Бид Христийн тухай ярьдаг
Өөрчлөх хүч
Би Сүмд төрж, өсөн, 15 нас хүртлээ идэвхтэй байсан ч насанд хүрсэн хойноо сайн мэдээнээс төөрөлдөн холдсон. Төөрөлдсөн үедээ намайг аз жаргалтай байлгах ямар нэгэн зүйлийг хайж, хар тамхинд оров.
Улам гүнзгийгээр донтолтонд автан, амьдрал маань төгсгөлгүй муухай кино шиг болсон мэт санагдаж байв. Хэдийгээр би зогсоохыг хүссэн ч бодол санаа, үйлдлүүдээ хянах чадваргүй болсноо би мэдрэв. Хар тамхитай холбоотой хэргээр ялын тогтоол уншуулан, шоронд орох хүртэл үүнийгээ ухаарч, юу алдаж байгаагаа ойлгох хүртэл би зогсоосонгүй. Надад Мормоны Ном байлаа. Тэгээд би Aлмa 5:7 “Болгоогтун, тэрээр тэдний зүрх сэтгэлийг өөрчилсөн, тийм ээ, тэр тэднийг гүн нойрноос сэрээсэн, мөн тэд Бурханы хувьд сэрсэн. Болгоогтун, тэд харанхуйн дунд байсан; гэсэн хэдий ч, тэдний бодгалиуд үүрдийн үгийн гэрлээр гэрэлтүүлэгдсэн билээ” гэснийг би уншив.
Би харанхуйн дунд байснаа, зүрх сэтгэл минь өөрчлөгдөхийг хүсч байгааг мэдрэв.
Би өмнө нь өөрчлөгдөхийг хичээгээгүй гэвэл бас ч үгүй ээ. Би олон янзын донтолтоос ангижрах хөтөлбөрүүдэд хамрагдаж байлаа. Би өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө муу бүхнийг хаяхыг хичээдэг байлаа. Хэсэг зуур нөлөөлдөг ч би дахин “халтирдаг” байв. Алма дээрх энэ шүлэг хэдийгээр надад өөрийгөө (мөн би үүнийг ч мэдэж байлаа) өөрчлөх хүч байгаагүй ч Тэр намайг өөрчилж чадна гэсэн Есүс Христэд—найдах найдварыг өгсөн юм.
Донтолтынхоо ачааг Аврагчид даатгаснаа би санаж байна. Тэнгэрлэг Эцэгтээ “Би үүнийг ганцаараа хийж чадахгүй нь” гэж үнэнээ хүлээн залбирсан.
Би ХҮГ-ийн донтолтоос ангижрах хөтөлбөр, ахмад хос номлогчийн заасан Арванхоёр алхмын хичээлд суусан. Тэр хичээлд заасан зүйлс намайг аварсан юм. Тэд олон жилийн өмнө хүүхэд насандаа ээжтэйгээ сүмд явдаг байхад минь суулгагдсан итгэлийн минь үрийг ургуулан өсгөсөн юм. Номлогчид надад наманчлал, уучлалын талаар заасан. Тэд бүр үүнээс чухал зүйл болох хайрыг үзүүлж, Тэнгэрлэг Эцэг болон Аврагчаасаа бүр илүү агуу хайрыг олж болно гэдгийг ойлгуулсан. “[Миний] зүрх сэтгэлд хүчит өөрчлөлт бий болгогдсоныг” (Aлмa 5:12) би мэдэрсэн бөгөөд ийм удаан хайсан аз жаргал маань сайн мэдээнд байсныг олж мэдсэн.
Аврагч уруугаа эргэх шийдвэр гаргаснаас хойш зургаан жил өнгөрчээ. Маш хэцүү байсан ч Их Эзэний хүчээр дамжуулан олон саад бэрхшээлийг би даван туулж чадсан.
Одоо эхнэр хүүхдийнхээ хамт эдэлж байгаа энэ аз жаргал, баяр баясгаланг амьдралдаа би хэзээ ч төсөөлж байгаагүй юм. Би одоо мелкизедек санваартан бөгөөд мөн ариун сүмийн ёслолуудаа хүлээн авсан. Эдгээр амьдралын эерэг өөрчлөлтүүд Есүс Христтэй холбоотой. Тэр бол өөрчлөх хүч.
Надтай адил—аргаа барсан болон тэдний—ойр дотны хайртай хүмүүст бүгдэд нь өөрчлөгдөх боломж байгаа мөн энэ нь бодит гэдгийг би гэрчилж байна. Та нар найдвараа алдаж болохгүй. Аз жаргалдаа эргэн ирэх зам бий. Энэ нь Есүс Христээр дамжуулан боломжтой болно.