2010
Зурагтаа унтраа!
2010 оны Зургадугаар сар


Зурагтаа унтраа!

Жонатан Х.Вестовер, АНУ-ын Юта муж

Талархлын баярын дараах хагас сайны орой оюутны байрандаа ганцаараа байлаа. Байр маань оюутны хотхоноос зайтай байдаг байв. Хийх юм ч байхгүй байсан болохоор зурагтынхаа сувгуудыг сольж суутал нэг суваг дээр кино дөнгөж эхэлж байлаа.

Хэдхэн мөчийн дараа зохисгүй кино болохыг ойлгов. Хэсэг зуур “За яадаг юм билээ? Хэн ч байхгүй байна ш дээ. Тэгээд ч энэ чинь зурагтаар гарч байна юм чинь, тиймээс хамгийн муу хэсгүүдийг нь хассан байгаа биз” гэж бодлоо.

Гэвч Сүнс намайг зурагтаа унтраа гэж өдөхөд зурагтаа унтрааж ном уншихаар шийдэв.

Хагас цагийн дараа хэн нэгэн хаалга тогшив. Манай ахлагчдын чуулгын нэг гишүүн байлаа. Тэр надад гэрийн багшаар очдог залуу эмэгтэйчүүдийн нэг нь өвчтэй байгаа тул адислал өгөх хэрэгтэй байна гэж хэлэв. Тэр 30 минутын турш гэртээ байгаа, хэн нэгнийг олох гээд айл айлын хаалга тогшоод чадаагүй аж. Эцэст нь тэр манайд иржээ. Би туслахыг зөвшөөрч, хурдхан Ням гарагийнхаа хувцасыг өмсөв.

Адислал өгөх залуу эмэгтэйн байр уруу алхах зуураа өвчин нь хэр хүнд байгааг би түүнээс асуухад, залуу эмэгтэйн өрөөний охин утасдаж, түүнийг яаралтай ирэхийг хүссэн гэдгийг хэлэв.

Биднийг залуу эмэгтэйн байранд ирэхэд тэр сайнгүй байгаа нь илт харагдаж байв. Тэр өндөр халуунтай бас цонхийсон байлаа. Өрөөнийх нь охин тэр өвдөөд нэлээд хэдэн цаг болсон, сул дорой бас гэдэс нь базлаад юу ч идэж чадахгүй байгаа гэв.

Би түүнийг тосоор тосолно гэж бодож байсан ч ахлагчдын чуулгын ах намайг адислал өгөхийг хүсэв. Би тээнэгэлзэж, юу хэлэхээ сайн мэдэхгүй байв. Надад оюун ухаандаа адислалд бэлтгэх хугацаа байсангүй. Гэвч би намайг удирдахыг чимээгүйхэн Бурханаас хүсч залбирлаа.

Тосолгооны дараа би залуу эмэгтэйн нэрийг хэлж, адислал хэллээ. Эрүүл мэнд нь сайжрахыг амлаж, минийх биш тайтгарлын үгс урсахыг би анзаарлаа. Тэгээд би адислалаа дуусгав. Биднийг нүдээ нээхэд залуу эмэгтэй нүүр дүүрэн инээмсэглэж, адислал өгсөнд талархав. Тэр удалгүй эдгэрч, хичээлийн жилээ дуусгаж чадсан юм.

Энэ туршлагаас би санваар атгах боломжтой байгаадаа маш их талархсан. Арван минут орчим үргэлжилсэн энэ тохиодлыг магадгүй нөгөөх залуу эмэгтэй мартсан ч байж магадгүй. Харин надад мартагдашгүй нөлөө болон үлдсэн юм.

Намайг уруу таталтаас холдуулж, сүнслэгээр бэлэн байхыг минь өдөөсөн Сүнсний намуун шивнээнд би талархаж байна. Мөн ахлагчдын чуулгын тэр ахыг манайд ирэхээр чиглүүлсэн Сүнсэнд талархаж байна.

Хамгаас түрүүнд адислал өгөхөөр сандрахад минь миний үгсийг удирдан чиглүүлж, надаар хэлүүлэх үгсийг гүйцэлдүүлэн, намайг хүчирхэгжүүлсэн энэрэнгүй, нигүүлсэнгүй Тэнгэрлэг Эцэгтээ би талархаж байна. Бид зохистой үлдэж чадах юм бол бидний эргэн тойронд байгаа хүмүүст үйлчлэхэд бэлэн байх замыг заах Сүнс бидэнтэй байх болно гэдгийг би мэднэ.