2010
Ямайкагийн бөмбөрийн дуугаар цовхорсон нь
2010 оны Зургадугаар сар


Ямайкагийн бөмбөрийн дуугаар цовхорсон нь

Ямайкагийн Кингстоны дулаахан үдэш та нар Самуел (10 настай) Жиордяне (7 настай) нарыг хоёр ахтайгаа цовхчон байхыг харж болох юм. Тэд үсэрч байхдаа цохилтын хэмнэлээр дуулдаг:

1, 2, 3 Лулу эгч ээ,

4, 5, 6, Лулу эгч ээ,

7, 8, 9 Лулу эгч ээ,

10 Лулу эгч ээ

10 Лулу эгч ээ

Самуел, Жиордяне нар олон зүйлийг сайн хийдэг аз жаргалтай хүүхдүүд. Тэд спортоор хичээллэж, сургуульдаа хичээнгүй сурч, гэртээ тусалж, өөрсдийн гайхамшигтай инээмсэглэл, хөгжилтэй зангаараа эргэн тойрондоо үлгэр жишээ болдог.

хичээлийн цаг

Ямайкад жил бүр сургуулиуд Хөвгүүдийн өдөр, Охидын өдөр гэж тэмдэглэдэг. Охидын өдрөөр хөвгүүд сургуульдаа явдаггүй. Түүний оронд ээж нар охидтойгоо сургуульд явж болдог. Тэд авьяас үзүүлбэр, үсэглэн бичих мөн бусад зугаатай үйл ажиллагаануудыг хийдэг.

Жиордяне ангиасаа үсэглэн бичих уралдаанд оролцохоор сонгогдоод түрүүлжээ. “Миний үсэглэх дуртай үг бол environment (орчин тойрон)” гэж Жиордяне хэлэв.

Хөвгүүдийн өдөр аав нар хөвгүүдтэйгээ сургуульд явдаг. Самуел зохион бичлэгийн уралдаанд оролцжээ. Тэр өөрийгөө болон бусдыг хэрхэн хүндэтгэн хайрладаг тухайгаа бичсэн байна. Тэр мөн түрүүлэв.

Ариун Сүм уруу явсан нь

Самуел ариун сүмд орох өдрөө тэсч ядан хүлээж байна. Ямайкагийн олон мянган гэр бүлийн хувьд энэ нь том золиослол болдог. Учир нь Ямайкад ариун сүм хараахан байхгүй. Ариун сүмд орохоор Нэгдсэн Улс уруу аялах маш үнэтэй.

Аз болж Самуел Жиордяне хоёрын гэр бүл ариун сүмд явах боломжтой байжээ. Самуел хэлэхдээ, “Миний хамгийн дуртай гэр бүлийн амралт бол Нью-Йорк хотод байдаг нагац эгчтэйгээ уулзахаар хийсэн аялал байлаа. Бид Манхаттан Ариун Сүмийг үзсэн. Энэ нь миний үзсэн цорын ганц ариун сүм” гэлээ.

2008 онд манайхаас холгүй Панамын Панам хотноо Ариун Сүм нээгдэхэд гэр бүлийнхэн маань бүгд хязгааргүй баярласан. Учир нь тийшээ явахад тийм ч төвөгтэй биш билээ. Жилд нэг юм уу хоёр удаа Ямайкагийн гишүүд Панама хотын Ариун сүм уруу очдог. “Би 12 хүрэхээрээ ариун сүм уруу явна гэхээс сэтгэл догдолж байна” гэж Самуел хэллээ.

Залбирлын хариу

Нэг удаа тэдний аавын компани хаагдах болжээ. Жиордяне гэр бүлийнхнийгээ Тэнгэрлэг Эцэгээс хамтдаа тусламж хүсье гэж урамшуулжээ. “Жиордяне маш хичээнгүй чин сэтгэлээсээ залбирдаг. Тэр үргэлж гэр бүлийнхнийгээ ямар нэгэн зүйлийн төлөө залбирахыг сануулдаг” гэж түүний ээж хэллээ. Гэр бүлийн залбирал хариулагдаж, аав нь шинэ ажилтай болжээ. “Хэрэв бид залбирсан л бол бүх зүйл ОК болно гэдгийг би мэднэ” гэж Жиордяне итгэлтэйгээр хэлэв.

Гайхамшигтай хоёр багш

Самуел том болоод багш болно гэж мөрөөддөг ажээ. Тэр өөрийнхөө дуртай тоо болон шинжлэх ухааны хичээл заахыг хүсч байлаа. Ахыгаа дууриаж байдаг Жиордяне бас л багш болохыг хүсдэг аж.

Самуел, Жиордяне хоёр найз нартаа гайхамшигтай сайн жишээг үзүүлж, багшийнхаа ажлыг аль эртнээс эхлээд байна. Тэдний сургуульд сүмийн гишүүн хүүхдүүд цөөхөн явдаг аж.

“Хэн нэгэн зодолдох зэрэг ямар нэгэн буруу зүйл хийхэд нь би зөв зүйл хийх хэрэгтэйг сануулдаг” гэж Самуел хэллээ.

Самуел, Жиордяне хоёр гэрчлэлээ хуваалцах дуртай. Тэдний Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч хэрэв үг хэлэгч ирэхгүй бол тэр хоёрт найдаж болно гэдгийг мэддэг. Тэд Ням гарагийн өглөө үг хэлэх шаардлага гарч магадгүй гээд хичээлд бэлтгэхийн тулд бүр эрт босдог.

Самуел, Жиордяне нар өөрсдийн хийж байгаа бүх зүйлд Их Эзэнд итгэлтэй үйлчлэхийг хичээдэг. Жиордяне хэлэхдээ, “Хэрэв би итгэлтэй байх юм бол би эрсдэхгүй, харин Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христтэй дахин хамт амьдрах болно” гэлээ.

Гэр бүл ба хүүхдүүдийн гэрэл зургийг Меган Витерс; далбаа © Nova Development; дал модны гэрэл зургийг © Getty Images