ.

“Би номлогчидтой уулзахаасаа өмнө Есүс Христийн тухай хэзээ ч сонсож байгаагүй. Би Түүний талаар илүү ихийг мэдэхийг хүссэн” гэж тэр хэллээ.

Эрчимтэй суралцаж, номлогчдоос хичээл авснаар ерөнхийлөгч Лой болон түүний гэр бүлийнхэн 2001 онд баптисм хүртжээ.

“Номлогчид надад Мормоны Номоос суралцахад минь тусалсан ч түүний тухай өөрийн гэрчлэлийг би Бурханаас хүлээн авсан. Мормоны Номын сургаалын дагуу амьдарснаар гэр бүл минь илүү аз жаргалтай болж байгааг би харж байлаа” гэж ерөнхийлөгч Лой хэлэв.

Ерөнхийлөгч Лойгийн туулсан амьдрал ер бусын зүйл биш. Пном Пен дахь Камбожийн Хойд дүүргийн ерөнхийлөгч Хан Сарин өсвөр насандаа гэр бүлээсээ тусгаарлагдаж, газар шорооны ажил хийлгэхээр албадуулагджээ.

“Тэр үед би найдвараа алдаж, энэ бүгдийг тэсч гарна гэдгээ мэдэхгүй байлаа” гэж ерөнхийлөгч Хан хэлэв.

Эргээд харахад, Их Эзэн түүний амийг нэлээд хэдэн удаа аюулаас аварсныг ерөнхийлөгч Хан ойлгосон. Тэр залуу хөвгүүн байхдаа цэрэгт явж, ердөө 6 м зайнаас буудуулсан боловч гэмтээгүй ажээ. Тэр мөн олон удаа минижүүлсэн талбайгаар алхсан ч дэлбэрсэнгүй. Нэг удаа мининий талбайгаар явж байтал дэлбэрсэн ч тэр хөнгөн шархаджээ.

Тэд цэрэг хүний аюултай нөхцөл байдлын улмаас өөрсдийгөө аюулаас хамгаалахын тулд юу ч хийхээс буцдаггүй. Шивээс хамгаална гэдэгт итгэн, цэргийн хэдэн эрчүүд шивээс хийлгэжээ.

“Сүмийн гишүүн болохоосоо өмнө би юу ч мэддэггүй байжээ. Одоо би шивээс—биш харин Есүс Христ—намайг аварсныг мэднэ” гэж ерөнхийлөгч Хан хэллээ.

Ерөнхийлөгч Ханы эхнэр Суон Сокмо номлогчидтой уулзаж, баптисм хүртсэний дараа тэр эхнэрийнхээ өөрчлөгдөж буйг хараад гайхдаг байжээ. Тэр эхнэрийнхээ судраас хамтдаа суралцах урилгыг хүлээн авч, удалгүй баптисм хүртэхээр шийджээ.

“Амьдралдаа хүлээн авсан хамгийн чухал зүйл бол судраас суралцан олж авсан гэрчлэл маань юм” гэж тэр хэлэв.

Пном Пен дахь Камбожийн Хойт дүүргийн Пном Пенийн 12-р салбарын гишүүн Пич Сарет мөн балчир бага насандаа зовлон зүдгүүрийг амсчээ. Гэр бүлээсээ тусгаарлагдаж, газар шорооны хүнд ажлыг хийхээр албадуулах үедээ дөнгөж тавхан настай байжээ. Тэр заримдаа өлслөнгөө дарахын тулд наймаалж, мэлхий барьдаг байв.

Пич ахын эхнэр Сенг Тхагийн гэр бүл орон гэрээсээ мөн л хөөгдсөн аж. Тэр дөнгөж дөрөвхөн настай байсан тул бусад бага хүүхдүүдийн адил ажилд албадуулалгүй үлджээ. Түүнийг өдрийн турш эмээ нар хардаг байсан ба бусад нь ажилд гардаг байв.

1995 онд номлогчидтой уулзсаны дараа Пич ах болон түүний эхнэр тэднийг гэсэн Тэнгэрлэг Эцэгийн хайрын тухай суралцаж эхэлсэн байна. “Асуудалтай тулгарах үед би залбирдаг. Энэ нь асуудлыг шийдэхэд минь тусалдаг. Тэнгэрлэг Эцэг маань анхааран үздэг гэдгийг би мэднэ” гэж Пич ах хэллээ.

Пич ах баптисм хүртэхээр шийдсэний дараа түүний эхнэр мөн сайн мэдээний тухай гэрчлэлтэй болж, баптисм хүртжээ.

Баяр баясгалангийн өсөлт

Баптисм хүртсэнээсээ хойш Пич ах болон түүний гэрийнхэн Есүс Христийн тухай гэрчлэлийг олж авснаар ирэх баяр баяслыг мэдэрчээ. Пичийн гэр бүл өдөр бүр судраас судлах цагийг төлөвлөдөг. Үүнийг хийсний дараа сайн мэдээний баяр баясал тэдний бодгалиар нэвчдэг аж.

“Одоо бид зөв зам дээр байгаагаа мэдэрдэг. Бид энэ нарийн зам дээр үлдэж, үргэлжлүүлэн өсч хөгжсөөр байхыг хүсч байна. Хүүхдүүд маань бидэнтэй хамт энэ зам дээр байгаад би өдөр бүр талархдаг” гэж Сенг эгч хэлэв.

Ерөнхийлөгч Лойгийн баяр баясгалан элэнц хуланц болон ирээдүй үеэ гэсэн хоёр чиглэлд—хоёуланд нь хүртэхээр дүүрэн үргэлжилж байна. Ерөнхийлөгч Лой болон түүний гэр бүлийнхэн 2004 онд Хятадын Хонг Конгийн Ариун сүмд оржээ. Зөвхөн ерөнхийлөгч Лой эхнэр хүүхдүүд нь лацдуулан холбогдоод зогсохгүй өөрийн эцэг, эх ба насан эцэслэсэн ах эгч нарынхаа төлөөх авралын ёслолуудыг хийлгэжээ.

“Ариун сүмд мэдэрсэн баяр баясгаланг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Гэр бүлийнхэн маань бат бөх болсныг би мэдэж байна. Гэр бүлүүд үүрд мөнхөд хамтдаа амьдрахын тулд ариун сүм зайлшгүй хэрэгтэй гэдгийг би мэднэ” гэж ерөнхийлөгч Лой хэллээ.

Ерөнхийлөгч Хан мөн гэр бүлтэйгээ Хонг Конгийн Ариун сүмд лацдуулан холбогдох боломжтой байв. “Ариун сүмд мэдэрсэн мэдрэмж нь миний өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй зүйл байлаа. Үүнийг үгээр илэрхийлэхэд хэцүү” гэж ерөнхийлөгч Хан хэлэв.

Гачигдлыг давах тэжээл

Сайн мэдээ тархан түгсэнд баярлаж байна. Камбожийн гишүүд гачигдлыг давахад хэрэгтэй сүнслэг тэжээлийг хүлээн авсаар байна. Хэдийгээр Камбожид Сүм хөгжиж байгаа ч энэ өсөлт тэдний нутаг дахь сайн мэдээний асар их өсөлтийн эхлэл гэдэгт гишүүд итгэлтэй байна.

Тонле Сап нуур халин дүүрэхэд загас, шувууд хэрэгцээт тэжээлийг хүлээн авсантай адил олон мянган камбож иргэн сайн мэдээг хуваалцахыг хүссэн гишүүдийн зүрх сэтгэл дэх даван халих хүсэл тэмүүллээр тэдэнд хэрэгтэй сүнслэг тэжээлийг хүлээн авсаар байна. Тэдний энэ хүсэл тэмүүлэлд баярлалаа.

“Таг таглахад, тухайн зүйл нь буцлан дэвэрдэг. Энэ бол миний зүрхэн дэх мэдрэмж юм. Энэ нь ямар мэдрэмж байдгийг хүн бүрт мэдрүүлэхийн тулд би зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй” гэж ерөнхийлөгч Хан хэллээ.

Түүний гэртээ заалгадаг байсан сайн мэдээний нөлөөний үр шимийг түүний охид үргэлжлүүлж, тэд мөн хүүхдүүддээ заана гэдэгт Ерөнхийлөгч Лой итгэлтэй байна.

“Есүс Христийн тухай мэдсэнийхээ дараа амьдралын минь, гэр бүлийн минь бүх зүйлс илүү сайн сайхан болсон. Гэртээ санваартантай байх нь биднийг нэгтгэдэг. Ямар нэг асуудал гарахад бид гэр бүлээрээ суугаад, хамтдаа хэлэлцдэг” гэж тэр хэллээ.

Камбожийн засгийн газар 1994 онд Сүмийг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөс хойш мянга мянган камбож иргэн сайн мэдээг хүлээн аваад байна. Пичийн гэр бүлийнхэн сайн мэдээ улс орныг бүхэлд нь бүрхэх тэр өдрийг хүлээж байна. Пич ах, “Нэгэн өдөр Камбож ариун сүмтэй болно гэдэгт итгэж байна” гэлээ.

Сенг эгч түүнтэй санал нийлж: “Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христ амьд. Миний ирээдүйн итгэл найдвар бол Сүм өргөжин тэлсээр Ариун сүмтэй болох явдал юм. Үүнд би итгэлтэй байна” гэж нэмж хэлэв.

Аврагчийн талаар суралцаж эхэлснээс хойш түүний амьдрал өөрчлөгдсөн гэдгийг ерөнхийлөгч Хан хэлж байна. Есүс Христийн сайн мэдээнд итгэснээр л камбожууд өнгөрсөн зовлон зүдгүүрээсээ эдгэрч чадна гэдэгт тэр итгэдэг аж.

“Сүмийн гишүүн болсныхоо дараа би өнгөрсөн үйл явдлуудынхаа уй гашууг мартаж чадсан. Би урьд нь хэзээ ч байгаагүй шинэ гэрэл гэгээг хүлээн авсан. Бүх юмс шинэ болсон мэт санагдсан” гэж тэр хэллээ.

Гэрэл зургийг Чад И.Фарес, тэмдэглэснээс бусад

Нөгөө талын хуудсан дээр: Лой Бансеак, салбарын ерөнхийлөгч бөгөөд Сием Реап дахь аяллын хөтөч эртний ариун сүмүүдийн хотыг аялагчдад үзүүлж байна. Тэр мөн аяллын машиндаа Хонг Конгийн Ариун сүмийн гэрэл зургийг хадаж, Хожмын үеийн гэгээнтнүүдийн ариун сүмүүдийн талаар заах боломжийг олдог ажээ. Зүүн талд: Залуу насныхаа итгэл найдвараа алдсан цаг үеийг үл харгалзан, эхнэр Суон Сокмо нь Сүмд нэгдсэнийхээ дараахан Сен Сок салбарын ерөнхийлөгч нөхөр, Хан Сариныг судраас хамт суралцахыг урьснаар тэр сүмд нэгджээ. Дээд талд: Пном Пен

Доод талд: Камбожийн нийслэл Пном Пенд гишүүнчлэл өссөнтэй холбоотойгоор саяхан хаалгаа нээсэн цуглааны байр. Буланд: Пич Сарет ба түүний эхнэр Сенг Тха нар бага залуудаа орон гэрээсээ хэсэг зуур албадан тусгаарлагджээ. Тэд хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөх дуртай бөгөөд хүүхдүүд нь сүмд өсч торниж байгаад талархалтай байдаг.

Дэвсгэр © Getty Images; гэрэл зургийг Крэйг Даймонд, Хятадын Хонг Конгийн Ариун сүм

Камбожид хэдийгээр эртний уран барилга болон ариун сүмүүд элбэг байдаг ч сайн мэдээ эндхийн сүмийн гишүүдэд шинэ амьдралын мэдрэмжийг авчирчээ.

Дэвсгэрийг © Getty Images